Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Э.Нямдаваа,  шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хохирогч Д.Ичинхорлоо, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ- Оюун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Э.Нямдаваад  холбогдох эрүүгийн 1736000210029  дугаартай  178/2017/0093/Э/ индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04- ний  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг, 4 дүгээр багт оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 1-19 тоотод оршин суух, 1986 оны 08 сарын 19 - ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ард өөлд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл - 3, эх дүүгийн хамт амьдрах, хувиараа мал малладаг, аминдаа гэр нэг, 78 толгой малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 250000 төгрөг, ял шийтгэлгүй, ПО86081910 дугаарын регистртэй, Авгас овогт  Эрдээгийн Нямдаваа

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч Э.Нямдаваа нь 2017 оны 06 сарын 06 - ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг дэвсгэрт байрлах Д.Ичинхорлоогийн гэрээс шүрэн толгойтой, оюу нуухтай, мөнгөн халбагатай, шар халтар манан хөөргийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

            1.Хэргийн газар үзлэг хийсэн...  “  Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн  сумын Шураг багийн нутаг “ Эх бэлчир” гэх нэртэй газар байх ба Дамдинсүрэнгийн Ичинхорлоогийн гэрт үзлэгийг явуулав. Таван ханатай  монгол гэр байх ба ... гэрийн хойморт улаан цоохор өнгийн жижиг модон  авдар, түүний дээд талд хохирогч Д.Ичинхорлоогийн талийгаач нөхрийн гэрэл зураг өлгөөтэй байв. Уг авдарын зүүн талд цоожгүй төмөр улаан өнгийн дөрвөлжин хайрцагт байх ба хөөрөг алга болсон гэж хохирогч Д.Ичинхорлоогийн  зааж хэлсний дагуу  үзлэгийг  хийв. Уг хайрцаг нь төмөр материалаар хийгдсэн хайрцагны дээд талын тагыг нээж үзэхэд улаан хээтэй ногоон эмжээртэй даалин байв. Уг хэрэг гарах үед алга болсон шар халтар манан хөөрөг байсан... гэснээр үзлэгийг дуусгав... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 6-10 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  / Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, ПО56050706 дугаарын регистртэй / Хулгай цувдаг овогт Дамдинсүрэнгийн Ичинхорлоогийн өгсөн... Манайх Эрдэнэбүрэн сумын Шураг багийн Усны эх газар хаваржиж байсан. Зуслан гарах гээд бэлдэж байх үед манай хөгшний үе уламжлагдаж ирсэн шар халтар манан хөөрөг алга болсон тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн хөөргийг манай эд хогшил  жижиг улаан төмөр хайрцаг байдаг түүндээ хадгалж байсан. Тухайн хөөрөг нь 2017 оны 06 сарын эхээр алдагдсан. Шүрэн толгойтой, мөнгөн халбагатай, оюу нуухтай, мөртэй, шар халтар манан хөөрөг байсан. Зах зээлийн ханшаар одоогийн байдлаар 8-10 сая төгрөгний үнэтэй. Энэ хөөрөг нь 4 дэх үедээ явж байгаа  хөөрөг. Манай гэр онгорхой байдаг, тухайн сав нь цоожгүй байсан... гэх мэдүүлэг/ хэргийн 14-15 дугаар хуудас,

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Д.Цэнд- Аюушийн өгсөн ...  Тухайн хөөрөг нь манай ааваас бидэнд өвлөгдсөн шар халтар манан хөөрөг байсан. Манай ээжийнх Эрдэнэбүрэн сумын нутаг Хар усны эх газар хаваржиж байсан. Шүрэн толгойтой, нэг талын бөөр хар алаг толботой хөөрөг байсан. Зах зээлийн ханшаар маш их үнэтэй хөөрөг. Манай ээжийн гэрт төмөр улаан авдар шиг хайрцаганд хадгалж байгаад алдсан. Манай сумын Э.Нямдаваа гэдэг залуу Улаанбаатараас адуу зарахаар ирсэн гэж байсан. Хоёр залуу байгаа тэр хүмүүсийг авсан байж магадгүй гэж сэжиглэж байгаа ... гэх мэдүүлэг/ хэргийн 17 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд   гэрч Д. Цэен-Ойдовын өгсөн ...  2017 оны 06 дугаар сарын 01- нйи өдөр манай ээжийнх  сумын төвөөс Эрдэнэбүрэн сумын Харганы эх  гэдэг газар нүүж очсон. Тухайн үед Э.Нямдаваа нь ээж бид хоёртой өөр зуурын ажил хийгээд манай гэрт байж байгаад 06 сарын 06- ны өдөр аймгийн төв рүү яваад буцаж ирээгүй.  Дараа нь 06 сарын 11- ний өдөр дахин  нүүх гээд гэрийнхээ юмыг янзалж байгаад хөөрөг алга болсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. 2017 оны 06 сарын 04- ний өдөр манай ээжийн хажууд Э.Нямдаваа хоносон юмаа. Түүний маргааш өдөр манай ээжийг малаа саах үед Э.Нямдаваа ганцаараа манай гэрт байсан гэсэн. Манайхыг нүүж очсоноос хойш  гадна дотноос өөр  ямар нэгэн хүн ирээгүй. Э.Нямдаваа нь манай гэрт байж байгаад гэнэт аймаг яваад өгсөн. Манай талийгаач аавын үлдээсэн, шар халтар манан хөөрөг нь дунд гарын 7 см орчим өндөртэй, шүрэн толгойтой, оюу нуухтай, мөнгөн халбагатай, мөртэй, хуучны хөөрөг, надтай нийлээд дэх үеийн хөөрөг  байсан.  Э.Нямдаваа нь манай ээж бид хоёрын хамт хөдөө гараад бид нарын ажилд туслаад байж байсан. Хөөргийг Э.Нямдаваа л авсан... гэх мэдүүлэг / хэргийн 20-21 дүгээр хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц. Даваасамбуугийн өгсөн... Э.Нямдаваа нь 2017 оны  хавар над дээр хоёр хөөрөг янзлуулмаар байна гэж ирсэн. Тэгээд би танилцсан. 2017 оны 06 дугаар сарын эхээр Э.Нямдаваа нь Монхоо гэдэг залуугийн хамт ирээд Э.Нямдаваагийн надад үзүүлсэн хөөрөг нь нэг тал нь харлаг, нөгөө тал нь судалтай, шүрэн толгойтой, гуулин нуухтай, хуванцар хавчуургатай, дунд гарын нэг ширхэг манан хөөрөг байсан. Тэгээд үзүүлснийхээ дараа 1-2 хоногийн дараа ирээд хөөргөө худалдахаар болсон. Би хөөргийг худалдаж авахаар болоод пронтер  машин, 1200000 төгрөг, хотон шувууны хошуу  өгөхөөр болсон. Пронтер  машин нь миний найз Гантулгын машин байсан. Э.Нямдаваа нь хуучны миний эзэмшлийн хөөрөг гэж байсан. Би  2017 оны  07 сарын эхээр Ховд аймгаас Улаанбаатар хотод ирээд зарсан. Миний эрүүл мэндийн байдал хүнд байсан. Соёлоо гэх залуугаар 5800000 төгрөгөөр заруулсан ... гэх мэдүүлэг / хэргийн 27- 29 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Соёл-Эрдэнийн өгсөн ... Ц.Даваасамбуугийн  хамт цэргийн алба хаасан. Ц.Даваасамбуу нь 2017 оны 07 дугаар сарын 04 нд, билүү 05 нд  миний 99788370 дугаарын утсаар яриад “ бие муу байна ирээд уулзаадах  “ гэсэн. Тэгээд Орбитад байх түүний гэрт очиж уулзасан. Тэр миний бие муу байна гээд хэвтэж байсан. Надад портер машин дээр мөнгө нэмж өгөөд авсан хөөргөө зарах гэж байна гэсэн. Хэнээс хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаараа хэлээгүй. Даваасамбуу нь надад бага гарын нэг тал хар алаг, нөгөө тал нь шар өнгөтэй, манан хөөрөг өгөөд 6.5 сая төгрөгөнд зараад өгөөч гэсэн. Би тэр хөөргийг аваад Урт цагаан болон Нарантуул захаар явсан. Тэгээд 2 дахь өдрөө Уртцагаанаар явж байтал гудманд үл таних  хоёр залуу  таараад 5800000 төгрөгөөр авъя гэхээр нь зарчихсан. Ц.Даваасамбууд 5800000 төгрөгийг авчирж өгсөн. Тэр залуучуудыг танихгүй. Надаар урьд нь ямар нэгэн зүйл заруулж байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 31 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч  Д.Монхорын өгсөн ... Д.Ичинхорлоод шар халтар манан хөөрөг байдгийг мэднэ. Тухайн хөөрөг нь Д.Ичинхорлоогийн талийгаач нөхөр болох Жамцын Далайгийн гэх хүний 3 үе дамжсан буюу оюу нуухтай, мөнгөн халбагатай, дунд гарын шар халтар манан хөөрөг байсан. Тухайн хөөргийг энэ зун  Д.Ичинхорлоо  гэрээсээ хулгайд алдсан гэж би дуулсан. Миний бие тухай хөөргийг хулгайд алдсан талаар өөрийн дүү Д.Ичинхорлоогоос 08 сарын 07- ны өдөр дуулсан. Э.Нямдаваа гэгч хулгайлаад Ц.Даваасамбууд зарсан гэж дуулсан. Э.Нямдаваа нь манай Эрдэнэбүрэн сумын залуу байгаа юм ... гэх мэдүүлэг / хэргийн 33 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Отгонхүүгийн өгсөн... Миний бие 2017 оны 06 сарын дундуур өдрийг сайн санахгүй байна. Тухайн өдөр гудманд машин зарах гээд машинтайгаа зогсож байтал Э.Нямдаваа гэх залуу хүрч ирээд “ Вонго машинаа зарах уу “ гэсэн. Тэр таньд нэг манан хөөрөг өгье машинаа шууд тулах уу гэсэн. Тэгээд би тэр хөөргийг үзээд хөөрөг янзалдаг Даваасамбуу гэгчид үзүүлж эртний хөөрөг мөн эсэхийг  үзүүлье гээд Э.Нямдавааг дагуулаад Ц.Даваасамбуугийн гэрт очсон. Ц.Даваасамбуу нь хуучны манан хөөрөг мөн байна гэсэн. Э.Нямдаваагийн авчирж надад үзүүлсэн хөөрөг нь хуучны жижиг толгойтой хөөрөг байсан. Содон шинж тэмдэгийг нь хараагүй. Э.Нямдаваа манай өвөг эцгийн удам дамжсан, миний хөөрөг гэж байсан. Би хулгайн хөөрөг гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 34-35 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Даваасамбуугийн дахин өгсөн... 2017 оны 06 дугаар сарын дундуур Ш.Отгонхүү нь Э.Нямдаваа гэгчийг дагуулж манай гэрт ирсэн.  Шар халтар манан хөөрөг үзүүлж хуучны хөөрөг мөн үү гэж  асууж ирсэн би хуучны хөөрөг мөн гэдгийг хэлсэн. Тэр хоёр хоорондоо наймаа хийхээр болоод явсан. Хэд хоногийн дараа Э.Нямдаваагийн утсаар Батсүх гэгчтэй ярихад Нямдаваа манай гэрт ирсэн. Тэр үед түүнээс хөөргөө зарсан уу гэж асуухад зараагүй гэсэн. Би нэг пронтер машин, хотонгийн хошуу, 1200000 төгрөг өгөөд авъя гэхэд болж байна таньтай наймаа хийе гээд тэр өдрөө бид хоёр наймаа хийсэн. Тэр хөөрөг нь дунд гарын нэг талын бөөрөн дээр халтар, нөгөө тал нь судалтай, бас нэг талдаа жижиг хонхортой, шар халтар манан  хөөрөг байсан. Миний бие Э.Нямдаваагаас хөөрөг авахдаа хулгайн хөөрөг гэдгийг мэдээгүй.  Тэр хөөргийг заруулсны дараа Э.Нямдаваа нь утсаар яриад хулгайн хөөрөг гэдгийг хэлсэн. Би Соёлоо гэдэг хүнээр заруулсан. Хөөрөг зарсан хүнийг танихгүй. Соёлоо нь 5800000 төгрөгөөр зарсан гэхэд нь хөлсөнд нь 200000 төгрөг өгсөн . Э.Нямдаваад 71-15 ХОҮ улсын дугаартай пронтер маркын тээврийн хэрэгсэлийг өгсөн...  гэх мэдүүлэг / хэргийн 36-37, 38  дугаар хуудас /

Хөөрөг үнэлсэн тухай тайлангаар ... шүрэн толгойтой, оюу нуухтай, мөнгөн халбагатай, шар халтар манан хөөрөг -6400000 төгрөг / хэргийн 41 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нямдаваагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн... 2017 оны 06 дугаар сарын 04- ний Эрдэнэбүрэн сумын төв дээр Д.Цэен- Ойдов таараад “ манай адуу хаана байна” гэж асуусан. Тэгэхээр нь би Ховд голд байна гэж хэлсэн. Тэр хоёулаа хамт яваад манай адууг уул руу гаргаад ирье гэхээр нь  маргааш нь хамт яваад Ховдын голоос адууг нь тууж гаргаад, адууг хашаанд хашиж  түүний ээж Д.Ичинхорлоогийн  гэрт хоносон. Өглөө нь босоод адууг нь Илжгэн булаг гэдэг газар луу тууж гаргаад  өдөр 12 цагийн орчим Д.Ичинхорлоо эгчийн гэрийн  хойморт цай ууж сууж байгаад гэрийн хойморт байх улаан авдарны хажууд байсан жижиг улаан өнгийн төмөр хайрцагаанс ам нь онгорхой байхад нь улаан алаг өнгийн даалингийн амны завсараар харагдаж байсан шар халтар манан хөөргийг аваад  өмднийхөө баруун талын карманд сэмхэн хийж нуусан. Тэр өдрөө Д.Цэен- Ойдовын  хамт сумын төв ороод тэдний амбаарт хоноод  06 сарын 08- ны өдөр Ховд аймгийн төвд гэртээ ирсэн. 2017 оны 06 сарын 10- дын үеэр Д.Ичинхорлоогийн гэрээс хулгайлж авсан шар халтар манан хөөргөө  зарж мөнгө хийх гэж гэрээс гараад худагны дэргэд байдаг С.Гаахүү гэдэг ламаас энэ хөөргийг үзээд өгөөч гэж хэлэхэд “ Энэ хөөргийг шар халтар манан хөөрөг гэдэг юмаа. Тийм ч их дээр үеийн хөөрөг биш, тийм ч шинэ үеийн хөөрөг биш байна “ гэж хэлсэн. Тэгтэл гаднаас Ш.Отгонхүү орж ирээд тэр хөөргийг үзээд зарах гэж байгаа юм уу гэхэд нь 5-6 сая төгрөгөөр зарах гэж байгаагаа хэлсэн. Ш.Отгонхүү нь тэндээс гараад Ц.Даваасамбуугийн  хамт ирээд нөгөө хөөргийг  үзүүлсэн. Ц.Даваасамбуу нь Ш.Отгонхүүг явж бай гээд намайг үлдээгээд хөөргөө зарчих гэсэн. Би бодож байгаад болъё гээд явсан. Тэгтэл 3 хоногийн дараа залгаад хөөргөө зарчих  гээд надад нэг пронтер машин, хотонгийн хошуу , 1 сая төгрөг өгье гэхээр  Ц.Даваасамбууд хөөргөө зарсан. Урьд нь Д.Ичинхорлоогийн  залуу  Д.Цэен- ойдов нь манай аавын хөөрөг үе, дамжсан шар халтар манан хөөрөг байдаг гэж хэлж байсан. Тэгээд л хөөрөг байдаг гэдгийг мэдэх болсон. Тухайн хөөрөг нь нэг талын хажуу талын бөөрөндөө жижиг хонхортой, оюу нуухтай, даваа толгойтой, дунд гарын шар халтар манан хөөрөг байсан. Би ганцаараа хулгай хийсэн. Хөөрөгний зөрүүд авсан мөнгөө зарсан. Ц.Даваасамбу гэдэг хүнээр урьд нь өвөг эцгийнхээ хөөргийг янзлуулж байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 52-55 дугаар хуудас/ зэрэг болно. 

            Хэрэгт авагдсан цагаатгах болон яллах нотлох баримтуудыг хянан хэлэлцэхэд нотлох баримтууд нь хуульд  заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

                Шүүгдэгч Авгас овогт Эрдээгийн Нямдаваа нь   2017 оны 06 дугаар сарын 0 4- ний өдрөөс 06 сарын 06- ны өдрүүдэд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар – Усны харгана гэх газар хохирогч Д.Ичинхорлоогийн гэрээс  шүрэн толгойтой, оюу нуухтай, мөнгөн халбагатай, шар халтар манан хөөргийг хулгайлан авч 6400000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ичинхорлоогийн өгсөн... Э.Нямдаваа нь миний дэргэд тэр хөөргийг аваагүй. Намайг малаа саах хооронд манай гэрт ороод 30 орчим минут болсон тэр үед л хөөргийг авсан. Тэгээд манай залуугийн хамт яваад дахин манайд ирээгүй. Тухайн үед манайд Э.Нямдаваагаас өөр хүн ирээгүй. Манай талийгаач нөхрийн хөөрөг. 4 дэх үедээ удам дамжиж байгаа. Үнэтэй хөөрөг, хэрэгт  үнэлсэн үнэлгээгээр хохирлоо төлүүлж авна. Хохирол төлбөл заавал ял эдлүүлэх гээд байх зүйл байхгүй... гэх мэдүүлэг,  шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Нямдаваагийн өгсөн... Би 2017 ны 06 сарын 04- ний өдөр Д.Ичинхорлоогийн хүү Д.Цэен- Ойдовын хамт  тэдний адууг нь олоод гэрт очиж хоносон. Тухайн өдрийн маргааш нь хөөргийг сэм аваад сумын төв орж Д.Цэен- Ойдовын хамт  амбаарт нь хоноод маргааш нь  аймгийн төвд гэртээ ирсэн. 06 сарын 10- дын үеэр хөөргийг Ц.Даваасамбууд пронтер маркын машин, хотонгийн хошуу, 1200000 төгрөгөөр зарсан.  Хохирогч Д.Ичинхорлоод учирсан хохирлыг төлсөн. Хулгай хийсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг , хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, гэрч Д.Цэен- Ойдовын өгсөн... Э.Нямдаваа нь манай ээж бид хоёрыг гэрэ нүүлгэхэд  хамт яваад  Эрдэнэбүрэн сумын Хар усны харгана гэх манай гэрт хоноод маргааш нь сумын төвд амбаарт хоноод явсан. 06 сарын 11- ний өдөр гэрээ зуслан нүүлгэх гээд гэрийнхээ дотор талын юмыг янзалж байгаад талийгаач аавын хөөрөг алга болсныг мэдэж цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед Э.Нямдаваагаас өөр хүн манай гэрт ирээгүй... гэх мэдүүлэг, ... гэрч Д.Монхорын өгсөн... Д.Ичинхорлоогийн тайлийгаач нөхөр Жамцын Далайгийн 3 үе дамжсан, оюу нуухтай, мөнгөн халбагатай, дунд гарын , шар халтар манан хөөрөг байдаг. Тухайн хөөргийг Д.Ичинхорлоо нь гэрээсээ хулгайд алдсан, тухайн хөөргийг Э.Нямдаваа гэгч манай Эрдэнэбүрэн сумын залуу авсан гэдгийг дүү Д.Ичинхорлоогоос өөрөөс сонссон... гэх мэдүүлэгээр  нотлогдон тогтоогдож байгаа ба шүүгдэгч Э.Нямдаваа нь тухайн хөөргийг гэрч Ц.Даваасамбууд  71 -15 ХОҮ улсын дугаартай пронтер маркын машин, хотонгийн хошуу, 1200000 төгрөгөөр зарсан болох нь гэрч Ц.Даваасамбуугийн өгсөн... Э.Нямдаваа  нь Ш.Отгонхүүгийн хамт ирж нэг хөөрөг үзүүлсэн. Тухайн хөөргөө зарна гэсэн тул би 71-15 ХОҮ  дугаартай  пронтер маркын машин, хотонгийн хошуу, 1200000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн хөөрөг нь шүрэн толгойтой, оюу нуухтай, мөнгөн халбагатай, шар халтар манан хөөрөг байсан. Би тэр хөөргийг хулгайн хөөрөг гэдгийг мэдээгүй. 07 сарын эхээр Улаанбаатар хотод байхдаа Соёлоо гэх хүнээр 5800000 төгрөгөөр заруулсан. Заруулсан хүнээ танихгүй гэх... мэдүүлэг, гэрч Ш.Отгонхүүгийн өгсөн... намайг машин зарах гээд машины зогсоол дээр байхад Э.Нямдаваа ирсэн. Нэг хөөрөг зарна гэхээр нь Ц.Даваасамбууд үзүүлсэн. Тэр хуучин цагийн хөөрөг байна гэхээр Э.Нямдаваагаас худалдаж авах гэсэн боловч үнэ тохироогүй тул аваагүй. Шар халтар манан хөөрөг байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Соёл- Эрдэнийн өгсөн... Ц.Даваасамбуу нь 2017 оны 07 сарын 04, 05 -  нд над руу залгаад  “ бие муу байна ирээд уулзаадах “ гэхээр очиход нэг хөөрөг байна зараад өгөөч гэхэд нь  Урт цагаан болон Нарантуулаар явж байгаад Уртцагааны гудамжинд үл таних хоёр залууд 5800000 төгрөгөөр зараад  мөнгийг нь Ц.Даваасамбууд өгсөн... гэх мэдүүлэгээр тогтоогдсон.             

                Хууль зүйн ойлголтоор   “Бусдын орон байранд нэвтрэх”  гэдгийг  ... түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглаж болон ашиглахгүйгээр цонх  хаалганы түгжээг эвдэж, цуургыг сугалж, онгорхой байхад нь  сэм орж, хууль бусаар , нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авахыг   ...  ойлгох ба шүүгдэгч Э.Нямдаваа нь хохирогч Д.Ичинхорлоогийн гэрт сэм орж,  талийгаач нөхрийнх нь шүрэн толгойтой, оюу нуухтай, мөнгөн халбагатай, шар халтар манан хөөргийг нь  хулгайлан авч,  6400000 төгрөгний  хохирол учруулсан нь тогтоогдсон.

                Шүүгдэгч Э.Нямдаваагийн  бусдын орон байран нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт үйлдэл   нь Ховд аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

                Учир нь:  шүүгдэгч Э.Нямдаваа нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх хугацаанд буюу 2017 оны 06 дугаар сарын 04-нээс 06 ны өдрүүдэд дээрхи гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

                Нөгөөтэйгүүр  2017 оны 07 сарын 01- ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн  байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ “ гэж хуульчилсан байна.

                Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан” ... орон байр агуулах саванд нэвтэрч  “ хулгайлах  ...  гэмт хэрэг үйлдсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл 2 жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан боловч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д   заасан гэмт хэрэгт 2-8 жил хорих ял шийтгэнэ гэж заасан нь ял шийтгэлийн төрөл, агуулгын хувьд өөрчлөгдсөн, шүүгдэгчид оногдуулах  хорих ялын дээд хэмжээ нэмэгдэж хүндэрсэн байх тул  шүүгдэгч Э.Нямдаваагийн  бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөв.

                Шүүгдэгч Э.Нямдавааг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгэж, шүүгдэгч Э.Нямдаваагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирол 640000 төгрөгийг төлсөн зэрэг ...   шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ичинхорлоогийн Э.Нямдаваа нь хөөрөгний хохирод 6400000 төгрөгийг төлсөн... цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ... гэх хүсэлт, хэргийн 70 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”  - аар тогтоогдсон, гэрч Д.Мягмарсүрэнгийн өгсөн... Э.Нямдаваа манай ангийн хүүхэд урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Боломжийн амьдралтай... гэх мэдүүлэг, Э.Нямтогтохын өгсөн... Э.Нямдаваа манай дүү. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Д.Ичинхорлоогийн залуу Д.Цэен- Ойдовтой найзалж  байсан талаар мэднэ ... гэх мэдүүлэг  зэргийг харгалзан  түүнд оногдуулах хорих ялыг  биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                Шүүгдэгч Э.Нямдаваа нь эх болон дүүгийн хамт амьдардаг, хөдөө мал малладаг зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үүрэг хүлээлгэх болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв. 

                Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх  6400000 төгрөг төлөгдсөн болохыг дурьдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 71-15 ХОҮ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэл, 78 толгой малын битүүмжилсэн прокурорын 2017 оны  09 сарын 10- ны өдрийн 10- ны өдрийн 5/23 дугаартай,   09 сарын 25- ны өдрийн 5/24 дугаартай тогтоолуудыг тус тус  хүчингүй болгов.              

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.5,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36,12, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

               1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Авгас овогт Эрдээгийн Нямдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

               2. Шүүгдэгч Авгас овогт Эрдээгийн Нямдавааг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

               3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Авгас овогт Эрдээгийн Нямдавааг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийгэсүгэй.

               4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Авгас овогт Эрдээгийн Нямдаваад   оногдуулсан 2 / хоёр / жилийн  хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

               5.Эрүүгийн 1736000210029 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учирсан хохирол 6400000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

               6. Шүүгдэгч Э.Нямдаваагийн  эзэмшлийн 71-15 ХОҮ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэл, 78 толгой малын битүүмжилсэн прокурорын 2017 оны  09 сарын 10 - ны өдрийн 10 - ны өдрийн 5/23 дугаартай,   09 сарын 25 - ны өдрийн 5/24 дугаартай тогтоолуудыг тус тус  хүчингүй болгосугай.

               7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Э.Нямдаваад 2002 оны Эррүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай. 

            8. Шүүгдэгч Авгас овогт Эрдээгийн Нямдаваад хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

 9. Шийтгэх тогтоол уншиж сонгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч , түүний өмгөөлөгч нар  ,  хохирогч, түүний  хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч нар гомдолоо,  улсын яллагч,  дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Т.ЦЭЦЭГМАА