Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00757

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00757

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Мөрөн сумын **************  оршин суух, Х  Б-ын Г ,

Хариуцагч: Хөвсгөл аймаг, Мөрөн сумын ************* байрлах, ШГХХК-д холбогдох,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 34 тоотын 73.3 м2 орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Г ийн нэр дээр шилжүүлэхийг ШГХХКомпанид даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, түүний өмгөөлөгч Э.Ууганбаяр

Хариуцагчийн төлөөлөгч З.Г ,

Гуравдагч этгээд Б.С ,түүний өмгөөлөгч Б.Ганчимэг,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г  нь ШГХХК-д холбогдуулан  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 34 тоотын 73.3 м2 орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Г ийн нэр дээр шилжүүлэхийг ШГХХКомпанид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Б.Г  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Б-ын Г  миний бие 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ШГХХК-ны захирал З.Галмөнхтэй 2017/34 дугаартай орон сууц захиалах гэрээг байгуулсан. Гэрээгээр захиалагч талаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49-р байрны 7 давхар 34 тоотод байрлах 73,30 кв.м 3 өрөө орон сууцыг худалдан авахаар ШГХХК-д захиалга өгч урьдчилгаа төлбөр болох 10,000,000 сая төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн.

Орон сууц захиалан байгуулах гэрээнд 1 мкв нэгж талбайн үнэ нь 1,260,000 төгрөг байхаар тохиролцож орон сууцыг 2017 оны 04-дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэвч гэрээнд заасан хугацаандаа орон сууц ашиглалтад оролгүй 5 жилийн дараа 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс айлуудаа оруулсан. Гэсэн хэдий ч дотоод засал нь бүрэн дуусаагүй бүрэн бус байрыг бид өөрсдийн зардлаар тохижуулж орж байсан бөгөөд энэ зардлаа ч цаашид нэхэмжлэх болно.

Би орон сууц захиалан байгуулах гэрээний 2.5 дахь хэсэг захиалагчийн хүсэлтээр давхар солих хүсэлтийг хүлээн авна гэсэн заалтын дагуу тус байрны 7 давхрын 35 тоот дахь 56 м2 талбай бүхий 2 өрөө байранд сольж орсон.

Гэвч байрны 7 давхрын 35 тоот дахь 56 м2 талбай бүхий 2 өрөө байрыг ШГХХК нь иргэн Ц.Буяндэлгэрт давхар худалдсан байсан. Үүнээс болж маш их зардал чирэгдэл болж, цаг хугацаа, санхүүгээрээ давхар давхар хохирсоор байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49-р байрны 7 давхрын 35 тоот дахь 56 м2 талбай бүхий 2 өрөө байрны өмчлөгчөөр Ц.Буяндэлгэрийг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан учир манайх анх гэрээ хийж урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49-р байрны 7 давхарын 35 тоотод байрлах 73,3 м3 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох зайлшгүй шаардлага бий болж байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49-р байрыг улсын комисс одоог хүртэл хүлээн аваагүй. Би байрны урьдчилгаанд нийт 32,128,000 төгрөгийг төлсөн.

Байрыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй байгаа учир үлдэгдэл 60,230,000 төгрөгийг төлөөгүй байгаа болно.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 7 давхар 34 тоотод байрлах 73.3 м орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б.Г  мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг Б.Г  миний нэр дээр шилжүүлэхийг ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгаж өгнө үү...гэжээ.

Б.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан гаргасан тайлбартаа:...Миний бие Э.Хулан нэхэмжлэгч Б.Г ийн хүсэлтээр хуулийн дагуу олгосон итгэмжлэлийн дагуу шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.Нэхэмжлэгч Б.Г  нь ШГхязгаарлагдмал хариуцлагатай компаниас маргаан бүхий 73,3 м2 3 өрөө орон сууцыг худалдан авахаар 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөгийг төлснөөр талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байдаг. Үүний дараа 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр бичгээр гэрээг байгуулж, уг хэлцэл хүчин төгөлдөр болсон. Уг гэрээгээр хариуцагч ШГХХК нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын алба хаагчдын 35 айлын орон сууц буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 49 дүгээр байрны 7 давхар 35 тоот дахь 3 өрөө орон сууцыг 2018 оны 1 дүгээр сард багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгөх, гэрээний гол нөхцөлийн хувьд талууд орон сууцын 1 метр квадрат талбайн үнийг 1,260,000 мянган төгрөгөөр тооцож нийт үнэ 92,358,000 төгрөг байхаар тохирсон. Нэхэмжлэгч Б.Г  нь орон сууцын үнийн урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг төлөх, урьдчилгаа 30 хувийн үлдэгдэл төлбөрийг Улсын комисс хүлээн авахаас 30 хоногийн өмнө төлж дуусгах, мөн Улсын комисс хүлээн авсны дараа нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлэн өгөх нөхцөлийг бүрдүүлэх ба өмчлөх өөрөөс хамаарах бичиг баримтуудыг худалдан авагч талд шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээсэн.

Үүнээс үзэхэд уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа бөгөөд 243 дугаар зүйлийн 243.3.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч Г  тус гэрээнд заасны дагуу 10,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч хариуцагч ШГХХК нь гэрээгээр тохирсон хугацаандаа байрыг ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээр барахгүй 2022 оны 4 дүгээр улиралд байрыг ашиглалтад оруулахдаа нэхэмжлэгч Б.Г т танай байранд өөр айл орсон гэх зүйлийг ярьж, өөр байранд сольж орох санал тавьсан байдаг. Б.Г т 2017 онд байгуулсан гэрээ байгаа.

Гэрээнийхээ дагуу захиалсан орон сууцдаа оръё гэдэг асуудлыг хөндөхөд 2017 онд байгуулагдсан гэрээ нь олон жил болсон учраас хүчингүй болсон. Та захиалга хийгдээгүй сул байрнаас сонгож болно. 2017 оны гэрээнд хариуцагч компанийн дэд захирал гэх З.Г  гараараа 2.5 дахь заалтыг нэмж бичин өөр тоот буюу тус орон сууцын нэг давхрын 05 тоотод орж болно гэсэн байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талын хэлсэн үгэнд нь итгээд 05 тоотод орохоор болж байр ашиглалтад орох дөхөж байсан учраас байрны 30 хувийн бүрдүүлэлтээ хийж байх зорилгоор байрны төлбөр 05 тоотоор шилжүүлээд явж байтал хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байгаа. З.Г  нь 05 тоотын хүмүүс нь хот шилжиж байраа буцааж байснаа болиод буцаад ирсэн байна.

Танайхыг 05 тоотод оруулах боломжгүй боллоо. 35 тоотод захиалга хийгдээгүй сул байна. Энэ байранд орох боломжтой гэсэн саналыг тавьсан. Нэхэмжлэгчийн зүгээс арга буюу 35 тоот байранд орох хариуцагчийн саналыг зөвшөөрч тухайн үед худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулж, 2022 оноос 35 тоотод ороод амьдарч байтал 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар газраас албадан гаргах мэдэгдэл ирсэн. Тэр мэдэгдлийн дагуу Б.Г  тус байрыг чөлөөлсөн.Одоо орох оронгүй амьдарч байна. Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас Б.Г ийн эрх ашиг нь хөндөгдөөд явж байна. Хариуцагч ШГХХК нь 35 тоот байрыг худалдахаар 2 хүнтэй орон сууц захиалгын гэрээг давхардуулан байгуулж, 2 хүнээс төлбөрийг авч явсан байгаа. 35 тоот байрны өмчлөгчөөр өөр хүнийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан.

Тус хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж Б.Г  тухайн байрыг чөлөөлсөн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2022 болон 2023 онд байрны тоот метр квадрат өөрчлөгдсөн гэрээг байгуулсан боловч уг гэрээ нь анхнаасаа биелэгдэх боломжгүй, нэхэмжлэгчийг хууран мэхэлж хийсэн гэрээ байсан. Талуудын хооронд үүссэн үүрэг нь өөрчлөгдөөгүй тодруулах юм бол хариуцагч ШГХХК нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн түүний эзэмшил, ашиглалт, өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг нь хэвээрээ байгаа.

2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2017/34 тоот гэрээний 9 дүгээр зүйл буюу гэрээ цуцлах үндэслэлд заасан үндэслэлүүдээс аль ч талуудын хооронд үүсээгүй учраас 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2017/34 тоот гэрээ хүчин төгөлдөр, үүрэг хэвээр байгаа. Нэхэмжлэгч Б.Г  нь хариуцагч ШГХХК эрхийг нь зөрчсөнийг мэдсэн даруйдаа дахин эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын бүртгэлийн байгууллагад анх захиалсан үүрэг хэвээр байгаа гэрээний дагуу 34 тоот байранд урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн байдаг. 2017 оны 2017/34 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-д захиалагч тал төлбөрөө бүрэн төлснөөр орон сууцын өмчлөгч болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний нийт үнэ болох 92,358,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.Иймд 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2017/34 тоот гэрээний дагуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Б.Г ийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 49 дүгээр байрны 7 давхар 34 тоотод байрлах 73,3 м2 3 өрөө орон сууцын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцын гэрчилгээг Б.Г ийн нэр дээр шилжүүлэхийг ШГХХК-д даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.

Гуравдагч этгээд Б.С ийн гаргасан тайлбар дээр гаргах нэмэлт тайлбар байхгүй байна. Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайбаярын гаргасан тайлбартай холбогдуулаад тайлбар хэлье. Хэдийгээр Н.Г  нь 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр ШГХХК-тай гэрээ байгуулаад 15,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр шилжүүлсэн гэж тайлбарлаад байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй. Гэрээний эрх шилжүүлсэн гэх боловч хавтаст хэрэгт ямар ч баримт авагдаагүй. Мөн урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийг Б.С  нь Н.Г ад өгсөн гэх боловч үүнтэй холбоотой ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлэх юм бол Н.Г  гуайн талаас яриад байгаа хариу тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар ерөөсөө нотлогдохгүй байгаа юм. ШГХХК-с Н.Г ад 5,000,000 төгрөгийг өгсөн гэх боловч тэрэнтэй холбогдолтой баримт огт авагдаагүй байгаа. Мөн төлбөрийн тухайд дандаа 35 тоот шилжүүлсэн зүйл байхгүй. 34 тоот руу 10,000,000 төгрөг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Тайлбарт хэлж байснаар 05 тоот дээр гурван удаагийн гүйлгээ хийсэн. Мөн 35 тоот руу 5 удаагийн гүйлгээ, 34 тоот руу 6 удаагийн гүйлгээ хийсэн. Дандаа 35 тоот руу хийгээд байсан зүйл байхгүй. Яагаад 35 тоот руу хийгээд байгаа юм бэ гэсэн зүйл ярьж байна. Анх Б.Г  гуай маань 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр энэ маргаан бүхий тоот болох 34 тоот орон сууц дээр орон сууц захиалгын гэрээг хийсэн байдаг. Тус гэрээгээр төлбөрийн нөхцөл байдлын тухайд урьдчилгаа 10,000,000 төгрөгийг хийх, улсын комисс хүлээж авахаас өмнө урьдчилгааны 30%-аа гүйцээж хийнэ гэсэн нөхцөлтэйгөөр гэрээгээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол тухайн үед төлбөрийг бүрэн төлсөн байхыг шаардаагүй учраас манайх ямар ч байсан улсын комисс хүлээж авах хүртэл хугацаанд гэрээгээр тохирсноор 10,000,000 төгрөгөө шилжүүлчихээд улсын комисс хүлээж авахыг хүлээж байсан боловч гэрээнд тохирсон хугацаанд улсын комисс нь хүлээж аваагүй. Үйл ажиллагаа нь зогсонги байж байгаад 2020 оноос үйл ажиллагаа нь идэвхжээд 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орсон. Ашиглалтад орох дөхөөд ирэхэд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанийн холбогдох зохих хүмүүстэй нь уулзсан байдаг. Тэгээд байрандаа оръё, төлбөр, мөнгөний асуудлаа яах вэ, гэдэг асуудлыг ярилцахад танай 34 тоот байранд чинь өөр хүн орохоор болчихсон. Танайх орох боломжгүй 05 тоот сул байна. Энэ сул байгаа байрнаас сонголт хийж болно гэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс урьдчилсан мөнгөнүүд шилжүүлчихсэн учраас ингээд больё гээд болих боломжгүй тул арга буюу зөвшөөрч 05 тоотод нь орохоор болж, төлбөрийн 3 удаагийн шилжүүлэг хийсэн. 3 удаагийн шилжүүлэг хийгээд явж байх хугацаанд дахиад хариуцагчийн төлөөлөгч З.Г  05 тоотод захиалга өгсөн хүн Улаанбаатар хот руу шилжчихсэн байж байгаад буцаад аймагтаа хүрээд ирлээ. Танайхыг оруулах боломжгүй боллоо.

Танайх 35 тоотод орооч гэсэн. Нэгэнт маш их цаг хугацаа явчихсан,урьдчилгаа мөнгөнүүдээ шилжүүлээд явж байсан нөхцөл байдал нь яалт ч үгүй арга буюу хариуцагчийн санал болгосноор 35 тоотод орохоор болоод гэрээг шинэчлэн байгуулсан байдаг. Тэгээд гэрээг шинэчлэн байгуулсныхаа дагуу 35 тоот дээр мөн хэдэн төлбөр өгсөн. Үүнийг дараа 34 тоот дээрээ үлдэгдэл мөнгө төлөөд явсан, баримтаар харагдана. Нийт шилжүүлсэн мөнгө бүгд хариуцагч талд очсон. Иймд 05, 35 гэсэн утгаар шилжүүлсэн мөнгийг 34 тоотын төлбөрт тооцуулна. Мөн уг байран дээр урьдчилсан тэмдэглэгээг улсын бүртгэлийн байгууллагаар хийлгэсэн. 35 тоот дээр маргаан гарахад Б.Г  гуай хариуцагч компанийн төлөөлөгч нартай уулзсан байдаг. З.Гал-Мөнх болон З.Г  нартай холбогдоод яагаад давхардуулсан асуудал гараад байгаа юм бэ гэхэд, хариуцагч нь өөрөө энэ байр нь манай өмчлөлийн байр ямар хүн оруулах нь тухайн өмчлөгчийнх нь эрхийн асуудал байдаг. Тийм учраас танайх санаа зоволтгүй. Хэрвээ үнэхээр шүүхийн маргаан байгаад байгаа бол манай зүгээс танд н.Буяндэлгэртэй байгуулсан гэрээнээс өмнөх огноогоор гэрээг нөхөн гаргаад өгье гэдэг асуудлыг ярьсан байдаг. Тийм учраас манайх Н.Г тай тийм харьцаа үүсгэсэн байхыг ч үгүйсгээгүй гэж хардаж байгаа.

2019 онд орон сууцад захиалга өгсөн нийт захиалагч нарын хурал болсон. Тухайн хурал дээр жагсаалт үйлдсэн. 1-ээс 35 тоот бүхий орон сууцаа жагсааж байгаад захиалагч нар ынхаа нэрсийг бичсэн. Улсын бүртгэл дээр ШГХХК-ний өмчлөгчөөр тогтоолгоход хөрөнгө оруулагч буюу захиалагч нараасаа зөвшөөрөл авсан байх шаардлагатай, мөн тэдний нэрсийг гаргаж хүргүүлэх ёстой байдаг учраас хурал зохион байгуулж байна гэж ярьсан байдаг. ШГХХКомпанийн төлөөлөл, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн төлөөлөл 2 тал харилцан тулгаж тухайн нэрсийн жагсаалтыг захиалагчдын нэрсийн мэдээллийг хийгээд 2019 оны гэрээнийхээ хавсралтаар оруулсан. Тэр үед Н.Г  гэдэг хүн яригдаагүй, байхгүй байсан.

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн талаас 2023 оны гэрээний 2 дугаар хуудас байхгүй байна гэдгийг шинжлэн судлуулаад байна. Тухайн 35 тоот дээр 2022/22 тоот гэрээг байгуулсан байдаг. 2023 оны гэрээ маань өөрөө зөвхөн метр квадрат болоод үнийн өөрчлөлтийг л нэмж шинэчилсэн гэрээ юм. Өөрөөр хэлэх юм бол тухайн хуудас байхгүй байгаа нь хэрэгт төдийлөн ач холбогдолтой зүйл биш. Үнэхээр 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн гэрээнээс татгалзсантай холбогдолтой зүйл заалт орж ирэх, орж ирсэн гэж үзээд байгаа бол тэр маань өөрөө анхны 35 тоот дээр хийгдсэн гэрээн дээр буюу 2022 онд хийгдсэн гэрээн дээр орж ирэх ёстой. 2023 оны гэрээ зүгээр метр квадрат, үнэ өөрчлөгдсөн гэрээ байгаад байгаа юм...гэв.

Хариуцагчийн төлөөлөгч З.Г  нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:

А.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа:.. ШГХХК /4133749/-д холбогдох иргэн Б.Г ийн гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлж байна. ШГХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдын 35 айлын 7 давхар орон сууцны барилгыг барьсан. Б.Г  нь манай компаниас 3 өрөө орон сууцны захиалга өгч гэрээ байгуулсан боловч өөрийнхөө хүсэлтээр 3 өрөө орон сууцаа авахаа больсон буюу захиалгаа буцаасан.

Уг 3 өрөө орон сууцаа өөрийн хүсэлтээр буцааж 2 өрөө болгох хүсэлтийг манай компанид гаргасны дагуу хүсэлтийг хүлээн авч захиалгын гэрээ байгуулсан. 2 өрөө байр захиалахдаа захиалгын гэрээ дахин байгуулан 1 м.кв-ыг 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр тохирсон.

Мөн манай компани тус орон сууцыг дуусгахаар Алаг уул ган ББСБ ХХК иас зээл авсан, зээл авахдаа ШШГГ-ын албан хаагчдын орон сууцыг бүхэлд нь барьцаанд тавьсан. Одоо Алаг уул ган ББСБ ХХК-д барьцаанд байгаа Алаг уул ган ББСБ ХХК-ийг гуравдагч этгээдээр тус маргаанд оролцуулах хүсэлтэй байна.

Иргэн Б.Г ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй байгаа болно...гэжээ.

Б.Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй байгаа. Учир нь юу вэ гэвэл Б.Г , түүний нөхөр н.Ганбаатар гээд хоёр хүн 2018 оны сүүлээр манайх гэрээгээ цуцалъя, байр авахаа больё гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байсан. Энийг дараа нь надтай бас удаа дараа уулзаад байраа больё, манайх өөр газар байр авъя, ах, эгч нь мөнгөө буцааж авъя, урьдчилгаа 10,000,000 төгрөгөөрөө манайх төлье гэдэг байдлаар амаар тохиролцсон байсан. Гэтэл явцын дунд бид нарт буцаад байр гаргаж өгөөч. Танайхаас байр авахаар боллоо. Яагаад гэвэл танай байрны төлбөр боломжтой юм байна. Тийм болохоор манайх байр авъя, танайх харьцангуй хямд юм гэдэг байдлаар 35 тоот дээр гэрээ байгуулж уг байрандаа амьдарч байгаа.

Өмнө нь энэ хүмүүс байраа больё гээд манайх ч бас 10,000,000 төгрөгөө буцаая гэж байсан юм. Үүнийг барилгын талбай дээр ирээд ярьж байсан. Монгол хүн хэл амаараа ойлголцоод тэгээд яваад өгсөн.

1.Байр одоо Алаг-Уул ББСБ-ийн барьцаанд бүхэлдээ байгаа.

2. ШГХХК-ний өмчлөлтэй байрыг өөрийн өмчлөлдөө хямд үнээр буюу зах зээлийн үнээс харьцангуй доогуур дүнгээр авахаар зүтгээд байна. Тийм болохоор энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй. 34 тоот дээр энэ хүн өөрөө төлбөрөө төлөхдөө урьдчилгаа төлбөр төлсөн баримтуудыг шүүхэд батлах ёстой. Дандаа 35 тоотоор төлбөрөө төлсөн байгаа. Өөрсдөө ч шинээр гэрээ байгуулъя гээд шинээр гэрээ байгуулсан.

Тэгээд өмчлөлийн тогтоол дээр бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлдсэн тайлбарыг манай өмгөөлөгч хэлэх байх. Миний зүгээс болсон.

2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээгээр уг гэрээ хүчин төгөлдөр бус болсон. Ийм учир ямар нэгэн үүрэг хүлээгээгүй.

Нэхэмжлэгч шүүхэд маргаан гарснаас хойш үлдэгдэл төлбөрөө хурдан төлөөд явсан. Мөнгө нь манай дансанд байгаа. 92,358,000 төгрөг шилжүүлсэнтэй холбоотой маргаан байхгүй...гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.С  шүүх хуралдаанд гарсан тайлбартаа:...Баттөр овогтой С  миний бие нь 8 дугаар хорооны Шүүхийн шийдвэрийн 49 дүгээр байрны 34 тоотод амьдардаг. Миний зүгээс 2021 оны 3 дугаар сард анх 34 тоот дээр гэрээ хийсэн байдаг. Дахин 2023 онд 34 тоот дээр шинэчилж гэрээ хийсэн. Одоо 34 тоот дээрээ оршин суудаг байгаа. Мөн манай ах болох Н.Г  2017 оны 5 дугаар сарын 9-ны өдөр уг тоот дээр гэрээ хийсэн ба үүний шаардах эрхийг 2020 онд надад шилжүүлэн өгсөн байгаа. Үүнийхээ дагуу 34 тоот дээр төлбөрийг одоо хүртэл төлж яваа...гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гарсан тайлбартаа:...Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Найдангийн Г ын эрх ашиг сонирхлыг төлөөлж оролцож байна. Б.С  гуравдагч этгээдийн сая тайлбарлаж байгаа үндэслэлтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гал-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэх тайлбар ч бас үндэслэлтэй. Болсон үйл явдлын тухайд тайлбараа хэлэхэд 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Н.Г  нь ШГХХК-тай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилчдын 49 дүгээр байрны 7 давхрын 34 тоотод байрлах 73,3 метр квадрат 3 өрөө орон сууцыг авахаар 2017/34 дугаартай гэрээг бичгээр байгуулсан. Гэрээг байгуулан явж байх явцдаа уг байрны гэрээний үүргээ биелүүлж урьдчилгаанд бэлэн 15,000,000 төгрөгийг ШГХХК-д шилжүүлсэн.

Энэхүү мөнгөө 2 хувааж өгсөн гэдэг. 2017 оны 5 дугар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ үед Н.Г  гуайн хүүхдүүд Улаанбаатар хотод амьдардаг байсан. Тэгээд цаашдаа Улаанбаатар хот руу хүүхдүүд рүүгээ дөхөж амьдаръя гэдэг шийдэлд хүрээд өөрийн баз хүргэн болох Б.С ид чи ахынхаа байрыг шилжүүлж авах уу, боломжтой юу шаардах эрхийг нь чамд ингээд шилжүүлээд өгчихье гэдэг саналыг тавьж, тохироод улмаар энэ хүсэл зоригоо ШГХХК-д хэлж, хүсэлтээ албан ёсоор 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр бичгээр гаргасан байдаг. Энэ бичгээр гаргасан хүсэлт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ хүсэлтийг ШГХХК нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авч шилжүүлэх эрхийг нь хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн. Урьд өмнө өгсөн мөнгийг яах вэ гэдэг асуудлыг Н.Г  гуай дүүтэйгээ ШГХХК-тай харилцан ярилцаж байгаад 10,000,000 төгрөгийг дүү Б.С оос хүлээж авсан. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг З.Гал-Мөнхтэй ярилцаж байгаад буцааж авсан.

Ингээд гэрээг шилжүүлэн, шаардах эрхийг шилжүүлсэнтэй холбогдуулаад 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ШГХХК болон Б.С  нарын хооронд орон сууц захиалгын гэрээ хийгдэж явсан. Мөн 2022 оны 12 дугаар сард Б.С  байрны дотор заслыг хийж гүйцэтгээд улмаар 2023 оны 1 дүгээр сараас өдийг хүртэл уг байрандаа амьдарч байгаа.

Б.С  ч гэсэн мөн гэрээнд заасан гэрээний үүргээ биелүүлж байрны мөнгөө төлөөд явж байгаа. Ийм учраас 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Н.Г  гэрээ байгуулсан байтал 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр түүнээс хойш хожимдож гэрээ байгуулсан этгээд энэ байрыг авах гэж санаархаж ийнхүү өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар Н.Г  болоод Б.С  нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаа нь үндэслэлгүй юм. Ийм учраас Б.Г  гэх хүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, дэлгэрэнгүй хууль зүйн тайлбаруудыг нотлох баримт шинжлэн судалсны дараа тайлбарлаад явъя.

15,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт нь байдаггүй. Санхүүгийн баримт байдаггүй. Энэ нь нотлох баримтыг талийгаач эхнэрийнхээ данснаас шилжүүлсэн гэдэг баримтыг гаргаж өгсөн боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангадаггүй гэдэг асуудлыг ярьж байна. Мөнгө өгч авалцсан талаар ШГХХК болоод Н.Г  нарын хооронд ямар нь маргаан байдаггүй. Энийг өгч авалцсан гэдгийг ШГХХК ч хүлээн зөвшөөрч байгаа. Б.С ийн хувьд ч гэсэн энэ мөнгөний асуудал яаж наашаа цаашаа өгч авалцаж асуудал явагдсан бэ гэдгийг тайлбарладаг.

Тийм учраас энэ дээр болбол ингэж тайлбарлая. Шилжүүлсэн гэдэг баримт байхгүй буюу 10,000,000 төгрөгийг Б.С оос буцааж аваад 5,000,000 төгрөгийг З.Галмөнхөөс буцааж аваад гээд ийм баримт байдаггүй гэж байна. Энэ өөрөө хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй. Энэ хүмүүсийн хооронд мөнгөний талаар аливаа маргаан байхгүй. Мөн дүүдээ эрхээ шилжүүлж байгаа гэдэгтэй холбоотой баримт байхгүй гэдэг юмыг ярьж байна. Энэнтэй холбоотой баримт байдаг болохыг би Н.Г  гуайн тухайн үедээ 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр бичгээр гаргаж байсан эрхээ шилжүүлж байна гэдэг ийм хүсэлтийг хавсаргаж өгсөн байгаа. Мөн үүнтэй холбогдуулаад ШГХХК-аас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 42 дугаартай албан бичгээр хүсэлтийг хүлээн авч авлаа. Цаашдаа энэ асуудалтай холбоотой Б.С той асуудлыг харилцан тохиролцоод зөвшилцөөд явах гэдэг албан бичгийг өгсөн талаар баримтыг гаргаж өгсөн байгаа ...гэв.

Нэхэмжлэгчээс Б.Г ийн нэхэмжлэл 2 хуудас, иргэний үнэмлэхний хуулбар хувь 1 хуудас, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 2 хуудас, 2017 оны  6  дугаар  сарын  06ы  өдрийн №2017/34 дугаартай Орон сууц захиалгын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 5 хуудас, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 5 хуудас, дансны хуулга 1 хуудас, Улсын бүртгэгчийн мэдүүлэг хүлээн авсан баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь 1 хуудас, өмгөөлөгч авах тухай хүсэлт 1 хуудас, нэхэмжэлгчийн өмгөөлөгч Э.Ууганбаярын нотлох баримт гаргуулах туххай хүсэлт 1 хуудас, итгэмжлэл 1 хуудас, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 4 хуудас, хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт 4 хуудас, грлэсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас, бэлэн мөнгөний орлогын баримт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн ШГХХК-ны Шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан албан бичиг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 49 дүгэр байрны оршин суугчид бохирын шугам сүлжээний засварт мөнгө төлсөн жагсаалт 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэх толгой бичвэр бүхий баримт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх толгой бичвэр бүхий баримт 3 хуудас, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ болон Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, ШГХХК-ны орон сууц захиалгын мэдээлэл гэх толгой бичвэр бүхий баримт нийт 3 хуудас /Хөвсгөл аймаг Шийдвэр гүйцэтгэх газар хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2024/00291 дугаар шийдвэр эх хувь 4 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 155/ШШ2023/01005 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 8 хуудас зэрэг баримтуудыг,

Хариуцагч  ШГхязгаарлагдмал хариуцлагатай компаниас Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь 1 хуудас, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг 1 хуудас, хариуцагчийн төлөөлөгчийн хариу тайлбар 1 хуудас, өмгөөлөгч авах тухай хүсэлт 1 хуудас, түүний цахим оролцогчийн баталгаа 1 хуудас, хариуцагч байгууллагын захирал З.Галмөнхийн өмгөөлөгч авах тухай хүсэлт 1 хуудас, түүний цахим оролцогчийн баталгаа 1 хуудас, өмгөөлөгчөөр авсан Б.Алтанзулаас татгалзсан хүсэлт болон З.Гал-Эрдэнийг төлөөлөгчөөр оролцуулах тухай итгэмжлэл хуулбар хувь 2 хуудас, төлөөлөгч З.Гал-Эрдэний өмгөөлөгчөөр Ц.Галбадрахыг сонгон авсан тухай хүсэлт 1 хуудас, өмгөөлөгч Ц.Галбадрахын цахим оролцогчийн баталгааны хуулбар 1 хуудас, 2023 оны  6  дугаар  сарын  28ы  өдрийн №2022/02-2023/35 дугаартай Орон сууц захиалгын гэрээны хуулбар хувь 3 хуудас зэрэг баримтуудыг,

Гуравдагч этгээд Б.С , Г.Баярцэнгэл нараас гуравдагч этгээдээр оролцуулах тухай гаргасан хүсэлт 1 хуудас, гуравдагч этгээд Б.С ийн өмгөөлөгч авах хүсэлт 1 хуудас, гуравдагч этгээд Г.Баярцэнгэлийн гуравдагч этгээдээр оролцохоос татгалзсан хүсэлт 1 хуудас, 2021 оны  3  дугаар  сарын  02ы  өдрийн №2021/34 дугаартай Орон сууц захиалгын гэрээ эх хувь 6 хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уран дөш багийн засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 14/69 дугаартай тодорхойлолт 1 хуудас,2023 оны  8  дугаар  сарын  18ы  өдрийн №2023/04 дугаартай Орон сууц захиалгын гэрээ эх хувь 6 хуудас, ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанид Б.С оос 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар хувь 1 хуудас, ШГхязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байр захиалагч С ид өгсөн хүсэлтийн хариу эх хувь 1 хуудас, ШГхязгаарлагдмал хариуцлагатай компаний 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өгсөн хүсэлтийн хариу эх хувь 1 хуудас, 2022 оны  11  дүгээр сарын  14-ний  өдрийн №2022/22 дугаартай Орон сууц захиалгын гэрээ хуулбар хувь 3 хуудас, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, голомт банкны дансны хуулга 4 хуудас зэрэг баримтуудыг,

Гуравдагч этгээд Н.Г аас гуравдагч этгээдээр оролцуулах тухай гаргасан хүсэлт 1 хуудас, 2017 оны  5  дугаар  сарын  09ы  өдрийн №2017/34 дугаартай Орон сууц захиалгын гэрээ эх хувь 5 хуудас, иргэний үнэмлэхний хуулбар хувь 1 хуудас, Хас банкны дансны хуулга 2 хуудас, орлогын маягт баримтын хуулбар, өмгөөлөгч авах хүсэлт 1 хуудас, тайлбар 2 хуудас, бие даасан шаардлага 6 хуудас, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 2 хуудас, итгэмжлэл 1 хуудас,

ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанид Н.Г аас 2020 оны 3 дугаар сарын 04-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар хувь 1 хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас зэрэг баримтуудыг тус тус гарган өгсөн. 

 Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаярын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 8 дугаар баг 49 дүгээр байрны 7 давхрын 34 тоот, 3 өрөө 73,30 мкв Орон сууцанд хийгдсэн урьдчилсан тэмдэглэлийн холбогдох баримт болон ШГгал хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөлийн 49-р байрны анхны бүртгэлийн нотлох баримттай холбоотой лавлагааг, хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Хаан банкнаас 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой лавлагаа, мөн түүний хүсэлтээр нэхэмжлэгч Б.Г ээс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээг тус тус гаргуулж  нотлох баримт бүрдүүлсэн. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Б.Г  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 7 давхар, 34 тоотод байрлах 73,3 мталбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр толгоолгож, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Г ийн нэр дээр шилжүүлэхийг ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.

3.Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.Хэрэгт Б.С , Г.Баярцэнгэл, Н.Г  нараас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

Гэвч гуравдагч этгээд Г.Баярцэнгэл нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцохоос татгалзсан ба шүүх хуралдаанд гуравдагч этгээд Б.С , өмгөөлөгчийн хамт, гуравдагч этгээд Н.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайбаяр нар оролцож, тайлбар гаргалаа.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Тухайлбал,

Б.Г ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

1.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2017 оны 6 дугаар сарын 06-ний өдөр №2017/34 дугаар Орон сууц захиалгын гэрээг байгуулж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 7 давхар, 34 тоотод байрлах 73,3 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны худалдан авахаар болсон.

Гэтэл хариуцагч 34 тоот, 73,3 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 35 тоот, 56 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцаар өөрчлөх санал тавьсан. Ингээд арга буюу саналыг хүлээн авч, байрыг хүлээн авч өөрсдийн зардлаар тохижуулж, орсон. Гэтэл уг хоёр өрөө байрыг хариуцагч нь иргэн Ц.Буяндэлгэрт давхар худалдаж, байрын өмчлөгчөөр Ц.Буяндэлгэрийг тогтоосон шийдвэр гарч, уг шийдвэрийн дагуу Ц.Буяндэлгэр нь албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаж, шүүхээс дуудахад мэдсэн. Ингээд анх байгуулсан 2017 оны №2017/34 дугаар  гэрээ цуцлагдаагүй, гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 7 давхар, 34 тоотод байрлах 73,3 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр толгоолгохоор шаардлага гаргасан...гэж тодорхойлжээ.

2.Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Б.Г  нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2017/34 дугаартай гэрээг манай компанитай байгуулж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 7 давхар, 34 тоотод байрлах 73,3 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны захиалга өгсөн боловч уг 3 өрөө орон сууцаа 2 өрөө орон сууц болгох хүсэлтийг гаргасны дагуу компани хүсэлтийг хүлээн авч 2 өрөө орон сууцны захиалгын гэрээг дахин байгуулсан тул өмнөх гэрээг цуцласан гэж үзнэ.Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүйгэв.

3.Зохигч нар нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр №2017/34 дугаартай, 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр №2022/22 дугаартай, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр №2022/02-2023/35 дугаартай, Орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэсэн гэрээг байгуулжээ.

Нэхэмжлэгч Б.Г  нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрын №2017/34 дугаартай гэрээг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Уг гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компани нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдын 35 айлын орон сууц буюу Хөвсгөл аймаг Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 49 дүгээр байрны 7 дугаар давхар 34 тоот дахь 73,3 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж 2020 оны 10 дугаар сард багтаан улсын комисст хүлээлгэн өгөх, орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1,260,000 төгрөг, нийт үнэ 92,358,000 төгрөг, орон сууцны үнийн урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны дотор төлөх, үлдэгдэл төлбөрийг улсын комисс хүлээн авахаас 30 хоногийн өмнө дуусгахаар тохиролцож, гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлөн ШГхязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал З.Галмөнх, ерөнхий менежер Д.Энхбаатар, худалдан авагч талыг төлөөлөн Б.Г  нар гарын үсэг зуржээ(хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас)

Гэрээний нөхцөл, гэрээ байгуулагдсан байдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасантай нийцсэн ба  гэрээний талуудын дээрх тохиролцоо, зохигчийн тайлбар зэргээс дүгнэвэл уг харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байна.

4.Хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №2017/34 дугаартай гэрээний дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 7 давхар, 34 тоотод байрлах 73,3 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэх үүргээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 7 давхар, 35 тоотод байрлах 56 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангахаар 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр №2022/22 дугаартай гэрээг нэхэмжлэгчтэй байгуулж, шилжүүлэн өгчээ.

Улмаар талууд 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дээрх гэрээнд өөрчлөлт оруулж №2022/02-2023/35 дугаартай гэрээг дахин байгуулжээ.

Гэтэл хариуцагчийн шилжүүлэн өгсөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 35 тоотод байрлах 56 м2 2 өрөө орон сууц нь иргэн Ц.Буяндэлгэрийн өмчлөлийн орон сууц болох нь  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.

Үүний улмаас нэхэмжлэгч Б.Г  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 7 давхар, 34 тоотод байрлах 73,3 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэхийг ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 35 тоотод байрлах 56 м2 2 өрөө орон сууц нь иргэн Ц.Буяндэлгэрийн өмчлөлийн орон сууц болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 155/ШШ2023/01005 дугаар шийвэр, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2023/00291 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байгааг дурдлаа.

6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаандБ.Г  3 өрөө орон сууцаа 2 өрөө орон сууц болгох хүсэлтийг гаргасны дагуу компани хүсэлтийг хүлээн авч 2022 онд 2 өрөө орон сууцны захиалгын гэрээг байгуулснаар 2017 онд байгуулсан гэрээ цуцлагдсан...гэж тайлбарласан.

Гэхдээ хэргийн баримтаар дээрх тайлбар нотлогдоогүй.

Тодруулбал нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр №2022/22 дугаар, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр №2022/02-2023/35 дугаар гэрээг хариуцагчтай байгуулсан явдал нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №2017/34 дугаартай гэрээнээс татгалзсан гэж үзэх нөхцөл болохгүй, 34 тоот 3 өрөө орон сууцыг 2 өрөө орон сууц болгох талаар гаргасан Б.Г ийн хүсэлтгүй, мөн талуудын хооронд орон сууцыг өөрчлөн дахин байгуулсан гэх гэрээнд энэ тухай тусгасан заалт байхгүй байна.

Үүнээс дүгнэвэл хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компани нь гэрээгээр 34 тоотыг Б.Г т шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй хариуцлагаа хүлээхдээ иргэн Ц.Буяндэлгэрийн тус компаниас худалдан авахаар захиалсан 35 тоот орон сууцыг хүлээлгэн өгч, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх тухай хуулийн заалтыг зөрчжээ.

Иймээс нэхэмжлэгч нь 2017 онд талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг биелүүлэхээр шаардсныг буруутгах үндэслэлгүй юм.

7.Нэхэмжлэгч нь 2024 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 7 давхар, 34 тоотод байрлах 73,3 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцанд урьдчилсан тэмдэглэл хийлгэжээ.

Хариуцагч талаасманай байгуулагаас зөвшөөрөл олгоогүй байхад хийгдсэн тэмдэглэгээгэж маргав.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно, Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 он)-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т Улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтөлнө, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 4.4-т Шинээр баригдсан барилга байгууламж, нийтийн орон сууцны зориулалттай барилгын өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд дараах шаардлагыг хангасан байвал зохино, 4.4.2-т хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл тодорхой тусгасан Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт /хавсралт дугаар/-ыг улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ гэж заасан.

Дээрхээс үзвэл шинээр баригдаж буй барилгын гүйцэтгэгчээс ирүүлсэн захиалагч нарын нэрсийн жагсаалтыг бусад нотлох баримтуудтай тулган хянах замаар захиалагчийн хүсэлт, талуудын хооронд байгуулсан гэрээг үндэслэн урьдчилсан тэмдэглэгээ хийх үүрэг нь улсын бүртгэгчид байна.

Хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компаниас улсын бүртгэлийн байгуулагад хүргүүлсэн 49 дүгээр байрны захиалагчийн нэрсийн жагсаалтад 34 дүгээр байрны захиалагчаар нэхэмжлэгч Б.Г  бичигдэж хүргэгдсэн байх тул урьдчилсан тэмдэглэгээ хууль журамд нийцээгүй гэж дүгнэх боломжгүй. (хавтаст хэргийн 202-232 дугаар хуудас)

Түүнчлэн хийгдсэн урьдчилсан тэмдэглэгээг хүчингүй болгуулахаар хариуцагч холбогдсон байгууллагад хандсан эсэх тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт гаргаж өгөөгүй, хэргийг шийдвэрлэх үед Б.Г ийн нэр дээр хийгдсэн 34 тоот орон сууцны урьдчилсан тэмдэглэгээ хүчинтэй хэвээр байгааг дурдах нь зүйтэй.

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд...гэрээнд заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 05-ний өдрөөс өмнө буюу 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчид 10,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа 7 давхар 34 тоот гэх утгаар, мөн 2022 оны 5 дугаар сарын 04-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 2,500,000, 2,500,000 төгрөгөөр хувааж, ШШГ орон сууц 5 тоот урьдчилгаа гэх, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 6,500,000 төгрөгийг ШШГ 49 байр 5 тоот Г  РЭ76102506 гэх, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийг 49-р байр 35 тоот урьдчилгаа гэх, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг 49-р байр 35 тоот урьдчилгаа гэх, 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 7,628,000 төгрөгийг 8 баг 49 байр 35 тоотын урьдчилгаа гэх, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөгийг Хөвсгөл 49-р байр 35 тоот байр гэх, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг ШШГ 49-р байр 34 тоот урьдчилгаа гэх, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 30,115,000 төгрөгийг ШШГ 49-р байр 34 тоот урьдчилгаа гэх, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 21,000,000 төгрөгийг ШШГ 49-р байр 34 тоот урьдчилгаа гэх, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 6,680,000 төгрөгийг ШШГ 49-р байр 34 тоот урьдчилгаа гэх, 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 437,000 төгрөгийг ШШГ 49-р байр 34 тоот урьдчилгаа гэх утгаар тус тус шилжүүлж, нийт 92,358,000 төгрөг болсон ба 05 тоот, 35 тоот гэх утгаар шилжүүлсэн мөнгийг гэрээний үнийг дүнд оруулан тооцуулна...гэж тайлбарлав.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлд харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох талаар хуульчилсан ба хуульд заасан дээрх урьдчилсан нөхцөл бүрджээ.

Тодруулбал биелүүлэх хугацаа нь болсон ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож 34 тоот дахь орон сууцны үнийг бүрэн төлснөөр Б.Г ийн үүргийг дуусгавар болсон гэж үзэх боломжтой, энэ талаар хариуцагч тал маргаагүй.

Хэрэгт авагдсан баримтаар үүргийг харилцан тооцож дуусгавар болгож болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Г ийн 05 гэх утгаар төлсөн 11,500,000 төгрөг, 35 тоот гэх утгаар төлсөн 11,628,000 төгрөг, нийт 23,128,000 төгрөгийг 34 тоотын төлбөрт оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанид 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 92,360,000 төгрөгийг төлжээ.

Иймд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2017/34 дугаар гэрээний үүргийг биелүүлсэн гэж дүгнэв.

9.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд...талуудын хооронд байгуулсан харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ...гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч гэрээний зүйл болох орон сууц бэлэн болоогүй байсан, барилгыг хэрхэн барих талаар талууд тохиролцоогүй, гэрээний зүйл нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө биш тул ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, харин хөрөнгийг шилжүүлэх, үнийг төлөх үүргийг хүлээсэн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Энэ тухай шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дугаар хэсэгт шүүх дүгнэсэн болно.

Хэрэгт буй зарим баримтын талаар:

1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд нь хариуцагчийн татгалзлыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.Үүнд:

Гуравдагч этгээд Б.С ...эгч З.Эрдэнэчимэг захиалсан байрандаа орох боломжгүй болсон тул миний дүү эгчийнхээ 2017 онд захиалга өгөхдөө өгсөн урьдчилгаа 10,000,000 төгрөгийг манайд гаргаж өгөөд захиалагчийн гэрээг шинэчлээд миний захиалсан байранд орох уу гэсэн саналын дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 34 тоотын 73.3 м2 орон сууцанд  дотор засварын ажлыг 4,500,000 төгрөгөөр хийж, үүнийг захиалгын гэрээндээ тооцуулж, нийт 60,300,000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлж орсон. Гэтэл уг байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Б.Г  шүүхэд гаргасан нь бидний эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймд хариуцагчийн татгалзалыг дэмжиж байнагэж,

 Гуравдагч этгээд Н.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайбаяр Н.Г  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 7 давхар, 34 тоотод байрлах 73,3 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцанд 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдөр 2017/34 дугаартай Орон сууц захиалгын гэрээг ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулж, урьдчлгаанд бэлнээр 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг өгсөн. Дараа нь урьдчилгаанд өгсөн 15,000,000 төгрөгнөөс 10,000,000 төгрөгийг Б.С оос авч байраа түүнд шилжүүлэхээр тохиролцож, байрандаа оруулсан. Гэтэл уг байранд маргаан гарч Б.Г  өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг зөвшөөрөхгүй. Учир нь Н.Г  гэрээг түрүүлж хийсэн, мөн гэрээтэй холбоотой шаардах эрхийг гуравдагч этгээд болох Б.С ид шилжүүлсэн.Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч давуу эрхтэй гэж заасан. Гуравдагч этгээд Б.С  нь тухайн маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа...гэх байр суурийг тус тус илэрхийлж,

нотлох баримтаар Б.С , ШГхязгаарлагдмал хариуцлагатай компани нарын хооронд байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №2021/03 дугаартай гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №2023/04 дугаартай гэрээ, Н.Г , ШГхязгаарлагдмал хариуцлагатай компани нарын хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн №2017/34 дугаар гэрээ, З.Эрдэнэчимэгийн Хас банкин дахь 5000127764 тоот дансны хуулга зэргийг ирүүлсэн.

2.Дээрх баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хэн алинтай нь 34 тоот орон сууцыг худалдахаар гэрээ байгуулжээ.Тухайлбал,

Гуравдагч этгээд Н.Г  нь 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдөр №2017/34 дугаар гэрээг ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулж, Хөвсгөл аймаг Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 49 дүгээр байрны 7 дугаар давхар 34 тоотод байрлах 73,3 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 1,260,000 төгрөгөөр тооцон, нийт үнэ 92,358,000 төгрөг байх, худалдан авагч нь орон сууцны үнийн урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны дотор төлөх, 30 хувийн үлдэгдэл төлбөрийг улсын комисс хүлээн авахаас 30 хоногийн өмнө төлөхөөр тохиролцжээ. (хавтаст хэргийн 105-109, дугаар хуудас)

Гуравдагч этгээд Б.С  нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр №2021/03 дугаар гэрээг ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулж, Хөвсгөл аймаг Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 49 дүгээр байрны 7 дугаар давхар 34 тоотод байрлах 72,58 м2 талбай бүхий 3 өрөө  орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,500,000 төгрөгөөр тооцон, нийт үнэ 108,870,000 төгрөг байх, худалдан авагч тал төлбөрийг үлдэгдлийг байр ашиглалтанд орохын өмнө, үлдсэн төлбөрийг барилга улсын комисст өгсөний дараа төлөхөөр тохиролцжээ. (хавтаст хэргийн 114-119 дугаар хуудас)

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь  хөрөнгө шилжүүлэх, үнийг төлөх үүргийг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байна.

3.Харин гуравдагч этгээд Б.С ийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №2023/04 дугаартай гэрээ нь Хөвсгөл аймаг Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 49 дүгээр байрны 7 дугаар давхар 34 тоотод байрлах 72,58 мталбай бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,500,000 төгрөгөөр тооцох, худалдан авагч тал орон сууц захиалгын гэрээг байгуулахдаа урьдчилгаа төлбөрийг гэрээний 2.1-д заасан дүнгээр төлөх, үлдэгдэл төлбөр болох 48,570,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний дотор 15,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний дотор 15,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 15,000,000 төгрөгийг, 2027 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 3,570,000 төгрөгийг хувь ликингийн 3 жилийн хүү болох 3,000,000 төгрөгийн хамт, нийт 6,570,000 төгрөгийг ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанид төлөхөөр тохиролцсон байгаа нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл болох Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байна.

(хавтаст хэргийн 177-182 дугаар хуудас)

4.Мөн гуравдагч этгээд Б.С  34 тоот орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдлоо.

5.Гэрээнүүдийн байгуулсан цаг хугацааны дарааллын хувьд авч үзвэл хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компани нь эхэлж гуравдагч этгээд Н.Г тай, дараа нь нэхэмжлэгч Б.Г тэй, сүүлд гуравдагч этгээд Б.С той хийжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд...Нэхэмжлэгч Б.Г ийг 2017 оны 6 дугаар сарын 06-ний өдөр хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанитай №2017/34 дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулахад тус маргаан бүхий байранд өөр захиалагч буюу худалдан авагч байгаагүй, 2019 онд хурал болж, 49 дүгээр байрны 35 айлын орон сууц захиалагчийн нэрсийн жагсаалтыг гаргасан. Ингэхэд уг жагсаалтанд Н.Г ын нэр огт байгаагүй, Н.Г тай байгуулсан гэрээ нь сүүлд нөхөж байгуулсан гэрээ гэж үзэж байна. Ингэж үзэх болсон шалтгаан нь орон сууц захиалагчийн нэрсийн жагсаалтанд Н.Г ын нэр байхгүй, мөн хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн 35 тоот байран дээр маргаан гарч Б.Г тэй гэрээ байгуулахаас урд өөр хүнтэй гэрээ байгуулсан тухай асуудал яригдахад хариуцагч талаас уг гэрээнээс өмнө байгуулсан мэтээр дахин гэрээ байгуулж өгөх хүсэлтийг тавьж байсан. Үүнээс үзвэл Н.Г ын гэрээг сүүлд нөхөж байгуулсан гэх хардах нөхцөл бүрдэж байна. Нэхэмжлэгч 2024 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 7 давхар, 34 тоотод байрлах 73,3 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцанд урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн. Уг тэмдэглэгээг хийлгэх үед маргаан бүхий дээрх орон сууцанд гуравдагч этгээдүүдийн зүгээс тэмдэглэгээ хийлгээгүй байсан...гэж тайлбарлав.

7.Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд...Н.Г ын гэрээ Б.Г ийн гэрээнээс урд байгуулагдсан нь үнэн. Орон сууц захиалагчийн нэрсийн жагсаалтыг манайхаас гаргаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас буруу гаргасан...гэж мэтгэлцэв.

Бүртгэлийг хийхэд шаардагдах холбогдох баримтыг үнэн зөв гаргаж Улсын бүртгэлийн байгуулагад хүргүүлэх нь хариуцагчийн өөрийнх нь үүрэг байхад хариуцагчийн төлөөлөгч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компаний өөрийнх нь гаргаж, улсын бүртгэлд хүргүүлсэн баримт болох орон сууц захиалагчийн нэрсийн жагсаалтыг буруу гарсан хэмээн мэтгэлцэж байгаа нь ойлгомжгүй, тайлбараа баримтаар нотлоогүй. 

Мөн тэрээр Хөвсгөл аймаг Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 49 дүгээр байрны 7 дугаар давхар 34 тоотод байрлах 73,3 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцанд Н.Г тай 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдөр №2017/34 дугаартай гэрээг байгуулсан атлаа дээрх гэрээ цуцлагдаагүй байхад дахин Б.Г тэй гэрээ байгуулах ямар шалтгаан байсан тухайгаа тайлбарлаагүй болно.

Өмчлөгч, эзэмшигч нар өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэж болдог. Гэтэл гуравдагч этгээд Н.Г , Б.С  нар нь маргаан бүхий орон сууцанд урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй байна.

Хэдийгээр гуравдагч этгээд Н.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайбаяр Н.Г  гэрээг түрүүлж хийсэн хэмээн тайлбарлаж, гуравдагч этгээд Н.Г ын 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдөр хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулагдсан №2017/34 дугаар гэрээг нотлох баримтаар ирүүлсэн боловч тус гэрээг тухайн цаг хугацаанд байгуулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад баримтаар хөдөлбөргүй нотлогдох учиртай.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компани  нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байранд 70 хувийн гүйцэтгэлтэй, шинээр баригдсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлж, ингэхдээ уг байрны захиалагч нарын нэрсийн жагсаалтыг гаргаж Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ. (хавтаст хэргийн 202-232 дугаар хуудас)

Уг жагсаалтанд Н.Г ын нэр байхгүй ба 34 тоот орон сууцны захиалагчаар Б.Г ийн нэр бүртгэгджээ.

Шүүх бичмэл нотлох баримтыг талуудын гаргасан тайлбартаа харьцуулах замаар үнэлж, дүгнэхэд гуравдагч этгээд Б.Г ын гэрээ цаг хугацааны хувьд түрүүлж байгуулагадсан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээг бий болгож байна.

8.Гуравдагч этгээд Н.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайбаяр нь шүүх хуралдаанд...Н.Г  нь Б.С ид эрхээ шилжүүлсэн тул Б.С  2021 онд гэрээ дахин байгуулж, одоо уг байрыг Б.С  эзэмшиж байгаа. Иргэний хуулийн хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч давуу эрхтэй гэж заасан нөхцөл бүрдэж байгаа...гэв.

Н.Г , ШГхязгаарлагдмал хариуцлагатай компани нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан №2017/34 дугаар гэрээнээс үзвэл шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг худалдан авагч бүрэн төлснөөр тухайн хөрөнгийг өмчлөх эрх шилжихээр тохиролцсон байх ба худалдан авагч Н.Г  гэрээний үүргээ биелүүлж, үнийг бүрэн төлөөгүй, ингэснээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд үүсээгүй байхад гуравдагч этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлж байгааг тухайн эрх хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Нөгөө талаар орон сууц захиалгын гэх нэртэй худалдах-худалдан авах гэрээгээр бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний харилцаанд эрхийн болон эд хөрөнгийн доголдолгүй эд хөрөнгийг бусдад шилжүүлэх нөхцлийг хуульчилсан.

Гуравдагч этгээд Н.Г ын шилжүүлсэн гэх эрх нь биет зүйл биш тул биет байдлын доголдолтой байх боломжгүй, харин эрхийн доголдолгүй байхыг шаардах бөгөөд Н.Г аас, Б.С ид эрх шилжүүлэх үед тухайн эд хөрөнгө нь Б.Г т захиалын гэрээ хийгдсэн эрхийн доголдолтой байжээ. Үүнээс үзвэл гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.

Эрх шилжүүлсэн гэх харилцааг тодорхойлоход нэхэмжлэгч Б.Г ийн үйлдэл бус, харин хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанийн гуравдагч этгээд Б.С ид тухайн эд хөрөнгийн эрхийн доголдлын талаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзнэ.

Иргэний хуулийн хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч давуу эрхтэй хэмээн хуульчилсан.

Гэхдээ хуулийн дээрх заалт нь зэрэгцээ эрхтэй этгээдүүдийн хоорон дахь тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийн өрсөлдөх хэм хэмжээг тодорхойлсон зохицуулалт болохоос биш өмчлөх эрх, эзэмших эрх бүхий этгээдүүдийн маргаанд хэрэглэхгүй.

Өөрөөр хэлбэл өмчлөх эрх, эзэмших эрх нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өрсөлдөх эрх биш бөгөөд бусдын эд хөрөнгийг өмчлөлдөө авах буюу худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шалгах гол нөхцөл нь худалдан авагч тал гэрээний үнийг бүрэн төлсөн байдлаар тодорхойлогддог.

Гуравдагч этгээд болох Б.С  нь худалдах-худалдан авах гэрээ болон зээлээр худалдах худалдах авах гэрээг тус тус хариуцагчтай байгуулсан боловч төлбөрийг бүрэн төлсөн талаар баримтгүй, өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй, харин тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдсон болно.

Худалдан авагч нь эрхээ баталгаажуулах зорилгоор, хамгаалалт болгож урьдчилсан тэмдэглэгээг хийлгэдэг.

Энэ нь эрх зүйн үүднээс худалдан авагчийн зүгээс хамгаалвал зохих өмчлөх эрхийг олж авахын өмнөх урьдчилсан эрхийг олж авч буй өмчлөх эрхийн өмнөх шат бөгөөд худалдан авагч үнийн хэсгийг төлөх бүрд түүний өмчлөх эрхийг олж авах боломж нэмэгдсээр байдаг.

Тиймээс худалдах-худалдан авах гэрээний үнэ төлөх болзол биелтэл худалдан авагчийн зүгээс худалдагчийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах явдлаас хамгаалах гол нөхцөл болдог.

Дээр дурдсан өмчлөх эрхийг олж авах урьдчилсан эрх маргаан бүхий орон сууцны тухайд нэхэмжлэгч Б.Г т үүссэн байна.

Иймд энэ хэргийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч Б.С , нэхэмжлэгч Б.Г  нарын маргаан бүхий харилцаанд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасан давуу эрхийн зохицуулалт хамаарахгүй гэж үзнэ.

Харин гуравдагч этгээд Б.С  нь өөрт учирсан хохирлоо ШГхязгаарлагдмал хариуцлагатай компаниас шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

9.Гуравдагч этгээд Б.С ийн өмгөөлөгч Б.Ганчимэг...Гэрээтэй холбоотой асуудал 3 жил, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал 6 жил байдаг.

Тийм болохоор 2017 оны 6 дугаар сарын 06-ны гэрээтэй холбоотой асуудал хөөн хэлэлцэх хугацаа бүрэн утгаараа дууссан учир нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...гэв.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Тодруулбал хариуцагч нь 34 тоотыг Б.Г т шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй хариуцлагаа хүлээхдээ иргэн Ц.Буяндэлгэрийн тус компаниас худалдан авахаар захилсан 35 тоот орон сууцыг өгсөн, хариуцагчийн шилжүүлэн өгсөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 35 тоотод байрлах 56 м2 2 өрөө орон сууц нь иргэн Ц.Буяндэлгэрийн өмчлөлийн орон сууц болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 155/ШШ2023/01005 дугаар шийдвэрээр тогтоогдож, уг шийдвэрийг нэхэмжлэгч мэдсэн үеэс шаардах эрх үүсжээ.

10.Иймд нэхэмжлэгч Б.Г ийг  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 7 давхар, 34 тоотод байрлах 73,30 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Г ийн нэр дээр шилжүүлэхийг ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгаж шийдвэрлэв.

11.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 689,040 ( зургаан зуун  наян есөн дөчин мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ШГхязгаарлагдмал хариуцлагатай компаниас 689,040 ( зургаан зуун  наян есөн дөчин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Б.Г ийг  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 7 давхар, 34 тоотод байрлах 73,3 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Г ийн нэр дээр шилжүүлэхийг ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 689,040 ( зургаан зуун  наян есөн дөчин мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ШГхязгаарлагдмал хариуцлагатай компаниас  689,040 ( зургаан зуун  наян есөн дөчин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ДАВААХҮҮ