Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00760

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00760

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг ***************** оршин суух, Б Г-н А (********** )-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хөвсгөл аймгийн Цагаан-үүр суманд төрсөн бөгөөд миний төрсөн эцгийг Гомбосүрэн, ээжийг Хишигжаргал гэдэг байсан бөгөөд төрсөн цагаасаа л өөрийн эх, эцгийг мэдэхгүй шахуу өвөө аав Чимэдийнд өсөж хүмүүжиж тэднийд л байдаг байлаа. 1981 онд 8 дугаар анги төгсөөд 16 насандаа айлын эхнэр болж, 16 настайгаасаа л Цагаан-үүр сумын Цог нэгдлийн гуанз, зочид буудалд анх үйлчлэгчээр 1981 оны 7 дугаар сарын 01-нд орж байлаа. Нэгдлийн гуанз нь тус нэгдлийн туслах аж ахуй, туслах үйлдвэрт хамаарч байсан тул ажилд анх орсон л бол ажлаас чөлөөлдөггүй, аль хүн хүч дутагдалтай газар ажиллуулдаг. Хүний оронд түр, түр ажиллуулаад явуулаад байдаг байсан бөгөөд нэгдлээс гаргадаггүй байсан, нэгдлийн харьяанд аль хүн хүч дутагдсан газар юу ч хамаагүй хийдэг. Тухайлбал халуун усанд үйлчлэгч хийх, хана үдэх, мужаан хийх, зундаа сүү тосны заводод тос цохигч, нэгдлийн улаан буланд үйлчлэгч, эмэгтэй юм болохоор ачигч грушикээс бусдыг нь л хийсээр 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байгаад 1990 онд хувьчлалаар ажиллаж байсан гуанз зочид буудлаа тэнд ажиллаж байсан 3 ажилтан хувааж хувьчилж авч байсан. Одоо би тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч Цагаан-үүр сумын Цогнэгдлийн зочид буудал, гуанзанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлын талаарх тушаал шийдвэр олдохгүй болсон тул шүүхээр тогтоолгох шаардпагатай боллоо. Ингээд Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн архивын баримтыг сумын Засаг даргын Тамгын газрын архиваас хайхад цалин хөлсний /70 дугаар данс / баримтаас өөр юм гарч ирсэнгүй, ингэхдээ миний цалин хөлсний баримтан дээрх овгийг минь хөгшин аав Чимэдээр овоглон Ч.А, эсхүл ээж Хишигжаргалаар овоглон Х.А, эсхүл төрсөн эцэг Гомбосүрэнгээр овоглон Г.А гэх мэтээр бичсэн байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Цагаан-үүр сумын Цог нэгдэлд /гуанз, буудал/-ын ажилтнаар 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Г.А нь Хөвсгөл аймгийн Цагаан-үүр сумын Цог нэгдлийн гуанз, буудалд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Тухайн үед хаана ямар ажил гарна түүнд шилжиж хийдэг байсан хэдийгээр ажлын байрны нэршил өөр өөр байгаа боловч ерөнхий нэршил болох ажилтан гэдгээр тогтоолгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэгт авагдсан Г.Аг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалуудад түүнийг үйлчлэгч, мужаан, халуун усны ажилтан, цагаан идээ боловсруулагч, чанар нөөцийн бригадад ажилтан гэж бичигдсэн байгаа гэв.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын ЗДТГ-аас 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Г.Агийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Булган багийн засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн даргын 1982 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №23 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн даргын 1984 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №19 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №49 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн даргын 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №52 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №2 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №50 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар, Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, гэрэл зураг зэрэг баримтуудыг ирүүлжээ. (хх-ийн 5-38 дахь тал)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т.Төрмөнхийг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Агийн Хаатр-21 (А), Хаатр 01 (А), Хаягийн хуудас № 7, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас тушаал зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.  (хх-ийн 48, 53-66 дахь тал),

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн

 судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

БГ-н А (********** ) нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

Г.А нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл буудлын үйлчлэгч, 1982 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл туслах үйлдвэр бригадад мужаан, 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл халуун усны ажилтан, 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагаан идээ боловсруулагч, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тогтооч, 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл чанар нөөцийн бригадад ажилтан, 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь:

Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын ЗДТГ-аас 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Г.Агийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн даргын 1982 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №23 дугаартай: ...Аг 1982 оны 4 сарын 6-ны өдрөөс эхлэн тус тус томилсугай... гэх Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн даргын 1984 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №19 дугаартай: ...Г.Аг өөрийн хүсэлтээр нь 1984 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэх Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №49 дугаартай: ...Аг 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж... гэх Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн даргын 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №52 дугаартай: ...Чимэд овогтой Аг 1987 оны 8 сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэг ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс... гэх Зарим хүмүүсийг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №2 дугаартай: ...Гомбосүрэн овогтой Аг 1989 оны 01 дүгээр сарын 23-аас эхлэн ажиллуулсугай... гэх Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №50 дугаартай: ...Гомбосүрэн овогтой Аг 1990 оны 8 сарын 15-наас эхлэн ажиллуулсугай... гэх Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №84 дугаартай: ...Гомбосүрэн овогтой Агийн өөрийн хүсэлтээр... гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

БГ-н А (********** )-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

БГ-н А (********** )-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Т.Төрмөнхийн: ...Г.А нь Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн буудалд үйлчлэгчээр 1981 оноос 1990 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. (хх-ийн 48, 53-59 дахь тал)

Харин шаардлаас 1983 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 30, 1984 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 30, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгов.

Учир нь: гэрч нарын мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч нь дээрх хугацаанд ажиллаж байсан тухайгаа нотлож чадаагүй болно.

Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11/658 дугаартай ...Тус аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн даргын 1990 оны тушаал шүүж үзэхэд Г.Аг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолт,

Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад С.Анхбаярын: ...Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Засаг даргын Тамгын газрын контор нь 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс шатаж төрийн өмчид 1737205 төгрөгийн хохиролтой гар түймрийн хэргийг шалган, эрүүгийн хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн нь үнэн болно... гэх тодорхойлолтууд авагдсан ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 37, 60 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн

135.2.6-д зааснаар Б Г-н А (********** )-ийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл буудлын үйлчлэгч, 1982 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл туслах үйлдвэр бригадад мужаан, 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл халуун усны ажилтан, 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагаан идээ боловсруулагч, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тогтооч, 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл чанар нөөцийн бригдад ажилтан, 1989 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1983 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1984 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ