Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 272

 

МАГАДЛАЛ

2020.01.31                                                 Дугаар 272

 

 

 

 

 

 

“О ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02410 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “О ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ПТ ” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол              32 557 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “ПТ ” ХХК-тай харилцан тохиролцож №16-8/100/ дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээгээр гүйцэтгэгч нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж-33 хаягт байрлах Танан төв барилгын гражийн нийт 64 м.кв талбайн тэгшилгээ, зүлгүүрийг хийж, эпокси будгаар будах ажлын үр дүнг гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн 11 хоногийн дотор хүлээлгэн өгөх, ажлын үр дүнд нэг жилийн баталгаат хугацаа өгөх, захиалагч тал буюу манай    компани нь ажлын хөлсөнд нийт 18 000 000 төгрөгийг гэрээнд заасан нөхцлийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. “ПТ ” ХХК нь гэрээт ажлын үр дүнг гэрээгээр тохиролцон тогтоосон хугацаанаас 3 хоног хэтрүүлж буюу 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд манай компани гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг бүрэн төлсөн. Ажлын үр дүнг хүлээлгэн өгсөнөөс хойш нэг сарын хугацаа ч өнгөрөөгүй байхад гараашийн шалны будаг зарим хэсгээрээ хөндийрч хагарсан. Удалгүй гараашийн талбайн ихэнх хэсгийн будаг хөндийрч хагарсан. Манай компани “ПТ ” ХХК-д энэхүү ажлын доголдлын талаар амаар болон бичгээр тухай бүр мэдэгдсэн бөгөөд “ПТ ” ХХК-ийн зүгээс доголдолтой ажил хийж гүйцэтгэснээ хүлээн зөвшөөрч, ажлыг дахин өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж биднийг хохиролгүй болгохоо илэрхийлж байсан боловч бодитойгоор ажлыг гүйцэтгэхээс аливаа шалтгаанаар зайлсхийсэн. Манай компани нь 2017 оны 7 дугаар сард “ПТ ” ХХК-ийг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай компанийн нэхэмжлэлтэй хэрэг анхан, давах, хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2018/01902 дугаар тогтоолоор “...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн. “ПТ ” ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан №16-8/100/8 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой өмнө гаргасан нэхэмжлэлдээ манай компани нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлж шаардсанаас шалтгаалан өөрт учирсан хохирлоо шүүхийн журмаар барагдуулж чадаагүй болно. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1115 дугаар магадлалд “...нэхэмжлэгч анз шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэгүй болгон, доголдлыг засварлуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой бусад шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй...” гэж заасан. “ПТ ” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй ажлын гүйцэтгэлийн доголдол гаргасан, энэхүү доголдолоо засварлаж өгнө гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч бодитой ажил хийхгүй байх тул бид “МУ ” ХХК-иар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 33 хаягт байрлах Танан төв барилгын гараашийн 634 м.кв талбайн гэмтсэн шалыг бүрэн хуулах, тэгшилгээ хийх, зүлгүүр, өнгөлгөө хийх, эпокси будгаар будах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэн ажлын хөлсөнд нийт 32 557 200 төгрөг төлөөд байна. Иймд барилгын гараашийн шалыг хуулах, тэгшлэх, зүлгүүрдэж өнгөлөх, будах ажлыг дахин гүйцэтгэхтэй холбоотой гарсан зардал болох 32 557 200 төгрөгийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь заалтад заасны дагуу “ПТ ” ХХК-иас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ПТ ” ХХК нь 2014 онд байгуулагдсан барилгын засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. “О ” ХХК-ийн хүсэлтээр 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №17-61/585 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч болох манай компани Танан төвийн оффис үйлчилгээний барилгын гарашийн шалны 634 м.кв талбайг Солонгос улсын КСС брэндийн эпокси будгаар будаж, тэмдэг, тэмдэглэгээг хийх ажлыг гэрээнд заасан хугацаанд буюу 2016 оны 7 дугаар сарын 19-нээс 30-ны өдрийн хооронд чанарын өндөр түвшинд, биет байдлын доголдолгүй, зохих ёсоор хийж гүйцэтгэснийг ажил хүлээлцэх акт бичгээр үйлдэж албан ёсоор хүлээн авч гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулсан. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлт бүрэн хангагдаж дуусгавар болсон байтал 3 жилийн дараа “О ” ХХК нь манай компаниас 32 557 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Танан төвийн оффис үйлчилгээний барилгын гараашийн шал цуурч ховхорсон нь манай компанийн хийж гүйцэтгэсэн ажилтай огт хамааралгүй юм. Тодруулбал, дээрх үйлчилгээний төвийн гараашийн будгийн ажил чанарын шаардлага бүрэн хангасан бөгөөд гагцхүү уг будгийг тавьсан суурь бетоны шинж чанараас шалтгаалж эдүгээ гараашийн шаланд хагарал, хуурал үүссэн байна. Анх гэрээ байгуулж ажил эхлэх үед манай компанийн инженер Э.Б ажил гүйцэтгэх талбай буюу гараашид очиж танилцах үед будаг хийх шалны бетон нь гараар цутгасан, марк хүрэхгүй, цемент нь үйрсэн технологийн шаардлага хангахгүй тул шууд будаг хийх боломжгүй гэдгийг “О ” ХХК-ийн захирал, менежерт хэлээд манай компани будаг тавихаас өмнө заавал бетон цутгаж байж хийх хэрэгтэй, бид 8 см-ийн бетон аль болох бага зардлаар цутгаад зориулалтын бетон шахагч машин түрээслээд хийж өгье гэхэд ямар ч ашиг оруулалгүй зайлшгүй гарах зардлуудыг тооцоод зөвхөн материалын зардал 7 395 000 төгрөг, шахагч машины түрээс 1 500 000 төгрөг, ажлын хөлс 1 м.кв нь          8 000 төгрөгөөр 634 м.кв талбайг тооцохоор 5 072 000 төгрөг буюу нийт 13 967 000 төгрөг болно гэсэн үнийн санал өгсөн. Гэтэл тус компанийн зүгээс бетон цутгах ажил үнэтэй болох тул боломжгүй, хамаагүй өөрсдийн шаардлага хангахгүй бетон дээрээ будаг хийлгэе, ажлын хөлсөнд 18.000.000 төгрөг төлье гэсэн санал тавьсан. Манай компанийн хувьдуг үнийн санал нь дэндүү байга, ямар ч ашиггүй байсан ч О ХХК-ийн талаас удаа дараа гуйж, хүсэлт тавьсаар байсан тул бетоны шаардлага хангахгүй байна, дараа нь уг асуудлаас болж үүссэн эрсдэл, хохирлыг бид хариуцахгүй шүү гэдгийг хэлж будгийн ажлыг эхэлсэн. Тухайн үед манай компани хэдийгээр хямд хөлсөөр хийж байгаа ч гэсэн өөрсдийн зүгээс чанартай ажил хийхийн тулд гараар цутгасан, чанарын шаардлага хангахгүй, марк муу бетон дээр нь будаг тавихаас өмнө бандер гээд шал тэгшлэгч бүтээгдэхүүн тавьж байгаад нийт 3 үе будаг хийснээс гадна гэрээгээр тохиролцоогүй ч нэмэлтээр гараашийн төмөр ивүүрүүдийг үнэгүй будаж өгч гэрээгээр хүлээлсэн үүргээ давуулан биелүүлж захиалагч талд албан ёсоор хүлээлгэн өгсөн. Манай компани өнгөрсөн хугацаанд маш олон компанитай энэ чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай бөгөөд өнөөдрийг хүртэл “О ” ХХК-иас өөр ямар ч байгууллага, хувь хүнээс будгийн чанарын шаардлагатай холбоотой гомдол, шаардлага гаргаж байгаагүй. Тухайлбал, манай компани нь Таван богд моторс, Хурд гэх мэт томоохон компаниудтай хамтран ажиллахаас гадна Зүүн хүрээ, Трю л, И нэл зэрэг хотхонуудын том талбай бүхий гараашуудын шалны будгийг нэхэмжлэгч “О ” ХХК-иас өмнөх цаг хугацаанд хийж гүйцэтгэсэн боловч одоог хүртэл нэг ч гомдлын шаардлага, ажлын доголдол гарч байгаагүй нь будаг хийх шалны бетон, гадаргуу чанарын шаардлага бүрэн хангасан байдагтай шууд холбоотой. Хэрэв үйлчлүүлэгчийн будаг хийх талбай шаардлага хангахгүй бол энэ талаар мэдэгдэж, харилцан тохиролцож нэмэлтээр гадаргууг тэгшлэх, шинээр бетон цутгасны дараагаар будаг хийх ажлыг хийж гүйцэтгэдэг болно. Манай компани нэхэмжлэгч “О ” ХХК-ийн Танан оффис үйлчилгээний барилгын гараашийн шалны будгийн ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулсан будаг, бандер, бусад бараа материалын зардал, ажилчдын цалин хөлс, хоол, унаа, тээврийн зардал болон бусад холбогдох зардлуудыг нэгтгээд тооцоход тухайн үед ашиг олох нь бүү хэл алдагдалд орохоор хямд зардлаар хийж гүйцэтгэсэн байтал тухайн үед зарцуулаад дууссан ажлын зардлыг давуулан нэхэмжилж байгаа нь хариуцагчийн 32 557 200 төгрөгийг төлөх ямар ч эрх зүйн үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн “О ” ХХК-ийн манай компанийн хийсэн будгийн ажлыг доголдолтой гэдгийг ямар ч мэргэжлийн байгууллага нотолж, тогтоогоогүй гэдгийг дурдах нь зүйтэй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “О ” ХХК-нд учирсан хохирол нь “ПТ ” ХХК-ийн шууд, буруутай үйл ажиллагаанаас үүдэн үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “О ” ХХК-ийн хариуцагч “ПТ ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 32 557 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 320 736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүгч хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон бусад баримтуудаар тодорхой нотлогдсон нөхцлийг “анзаараагүй” гэх шалтгаанаар шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт хохирол учруулсан, нэхэмжлэлийн агуулга хэсэг болон нэхэмжлэлийн шаардлага хэсэгт огт томъёологдоогүй хамаагүй зүйлийг үндэслэл болгож дүгнэсэнд гомдолтой байна. Иргэний хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаас хойш, анхны шүүх хурал 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр товлогдож хуралдсан. Шүүх бүрэлдэхүүн завсарлаж, шийдвэрээ танилцуулахдаа хуралдааныг хойшлуулсан бөгөөд хойшлуулах болсон шалтгаанаа “...шүүх өөрийн санаачилгаар иргэн Э.Б-г гэрчээр оролцуулах шаардлагатай гэж үзсэн болохыг тайлбарлаж”, хурал товлогдсон өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн Э.Б шалтгаангүйтээр шүүх хуралдаанд оролцохоор ирээгүй. Хариуцагч талаас ч мөн адил ямар ч хүн ирээгүй бөгөөд аливаа хүндэтгэх шалтгаантай байсан эсэх талаар баримт тайлбарыг шүүхэд огт ирүүлээгүй. Гэтэл шүүгч нэхэмжлэгч талаас гаргасан, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг хангаагүй шүүх хурлыг дахин хойшлуулсан. Шүүхээс гэрчээр иргэн Э.Б-г оролцуулна гэсэн шалтгаанаар, зөвхөн энэ шалтгаанаар шүүх хурал 2 удаа хойшлогдсон. Гэтэл шүүгч хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ, өөрийн санаачилгаар оролцуулсан гэрчийн мэдүүлгийг “нотлох баримтаар үнэлээгүй” хэргийг шийдвэрлэсэн талаар шийдвэрт тусгасан байна. Хариуцагч “ПТ ” ХХК нь шинээр баригдаж байгаа барилгын шалны будгийн ажил хийгээгүй. Талууд ажил гүйцэтгэх гэрээг байгуулах үед буюу 2016 онд манай компанийн тус барилга ашиглалтад ороод олон жил болж байсан гараашийн шал будагтай тэмдэглэгээтэй байсан бөгөөд будаг гандсан, дээрх тэмдэглэгээ баларч арилсан байсан учир шалны будгыг багажаар цохиж арилгаж, дараа нь тэгшилгээ нарийн зүлгүүрийн ажлыг хийсний дараа будахаар гэрээгээр тохиролцсон байдаг. Түүнчлэн хариуцагч ажлын доголдлыг хүлээн зөвшөөрч дахин засварлах тухайгаа илэрхийлж байсан удаа дараагийн албан бичгүүд хэргийн материалд байгаа талаар шийдвэрт тусгагдсан байна. Хариуцагч тал ч шүүх хуралдаан дээр гэрээний үнийн дүнгийн тодорхой хувиар тооцож нэхэмжлэгч талын хохирлыг барагдуулахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч “О ” ХХК нь хариуцагч “ПТ ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 32 557 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч компанийн шууд, буруутай үйл ажиллагаанаас үүсээгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр №16-8/100/ тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Танан төвийн оффис үйлчилгээний барилгын гараашийн шалны 634 м.кв талбайг КСС брэндийн эпокси будгаар будаж, тэмдэг тэмдэглэгээг хийх ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч ажлын хөлсөнд 18 000 000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Хэргийн баримтаас үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ. Учир нь шинжээчээр хариуцагчийн засварын гүйцэтгэлийн үйл ажиллагаанд ямар хэмжээний доголдолууд үүссэн, уг доголдлыг арилгахад хэдэн төгрөгийн зардал гарах зэрэг нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлагатай байсан нь хэрэгт ач холбогдол бүхий байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хариуцагчийн ажлын чанар болон доголдлын талаар шинжээч томилуулах хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны 13190 дугаартай шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.  

Тодруулбал, хариуцагчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосоноор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-т заасан хэрэг үүсгэсэн шүүгчийн гүйцэтгэвэл зохих ажиллагаа, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүхээс бүрдүүлэх ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх ажиллагааны талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй тул тухайн зөрчилд дүгнэлт хийсэн болно.

Анхан шатны шүүхийн гаргасан зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 320 736 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.МӨНХЗУЛ

                 ШҮҮГЧИД                                             Э.ЗОЛЗАЯА

                                                                                    Д.БАЙГАЛМАА