Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/702

 

 

 

 

 

 

      2022             7               6                                        2022/ДШМ/702                                 

 

Д.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/629 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Аийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1902 00423 0188 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Б овогт Дийн А, .... оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт .................... дүүрэг ... дүгээр хороо, .............. дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................../;

 

            Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр суллагдсан.

           

            Шүүгдэгч Д.А нь:

            - Ж.Гтай бүлэглэн таксины жолооч Б.Нямбаярыг хөлслөн 2016 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газарт хууль бусаар нэвтрэн орж, иргэн Ж.Н, Д.Э нарын цүнхтэй эд зүйлийг хулгайлан авч 995.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - Б.Г, Б.С нартай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод үл таних, гадаад улсын иргэнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, өнгөгүй, гялгар уутанд хийсэн, нийт 4 уут буюу 0.69 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг 2.500 юаниар худалдан авч, илгээмжийн үйлчилгээ ашиглан хориглосон барааг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

            - Б.С, Б.Г нартай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

            - 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г, Х.Со нарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.6821 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан,

            - 80-15 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.1023 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Д.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Дийн Аийг “Бусдын эд хөрөнгийг бүлэглэж, орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, худалдах” гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Ад оногдуулсан нийт 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Аийг цагдан хорьсон 278 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1053 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн болохыг, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Д.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Д.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.А миний бие өөрийн хийсэн гэмт хэрэгт маш их гэмшиж байна. Миний бие ээж, эмээ хоёрын хамт хүүхэд насаа өнгөрөөсөн. Ээж, хойд аав хоёр минь амьдралын эрхээр Сос улсад ажил хөдөлмөр эрхлэхээр явж, би дүүгийн хамт эмээгийнхээ асрамжид үлдсэн. Эмээ минь одоо 80 настай буурал байдаг. Би сурч боловсрох насандаа буруу хүмүүстэй нийлж хүнд итгэмтгий гэнэн зангаасаа дахин гэмт хэрэгт холбогдож надад итгэж хайрлаж өсгөсөн эмээ, залуу насаа миний төлөө хүний нутагт хөдөлмөрлөсөн аав, ээж, надаас үлгэр дуурайлал авах дүүгийнхээ өмнө асар том буруу үйлдэл хийж гэр бүлдээ хагацал зовлон үзүүлж гэр бүлээ авч явах айлын эмэгтэй хүүхэд эмээгийнхээ ачийг хариулж чадахгүй өөрийнхөө буруугаас өөрийгөө болон гэр бүлээ давхар шийтгэж яваадаа чин сэтгэлээсээ маш их харамсдаг. Монгол улсын энэрэнгүй шүүх, эрхэм шүүгч та бүхэн эцсийн боломж олгож надад оноосон 8 жилийн хорих ялыг багасгаж байж болох хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү. Миний бие буруугаа ойлгож ухамсарлаж, төлөвшиж, ажил сайн хийж хүмүүжих болно гэдгээ амлаж байна. Цаашдын ирээдүйд минь эцсийн боломж олгооч гэж хүсэлт гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч хилээр нэвтрүүлэхийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хилээр нэвтрүүлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин худалдаалах зорилгоор оруулж ирсэн, худалдсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Миний үйлчлүүлэгч савны гадна талын хавдар, уйланхайтай, байнга өвддөг, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн үзүүлэх шаардлагатай гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдана. Иймд дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2019 оны 10 дугаар сард яллах дүгнэлт үйлдэгдэж, анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн. Урьд давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэх үед прокурорын зүгээс анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаарх асуудлыг буруу шийдвэрлэсэн учир энэ талаар санал гаргаж оролцсон. Энэ дагуу Д.Ад холбогдох хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Д.Аийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Прокурорын зүгээс хэрэгт нэмж хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгчид оногдуулсан ял хэргийн бодит нөхцөл байдалтай нийцсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.А нь:

            - Ж.Гтай бүлэглэн таксины жолооч Б.Нямбаярыг хөлслөн 2016 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газарт хууль бусаар нэвтрэн орж, иргэн Ж.Н, Д.Э нарын цүнхтэй эд зүйлийг хулгайлан авч 995.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - Б.Г, Б.С нартай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод үл таних, гадаад улсын иргэнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, өнгөгүй, гялгар уутанд хийсэн, нийт 4 уут буюу 0.69 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг 2.500 юаниар худалдан авч, илгээмжийн үйлчилгээ ашиглан хориглосон барааг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

            - Б.С, Б.Г нартай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

            - 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г, Х.Со нарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.6821 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан,

- 80-15 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.1023 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Д.Аийн “...2.000 юанийг нь бид хоёртой бааранд таарсан, дагаж яваад байсан хар арьст залууд өгсөн, 5-10 минутын дараа буцаж ирээд 4 ширхэг боосон ууттай гэж хэлж болохоор зүйлийг өгсөн. ...Буудалдаа очоод нэг ууттайг нь задалж үзээд баарны гудамжнаас худалдаж авсан шилэн бортогондоо хийж байгаад галаар шатаагаад гарсан утааг нь амаараа сорж хоёулаа хэрэглэсэн. Нэг уутыг бүгдийг нь хэрэглэж дуусгасан. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өглөө буудал дотроо ...үлдэгдэл 3 ууттай зүйлийнхээ дахиад нэг ууттайг нь сорсон. 2 уут үлдсэн ба тэрийг нь Монгол руу явуулах гэж байсан ачаандаа хийгээд буудал дотор байдаг Улаанбаатар хот руу ачаа зөөдөг илгээмжид хийгээд явуулсан. ...Ингээд бид хоёр 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 17:40 цагийн Эрээний чиглэлийн автобусанд суугаад Эрээнд үүрээр 07 цагийн үед ирсэн. ...Монголын хилээр 16 цаг өнгөрч байхад нэвтэрсэн. ...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр С миний утас руу залгаад “карго ирсэн байна, очоод авчихаач” гэсэн. ...Тэр үед Г хорооллын эцэс, Говь сауны ард “Але Хаус” зочид буудалд Г байгаа юм байна, тийшээ очъё гээд хамт явцгаасан. Буудлын гадаа очоод Г, Гыг дуудан гаргаж ирсэн ба “А ирсэн карго руу явах гэж байна, чи хамт явчихаад ирэх үү?” гэж Гд хэлээд бид хоёр хамтдаа карго явахаар болж бусад нь буудалд үлдээд бид хоёр машинаар Нарантуул захын урд байдаг контейнероос ачаагаа авсан. ... Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би 2016 оны 8 дугаар сард бусдын эд эд хөрөнгийг хулгайлж Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа хохирогч Ж.Н, Д.Э нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...” /хх 44-47, 114-117/,

Б.Гы яллагдагчаар өгсөн “...Болсон хэргийн талаар ярихад 204 тоот өрөөнд Солонгын хамт хоол идээд сууж байхад 19-20 цагийн хооронд өрөөний хаалга нүдсэн, энэ үед нь би баруун гартаа тарианы усны шил, хуйлсан 100 төгрөгийг бариад хаалга нээсэн. Гэрэлээ зогсчихсон түүний ард цагдаа нар байсан ба “доошоо хэвтээд, хэвтээд” гэж хэлээд орж ирсэн, хэвтэхдээ би гарт байсан тарианы усны шилээ гараасаа алдаж унагаасан, тэр үед “гарт чинь юу байгаа юм” гэсэн, би ч “миний гарт хуйлсан мөнгө байгаа” гэж хэлээд хэвтэж байсан. Ингээд орж ирсэн цагдаа нар орны хажуу талын шүүгээн дээр байсан ууттай “Мөс”-ийг үүдний гутлын тавиур дээр тавиад түүний хажуу талд нь миний гарт байсан мөнгөн дэвсгэрт, хагарсан тарианы усны шилийг аваад зургийг нь авсан. Ийм л зүйл болсон, би тэр “Мөс” гэдэг зүйлийг худалдаж авсан, хадгалсан үйлдэл огт хийгээгүй. ...Цагдаа нар орж ирэх үед 204 тоот өрөөнд Со бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Зочид буудлын 204 тоот өрөөнд үзлэгээр илэрсэн “Мөс” гэх бодис нь манай өрөөгөөр ороод гарсан А, С, Г нарын “Мөс” юм. Учир нь, Сын нөхөр Г нь 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Со бид хоёрыг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд байхад 14 цагийн үед ганцаараа ирээд “урдаас /БНХАУ/ манай эхнэр, А хоёр юм /мөс/-аа каргогоор явуулаад миний утсыг бичсэн гэнэ, над руу залгах байх” гэж хэлээд гарч явсан. Маргааш нь буюу 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Г, А, С нарыг дагуулсаар дахин манай өрөөнд орж ирсэн. “Карго очиж авчихаад ирье” гээд намайг дагуулаад гарсан. Гараад А надад хандан “тантай ярих юм байна” гээд “би хүнд 2 сая төгрөгийн өртэй юм аа, урдаас ирсэн “Мөс”-ийг зарж борлуулаад өгөөч ээ” гэсэн, би тэр үед “ах нь тийм юм зарж борлуулдаг хүн биш, угаасаа ч чадахгүй, тиймэрхүү юмнаас хол явдаг” гэдгийг хэлсэн. Тэгсэн “тэгвэл хоёулаа хамт Нарантуулын тэнд байх карго ороод ирье” гэж дагуулаад явсан, бусад нь манай буудлын өрөө лүү ороод хүлээсэн. Нарантуул захын баруун урд талын гэрэл дохиогоор зүүн эргэж машинаа зогсоогоод “намайг байж байгаарай” гэж хэлж машиндаа үлдээгээд, өөрөө “карго орж ачаагаа авчихаад ирье” гээд бууж явсан. 10 минут хэр л болсон байх, буцаад хайрцагтай шиг санаж байна нэг юм барьж ирсэн. Тэндээсээ шууд буудал руугаа явсан. А машин барьж явсан. Буудлын гадна очоод би түрүүлж орсон, араас А машинаа зогсоолд тавьчихаад орж ирнэ гээд үлдсэн. Би өрөөндөө дөнгөж орон суугаад байж байтал А араас бортгон шанага, ууттай “Мөс” эд нараа барьж ирсэн. Өрөөнд би, Со, Г, С, хүүхэд нь болох бага насны хүүхэд Баярцэнгэл бид хэд байсан. Орж ирээд шууд “Мөс”-өө хэрэглэх гэхээр нь би тэд нарт хандан “хүүхдийн хажууд бүгдээрээ больцгоо, явцгаа” гэж хэлсэн. ...Баярцэнгэл хүүхдийг аваад гарсан...” /хх 51-61/,

Х.Сгын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн “...Бид хоёрын хэрэглэсэн мөсийг Гэрлээ гэх хүүхэн буудалд авчирч өгсөн юм. Гэрлээ гэх хүүхэн хэлэхдээ 800.000 төгрөгийн үнэтэй 1 грамм мөс шүү гэж хэлсэн. Тэр Гэрлээ гэх хүүхэн ганцаараа яваагүй. Өнөөдөр хамт баригдсан байгаа нялх хүүхэдтэй махлаг хүүхэнтэй хамт явж байсан. Тэгэхдээ яг мөсийг гардаж өгсөн хүн бол том биетэй Гэрлээ гэх хүүхэн. Тэр хүүхэн гартаа барьчихсан байж байгаад л Г-д өгсөн. Манай найз залууд Гэрлээ хэлэхдээ “дараа мөнгийг нь өгнө” гэж байсан. Тэр 2 хүүхэн 1 грамм мөс өгчихөөд гараад явсан ба бид 2 хэрэглэсэн юм. ...Г бид 2 мөс хэрэглэхдээ дээрх тарианы шил, хуйлсан 100-тын дэвсгэртийг ашигласан юм. Тарианы шил угаасаа надад явж байсан юм. Өрөөнөөс хурааж авсан мөс бид хоёрын хэрэглээд үлдсэн мөс байгаа юм. 1 грамм худалдаж авсан 800.000 мянган төгрөгийг бид 2 мөнгө олонгуут өгнө гэж ярьсан. Хэрэглээд үлдсэн мөс бид хоёрынх гэж бодож байна...” /хх 62-63/,

Б.Гантулгын яллагдагчаар өгсөн “...Буудлын гадна очоод А бид хоёр хамтдаа дотогшоо орсон, бусад нь гадаа үлдсэн. Буудалд Гы өрөөнд ороход Г, найз бүсгүй Солонгын хамт хэвтэж байсан. Би өрөөнд ороод “00” орчихоод гарч ирэхэд А, Г хоёр хамтдаа гадагшаа гаръя гээд гурвуулаа буудлаас гарч машин дээр ирсэн. Г бид нарт хандан “Гэрэлээ /А/ хоёулаа хамтдаа явчихаад ирье, та нар өрөөнд ороод байж бай” гээд тэр хоёр машинтай яваад бид нар буудлынх нь өрөөнд орсон. Тэр хоёр яваад нэг цаг орчим болоод ирсэн. Буцаж ирээд Гэрэлээ өмднийхөө халааснаас “Мөс” гаргаж ирсэн, энэ үед нь би “Баярцэнгэлээ миний дүү Бүтэмж /Гантулгын хүү/-ийг авч гараад машиндаа сууж бай” гэж хэлсэн чинь Баярцэнгэл за гээд Бүтэмжийг авч найз бүсгүй Гэрлээгээ хамт гаръя гээд авч гарсан. Тэр гурвыг гарсны дараа буудалд Г, Соо, С бид дөрөв үлдсэн. Гэрэлээ гаргаж ирсэн “Мөс”-өөсөө тарианы усны шилэнд хийгээд, шилэн дороос нь асаагуураар шатаагаад гарсан утааг нь соруул болгосон мөнгөн дэвсгэртээр ам руугаа 2 удаа сорсон, дараа нь Соо, би, С гэсэн дарааллаар 2, 2 удаа сорсон. Ингээд би Гд хандан “за за, явлаа явлаа” гээд эхнэр Сыгаа авч гарсан. Буудалд Со, Г хоёр үлдсэн. Би эхнэрийгээ авч гараад явах санаатай байсан боловч шууд “Мөс” барьчихсан байхыг нь харчихаад гарч явахаар бас янз бүрийн бодол Гд төрүүлчих бий гэж болгоомжлоод үлдсэн. Би эхнэрийгээ карго, илгээмж ачуулсныг мэдээгүй, буудалд ороод л А карго илгээмж Хятадаас ачуулсан юм байна гэж мэдсэн. Бээжингээс карго ачуулсан гэж сүүлд л мэдсэн. Уг нь тэр ачуулсан гээд байгаа карго дотор нь манай эхнэр Сын нэг ч эд зүйл байхгүй юм билээ. Ачаан дотроос “Мөс”-өө хийсэн гээд байгаа электрон жинг Гэрэлээ өөрөө худалдаж авсан, Гэрэлээгийн жин юм байна лээ. БНХАУ руу тодорхой ач холбогдол бүхий зорилгогүй, аялаад юм үзчихээд ирье гээд л явсан...” /хх 64-71/,

Ж.Гын сэжигтнээр өгсөн “...Хаадын тамга гэх амралтын газар Гэрэлээ бид хоёр машинаас буугаад амралтын байшин руу ороод цонхыг нь хараад явж байтал нэг байшингийн цонх онгорхой байхаар нь цонхон дээр очоод намайг Гэрэлээ араас түшээд цонхон дээр байсан усан цэнхэр өнгийн цүнхийг аваад дотогшоо ороод орон дээр байсан бараан өнгийн цүнх авсан. Хулгайлж авсан хоёр цүнхээ үзсэн чинь дотор нь мөнгөн бүс, Эс-2 гар утас зэрэг байсныг аваад үлдсэнийг нь цонхоор шидсэн...” /хх 137-138/,

хохирогч Д.Эгийн “... 2016 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө 02 цагийн үед амралтын байшингийнхаа хаалгыг түгжээд арын 8 дугаарын байшинд орж найрлаж байгаад 05 цагт гарч ирээд өөрсдийн байшиндаа орж ирээд би цүнхээ үзтэл миний цүнх алга болсон байсан...” /хх 103-107/,

хохирогч Ж.Нгийн “... 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжид байх “Хаадын тамга” амралтын газарт очицгоосон. Тэгээд ангийнхнаараа нийт 6 байшин авч, манай ангийн эмэгтэй Д.Э бид хоёр нэг байшинд орцгоосон. Тэгээд бид нар амралтын газар дээрээ хүлээн авалтдаа 21 цагт ороод уг амралтын газрын гэр зааланд нь байж байгаад өөрсдийн амралтын байшинд очтол гарахдаа хаагаад гарсан вакум цонх нь нээгдчихсэн, миний болон Эгийн цүнхтэй эд зүйлс алдагдсан байсан. ...Цүнхэнд байсан цэвэр мөнгөн сүлжмэл Монгол гар хийцийн бүс, харааны нүдний шил зэрэг эд зүйлс алдагдсан...” /хх 135-136/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1, 97/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 16-18, 98-102/,

нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-6/,

эд зүйлийн үнэлгээ /хх 139-140/,

эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх 141-142/,

хэргийн газраас хураагдсан эд зүйлд тусад нь үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/,

Д.Аийн Е1791498 дугаартай, Б.Сын Е0801666 дугаартай гадаад паспортуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11/,

Д.Аийн биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестэрээр шалгасан тэмдэглэл /хх 12-14/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 19/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2-5а/6540 тоот албан бичиг /хх 72-74/,

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 53-88/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 5785 дугаартай “...Х.Со, Б.С, Д.А нарын шээсний дээж тус бүрээс Метафетамин илэрсэн...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 28-31/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 551 дугаартай “...Д.А нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” шинжээчийн дүгнэлт /хх 32-34/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 3736 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлээс Метафетамин илэрсэн /methamphamine/ илэрч байна. Метафетамин /methamphamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 35-37/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Д.Аийн үйлдлийг “бусдын эд хөрөнгийг бүлэглэж, орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах”, “хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, “хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, худалдах” гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгч Д.Аийн “...хувийн байдлыг минь харгалзан үзэж байж болох хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү...”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Д.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн буюу шүүгдэгч Д.Ад 8 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Д.А нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” талаар давж заалдах гомдолдоо дурдсан байх боловч тэрээр өмнө нь Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр суллагдсан байх боловч дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хувийн байдал нь түүний засрал хүмүүжил олоогүйг илтгэж байна.

Иймд шүүгдэгч Д.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.А нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/629 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 69 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/629 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ