Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00775

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00775

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** оршин суух, Б  М-н Д,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** оршин суух, М  Д-н Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 02 тоот 56.56 м.кв орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай 155/2024/00634/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Д,

Хариуцагч Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч  М.Д нь хариуцагч Ц.А, Д.Ц нарт холбогдуулан Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 02 тоот 56.56 м.кв2 орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд хариуцагч Ц.Ааас татгалзсан.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/00264 дугаартай шүүхийн шийдвэрээр намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 02 тоот 56.56 м.кв2 байрны өмчлөгчөөр тогтоосон ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн шүүхийн шийдвэр гарсны дараа урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн. Иймд уг байрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ дэмжиж байна. Уг байранд Ц.А амьдраагүй тул хариуцагч Ц.Ааас татгалзаж, хариуцагч Д.Цгийн эзэмшлээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 02 тоотод байрлах 56.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү. Хариуцагч намайг З.Гтэй хамтраад луйвар хийсэн мэт зүйл тайлбарлаж байна. Би З.Г буюу ШГХХК-тай гэрээ хийсний дагуу уг байрыг авсан байгаа. Би ч гэсэн эд нарт мөнгөө өгөөд хохирсон хүн. Та миний араас уг байран дээр гэрээ байгуулахдаа З.Гэс урьд энэ байран дээр гэрээ байгуулсан хүн байгаа эсэх талаар асуух байсан. Давхар гэрээ байгуулсан бол энэ асуудлаа З.Гтэй ярих байхаа гэв.

Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Гэхдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ худлаа зүйл бичсэн байсан. Үүндээ уучлал хүсэх хэрэгтэй гэж бодож байна. Бид нарт байр суллаж өгнө үү гэж удаа дараа хэлсэн боловч суллаж өгөөгүй мэтээр бичсэн байсанд гомдолтой байна. Тийм зүйл байхгүй. Мөн энэ асуудал гэнэтийн болсон тул даруй хугацаанд чөлөөлөх боломжгүй. Миний бие хотод хагалгаанд орох гээд ирсэн байна. Нэг хүүхэд маань Улаанбаатарт, нэг нь хөдөө байдаг. Би өөрөө ганц бие. Ах, дүү нар цөөтэй учраас намайг нүүлгэж өгөх хүн байхгүй. Нэхэмжлэгч өөрөө намайг нүүлгэж өгөх юм уу. Урьдчилан хэлсэн зүйл огт байхгүй, сэтгэл санааны ямар ч бэлтгэлгүй байхад гэнэт л байрнаас гарах болж байна. М.Д бид хоёрын тухайд хоёулаа хохирсон гэдэг нь үнэн. Тэтгэвэрт байгаа надад дахин ажил хийх боломж байхгүй. Би цэргийн байгууллагад ажиллаад тэтгэвэрт гарсан мөнгөөрөө байр авсан. З.Г та хоёрын мөнгө төгрөг зээлсэн асуудлаас болж би байргүй болж байна гэв.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/00264 дугаартай шийдвэр (хх-ийн 2-8 дахь тал),

Хариуцагчаас хариу тайлбар, итгэмжлэл (хх-ийн 16,18 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Хоёр. Нэхэмжлэгч  М.Д нь хариуцагч Ц.А, Д.Ц нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 02 тоот 56.56 м.кв орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Ааас татгалзаж, хариуцагч Д.Цгийн эзэмшлээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 02 тоотод байрлах 56.56 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардлагаа тодруулав.

Гурав. Тэрээр дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/00264 дугаартай шийдвэрээр М.Д намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 02 тоотод байрлах 56.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосон ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Уг байранд одоо Д.Ц гуай амьдарч байгаа тул албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэв.

Дөрөв. Хариуцагч Д.Ц нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар, мэдүүлгийг шүүх хуралдаанд гаргасан.

Тав. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд: 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 02 тоотод байрлах 56.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь нэхэмжлэгч М.Дын өмчлөлийн орон сууц болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/00264 дугаартай шийдвэрээр, одоо уг байрыг хариуцагч Д.Ц эзэмшин амьдарч байгаа нь талуудын тайлбараар тус тус тогтоогдсон ба энэ үйл баримтад хэргийн зохигч болох хариуцагч тал маргаагүй.

Зургаа.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэжээ.

Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч М.Д нь өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй.

Иймд хариуцагч Д.Цгийн эзэмшлээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 02 тоотод байрлах, 56.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Долоо. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Д.Цгийн хууль бус эзэмшлээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 02 тоотод байрлах, 56.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.Даас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цгаас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Дт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Г.ДАВААХҮҮ