Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
Хэргийн индекс | 155/2024/00044/И |
Дугаар | 155/ШШ2024/00777 |
Огноо | 2024-07-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2024/00777
2024 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2024/00777 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** оршин суух, Б А-н Т ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************ оршин суух, Ч-н Л-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: А.Т , түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Хариуцагч: Ч.Л, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал. .
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч Ч.Лод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,380,000 (дөрвөн сая гурван зуун найн) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ба шүүх хуралдаанд 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
А.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Т 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ч.Лод (тухайн үед 5,000,000 төгрөг зээлээч гэхэд) 3,000,000 (гурван сая) төгрөгийг дансанд нь шилжүүлж зээлсэн. Тухайн үед удаахгүй өгнө гэж хэлээд хүү гэхгүйгээр итгээд өгсөн.
Л нь удаахгүй гээд зээлээд 23 сар болж байгаа тул 2 хувийн хүүтэй нэхэмжилж байна. 3,000,000 төгрөгийн хүү нь 1,380,000 төгрөг, нийт 4,380,000 болж байгаа. Энэ мөнгийг Ч.Лоос гаргуулж өгнө үү. Сүүлдээ мөнгөө авъя гэхээр шүүхдээ өг гэж үл тоосон хэллэгээр хэлдэг болсон. Энэ байдлаараа шүүх, цагдааг ч үл хүндэлсэн зан гаргадаг. Би гомдолтой байна...гэжээ.
2.Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. 2022 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Ч.Л гэх эмэгтэй 5,000,000 төгрөг зээлээч гээд намайг ажлаа хийгээд сууж байхад өөрийн биеэр орж ирсэн.
Тухайн үед бид найз нөхөд байсан. Надтай найзалж, нөхөрлөөд 2, 3 жил болохдоо тустай дэмтэй явсан учраас эргэлзэхгүйгээр зөвшөөрсөн. Зөвшөөрөхдөө зээлэх боломжтой байгаа мөнгөө бодож үзээд 5,000,000 төгрөг зээлэх боломжгүй харин 3,000,000 төгрөг зээлэх боломжтой гэж хэлсэн. Тухайн үед машин авч зараад өдөрт нь буцааж өгнө. Машин авах хүн бэлэн байгаа гэж хэлсэн.
Тэгээд мөнгө зээлснээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн. Тодорхой хугацаа өнгөрсний дараа зээлсэн мөнгөө өгөх юу болсон бэ гэж асуухад Хаан банк ХК-ийн дансны хуулга явуулсан. Чамд хэлж байсанчлан машинаа зараад мөнгийг чинь хийх гэж байтал чиний машинд таарах сэлбэг гарч ирсэн. Тэгээд мөнгийг чинь тэр рүү шилжүүлсэн гэж байсан. Бидний дунд сэлбэг авах талаар ярьж байгаагүй. Тэгээд чи над руу сэлбэг авах юм уу гэж яриад зөвшөөрөл авахгүй яасан юм бэ гэхэд хүн, хүнд юмаа зүгээр өгөхгүй шүү дээ гэсэн. Үүнээс өмнө машинаа янзлуулна гэж би ярьж байсан юм. Тэгээд тэр үндэслэлд миний мөнгийг шилжүүлсэн байсан. Түүнээс биш би зөвшөөрсөн зүйл огт байхгүй. Хүнээс зээлсэн мөнгөө буцаагаад өгөх ёстой байхад дур мэдэн цааш зарцуулсан байсан. Надаас зээлсэн мөнгө болон худалдаж авсан гэх сэлбэг нь яагаад 100 төгрөгийн ч зөрүүгүй таарч байдаг юм бэ, гэрчээр мэдүүлэг өгсөн хүн сэлбэгийн үнийг хоёр өөрөөр мэдүүлсэн байдаг. Анхнаасаа миний мөнгөөр тоглолт хийсэн. Мөнгөө авъя гэж шаардахад сэлбэг байна гэсэн учраас сэлбэг авах нь тодорхой гээд найз нөхөд байсан учраас авсан. Хэн ч байсан таарахгүй сэлбэг авахгүй шүү дээ. Миний сайхан сэтгэл дээр тоглолт хийсэнд гомдолтой байгаа. Ж.Төрмандах анх мэдүүлэг өгөхдөө би Туяаг таньдаг гэсэн байсан. Хэрэв үнэхээр таньдаг байсан бол би тэр хүн рүү мөнгөө шилжүүлэх байсан.
Тэгэхээр энэ машины сэлбэг надаас зээлсэн мөнгөнд огт хамаагүй. Хариуцагч мэдүүлэг өгөхдөө Ж.Төрмандахыг Туяа танихгүй гэсэн байдаг. Дараагийн хүсэлтдээ Туяаг таньдаг гэсэн байсан. Тэгэхээр мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байна.
Өөрийн зээлсэн 3,000,000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна. Анхнаасаа хүү, алданги гэж тохиролцоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлсэн мөнгө болох 3,000,000 төгрөгөө гаргуулъя. Би хариуцагчид мөнгө зээлсэн. Тухайн машины сэлбэг сүүлд болсон асуудал. Хариуцагч надаас мөнгө зээлээгүй гэж байна. Зээлсэн гэдгийг нотлох ганц зүйл нь банкны дансны хуулга...гэв.
Хариуцагч Ч.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч А.Т ы шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах тайлбарыг гаргаж байна.
Тэрээр нэхэмжлэлдээ Ч.Л намайг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг зээлээч гэхээр нь 3,000,000 төгрөг зээлсэн гэж дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ бичсэн нь огт үндэслэлгүй худал юм.
2021 оны 6-7 сарын орчимд А.Т нь өөрийн эзэмшлийн RХ450 маркийн улаан өнгийн суудлын авто машинаа усанд оруулаад, машинаа асааж унаж чадахгүй байна сэлбэг хайгаад олдохгүй байна, короно гээд хил хаагдаад сэлбэг бүр байхгүй байна гэж надад хэлж байсан. Тэгэхээр нь би чиний машины яг ямар эд анги нь эвдэрчээд хайгаад байгаа юм гэж асуухад миний машины компьютер нь усанд оруулаад 1 хоног усанд байсан учир шатчихдаг юм, хайгаад олдохгүй байна, машинаа янзлуулж л унахгүй бол дэлгүүрийн ажил гүйцэгдэхгүй хэцүү байна гэж надад хэлж байсан. Мөн манай найз Төрмандах гэх залууг А.Т нь таньдаг.
Төрмандах нь Япон улсаас авто машин оруулж ирж зарж борлуулдаг бизнес эрхэлдэг байсныг мэддэг бөгөөд А.Т нь тухайн үед надад болон Төрөө найзад маань RХ450 маркийн суудлын авто машины компьютер олж өгөөч, орж ирснийг л авмаар байна гэж Төрөөг гуйж байсан. Төрөө ч Япон улсаас сэлбэг оруулж ирдэг найз нөхдөөсөө асууж сураглая гэж тэд хоорондоо 2021 оны 11 дүгээр сард ярилцаж байсан. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын эхээр Төрмандахын Япон улсаас ачуулсан авто машин Монгол Улсын гааль дээр бууж, Төрмандах нь гаалиас машинаа буулгаж байна, хажууд бас япон машины сэлбэгийн контейнор бууж байна. А.Т нөгөө захиад байсан сэлбэгээ авах юм болов уу гэж надаас асууж байсан. Би Т д Төрмандахын хэлсэн зүйлийг дамжуулж хэлсэн. Тэгтэл А.Т нь авъя гэхээр нь би Төрмандахад машиныхаа он, арлын дугаар холбогдох сери дугаар, код номерыг нь сайн хэлж өгөөрэй гэж хэлсэн. Ингээд тухайн үед Т нь Төрмандахтай ярьж холбогдож өөрийнх нь машинд таарах компьютер байна, худалдаж авахаар боллоо, үнэ нь 3,000,000 төгрөг гэж байна. Төрмандах Хаан банкны данс байхгүй чиний Хаан банкны данс руу 3,000,000 төгрөг шилжүүлчих гэж байна дансаа өгчих гэсэн. Би Т д дансаа өгч 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 14 цаг 47 минутад Т аас нийт 3,000,000 төгрөг шилжүүлснийг би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутад Төрмандахын Худалдаа хөгжлийн банкны данс руу интернет банкаар шилжүүлсэн.
Тухайн үед Т нь надад баярлалаа, тус болсонд гэж л байсан. Т ы захиалж авсан машиных нь сэлбэгийг Төрмандах 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрөө авчирч өгч байсан. Т нь сэлбэгээ хүлээж авсан, ингэж хүлээж авахдаа уг сэлбэгийн кодыг өөрийн машины эд анги сэлбэгийн код, сери дугаартай нь шалгаж таарч байна гэж авч байсан. Ингээд Т нь надад сүүлд ярихдаа засварын газраар уг захиалж авсан сэлбэг буюу компьютерээ тавиулсан чинь асаад, алдаа заагаад болдоггүй, хотоос засварын газраас асуусан чинь олон сар гадаа хүйтэнд тавьсан, усанд оруулаад хонуулчихсан машин учир цахилгаан машины батарей нь суучихсан байдаг юм, машиныхаа батарейг цэнэглүүлж янзлуул гэж байна лээ гэж надад ярьсан. Тэрээр мөн 2022 оны 3-4 сарын орчимд машиныхаа сэлбэг худалдаж авсан хүнтэй холбогдож, Улаанбаатар хот руу ачуулахаар болсон, батерей гээд бусад юмыг нь ч үзүүлье гэж өөрөө надад ярьж байсан. Ингээд 2022 оны 8 сард А.Т надтай утсаар ярихдаа би машиндаа өөр хүнээс сэлбэг аваад янзлуулсан, танай найз Төрмандахаар захиалуулж авсан машины компьютерийг машиндаа тавиагүй, үүнийг зарж мөнгөө гаргаж авмаар байна, Төрмандах япон машин зарж борлуулдаг хүн юм чинь чи миний худалдаж авсан машины компьютерийг Төрмандахад өгөөд худалдаж авсан газарт нь буцаалгаад өгөөч гэж гуйсан. Би тухайн үед Т найздаа туслах гэсэн сэтгэлээр л хандаж түүний худалдаж авсан RХ450 маркийн машины компьютерийг Төрмандах руу өгч явуулсан. Гэвч Төрмандах нь нэгэнт сэлбэг худалдаж аваад тэр дор нь буцаагаагүй, ингэж удаачихаад буцааж авахгүй гээд байна, тэгээд ч анх Т ы захиалсан сери дугаар, кодоор нь л сэлбэгийг нь худалдсан гээд уг сэлбэгийг буцааж аваагүй, над руу буцаасан. Ингээд Т нь уг сэлбэгээ надаас аваагүй, мөнгөө нэхсээр өдийг хүрсэн. Тухайн сэлбэгийг Т нь манай найз Төрмандахаар дамжуулан захиалж авахдаа би нөхөртөө сэлбэг захиалсан гэж хэлээгүй, манай нөхөрт битгий хэлээрэй, энэ машин миний л машин болохоор нөхөр засаж янзлуулж өгөхгүй миний юм болохоор огт санаа зовохгүй байна гээд байсан. Нөхөртөө надад мөнгө зээлсэн гэж худлаа хэлсэн гэж надад болон Төрмандахад хэлж ярьж байсан. Миний хувьд Т аас мөнгө зээлж авчихаад одоог болтол өгөхгүй бусдыг хохироогоод байгаа зүйл огт байхгүй.
Би түүнээс мөнгө зээлээгүй, надад түүнээс мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Иймд А.Т нь манай найз Төрмандахаар өөрийн эвдэрсэн машиндаа сэлбэг худалдаж авахдаа миний данс руу мөнгө шилжүүлж, би уг сэлбэгийнх нь мөнгийг тэр даруйд Төрмандах руу шилжүүлж, Төрмандах түүний захиалсан сэлбэгийг тэр даруйд Т д хүлээлгэж өгсөн, Т нь өөрөө шалгаж хүлээж авсан. Сэлбэг нь таарах таарахгүй байсан машины эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй. Би түүний захиалж авсан сэлбэгийг нь Төрмандах гэх найзаа гуйж худалдаж авсан газарт нь буцааж өгөх боломж байвал буцаалгая, боломжгүй бол уг сэлбэгийг нь буцааж өгнө шүү, чи өөрөө энэ сэлбэгээ зарж борлуулж мөнгөө гаргаж авна биз л гэж хэлж байсан. Ийм л зүйл болсон. Мөн Т ы захиалж авахуулсан машины сэлбэг машинд нь таарсан болоод машин нь асаж байсан байх. Т ы надад өгсөн уг сэлбэг одоо надад байна. өөрөө надаас авахгүй мөнгийг нь авна гээд байдаг. Тэрээр өөрөө хүнээр захиалуулж авсан сэлбэгээ өөрөө зарж мөнгөө гаргаж авах ёстой гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
2.Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Би А.Т тай найз нөхдийн холбоотой байсан. 2021 оны зун машинаа усанд оруулаад асахгүй байна гэсэн.
Манай найз машин оруулж ирж зараад сэлбэгийн наймаа хийдэг байсан. Тухайн үед короно вирус (цар тахал)-ын үе байсан учраас нэхэмжлэгч Монгол Улсаас машины сэлбэг хайгаад олохгүй байна. Япон улсаас сэлбэг захина гэж байсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сард манай найз Ж.Төрмандах нэхэмжлэгчийн машиндаа хайгаад байсан сэлбэг бууж байна гэхээр нь би Т д хэлэхэд тэрээр машины комьпютер авна гээд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөнгөө шилжүүлсэн. Ингэхдээ миний данс руу шилжүүлчихлээ, чи Ж.Төрмандахад өгчихөөрэй гэсэн. Миний данс руу орж ирсэн мөнгийг Ж.Төрмандах руу шилжүүлсэн. Ж.Төрмандах машины комьпютер авч ирээ нэхэмжлэгчийн нөхөртэй хамт машинд нь тавьж өгсөн байсан. Надад нэхэмжлэгчээс мөнгө зээлэх шаардлага ч байхгүй.
Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 3,000,000 төгрөг миний данс руу ороод 2, 3 минутын дараа Ж.Төрмандахын данс руу орсон. Түүнээс биш зээлсэн зүйл байхгүй.
Манай найз машины сэлбэг зардаг учраас энэ хоёр хүний дунд би зуучилсан.
Ж.Төрмандах Худалдаа хөгжлийн банкны данстай, нэхэмжлэгч интернэт банк байхгүй, түүний гүйлгээ зөвхөн хаан банкны данс руу л шилжигдэх боломжтой байсан болохоор мөнгөө миний данс руу шилжүүлсэн. Би Т тай найз нөхөд байсан учраас түүний мөнгийг дамжуулж шилжүүлсэн, нь алдаа болсон. Машины комьпютер авснаас хойш нилээн хугацааны дараа таарахгүй байгаа талаар асуудал яригдсан...гэв.
Нотлох баримт:
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, иргэний үнэмлэхний хуулбар болон Голомт банкны орлогын мэдүүлгийн хуулбар 1 хуудас, Авид Т ы 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хаан банкны 5916087090 тоот депозит дансны хуулга 1 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШЗ2024/00032 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар 2 хуудас, дансны хуулгын хуулбар 1 хуудас зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас хариу тайлбар 2 хуудас, Ч-н Лын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хаан банкны 5071017696 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, Tuya San гэх нэртэй хүнтэй харилцан бичилцсэн зурвасны хуулбар 7, зарлагын баримт 1 хуудас хуудас зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.
Шүүх хариуцагч Ч.Лын хүсэлтээр Ж.Төрмандахыг шүүх хуралдаанд оролцуулж гэрчийн мэдүүлэг авсан, мөн гар утсанд үзлэг хийсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын хүсэлтээр Д.Баатараас гэрчийн мэдүүлэг авсан, мөн Худалдаа хөгжлийн банкаас данс эзэмшигчийн лавлагааг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр. Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Ч.Лод холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 4,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлээ тодруулж, 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг зээлсэн бөгөөд буцаан өгөөгүй тул гаргуулна, хүү авахаар тохироогүй тул хүү гэж нэхэмжилсэн 1,380,000 төгрөгөөс татгалзаж байна хэмээн шаардлагаа багасгаж, өмгөөлөгчийн хамт оролцсон.
Үүнийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй, харин нэхэмжлэлийн шаардлага тодруулан багасгасан гэж үзэх үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хувийг хариуцагчид гардуулах зэрэг хуульд заасан ажиллагааг хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гурав.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Дөрөв.Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлахад:
1.Нэхэмжлэгч М.Т нь 3,000,000 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хаан банкан дахь 5916087090 тоот данснаас хариуцагч Ч.Лын хаан банкан дахь 5071017696 тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдлоо. /хх-ийн 17, 120-121 дугаар хуудас/
2.Зохигч нэхэмжлэлд дурдсан 3,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, авсан талаар маргаагүй.
Харин М.Т аас шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг зээлээгүй, М.Т нь Ж.Төрмандахаас машины компьютер авахаар шилжүүлсэн мөнгө бөгөөд М.Т аас дансанд шилжүүлсэн мөнгийг би буцаагаад Ж.Төрмандахын Худалдаа хөгжлийн банкны 403116684 тоот дансанд уг өдрөө шилжүүлсэн хэмээн маргав.
3. Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Ч.Лод 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 /гурван сая/ төгрөг зээлүүлсэн, энэ нь хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдоно гэж тайлбарлан, хааны банкны депозит дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн.
4.Зээлийн гэрээ нь бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой үүсдэг гэрээ бөгөөд зээлдүүлэгч нь мөнгө болоод төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь авсан мөнгө, эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө, мөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг харилцан хүлээдэг гэрээ.
5.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд, зохигч нарын тайлбар болон гэрч Ж.Төрмандахын...А.Т тай Ч.Лоор дамжуулж танилцсан бөгөөд надад машины эвдэрсэн сэлбэг хайж байгаа талаараа ярьж байсан. 2022 оны 01 сард гааль дээр буусан автомашины авахаар очиход автомашины сэлбэг оруулж ирдэг залууд А.Т ы захиж байсан сэлбэг байсан. Би Ч.Л руу залгаад захьсан автомашины сэлбэгээ авах эсэхийг А.Т аас асуу гэж хэлсэн. Ч.Л А.Т аас асуулаа авна гэж байна гэхээр нь би машины сэлбэгний үнийг Ч.Лын дансаар дамжуулан авч, Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ажилтай байсан учир ажлын далимаараа ирж, А.Т ы машинд тавьж өгсөн. Сэлбэгийг тавихад машинд тог ирж байсан боловч асаагүй, засварчин авч ирж үзүүлэхэд усанд орсон машины батарэй шатсан байдаг. Батерэйг нь солихоос нааш асахгүй гэж хэлсэн. Тэгээд батерэйг нь солино гээд үлдсэн...гэх мэдүүлэг, гэрч Д.Баатарын2023 онд Галаа гэж миний зүс мэдэх залуу машин асахгүй байна үзээд өгөөч гээд машин угаалган дээр дуудахад нь очсон. Намайг үзэхэд батерэйнээс тог гарахгүй байсан. Түүний дараа яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Дахиад үзээд өгөөч гэсэн. Би үзээд машинаас нь шинэ тавьсан гэх компьютерийг аваад хуучин компьютерийнх нь номер дугаараар нь хүнд захиж авчруулаад машинд нь хийж асаагаад явуулсангэх мэдүүлэг зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
6.Нэхэмжлэгч ньхариуцагч надаас мөнгө зээлсэн гэдгийг нотлох ганц зүйл нь банкны дансны хуулга...гэж тайлбарлаж байх боловч дансны хуулга нь дангаараа талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг нотлохгүй, энэхүү баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад баримтаар хөдөлбөргүй нотлогдох учиртай. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй болно.
7.Зохигчид хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх нь иргэний эрх зүйн зарчим бөгөөд ийнхүү мэтгэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байдаг.
8.Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцааны шинж байдал, талуудын гүйцэтгэх үүрэг, тогтоогдсон үйл баримт зэргийг харьцуулан үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал хариуцагч нь нэхэмжлэгчид авто машины компьютерийг гуравдагч этгээдээс худалдан авахад холбож өгөх, авто машины компьютерийн үнэ 3,000,000 төгрөгийг М.Т ы нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар, шүүхэд гаргасан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд Ч.Л нь даалгавар гүйцэтгэгч гэж үзэхээр байна.
9.Иймд энэ харилцаанаас үүссэн маргаанд Иргэний хуульд заасан даалгаварын гэрээний зохицуулалт хэрэглэгдэнэ.
Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг ба гэрээнд заасан үүргээ биелүүлснээр гэрээ дуусгавар болдог.
Харин даалгавар өгөгч өгсөн зүйлээ буцаан шаардах эрх нь даалгавар гүйцэтгэгч даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд үүсдэг.
10.Хариуцагч Ч.Л нь нэхэмжлэгч М.Т аас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг Ж.Төрмандахын Худалдаа хөгжлийн банкан дахь 403116684 тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлжээ. Энэ үйл баримтад хэргийн зохигч маргаагүй.
11. Энэ нөхцөл байдал нь даалгаварыг биелүүлсэн гэж үзэх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
12.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 399-р зүйлийн 399.1, 400-р зүйлийн 400.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Лоос 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Т ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,030 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ