Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 534

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02538 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ХЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ит холбогдох

 

Гэрээнээс учирсан хохиролд 3 608 198 657 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 6 515 809 209 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.С, Б.С,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.М, Б.а,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХЗ” ХХК нь И /цаашид ИНЕГ гэх/-тай 2008 оны 01 сарын 31-ний өдөр  ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот гэрээ байгуулж ажилласан. Манай компанийн нэхэмжлэлийг шүүхээр хянан хэлэлцэх ажиллагааны явцад манай компани нь Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, хамгаалалтын хашаа үерийн далангийн хамт барьж байгуулах ажлыг бүрэн хийж дуусган ажлын хэсэгт хүлээлгэн өгөөд байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргаж байх үеийн байдлаар ИНЕГ баталгаажуулж, олгож байсан санхүүжилтийн дагуу хамгаалалтын хашаа, үерийн далан, суурийн ажил 100%, хөндлөнгийн 3 лаборатораар хянан баталгаажуулсан орцын дагуу 1176 метр суурь хучилтын ажил хийгдсэн байсан бөгөөд энэ нь нийт ажлын 78% болж байсан нь 2008-2013 оныг дуустал ажлын санхүүжилт улсын төсөвт хуваагдаж тавигдаж байснаас орж ирсэн санхүүжилтийн хэмжээгээр ажил хэвийн явагдаж, жил бүр ИНЕГ гэрээгээ дүгнэн гэрээний сунгалтыг хийж явсан. Харин 2013 оны 9 сард уг ажлыг дуусгахад шаардагдах бүх материал, машин механизмыг захиалагч тал болох ИНЕГ-ын хяналтаар баталгаажуулсан асфальт бетон зуурах орц норм бүгд ажлын талбай дээр бэлэн болгосон нь 2014 онд уг ажил ямар ч саад, бэрхшээлгүйгээр үргэлжлэн дуусах нөхцөлийг бүрдүүлсэн хэрэг юм. Гэвч 2013 оны өвөл И захиалагчийнхаа өмнөх байр суурьнаасаа гуйвж гэрээг дүгнэж сунгалгүй, ажлыг зогсонги байдалд оруулж 2017 оныг дуусгасан тул бид ийнхүү хохирлоо нэхэмжилж шүүхэд хандсан юм. Учир нь дээрх байдлаас яаралтай гарч асуудлыг аль нэг талд хурдан шийдэхийн тулд Ит удаа дараа хандсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, З яам-ны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 9 сарын 13-ны өдрийн № 334 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулж уг ажлын хэсэг газар дээр нь шалгаж, манай компаниар уг ажлыг үргэлжлүүлэн дуусгах дүгнэлт гарч дүгнэлтэд ажлын хэсгийн гишүүд бүгд гарын үсгээ зурсны дараагаар уг дүгнэлт алга болсон бөгөөд одоо хүртэл шүүхэд гарган өгөхгүй байгаа. Улмаар З яам-ны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны №233 тоот тушаалаар дахин ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг газар дээр нь ажиллаж мөн манай компаниар уг ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан ч ИНЕГ нь 2017 оны 7 сарын 26-ны өдрийн 01/2894 тоот албан бичгээрээ Зам тээврийн хөгжлийн яаманд хянуулахаар хүргүүлж байсан үндсэн гэрээний сунгалт нь одоог хүртэл олдохгүй байгаа зэрэг 2013 оноос хойш томилогдсон ИНЕГ-ын үе үеийн удирдлагуудын үйл ажиллагааны доголдлоос шалтгаалж, Завхан аймгийн доной нисэх буудлын ажил ч дуусахгүй, манай компани ч санхүүгийн хувьд хүнд байдалд орж, олох байсан асар их хэмжээний ашгаа алдахын дээр илүү зардал гаргаж, хохирол хүлээгээд байна. Тухайлбал 1 цагт 120 тн асфальт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай заводыг 2014-2017 онуудад уг ажлыг хийх зорилгоор Завхан аймгийн доной нисэх буудал дээр ажил хэвийн үргэлжлэх шийдвэр гарах хүртэл сул зогсоосноор сүүлийн 20 гаруй жил зам, гүүрийн барилгын ажлыг тогтмол эрхэлж, олон тооны зам, гүүрийн барилгын ажлыг чанартай гүйцэтгэж, Монгол Улсын бүтээн байгуулалтад багагүй хувь нэмэр оруулсан, олон тооны ажлын гүйцэтгэлтэй, итгэл хүлээсэн манай компани ИНЕГ-ын энэхүү хууль бус үйл ажиллагаанаас болж, сүүлийн жилүүдэд зам, гүүрийн барилгын олон тендерт оролцох боломжоо алдаж, санхүүгийн хүнд байдалд орж, асар ихээр давхар хохирсонтой хэн ч, ямар ч байдлаар маргах үндэслэл олдохгүй. ИНЕГ-ын удирдлагуудын энэхүү хууль бус үйл ажиллагаа нь тухайн үеийн шинэ удирдлагуудын хувийн ашиг сонирхолтой, өөрөөр хэлбэл манайхаас энэ ажлыг авч, танил талаараа гүйцэтгүүлж, ашиг хонжоо олох гэсэн хууль бус үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5-д “гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол ажил гүйцэтгэгч учирсан хохирлоо нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй” гэж заасанчлан манай компани олох байсан ашгаа байг гэхэд илүү гаргасан зардлынхаа хэмжээний хохирлыг нэхэмжлэх эрхтэй тул ийнхүү Доной онгоцны буудлын асфальт бетон хучилтын ажлыг хийж дуусгахаар 2013 оны хавар бүх материалаа татаж, бэлтгэл ажлаа бүрэн хангасан байсан боловч Иргэний нисэхийн газрын буруугаас ажил зогссон. Төлөвлөгөөний дагуу 2013 онд тус ажлыг дуусгаад асфальт бетон заводыг дараагийн обьектийн нэг болох Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын асфальт бетон хучилтын ажлыг хийх ёстой байсан боловч Доной онгоцны буудлын хучилтын ажил ямар нэг байдлаар шийдэгдэхгүй тодорхойгүй болсноос Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын барилгын ажлаа асфальт бетон заводтай туслан гүйцэтгэгчээр “Булган өгөөж“ ХХК, “Монроуд” ХХК-иудыг ажиллуулж асфальт бетон хучилтыг хийж гүйцэтгэсэн болно. 2014-2016 оныг дуустал 9 удаагийн ажлын гүйцэтгэл бичигдэж, нийт 39225 м.куб буюу 94141 тн асфальт бетон хольцыг туслан гүйцэтгэгчийн үйлдвэрт зуурч дэвссэн. 2014 онд 19776 тн, 2015 онд 63533 тн, 2016 онд 10831 тн асфальт бетон хольц нийт 18 194 466 249 төгрөгийн хольц зууруулснаас 2 227 893 826 төгрөгийн илүү зардал гаргасан бөгөөд зөвхөн энэ тодорхой ажил, тодорхой зардлын хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа болно. Мөн 127.1 км авто замын ажил дууссаны дараа 2017 онд Улаанбаатар хотод байршуулан асфальт бетон хольц үйлдвэрлэж борлуулж олох байсан. Улаанбаатар хотод борлуулах тооцоог ойролцоо төрлийн хүчин чадалтай гүйцэтгэгч болох “Ялгуусан” ХХК-ийн үнэтэй харьцуулж тооцоход 2017 онд борлуулах боломжтой асфальт бетон хольц 17 395 916 736 төгрөг болох ба үүнээс олох байсан ашиг нь 1 136 059 875 төгрөг болно. Иймд тендерийн ерөнхий болон тусгай нөхцөлд зааснаар уг ажлын захиалагч нь ИНЕГ юм. Иймд захиалагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2014-2017 онуудад асфальт бетон заводаа ажиллуулж олох байсан 4 705 118 456.37 төгрөгийн хохирлыг ИНЕГ-аас нэхэмжилж байна гэсэн өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг 2014-2017 онуудад тус асфальт бетон үйлдвэрийг сул зогсоосноос учирсан хохиролд нийтдээ 3 608 198 657 төгрөгийг ИНЕГ-аас нэхэмжилж байна гэж багасган өөрчилж байна гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХЗ” ХХК нь 2008 оны 01 сарын 30-ны өдөр захиалагч Зам, тээвэр, аялал жуулчлалын яамтай Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлын гэрээг байгуулсан бөгөөд 2009 оны 8 сарын 06, 2010 оны 5 сарын 18, 2011 оны 5 сарын 19, 2013 оны 02 сарын 20, 2015 оны 7 сарын 16-ны өдрүүдэд захиалагч Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай нэмэлт гэрээнүүдийг байгуулсан. Дээрх гэрээнд ИНЕГ нь захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан. Энэхүү гэрээнд “ХЗ” ХХК-ийг асфальт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж ашиглах талаар ямар нэг байдлаар үүрэг болгосон заалт байхгүй. “ХЗ” ХХК нь 2009 оны 12 сарын 20-ны өдөр ажлыг хийж дуусгах байсан. Мөн гэрээт ажлыг хийж гүйцэтгэхдээ захиалагчтай харилцан тохиролцсон техникийн тодорхойлолтод заагдсан материалыг ашиглах байсан. “ХЗ ХХК” нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй. “Ялгуусан” ХХК нь Доной нисэх буудлын зурвасны барилга угсралтын ажилд лабораторийн хөндлөнгийн хяналт тавьж байсан. Тус компанийн 2013 оны 8 сарын 06-ны 304, 2013 оны 7 сарын 25-ны өдрийн албан тоотуудаар техникийн шаардлагад нийцсэн БНД90/130 маркийн битумыг хэрэглэхийг ИНЕГ-т санал болгож, “ХЗ” ХХК-ийн хэрэглэж байсан асфальт бетоныг чанарын болон техникийн шаардлага хангахгүй байгааг мэдэгдсэн болно. “Ялгуусан” ХХК-иас гүйцэтгэгч компанийг чанарын шаардлага хангахгүй, гэрээнд заагдаагүй асфальт бетон ашиглаж байгаа тухай дүгнэлт гаргасан. Мөн захиалагч Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 9 сарын 13-ны өдрийн 334 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг уг ажлыг зогсоох тухай дүгнэлт гаргасан. 2014-2017 онуудад асфальтын үйлдвэр сул зогссон нь ИНЕГ-ын буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэж үзэж байна. “ХЗ” ХХК-ийн асфальт бетоны үйлдвэр нь Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоцны хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих зориулалтаар, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор өөрийн хэрэгцээндээ зориулж барьсан. Иймд асфальт бетон хольц үйлдвэрлэж борлуулах асуудал ИНЕГ-т огт хамааралгүй юм. Ашиг сонирхлын зөрчилтэй, хөндлөнгийн хяналт тавьсан “Ялгуусан” ХХК-ийн үнэтэй харьцуулж, борлуулах боломжтой асфальт бетон хольцны хохирлыг тооцсон нь ойлгомжгүй байна. 2014-2017 онуудад тус асфальт бетон үйлдвэрийг сул зогсоосноос учирсан хохиролд нийтдээ 3 608 198 657 төгрөгийг ИНЕГ-аас нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. ИНЕГ нь хариуцагч биш юм. Иймд “ХЗ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг талаас Зам, тээвэр, аялал жуулчлалын яам, ИНЕГ, нөгөө талаас “ХЗ” ХХК 2008 оны 01 сарын 31-ний өдрийн №ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот гэрээг Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас,  үерийн далан барих ажлыг гүйцэтгэхээр гэрээний нийт дүн 8 651 499 690 төгрөг байхаар талууд харилцан тохиролцож байгуулсан. Ажил гүйцэтгэх хугацаанд ажил гүйцэтгэгчид  захиалагч, хэрэгжүүлэгчээс дараах байдлаар санхүүжилт олгон, ажил гүйцэтгэх гэрээг сунгасан байна. Үүнд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны Төсвийн тухай хуульд заасны дагуу 2008 онд 1 000 000 000 төгрөг, Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуулийн 16.3.1.6 дэх хэсэгт заасны дагуу 2009 онд 4 289 407 492 төгрөг, Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хуульд заасны дагуу 1 414 408 280 төгрөг, Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай хуулийн 20.2.2.1 дэх хэсэгт заасны дагуу 2012 онд 945 600 000 төгрөг, Гэрээт ажлыг ашиглалтанд өгөх хугацааг сунгах тухай ИНЕГ, “ХЗ” ХХК нь харилцан зөвшөөрч 2013 оны 02 сарын 20-ны өдрийн №ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр баталгаажуулсан графикийн дагуу 2013 оны 11 сарын 30-ны өдөр Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг хүлээлгэн өгөхөөр хугацааг сунгасан. Гэрээт ажлыг ашиглалтанд өгөх хугацааг сунгах тухай ИНЕГ, “ХЗ” ХХК нь харилцан зөвшөөрч 2015 оны 7 сарын 01-ний өдрийн №ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр баталгаажуулсан графикийн дагуу 2016 оны 8 сарын 30-ны өдөр Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг хүлээлгэн өгөхөөр хугацааг тус тус сунгасан. Энэхүү Завхан аймгийн нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих нийт дүн 8 651 499 690 төгрөгийн төсөвт өртгийн ажил 73 хувийн биелэлттэй үүнээс санхүүжилт 7 649 415 772 төгрөг буюу 88 хувийн санхүүжилт хийгдсэн болно гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “ХЗ” ХХК нь 2008 онд ИНЕГ-тай ТББ/БУ-56-07 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээт ажлыг хийж гүйцэтгэж байх явцад гүйцэтгэгч нь техникийн шаардлагад нийцэхгүй материалаар ажил гүйцэтгэж байсан гэх шалтгаанаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас томилогдсон ажлын хэсэг ажлыг нь зогсоосон байдаг. Зам тээврийн сайд нь төсвийн төвлөрүүлэн захирагч учраас ИНЕГ-ын төсөвт хяналт тавьж захиран зарцуулах эрхийг нь олгодог юм. Нэгэнт ажлыг зогсоосон нь Зам, тээврийн яам хэдий ч ИНЕГ ашиглагч байгууллагын хувьд гэрээт ажлаа хурдан хүлээн авахын тулд  “ХЗ” ХХК-д аль болох боломжит нөхцөлийг олгож байсан. Үүний 1 жишээ нь тус компанийн ажлын гүйцэтгэл 6 055 750 203 төгрөг байхад ИНЕГ-ын зүгээс тус компанид 8 245 809 567,91 төгрөг шилжүүлсэн байна. Ашиглагч байгууллагын хувьд хийлгэж байгаа ажлаа хурдан дуусгуулах зорилготой байсан боловч нэгэнт асуудал шүүхийн шатанд хянагдаж байгаа тул нийт ажлын гүйцэтгэл болон санхүүжилт хоёрын зөрүүг нэхэмжлэх болсон. 2013 оны 3 сарын 29-ний өдрийн байдлаар ИНЕГ нь тус компанид 8 006 227 244 төгрөг буюу гэрээний үнийн дүнгийн 90 хувийг шилжүүлсэн байна. Гэтэл гүйцэтгэгч компани 2013 оны 02 сарын 05-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээнд ажлыг дуусган ашиглалтад өгөх хугацааг 2013 оны 11 сарын 30-ны өдөр гэж харилцан тохиролцсон ч гэрээт ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй. Мөн гүйцэтгэгч нь барилгын ажлын техникийн тодорхойлолтод зааснаас өөр битум ашигласан тул талуудын хооронд маргаан гарч гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон байна. Иймд захиалагчтай харилцан тохиролцож тогтоосон хугацаанд гүйцэтгэгч ажлаа дуусгаагүй тул захиалагчид олгосон илүү санхүүжилт болох 2 190 059 364 төгрөг, алданги 4 325 749 845 төгрөг, нийт 6 515 809 209 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн худлаа бөгөөд уг мөнгө нь ИНЕГ-аас илүү олгосон биш захиалагчийн шаардлагын дагуу банкны баталгаа гаргуулж авсан урьдчилгаа бөгөөд ажлаа хэвийн үргэлжлүүлсэн бол аль хэдийн хаагдах байсан. Уг банкны баталгаа өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа тул ИНЕГ үүнээс болж хохирох үндэслэл байхгүй болохыг юуны өмнө дурьдъя. 2013 оны 02 сарын 20-ны өдрийн гэрээний нэмэлтийг 2015 оны 7 сарын 16-ны өдрөөс 2016 оны 8 сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр сунгасан. Уг нэмэлтийн үндэс болгосон ИНЕГ, ЗТЯ-ны хамтарсан хурлын тэмдэглэл хх-ийн 131-137 дугаар хуудсанд байгаа. Мөн 2017 оны 7 сарын 05-ны өдрийн ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Алтанцомын удирдан явуулсан ажлын хэсгийн хурлаас гэрээг сунгаж, 2017 оны 10 сарын 30-ны өдөр ашиглалтанд өгөхөөр тохиролцож, гэрээнд манай талаас гарын үсэг зурж, баталгаажуулан ИНЕГ-т хүргүүлсэн боловч уг гэрээг манай талд өгөлгүй ажлыг гүйцэтгэх боломжоор хангаагүй болно. Улсын төсөвт мөнгө нь жил болгон хуваагдаж суусантай холбогдон гэрээ зохих ёсоор сунгагдан хэвийн явж байсан ажлыг ИНЕГ-ын сонгосон хөндлөнгийн хяналтын баг үндэслэлгүй шалтгаанаар ажил саатуулснаас үүдэлтэй зогссон ажил юм. Техникийн шаардлагаар авто замд ашиглагддаг БНД90-130 битумыг уг ажилд хэрэглэхээр заасан байсан нь ИНЕГ-ын хамгийн түрүүнд баримтлах ёстой аэродромын норм дүрмийн 11.8-д заасан заалтыг хангаагүй байсан тул гүйцэтгэгч тал асфальт бетоны хольцны сүүлийн үеийн дэвшилтэд технологиор үйлдвэрлэж чанарыг сайжруулсан ПБВ 90 маркийн битумыг талбай дээр татаж аваачсан болно. Уг битум нь өмнө ашиглаж байсан БНД 90/130 маркийн 93 хувийн битум нь дээр 7 хувийн нэмэлт полимерийг хийж сайжруулсан битум болохыг тодорхойлсон “Газ пром” ХХК-ийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Уг битумын талаар анх маргаан гарсан 2013 оны 8 сард  авто замын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төвд хүсэлт гаргасны дагуу уг төвөөс ПБВ 90 маркийн битумын талаар албан ёсны дүгнэлт гаргаж холбогдох лабораторийн шинжилгээний дүгнэлтийн хамт ирүүлснийг шүүхэд гаргаж өгсөн. Уг дүгнэлтээр ПБВ 90 битум нь чанарын талаар бүх үзүүлэлтээрээ БНД 90/130-иас илүү болох нь нотлогдоно. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 9 сарын 18-ны өдрийн 06/095/595 тоот дугаартай дүгнэлтийг мөн шүүхэд гаргаж өгсөн байгаа бөгөөд уг дүгнэлтийн 2 дугаарт ПБВ 90 битумээр дэвссэн хучилт нь нягт, хучилтын зузаан, орц мөрдөлт нь стандарт техникийн шаардлагын холбогдох заалтыг хангаж байгааг дурдсан байна. Мөн дүгнэлтийн 3 дугаарт уг битумээс болж 2013 онд ажил зогсоосон нь ажил зогссон үндсэн шалтгаан гэж үзэхгүй гэж дурдсан.  Мөн дүгнэлтийн 4 дүгээрт зураг төсөл  зохиохдоо аэродромын норм дүрмийн холбогдох заалтын судалж тусгаагүй болохыг дурдсан байна. Дээр дурдсан шалтгааны улмаас 2013 онд суурь хучилтын ажлыг 9 сард эхэлж, 1176 метр газар суурь хучилт дэвсээд хүйтний улирал эхэлж ажил зогссон шалтаг шалтгаан нь 2013 оны 9 сард бүрэн цэглэгдсэн бөгөөд энэ нь 2013 оны 9 сард хийгдсэн хучилтын ажлын гүйцэтгэл №8 ИНЕГ хянан баталгаажуулж улмаар 2014 оны 12 сарын 24-ний өдрийн 3/175 тоотоор урьдчилгааны эргэн төлөлтөд суулгах бичгийг Хаан банкинд явуулж байснаар батлагдана. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан 2013 оны 02 сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээ нь 2015 оны 7 сарын 16-ны өдөр дахин сунгасан тул сөрөг нэхэмжлэлд дурдсан алдангийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. Дашрамд дурдахад улсын тэмдэгтийн хураамж  төлөхөд чөлөөлөгддөг байдлаа урвуулан ашиглаж ямар ч баримтгүй, тооцоо судалгаагүй мөнгө удаа дараа нэхэмжилж байгаа нь хэрэг шийдвэрлэх явцыг удаашруулж байгаа  санаатай үйлдэл гэж үзэхээр байна гэжээ.

 

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас,  үерийн далан барих ажлын төсөв нь Төсвийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.8-д “Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад  байгууллагын төсвийн” гэж заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад 2008 онд тусгагдсан. Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн удирдлага дор төсвийн шууд захирагчийг харьяалах эрх бүхий төсвийн төвлөрүүлэн захирагчтай байж болно”  гэж заасны дагуу ажлын захиалагч ИНЕГ нь Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас,  үерийн далан барих ажлыг хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэгч “ХЗ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ 2008 онд байгуулсан. ИНЕГ нь Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т  “Төсвийн төвлөрүүлэн захирагч нь түүнд харьяалагдах төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 15.4.1-т “төсвийн ерөнхийлөн захирагчийн энэ хуулийн 14.2.2, 14.2.3, 14.2.5, 14.2.8-д заасан болон төсвийн шууд захирагчийн энэ хуулийн 16.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх” гэж заасны дагуу гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой зохих арга хэмжээг хуулийн хүрээнд авч ажилласан. Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас,  үерийн далан барих ажлын нийт олгогдсон санхүүжилт 7 649  415 772 төгрөг байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 2 190 059 364 төгрөгийн ажил хийгдээгүй болно гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 1 113 946 913 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХЗ” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 250 006 788 төгрөг, сөрөг нэхэмжлэлд 6 515 809 209 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 5 727 684 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: И нь хариуцагч биш нэхэмжлэгч “ХЗ” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй юм. Анхан шатны шүүх зохигчдыг зөв тодорхойлж чадаагүй. Тендер шалгаруулалтыг Зам тээвэр аялал жуулчлалын яам зохион байгуулж, “ХЗ” ХХК-ийг сонгон шалгаруулсан, захиалагч Зам тээвэр аялал жуулчлалын яам нь 2008 оны 01 сарын 30-ны өдөр ажлын гэрээг байгуулсан байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн хариуцагчийг тодорхойлох ёстой байтал шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн “ХЗ” ХХК нь захиалагч З яам-тай 2009 оны 8 сарын 6, 2010 оны 5 сарын 18, 2011 оны 5 сарын 19, 2013 оны 10 сарын 20, 2015 оны 7 сарын 16-ны өдөр үргэлжлүүлэн гэрээ байгуулсан байхад шүүх хэрэгт байгаа эдгээр нотлох баримтад огт дүгнэлт хийгээгүй юм. ИНЕГ нь Сангийн яамны шилжүүлсэн төсвийг гүйцэтгэлээр 2008 онд 1 000 000 000 төгрөг, 2009 онд 4 289 407 492 төгрөг, 2011 онд 1 414 408 280 төгрөг, 2012 онд 945 600 000, 2018 онд 1 893 706 342 төгрөг шилжүүлсэн байгаад шүүх огт дүгнэлт хийгээгүй. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 2386 тоот магадлалд заасан ажиллагааг хийгээгүй. Хариуцагчийг зөв тодорхойлох талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн юм. “ХЗ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад ИНЕГ-аас болсон мэтээр тогтоосон үндэслэлгүй юм. ИНЕГ нь гэрээний төлбөрийг төлөх үүргээ зөрчөөгүй бөгөөд гэрээнд заасан хугацаанд “ХЗ” ХХК-д 2008 онд 1 000 000 000 төгрөг, 2009 онд 4 289 407 492 төгрөг, 2011 онд 1 414 408 280 төгрөг, 2012 онд 945 600 000, 2018 онд 1 893 706 342 төгрөг шилжүүлсэн байхад шүүх буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. “ХЗ” ХХК-ийг тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан үүргээ эхлээд зөрчсөн байна гэж шүүх дүгнэлт хийсэн хэрнээ тухайн компаниас гарах ёсгүй зардал гарсан байгааг хариуцагч төлөх ёстой гэсэн хоёр утгатай дүгнэлт хийсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн авто замын байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах ажлын хэсгийн 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 100919 дугаар дүгнэлтийн хуулбараар 2014-2017 оныг хүртэл битумын улмаас нийт 4 жилийн хугацаанд ажлыг зогсоох үндэслэлгүй байдал тогтоогдож байх ба гэрээнд заасан хугацаанд төлбөрийг хариуцагч төлөөгүй зэргийг харгалзан нэхэмжлэгчид учруулсан хохирлын 50 хувийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй. “Ялгуусан” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. ИНЕГ-ын буруутай үйл ажиллагааны улмаас ажлыг зогсоогоогүй юм. Хэргийн материалд “ХЗ” ХХК нь Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд хандсан байгаа нь ИНЕГ-аас болоогүй гэдгийг нотолж байна. Дээрх гэрээнүүдийг захиалагч Зам тээвэр барилга хот байгуулалтын яам баталгаажуулан гэрээнд гарын үсэг зурсан байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн нэхэмжлэгч нь 2014-2017 онуудад асфальт бетон үйлдвэрийг сул зогсоосноос учирсан хохиролд 3 608 198 657 төгрөгийг нэхэмжилж байгаа нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, гэрээт ажлыг хугацаанд нь дуусгаагүй байж /2009 оны 12 сарын 20-ны өдөр хийж дуусгах байсан ажлыг 2019 онд хийж дуусгасан/ гэрээнээс учирсан хохирол гэж шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчин хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч “ХЗ” ХХК-д доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, уерийн далан барих ажлын нийт гүйцэтгэл 73 хувьтай, санхүүжилт 88 хувьтай олгогдож, 15 хувиар илүү санхүүжилт төлөгдсөн болох нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж заасны дагуу хариуцагч, захиалагч И гэрээнд заасан хугацаанд зохих журмын дагуу хөлс төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдож мөн нэхэмжлэгч “ХЗ” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байхад төлбөрийг илүү төлөлттэйгээр шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байхад гэрээний төлбөрийг гэрээнд зааснаар зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна” гэж зөрүүтэй дүгнэсэн байна. Нэхэмжлэгч олох ёстой байсан орлогоо нэхэмжилсэн байтал шүүгч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж нэхэмжлэгч хүлээсэн үүргээ зөрчсөн бол захиалагч учирсан хохирлоо шаардах эрхтэй байх хуулийн заалтыг баримталсан нь хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүгч хэргээ ойлгоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй, шийдвэр нь хууль ёсны болоогүйг нотолж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор олох байсан орлого 3 608 198 657 төгрөгийг нотлох баримтаар, шүүх хуралдаанд олох байсан орлогоо нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасантай зөрчилдөж байхад нь шүүгч “... үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал буюу гарах ёсгүй зардалд 2 217 893 826 төгрөг гарсан зардлын 50 хувь 1 113 946 913 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас нэхзмжлэгчид олгох нь зүйтэй ...” гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад 2014-2017 оны хооронд ажил зогссонтой холбоотой чанарын шаардлага хангаагүй битумыг ашигласан тухай “Ялгуусан” ХХК-ийн гаргасан хүчин төгөлдөр хөндлөнгийн дүгнэлт байхад шүүгч үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай зөрчилдөж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ХЗ” ХХК нь хариуцагч Ит холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 4 705 118 456.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасган 3 608 198 657 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 6 515 809 209 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /3хх-ийн 189-191-р тал/

 

            Зохигчид 2008 оны 01 сарын 31-ний өдөр №ИНЕГ.ТББ/БУ-56-07 дугаартай, Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “ХЗ” ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, 2009 оны 12 сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх, хариуцагч И нь гэрээний дагуу 8 651 499 690 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 12-13-р тал/,

 

            Түүнчлэн талууд, 2009 оны 8 сарын 06-ны өдөр болон 2010 оны 5 сарын 18-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, гэрээт ажлыг ашиглалтад өгөх хугацааг 2010 оны 9 сарын 30-ны өдөр хүртэл, /хх-ийн 14-15-р тал/

            2011 оны 5 сарын 19-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, гэрээт ажлыг ашиглалтад өгөх хугацааг 2011 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл, /хх-ийн 16-р тал/

            2013 оны 2 сарын 20-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, гэрээт ажлыг ашиглалтад өгөх хугацааг 2013 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл, /хх-ийн 17-р тал/

            2015 оны 7 сарын 16-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, гэрээт ажлыг ашиглалтад өгөх хугацааг 2016 оны 8 сарын 30-ны өдөр хүртэл тус тус сунгажээ. /хх-ийн 18-р тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж тус тус заажээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээний явцад хариуцагч И нь 2009 оны 12 сарын 16-ны өдөр “Ялгуусан” ХХК-тай хяналтын гэрээ байгуулж, уг гэрээгээр “Ялгуусан” ХХК нь нэхэмжлэгч “ХЗ” ХХК-ийн барьж буй Завхан аймгийн нисэх буудлын зурвасын барилгын ажилд лабораторын хяналт хийх үүрэг хүлээсэн байна.

 

Зохигчид 2010 оны 01 сарын 28, 2011 оны 4 сар болон 2013 оны 02 сард нэхэмжлэгч “ХЗ” ХХК-ийн ажлыг дүгнэж, хариуцагч нь 2008 онд 1 000 000 000 төгрөгийн, 2009 онд 4 638 207 492 төгрөгийн, 2011 онд 1 422 419 752 төгрөгийн, 2013 онд 945 600 000 төгрөгийн, 2017 оны 8 сарын 1-ний өдөр 81 393 772 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгч “ХЗ” ХХК-д тус тус олгосон ба 2019 оны 10 сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болж, ажлын үр дүнг улсын комисс хүлээн авчээ. /3хх-ийн 68-70, 73-74, 85-87, 2хх-97, 3хх-185-187-р тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч И нь 2013 онд гэрээг дүгнэж сунгалгүй, ажлыг зогсоосон бөгөөд 1 цагт 120 тн асфальт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай заводыг 2014-2017 он хүртэл сул зогсоосон. Үүний улмаас манай компани Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын ажилд “Булган өгөөж” ХХК, “Монроуд” ХХК-иудыг ажиллуулан, нийт 94 141 тонн, 18 194 466 249 төгрөгийн хольц зууруулж, 2 227 893 826 төгрөгийн илүү зардал гаргасан. Мөн ойролцоо төрлийн хүчин чадалтай “Ялгуусан” ХХК-ийн үнэтэй харьцуулахад 2017 онд 1 136 059 875 төгрөгийн ашиг олох боломжтой байсан тул хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас хохиролд нийт 3 608 198 657 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласан.

 

Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч “ХЗ” ХХК нь гэрээт ажлыг хугацаанд нь дуусгаагүй, ажлыг хийж гүйцэтгэхдээ техникийн шаардлага хангаагүй битумаар ажил гүйцэтгэсэн болох нь хөндлөнгийн хяналтаар тогтоогдсон, И нь хариуцагч биш бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн хэрэгцээндээ зориулж асфальт бетоны үйлдвэр барьсан тул хохирол төлөх үндэслэлгүй гэж сөрөг шаардлага гарган маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас дүгнэвэл талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ дууссан байх бөгөөд хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрыг гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол хэмээн тодорхойлж нийт 3 608 198 657 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж үзлээ.

Тодруулбал, нэхэмжлэгч “ХЗ” ХХК нь гэрээт ажлыг 2013 оны 11 сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, мөн техникийн шаардлагад заагаагүй ПБВ90 маркийн битумыг ажлын талбайд буулгаж, тус битум нь стандартын шаардлагад нийцээгүй болох нь 2013 оны 5 сарын 23-ны өдрийн хөндлөнгийн хяналтын хурлын тэмдэглэл,  “Ялгуусан” ХХК-ийн хяналт судалгааны итгэмжлэгдсэн лабораторын битумын шинжилгээний дүн, тус компанийн 2013 оны 8 сарын 06-ны өдрийн 304 дугаартай албан бичиг зэргээр тус тус тогтоогдсон тул ажил зогссон үйл баримтад хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй болно. /Хэрэгт хавсаргасан “Ялгуусан” ХХК-ийн нотлох баримтын 5-6, 75, 155, 157-159-р тал/

 

Дээрх зөрчил гарсантай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2013 оны 8 сарын 22, 2014 оны 9 сарын 18-ны өдрүүдэд зам барилгын ажилд хяналт шалгалт хийж, нэхэмжлэгч “ХЗ” ХХК-ийн ажлын талбайд буулгасан ПБВ90 битумыг онгоц хөөрч буух зурвасын барилгын ажилд ашигласан нь ажил зогсох үндсэн шалтгаан гэж үзэхгүй гэж дүгнэжээ. /2хх-ийн 20-22, 51-52-р тал/

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ” гэж,

мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч “ХЗ” ХХК нь хохирол шаардах эрхтэй хэдий ч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэлээр шаардсан хохирол буюу өөр компаниар, өөр ажил гүйцэтгүүлснээс төлсөн төлбөрийг хариуцагч Итай байгуулсан гэрээний хохирол гэж үзэх боломжгүй юм.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч “ХЗ” ХХК нь “Булган өгөөж” ХХК, “Монроуд” ХХК-тай тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, тэдэнд санхүүжилт олгож байсан боловч 2 227 893 826 төгрөгийн илүү зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, “Булган өгөөж” ХХК, “Монроуд” ХХК-иуд нь нэхэмжлэгч “ХЗ” ХХК-иас 2 227 893 826 төгрөгийн ашиг олсон гэх тухайн компаниудын санхүүгийн тайлан хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь дээрх хэмжээний илүү зардал гаргасан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

            Мөн нэхэмжлэгч “ХЗ” ХХК нь 2017 онд олох байсан ашиг гэх 1 136 059 875 төгрөг шаардсан нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагч И нь 6 515 809 209 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон ба энэ хэсэгт нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь гомдол гаргаагүй байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрээнээс учирсан хохиролд нийт 3 608 198 657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ХЗ” ХХК-ийн нэхэмжлэл болон нэхэмжлэгч “ХЗ” ХХК-иас 6 515 809 209 төгрөг гаргуулах тухай хариуцагч Иргэний  нисэхийн ерөнхий газрын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 727 684 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

 

                           ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ