| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00559/И |
| Дугаар | 155/ШШ2024/00787 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2024/00787
| 2024 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2024/00787 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* тоотод оршин суух, Б И-н Д (************ )-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гомдол гаргах хугацааг сэргээлгэх, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай, 155/2024/00559/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан,
хариуцагчийн байгууллагын төлөөлөгч Ж.Д , түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Д нь хариуцагч Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт холбогдуулан гомдол гаргах хугацааг сэргээлгэх, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие И- Д нь 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 76 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт 2006 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн үйлчлэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн ба 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар тус байгууллагын заал зохион байгуулагчаар томилогдон тус байгууллагад нийт 17 жил ажилласан байна.
Гэтэл Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа очтол намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг өгсөн.
Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай үндэслэлээ Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын бүтэц, орон тоог өөрчилсөн бөгөөд тус захирамжаар миний ажиллаж байсан заал зохион байгуулагчийн орон тоо хасагдаж шийдвэрлэсэн тул намайг Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найргуулга)-ийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан боловч ажлаас чөлөөлсөн тушаалдаа аж ахуйн нэгж, байгууллага түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн аль нь болохыг дурдаагүй байна.
Намайг ажлаас чөлөөлж, миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа уг тушаал нь өөрөө эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой. Миний бие 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр эрт илрүүлэгт хамрагдаж, хөхний хорт хавдартай гэж оношлогдон 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хөх бүтэн авах мэс засалд орсон бөгөөд хагалгааны дараах хими эмчилгээг аймагтаа тогтмол хийлгэж ирсэн бөгөөд туяа эмчилгээнд орох зайлшгүй шаардлагатай гэсэн ба манай аймагт туяа эмчилгээ байхгүй тул 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс Хавдар судлалын үндэсний төвийн хяналтад Улаанбаатар хотод 2 сарын хугацаанд эмчилгээ туяа эмчилгээ болон сэргээн засах эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай болсон юм. Хэдийгээр байгууллагын даргын тушаалыг эс зөвшөөрч байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас тухайн хугацаанд нь зохих байгууллагад хандаж чадаагүй. Би намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч дараагийн шатны байгууллагад ханд гэсэн хариу өгсөн.
Иймд би дээрх тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.
1.Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найргуулга)-ийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг надад
30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой байтал Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын теарт нь надад огт мэдэгдээгүй төдийгүй 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаалтай хамт өгсөн.
2.Мөн түүнчлэн хэрвээ миний ажиллаж байсан орон тоо хасагдсан бол шинээр нэмэгдэж байгаа орон тоонд намайг авч ажиллуулах боломжтой байсан гэж үзэж байна.
Миний бие Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт 17 жил тасралтгүй ажиллаж ирсэн тул шинэ орон тоонд томилогдох давуу эрхтэй байсан, тухайн орон тоонд өрсөлдөх боломжтой байсан гэж бодож байна.
Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр нь надад ямар ч боломж өгөлгүйгээр шууд миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах эрхтэй гэх зарчимыг зөрчжээ.
Иймд миний гомдол гаргах хугацааг сэргээж, намайг Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү...гэжээ.
2.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:..Нэхэмжлэгч нь 2006 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тус байгууллагад ажилд орж байсан. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус байгууллагын даргын тушаалаар заал зохион байгуулагчийн албан тушаалд томилогдож 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүртлээ нийт 17 жил тасралтгүй ажилласан байдаг. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Уг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас буюу хөхний хорт хавдартай. Хөхний хорт хавдраа авхуулсны дараах эмчилгээ буюу химийн эмчилгээ, туяа эмчилгээ болон сэргээн засах эмчилгээг зайлшгүй Улаанбаатар хотод хийлгэх шаардлагатай байсан учраас хуулийн хугацаанд холбогдох байгууллагад гомдол гаргаж амжаагүй байдаг.
Тэгээд 2024 оны 4 дүгээр сард эмчилгээ нь дууссаны дараа холбогдох байгууллагад гомдол гаргасан. Хариуцагч тал тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгасан байдаг. Тус заалтад аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасан байгаа. Гэтэл тушаал дээрээ аль үндэслэлийг бариад тухайн хүнийг ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байна. Тус тушаалыг уншаад би ийм үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн юм байна гэж ойлгох боломжгүй байгаа. Хөгжимт драмын театр болон нэхэмжлэгч нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д хөдөлмөр эрхлэх харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар дуусгавар болгоно гэж зохицуулсан ч энэ заалтыг баримтлаагүй. Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслээгүй байгаа. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас чөлөөлсөн тушаалын баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой шаардлагыг хангаж чадаагүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө энэ талаар мэдэгдэх үүрэгтэй атал энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Ажлаас халсан тушаал болон мэдэгдлийг нэг дор өгсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан холбогдох зарчимуудыг баримтлаагүй. Тодруулбал мэргэшсэн, тогтвортой байх, Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, ил тод байх зарчмуудыг баримтлаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4-д ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүргээ биелүүлээгүй учраас И.Д ын гомдол гаргах хугацааг сэргээж, түүнийг Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
Хариуцагч талаас Засаг даргын захирамжийг үндэслэн орон тоо нь хасагдсан учраас тухайн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж тайлбарлаж байгаа боловч Хөгжимт драмын театрын даргын И.Д ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгаад байгаа тушаалд тус орон тоо хасагдсантай холбоотой заалт байхгүй байдаг. Ажлын байрны тодорхойлолттой холбоотой асуудлыг ярьж байна. Ажлын байрны тодорхойлолт нь тухайн байгууллагад хадгалагдахгүй байгаа нь ажилтны буруу биш. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн хариуцах ажил. Ажлын байрны тодорхойлолтыг ажил олгогч бэлтгэж, тухайн ажилтнаа түүний дагуу авсан байх ёстой. Тухайн ажлын байран дээр И.Д ыг томилсон даргын тушаал гараад тухайн ажлын байранд ажиллаж байгаа нь аль аль талаас харилцан зөвшөөрч ажиллаж байсан асуудал гэж ойлгож байна. Үйлдвэр ангийн даргын ажлын байрны тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнд мэргэжил гэх хэсэгт зураач болон техникийн мэргэжилтэй, бакалавраас дээш зэрэгтэй гэж заасан байгаа учраас нэхэмжлэгч тухайн ажлын байранд өрсөлдөх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн зарчимтай зөрчилдөж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Шууд ялгаварлан гадуурхалт" гэж энэ хуулийн 6.1-д заасан үндэслэлээр ялгаа, давуу байдал тогтоосон аливаа шийдвэр, үйлдлийг; "шууд бус ялгаварлан гадуурхалт" гэж хүн бүрд адил тэгш үйлчлэхээр заасан боловч хэрэгжилтийн явцад энэ хуулийн 6.1-д заасан үндэслэлээр хувь хүн, эсхүл бүлэг хүнийг ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал тогтоосноор тэгш байдал, боломжийг нь алдагдуулахад хүргэж байгаа аливаа шийдвэр, үйлдлийг тус тус ойлгоно гэж заасан. Заал зохион байгуулагчийн ажлын байр Засаг даргын захирамжаар хасагдсан гэж байгаа. Албан тушаалын тодорхойлолт И.Д ыг ажлаас чөлөөлөгдсөний дараа буюу 2024 оны 02 дугаар сард батлагдсан байгаа. Тэгэхээр энэ хүнийг буцааж ажилд нь авах боломж үүсгэхгүйгээр эрхийг нь хязгаарлаж байгаа үйлдэл гэж харж байна. Хариуцагч талын хэлсэн тайлбараар нэхэмжлэгч 2023 оны 11, 12 дугаар саруудад хөдөлмөр эрхлээгүй боловч нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлсөн гэсэн тайлбар хэлж байна. Үүнээс харахад энэ хүнийг эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхаад байгаа юм болов уу гэсэн зүйл ажиглагдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дууссаны дараа байгууллагын даргатай хэд хэдэн удаа уулзсан байдаг. Тэгэхэд өдий насны хүн, өвчнийхөө мөрийг хөөсөн дээр юм биш үү гэсэн тайлбар хэлсэн байдаг. Энэ тайлбараас нь харахад эрүүл мэндийн байдлаар нь тухайн хүнийг ялгаварлан гадуурхаад ажлын байрны нэрийг өөрчилж, тавигдах шаардлагад өөрчлөлт оруулж, хөдөлмөр эрхлэх боломжоор нь хязгаарлаж байна гэж үзэж байна. Өөр албан тушаалд томилогдох боломжтой. Жишээлбэл угтах үйлчилгээний албан тушаалд боломжтой байхад гаднах үзэмж, насаар нь ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасан. Утга зохиолын ажилтан, үйлдвэр ангийн даргын ажлын байранд шаардлага хангахгүй байна гэсэн зүйл яригдсан учраас угтах үйлчилгээний ажилтан гэх ажлын байранд санал тавихад таны нас, царай зүс шаардлага хангахгүй байгаа учраас залуу охидоор хийлгэнэ гэсэн хариу өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулан угтах үйлчилгээний ажилтны ажлын байрны тодорхойлолтыг гаргуулж авахад нас, царай зүс, бие галбирын талаар тавьсан шаардлага байхгүй байсан. Тэгээд угтах үйлчилгээний ажилтан гэдэг бол байгууллагын нүүр царай учраас таныг энэ орон тоон дээр ажиллуулах боломжгүй гэсэн байдаг. Эсхүл угтах үйлчилгээний ажилтнаар тушаалыг тань гаргаж өгч болно. Гэхдээ та үйлчлэгчээр ажиллана гэсэн зүйл ярьсан байдаг. Хэрэв ийм байдлаар тушаал гаргах юм бол хууль зөрчсөн үйлдэл болно гээд хүлээж аваагүй....гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа:.. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчаар ажиллаж байсан Ичинхорлоо овогтой Д нь бүтэц орон тооны шинэчилсэн өөрчлөлтөөр дээрх ажлын байр нь хасагдсан тул хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1/орон тоо цөөрсөн/ дагуу ажлаас чөлөөлсөн билээ. Мөн И.Д нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны 11,12 сард огт ажил хийгээгүй боловч цалинг бүрэн олгож байсан болно...гэжээ.
2.Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын бүтэц орон тооны өөрчлөлтийг Хөвсгөл аймгийн Засаг дарга хийх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр захирамж гаргасан. Тус захирамжаар өмнө байсан заал зохион байгуулагчийн ажлын орон тоог хасаж театрт нэн шаардлагатай байдаг үйлдвэр ангийн даргын орон тоог шинээр баталсан. Театрт үйлдвэр ангийн даргын албан тушаал хамгийн шаардлагатай юм байна гэж харсан. Улсын драмын театрт үйлдвэр ангийн даргын орон тоо байна. Заал зохион байгуулагчийн ажлын байрны тодорхойлолттой танилцах гэсэн боловч өнөөдрийг хүртэл Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчийн ажлын байрны тодорхойлолт байхгүй байсан. Шүүхээс энэ баримтыг гаргаж өгөхийг шаардсан боловч манай байгууллагын архивт байхгүй байсан. Өмнөх дарга нь энэ хүнийг тухайн ажлын байранд томилохдоо ажлын байрны тодорхойлолтыг хийгээгүй байсан. Төрийн албаны тухай хуульд тухайн ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагч тухайн хүнийг сонгон шалгаруулалтаар авсан байх ёстой атал өнөөдрийг хүртэл заал зохион байгуулагчийн ажлын байрны тодорхойлолт байгууллагад байхгүй байгаа. Улсын драмын эрдмийн театрын үйлдвэр ангийн даргын ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн яамны хуулийн хэлтсээр уламжлуулан тус ажлын байр өөрчлөгдсөн. Миний зүгээс нэхэмжлэгчийг дуудаад Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулж таны ажлын байр хасагдсан. Драмын театрт үйлдвэр ангийн дарга гэсэн ажлын байр байдаг юм байна. Үүний дагуу заал зохион байгуулагчийн ажлын байрыг өөрчилж үйлдвэр ангийн дарга, утга зохиолын мэргэжилтэн гэх ажлын байр манайд нэмэгдсэн талаар танилцуулаад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэх хуудсаа өгсөн. Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажлаа хүлээж авсан. Нэхэмжлэгч ажилдаа огт ирдэггүй хүн байсан. Тэгээд өвчний шалтгааны улмаас ирдэггүй гэсэн. 2023 оны 11, 12 дугаар саруудын цагийн бүртгэлээс харахад энэ хүн тухайн цаг хугацаанд ажиллаагүй. Тэгээд байгууллагын ажилчдын ярианаас сонсоход нэхэмжлэгчийг хорт хавдартай гэсэн. Надтай нэг удаа эмнэлгээр явж байна гэж ярьсан. Нэхэмжлэгчид 2 сарын цалинг нь бүтэн олгосон. Үүний дараа бүтэц, орон тоонд өөрчлөлт орсноор Засаг даргын захирамжийг өөрт нь танилцуулсан. Тэгээд таны ажлын байр хасагдсан учраас та ажлаас чөлөөлөгдөхөөр болсон гэж хэлсэн. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэг гэх заалтад аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол гэж байгаа учраас заавал тушаалд хаалтан дотор ямар шалтгаанаар чөлөөлөгдөж байгаа талаар бичих шаардлагагүй байх гэж бодож байна. Хуулийн энэ заалтад ажлын байр хасагдсан гэсэн агуулга байгаа. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д 30 хоногийн хугацаанд гомдол гаргах эрхтэй талаар заасан. Соёлын яамны хуулийн хэлтсийн дарга н.Батцэцэгээс орон тоо цөөрсөн талаар хэлэхэд Засаг даргын захирамжийг үзээд энэ захирамжийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хэрэгжих юм байна. 2 харуул, 1 үйлчлэгч гээд нийт 4 хүн байсан. Тус захирамжийн хэрэгжих хугацаанд асуудлыг шийдвэрлэхгүй бол хагас жилийн шалгалт явагдах юм бол та өөрөө эдгээр 4 хүний цалин төлнө. Учир нь төсвийн ерөнхийлөн захирагч бүтэц, орон тоо нь батлагдсан орон тоон дээр хүн ажиллуулах ёстой. Түүний дагуу цалингаа олгох ёстой гэхэд нь та надад ямар зөвлөгөө өгөх юм бэ гэхэд та мэдэгдлээ өгөөд ажлаас нь чөлөөлөх ёстой. Өөр боломж байхгүй гэсэн. Тэгээд намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь заалтыг хараарай гэсэн. Тухайн зүйлд энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно гэж заасныг үндэслэн мэдэгдэл болон ажлаас чөлөөлөх тухай тушаалыг өгсөн.
И.Д ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгасан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэг гэсэн хэсгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хараагүй бололтой. Энэ тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан. Болдог бол нэхэмжлэгчтэй нүүр нүүрээ хараад ярьсан бол амар байх байлаа. Тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг баримталсан атал зөвхөн Засаг даргын захирамжийг баримталсан гэж тайлбарлаад байна. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар гэж яриад байна. Би нэхэмжлэгчид өөрт нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаад байсан учраас өөрийг нь бодоод группт орох уу эсхүл үйлчлэгчийн ажлын байр байгаа. Та үүнийг хийгээд явах юм уу гэхэд гараа нойтон юманд хүргэж болохгүй гэсэн. Жүжигчин н.Галсайхан өөрийн хүсэлтээр үйлдвэр ангийн даргын ажлыг хүлээж аваад дийлэхгүй болоод өөрийнхөө хүсэлтээр гарсан атал нэхэмжлэгч энэ ажлыг хийж чадах юм уу, үйлдвэр ангийн дарга гэдэг нь тухайн бүх процессыг хариуцан ажилладаг хүн юм. Энэ ажлыг нэхэмжлэгч өөрөө хийж чадахгүй талаараа хэлсэн. Дарга минь би олон тийшээ гүйх, нүүдэл суудал, энэ олон хүний хувцасны асуудал, бэлтгэл гээд энэ бүх асуудлыг хариуцдаг учраас хийж чадахгүй гэсэн. Концерт тоглох бол техник, хувцас, хэрэглэл, жүжиг бол жүжгийн бүх хэрэглэлийг удирдан зохион байгуулдаг хүнийг үйлдвэр ангийн дарга гэдэг. Энэ бол драмын театрын 2 дугаар дарга буюу хамгийн чухал хүн. Драмын театрын дарга аж ахуйн бүх зүйлээ хариуцан ажилладаг бол үйлдвэр ангийн дарга уран бүтээлийг эхнээс нь эхлээд дуусах хүртэл бүх явцыг хариуцан ажилладаг. Тэгээд нэхэмжлэгч өөрөө энэ ажлыг хийж чадахгүй гэдгээ хэлсэн. Одоо хүртэл энэ ажлын байр зарлаад хүн ирэхгүй байгаа биш, ирж байгаа боловч чадахгүй гээд байгаа. Нийт 3 хүн материалаа өгөөд ийм, ийм ажил хийнэ гэж тайлбарлаж өгөхөд гурвуулаа буцаад явсан. Өнөөдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг хийж чадах юм шиг зүйл яриад байна. Харин нэхэмжлэгч өөрөө чадахгүй гээд явсан. Өөрийнх нь эрүүл мэндийн байдал муу учраас хийж чадах юм уу, эрүүл мэндийн байдлыг мэдсээр байж ажилд аваад эргүүлээд нөгөө хүн маань ажлаа хийж байгаад элдэв зүйл болбол хүүхдүүд нь намайг буруутгах байх. Надад эрүүл мэндийн байдал муутай хүнийг тэр албан тушаалд томилох зүрх, зориг алга. Ажлын байрны тодорхойлолтоор ангилан ялгаварласан гэж байна. Тийм зүйл огт биш. Улсын драмын эрдмийн театрын үйлдвэр ангийн даргын ажлын байрны тодорхойлолтын одоо аваад өгсөн ч болно. Тэр ажлын байран дээр архитектур, зураач байх ёстой. Үйлдвэр ангийн дарга өөрөө зураачийн боловсролтой байх ёстой. Концерт, жүжиг бүгд зургаар явдаг. Тэр зурган дээр анхны хар зураг явагддаг учраас үйлдвэр ангийн дарга өөрөө үүнийг мэддэг байх ёстой. Оёдол, жүжгийн жижиг хэрэглэл гээд бүх зүйлийг хариуцан ажилладаг хүн юм. Би биеийн эрүүл мэндийн байдлынх нь талаар хэлсэн. Тэгээд үйлчлэгчийн ажлын байр байгаа талаар ч хэлсэн. Угтах үйлчилгээний ажилтан гэдэг байсан боловч Өргөө кино театртай манайх хамтран ажилласнаас хойш угтах үйлчилгээний ажилтан болон үйлчлэгч хоёр нэг болсон.
Драмын театраас 2, өргөө кино театраас 1 байна гээд явж байгаа. Өмнөх шүүх хуралдаанд саналаа хэлсэн боловч нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэвэл эрүүл мэндийн шалтгааны улмаас хүйтэн усанд гараа дүрэх боломжгүй гэсэн. Энэ хүн өөрт нь мэдэгдсэн.
Хоёулаа сууж байгаад хэлсэн. Хүнээр дамжуулаагүй. Би өөрөө өөрт нь хүлээлгэж өгсөн. Хөгжимт драмын театрт үйлдвэр ангийн дарга байна, чуулгат заал зохион байгуулагч байна гэж тодорхойлсон. Би бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гээд ийм, ийм ажлын байр байна гэдэг байдлаар танилцуулсан. Засаг даргын захирамж, бүтэц, орон тоо өөрчлөгдсөн учраас ажлаас чөлөөлснөөс биш нас намбаар нь ажлаас чөлөөлөөгүй. Манайх аймгийн Засаг даргад саналаа өгч байгаа талаар ажилчидад хурал дээр хэлсэн. Орон тоо хасагдсны улмаас ажлаас чөлөөлөгдөх хоёр хүн байсан. Заал зохион байгуулагч И.Д , үйлчлэгч н.Даваадулам гэж хүн байсан. Угтах үйлчилгээний ажилтны тухайд байгууллагад орж ирсэн хүнийг хүлээж авдаг хүнийг хэлдэг. Яагаад н.Даваадуламд тавьсан юм бэ гэвэл нас залуу, компьютерийн мэдлэгтэй байсан. И.Д нь хөгшин настай хүн. 2 жил ажиллаад тэтгэвэрт гарна. Байгууллагад гаднаас хүн орж ирэхэд үүдэнд нь хөгшин эмгэн сууж байх тохиромжгүй. Мөн компьютерын мэдлэггүй. Тэгээд угтах ажилтны ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага нь тусгай дунд боловсролтой гэж байгаа. Хөхний хорт хавдрын улмаас эмчилгээ хийлгэж байсан гэдэгтэй маргахгүй, гэхдээ нэхэмжлэгч албан ёсоор чөлөө авах хүсэлт өгсөн зүйл байхгүй. Энэ тухай гарсан тушаал байхгүй боловч 2 сарын цалинг нь өгсөн байгаа...гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №76 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Д гийн мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хавдар судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгийн хуудас гэх толгой бичвэр бүхий баримт, Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасаг, Туяа эмчилгээний төлөвлөлт, Туяа эмчилгээний төв гэх толгой бичвэр бүхий баримтууд, Хөвсгөл аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01/321 дугаартай албан бичиг, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тухай хүсэлт, 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театраас И.Д ыг ажиллаж байх хугацаанд үйлчилж байсан тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, заал зохион байгуулагчийн ажлын байрны тодорхойлолт, үйлдвэр ангийн дарга, цахимжилт-утга зохиолын ажилтан, угтах үйлчилгээний ажилтны ажлын байрны тодорхойлолт зэргийг гаргуулах тухай хүсэлт, итгэмжлэл, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/1199 дугаартай албан бичиг зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 4-14, 30-34, 36-37, 125 дугаар тал),
хариуцагчаас хариу тайлбар, өмгөөлөгч сонгон авсан тухай хүсэлт гэсэн баримтуудыг тус тус гаргаж өгсөн. (хх-ийн 27, 45 дугаар тал),
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулангийн хүсэлтээр Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театраас И.Д ыг ажиллаж байх хугацаанд үйлчилж байсан тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, заал зохион байгуулагчийн ажлын байрны тодорхойлолт, үйлдвэр ангийн дарга, цахимжилт-утга зохиолын ажилтан, угтах үйлчилгээний ажилтны ажлын байрны тодорхойлолт зэргийг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 79-110 дугаар тал),
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч И.Д нь хариуцагч Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт холбогдуулан гомдол гаргах хугацааг сэргээлгэх, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан шаардлагын үндэслэлээИ.Д нь Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт 2006 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс үйлчлэгчээр, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс заал зохион байгуулагчаар томилогдон, уг байгууллагад нийт 17 жил ажилласан. Гэтэл Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын бүтэц, орон тоо өөрчлөгдөж, заал зохион байгуулагчийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг Б/14 дугаартай тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн. Уг тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой. Хөдөлмөрийн тухай хууль 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Гэвч огт мэдэгдээгүй төдийгүй 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаалтай хамт өгсөн. Мөн ажиллаж байсан орон тоо хасагдсан бол шинээр нэмэгдэж байгаа орон тоонд авч ажиллуулах бүрэн боломжтой байсан. Иймд Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. И.Д нь 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр эрт илрүүлэгт хамрагдаж, хөхний хорт хавдартай гэж оношлогдон 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хөх бүтэн авах мэс засалд орсон. Хагалгааны дараа туяа эмчилгээнд орох шаардлагатай болсон ба 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс Хавдар судлалын үндэсний төвийн хяналтад Улаанбаатар хотод 2 сарын хугацаанд эмчилгээнд орж байснаас шалтгаалж гомдол гаргаж чадаагүй тул ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасан...гэж тайлбарлав.
5.Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн болохоо хүлээн зөвшөөрч, уг хугацааг сэргээлгэхээр хүсэлт гаргажээ.
Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болох ба гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр нь шүүх хуралдаанднэхэмжлэгч нь Улаанбаатар хотод эмчилгээнд орж байсан тул гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэдэг асуудал ярьж байгаа боловч гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Тэгэхээр хэдэн сарын, хэдний өдрөөс хэдэн сарын хэдний өдрийг хүртэл эмчилгээнд хамрагдсан талаар тодорхойлолт байдаггүй. Тушаал гарснаас хойш 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр буюу 4 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй...гэж байр сууриа илэрхийлсэн.
7.Ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар зохигч маргаж буй энэ тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд ажлаас буруу халсан тухай гомдол гаргах нь ажил олгогчоос үл хамаарах ажилтны эрх юм.
8.Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаан-ы улмаас хэтрүүлсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтаар тогтоогдлоо.
Тодруулбал нэхэмжлэгч нь хүнд өвчний улмаас эмчилгээ хийлгэж байсан болох нь нэхэмжлэлд хавсаргаж, иргэний хэрэгт авагдсан Хавдар судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгийн хуудас гэх толгой бичвэр бүхий баримт, Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасаг, Туяа эмчилгээний төлөвлөлт гэх толгой бичвэр бүхий баримт болон хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан...нэхэмжлэгч хөхний хорт хавдрын улмаас эмчилгээ хийлгэж байсантай маргахгүй...гэх тайлбар зэргээр давхар нотлогдлоо.
9. Иймээс гомдол гаргах хугацаа сэргээлгэх нь зүйтэй гэж үзэв.
10. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар нэхэмжлэгч И.Д нь хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандсан, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ньМөрөн сумын маргаан зохицуулах хороо байгуулагдаагүй тул хөдөлмөрийн маргааныг дараагийн шатны байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үүгэх хариуг өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа ба уг баримтын талаар зохигч маргаагүй болохыг дурдлаа. /Хавтаст хэргийн 13 дугаар хуудас/
11.Нэхэмжлэгч И.Д нь Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 76, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/08, 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дугаартай тушаал, талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
12.Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар И.Д ыг заал зохион байгуулагчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.4, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг тус тус баримталжээ.
13.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 дугаартай захирамжаар аймгийн Хөгжимт драмын театрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа заал зохион байгуулагчийн ажлын байр хасагдаж баталжээ.
14.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлаж болно, 80 дугаар зүйлийн 80.4-д Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж хуульчилжээ.
15.Орон тоо хасагдсан гэдэг нь тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 дугаартай захирамжаас харахад ямар шалтгаанаар аймгийн Хөгжимт драмын театрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах болсон талаар үндэслэлээ заагаагүй, орон тоо хасагдсан шалтгаан нь ойлгомжгүй байна.
16.Хариуцагч байгууллагын төлөөлөгч тус театрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлагдах болсон шалтгаанааСоёлын тухай хууль батлагдснаар байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах зайлшгүй шаардлага гарсан.Заал зохион байгуулагчийн орон тоо чуулгад, харин театрт үйлдвэр ангийн дарга гэсэн орон тоо байх ёстой тул заал зохион байгуулагчийн орон тоог хасаж, үйлдвэр ангийн даргын орон тоог шинээр бий болгох саналыг миний зүгээс аймгийн засаг даргад хүргүүлсэн...хэмээн тайлбарлаж байгаа ч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
17.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд И.Д ын ажлын байр хасагдаж, шинээр үйлдвэр ангийн дарга, угтах үйлчилгээний ажилтны ажлын байр батлагдсан, угтах үйлчилгээний ажилтны ажлын байр нь хасагдсан заал зохион байгуулагчийн ажлын байртай ойролцоо ажлын байр тул уг ажлын байранд ажиллуулж өгөөч гэх хүсэлтийг ажил олгогчид гаргахад тэрээр уг ажлын байранд залуу хүн байх ёстой гээд санал хүлээн аваагүй. Үүнийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаагэх тайлбарыг гаргасан.
18. Ажил олгогч ажлын байр нь хасагдсан ажилтанд шинээр батлагдсан орон тоонд тохирох ажлын байрыг санал болгож болох ба ингэхдээ ажиллагсдын ажилласан жил болон мэргэжил ур чадвар, Хөдөлмөрийн тухай хуульд заасан бусад нөхцөл байдлуудыг харгалзан тус байгууллагад мөрдөгдөх дүрэм, журамд нийцүүлэн хэлэлцэж шийдвэрлэх учиртай.
Гэтэл хариуцагч байгууллагын төлөөлөгчтэгж хэлсэн нь үнэн, угтах үйлчилгээний ажилтан бол байгууллагын нүүр царай байдаг. Ийм ажлын байр дээр И.Д ажиллах нь зохимжгүй. Түүнд угаагчийн ажлын байрыг санал болгоход биеийн эрүүл мэнд тэнцэхгүй гэсэн шалтгаанаар татгалзсангэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байгаагаас дүгнэвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.
19.Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох тухай зохицуулсан.
Өөрөөр хэлбэл ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх нөхцөлийг ажил олгогч бүрдүүлэх үүрэгтэй. Гэвч хариуцагч нь хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлээгүй.
20.Мөн ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар буюу орон тоо хасагдсан гэж цуцалж байгаа бол мөн хуулийн 80.4-д ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх хуулийн заалтыг зөрчсөн.
Тухайлбал хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзвэл нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаараа 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлжээ. / Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/
21.Иймд нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
22.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлого оруулав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.Д ыг Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын заал зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 70,200 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ