Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 600

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00310 дугаар шийдвэртэй,

                                                                                                                   

Нэхэмжлэгч: Д.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 90 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э- нь өөрийнхөө “Эс ар би” ХХК-ийн ажилчдын цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлөх, мөн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор надаас мөнгө зээлсэн. Бид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 23-нд 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлсэн ба, энэ өдрөө түүний Хаан банкны 5121030420 дансаар 46 000 000 төгрөг, 12 сарын 03-нд 4 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Хариуцагч тухайн үед надад Ү-2205002031 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 3 тоотод байрлах орон сууцыг барьцаалсан. Гэрээ гэрчилсэн нотариатч барьцааны гэрээ хийгээд гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээрэй гэхэд Б.Э- би удахгүй зээл авах болохоор танд энэ үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах итгэмжлэл хийгээд үлдээе. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлчихвэл зээл авахад бас хүндрэлтэй гэснээр би үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авахуулаад, түүний үгэнд орж итгэмжлэл хийлгээд, гэрчилгээг нь өөртөө авч үлдсэн. 2019 оны 02 сарын 26-ны өдөр Б.Э- над руу дахин ярьж дахиад 15 000 000 төгрөг зээлүүлэхийг хүсч, бид хоёр тохиролцсоны үндсэн дээр түүний  нөхөр Г.Ганхуягийн Хаан банкны 5029756219 тоот дансаар 15 000 000 төгрөгийг 2019 оны 02 сарын 27-ны өдөр шилжүүлсэн. Мөн Б.Э- нь н.Цэрмаагаас зээлсэн 70 000 000 төгрөгөө төлчихмөөр байна, 25 000 000 төгрөг зээлүүлээч гэхээр нь би н.Цэрмаагийн Хаан банкны 5020579803 тоот данс руу 15 000 000 төгрөг, Хаан банкны 5033177429 тоот данс руу 1 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 9 000 000 төгрөгийг н.Цэрмаад бэлнээр өгсөн. Бид хоёр энэ бүх зээлсэн мөнгөнүүдээ нийлүүлээд 2019 оны 02 сарын 20-ны өдөр 85 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хийж, нотариатаар гэрчлүүлсэн. Хариуцагчид зээлүүлсэн мөнгө зөвхөн миний өөрийн мөнгө биш. Би өөрийн танил н.Гантулгаас 40 000 000  төгрөг, н.Мөнхжаргалаас 30 000 000 төгрөг, н.Энхбилэгээс 30 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй авч, эхний үед Б.Э-ыг зээлийн хүүгээ төлж чадахгүй болохоор түүний өмнөөс хүүнд 60 000 000 төгрөг төлсөн. Сүүлийн хэдэн сар энэ хүмүүст зээлийн хүүг нь төлж чадахгүй болж, тэд надаас мөнгөө өдөр бүр шаардаж, үүнээс болж би маш их сэтгэл санааны дарамтанд орж, гэр бүлийн хүнтэйгээ ч муудалцах болсон. Иймд би Б.Э-тай байгуулсан 2019 оны 02 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 85 000 000 төгрөг, зээлийн хүү 17 000 000 төгрөг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүссэн алдангийг хоногт 0,5 хувиар тооцож 42 500 000 төгрөг, нийт 144 500 000 төгрөг авах тооцоо гарч байгаа боловч, үндсэн зээл 85 000 000 төгрөг дээр алданги 42 500 000 төгрөгийг нэмж, нийт 127 500 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөн, Б.Э-аас шаардсан 127 500 000 төгрөгийн шаардлагаа багасгаж байна. Тодруулбал, хариуцагч Б.Э- нь надад 45 000 000 төгрөгийг 2019 оны 3 сарын 07-ны өдөр төлсөн нь үнэн. Тэрээр над руу 2018 оны 11 сарын 11-ний өдөр утсаар холбогдож, арьс шир, түүхий эдийн тооцоо, ажилчдынхаа цалинг өгөх хэрэгтэй байгаа болохоор 40 000 000 төгрөг зээлээч, нэг сарын хугацаанд хэрэглээд, өдрийн 1 хувийн хүүгээр тооцоод өгнө гэж гуйгаад, тэр өдрийнхөө орой нь манай гэрийн гадаа ирээд 40 000 000 төгрөг бэлнээр аваад, 2018 оны 11 сарын 20-ны өдрөө ирж, гэрээгээ бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Энэ гэрээний хуулбарыг би одоо шүүхэд гаргаж өгч байна. Энэ мөнгөө Б.Э- надад буцааж өгөөгүй. Ингээд гэрээний хугацаа дууссанаас хойш 3 сарын дараа 2019 оны 3 сарын 07-ны өдөр 40 000 000 төгрөгийн зээлийн төлбөр болон 5 000 000 төгрөгийн хүү, нийт 45 000 000 төгрөгийг над руу шилжүүлсэн болохоор би энэ гэрээтэй холбогдуулж Б.Э-аас хугацаа хожимдуулсны хүү, алданги огт аваагүй, шүүхэд ч нэхэмжлэл гаргаагүй. 2018 оны 11 сарын 23-ны өдөр зээлж авсан 50 000 000 төгрөгөө өгөөгүй учраас энэ харилцаа дуусаагүй, харин Б.Э-ы хүсэлтээр энэ зээл дээр нэмж 15 000 000 төгрөгийг нөхөр Г.Ганхуягийнхаа дансаар 25 000 000 төгрөгийг н.Цэрмаад шилжүүлүүлж, 2019 оны 02 сарын 20-ны өдөр 85 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан болохоор би өмнө байгуулсан 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбартай холбогдуулаад би 2019 оны 02 сарын 20-ны өдөр байгуулсан 85 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр бус, харин 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Э-аас шаардаж байна. Уг гэрээгээр дээрх мөнгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Энэ өдрөөс нэг ч төгрөг надад өгөөгүй бөгөөд, гэрээний үүргээ гүйцэтгээгүйн хүү, алдангийг 2019 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл тооцвол зээлийн хүү 15 000 000 төгрөг, алданги үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй гэж үзвэл 25 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийг Б.Э-аас шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа 34 500 000 төгрөгөөр хассан. Хариуцагчийн надад дансаар шилжүүлж төлсөн төлбөр бол энэ нэхэмжлэлийн үндэслэл болж буй 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу биш, харин түүний өмнө 2018 оны 11 сарын 20-ны өдөр байгуулсан 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт тооцсон учраас энэ зээлээс төлөөгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э- нь Д.А-тай зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 2018 оны 11 сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 сарын 23-ны өдөр хүртэл 90 хоногийн хугацаатайгаар зээлсэн байдаг. Гэрээний хугацаанд Б.Э- зээлээ төлж чадаагүй бөгөөд, 2019 оны 02 сарын 20-ны өдөр талууд уулзахад гэрээний хугацаа дуусч байгаа тул үндсэн зээл 50 000 000 төгрөг, 3 сарын хүү 15 000 000 төгрөг болон алданги 22 500 000 төгрөг, нийт 87 500 000 төгрөгийн үнийн дүнгээр гэрээгээ шинэчлэн байгуулах санал, шаардлага гаргасныг хариуцагч нь арга буюу зөвшөөрснөөр 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 85 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд, энэхүү гэрээгээр ямар нэгэн мөнгө төгрөг хүлээж аваагүй. Иймээс 2019 оны 02 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс 85 000 000 төгрөг хүлээн аваагүй, нэхэмжлэгч хариуцагчид энэ хэмжээний мөнгийг шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар уг зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн, уг зээлийн гэрээ нь үндсэн зээлийн хэмжээн дээр хүү, алдангийг нэмж тооцсон дүнгээр байгуулагдсан буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасан хүүгээс анз тооцох, хүүгээс хүү тооцох үр дагаврыг үүсгэж, Б.Э-ы эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон, хуулийн хүчин төгөлдөр бус гэрээ болно. Иймээс талуудын хооронд 2018 оны 11 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба уг гэрээний хугацаа 2019 оны 02 сарын 23-ны өдөр дууссан тул хариуцагчаас 2019 оны 3 сарын 07-ны өдөр төлсөн 45 000 000 төгрөг, мөн оны 4 сарын 01-ний өдөр төлсөн 500 000 төгрөг, 4 сарын 27-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөг, нийт 46 500 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох учиртай. Нэхэмжлэгчид төлвөл зохих төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 232 дугаар зүйлийн 232.4, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 3 500 000 төгрөг, зээлийн хүүнд 15 000 000 төгрөг, алдангид 1 750 000 төгрөг, нийт 20 250 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч Б.Э-аас 90 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тэдний хооронд байгуулагдсан 2018 оны 11 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэж шаардаж байгаа гэдгийг өөрөө хурал дээр тайлбарлаж байна. 2019 оны 02 сарын 20-ны өдөр хэдийгээр бичгээр зээлийн гэрээ байгуулсан боловч, Б.Э-д бодитоор 85 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр шилжүүлээгүй гэдгээ өөрөө мөн хүлээн зөвшөөрч байгаа. Тийм ч учраас уг гэрээний үндэслэл болсон 11 сарын 23-ны өдрийн 50 000 000 төгрөгийн гэрээний дагуу шаардаж байгаа байх. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн нийт 46 500 000 төгрөгийг Д.А- нь хүлээн авсан гэдгээ зөвшөөрдөг ба, энэ талаар бид маргаан байхгүй. Тиймээс энэ төлөгдсөн мөнгөн дүнг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүргээс хасч, хариуцагчийн зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 3 500 000 төгрөг болоод, гэрээний дагуу төлөх зээлийн хүү 15 000 000 төгрөг, алдангийг үндсэн зээлийн 50 хувьд нийцүүлж 1 750 000 төгрөг болохыг зөвшөөрнө гэдгээ илэрхийлсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-аас 27 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62 250 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 796 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 296 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн талаар: Шүүх нэхэмжлэгч Д.А-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй. Шүүгчийн туслах 2020 оны 01 сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрийг гардуулж, эрх, үүрэг тайлбарласан баримт дээр гарын үсэг нөхөж зуруулсан. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 01 сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Уг шаардлагыг шүүх хүлээн авч, мөн өдрөө хэргийг шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж өгөөгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байна. Мөн хамтран хариуцагчаар “МR” ХХК-ийг татах хүсэлтийг гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээж авахаас татгалзсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, татгалзах, хариуцагчийг солих, хамтран хариуцагчаар татах эрх нь зөвхөн нэхэмжлэгчид хуулиар олгогдсон суурь эрх юм. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг 2 хоногийн өмнө мэдэгдэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн өдөр нэхэмжлэгчид хэргийн материалыг танилцуулсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд: Хэрэгт авагдсан 2018 оны 11 сарын 20-ны өдөр байгуулсан 40 000 000 төгрөгийн, 2018 оны 11 сарын 23-ны өдөр байгуулсан 50 000 000 төгрөгийн болон 2019 оны 02 сарын 20-ны өдөр байгуулсан 85 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдэд хуульд нийцсэн үнэлэлт, дүгнэлтийг хийж чадаагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс дээр дурдсан, 3 зээлийн гэрээг байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр эсэх тал дээр маргаагүй. Хариуцагч нь 2018 оны 11 сарын 20-ны өдөр байгуулсан 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу гэрээний зүйлийг аваагүй учраас төлөх үндэслэл байхгүй гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлыг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй бөгөөд анхан шатны шүүх дээрх баримтад хуульд нийцсэн дүгнэлтийг хийгээгүй. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 11 сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.5-т 40 000 000 төгрөгийг бэлнээр тоолж авсан Б.Э- гэж бичигдсэн байх бөгөөд мөн гэрээний үүргийг хариуцагч нь биелүүлж 45 000 000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй болно. Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ” гэж зохицуулсан ба 2018 оны 11 сарын 20-ны өдөр, 2018 оны 11 сарын 23-ны өдөр тус тус байгуулсан зээлийн гэрээний үүргийн аль нэгийг түрүүлж гүйцэтгэх эсэх тал дээр тухайлан тохиролцоогүй бөгөөд гэрээний мөн чанараас авч үзвэл 2018 оны 11 сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 сарын 11-ний өдөр дуусахаар талууд харилцан тохиролцсон. 2018 оны 11 сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 2 сарын 23-ны өдөр дуусахаар талууд тохиролцсон байх ба Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт “... Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 11 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг түрүүлж биелүүлэхийг шаардах, мөн төлөгдсөн төлбөрийг тэргүүн ээлжинд суутган авах эрхтэй байна. Мөн хуулийн 212 дугаар зүйлийн 212.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 212 дугаар зүйлийн 212.1-д заасан сонголт хийхдээ үүрэг гүйцэтгэгч, энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэнэ” гэж заасан байх ба хариуцагчийн зүгээс дээр дурдсан 2 зээлийн гэрээний үүргийн аль нэгийг сонгон гүйцэтгэж байгаа талаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй болно. Иймд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт илт үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагчийн эүгээс 2018 оны 11 сарын 20-ны өдөр байгуулсан 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу гэрээний зүйлийг аваагүй учраас төлөх үндэслэл байхгүй гэж маргадаг бөгөөд мөн гэрээний талаар анхан шатны шүүх хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй бөгөөд 2018 оны 11 сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн тодорхой хэсэг нь биелэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Хариуцагчийн зүгээс 2018 оиы 11 сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 50 000 000 төгрөг, хүү 15 000 000 төгрөг, алдангийн хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэх тооцвол 32 500 000 төгрөг, нийт 97 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үүрэг үүсч байх бөгөөд нэхэмжлэгч нь 90 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа иь Иргэний хуулийн 281, 232 дугаар зүйлд заасантай нийцэж байна. Иймд шийдвэрт  өөрчлөлт  оруулах  замаар  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 127 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасган 90 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 37-39-р тал/

 

Зохигчид 2018 оны 11 дүгээр арын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д.А- нь сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор 50 000 000 төгрөгийг хариуцагч Б.Э-д зээлдүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг эгүүлэн төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Д.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 46 000 000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 4 000 000 төгрөгийг тус тус хариуцагч Б.Э-ы дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-7, 12-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

 

            Хариуцагч Б.Э- нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 46 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.А-д төлсөн байх бөгөөд хариуцагч Б.Э- нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Д.А- нь хууль буюу гэрээнд зааснаар зээл, зээлийн хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй юм. /хх-ийн 31-32-р тал/

 

            Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч Б.Э-аас хүлээн авсан 46 500 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт бус, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт тооцно гэж тайлбарлажээ.

 

            Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж” заасан байх бөгөөд хариуцагч Б.Э-аас нэхэмжлэгч Д.А-д төлсөн 46 500 000 төгрөгийг маргаан бүхий 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт сонгож төлсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

           

            Нөгөө талаар нэхэмжлэгч Д.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэх 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Э-аас нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

 

                        Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан тул үндсэн зээл 50 000 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 46 500 000 төгрөгийг хасаад үлдэх 3 500 000 төгрөг, хүү 15 000 000 төгрөг, алданги 9 250 000 төгрөг, нийт 27 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62 250 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.   

 

            Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шүүх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэдэг өдөр хэргийн материалыг танилцуулсан гэх боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.А-д 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эрх, үүргийг тайлбарлан өгч, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн материалыг танилцуулж баримтад гарын үсэг зуруулсан болох нь хэрэгт авагдсан эрх, үүрэг тайлбарласан баримт болон хэргийн материал танилцуулсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 23, 42-р тал/

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “MR бренд” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээж авахаас татгалзсан гэх боловч уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 470 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                                                     

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ                                         

                                         ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ