Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/705

 

 

 

 

 

 

      2022             7              6                                         2022/ДШМ/705                     

 

Д.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль /томилолтоор/,

шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Баясгалан, Ц.Амар,

хохирогч Д.Мын өмгөөлөгч С.Одгариг, 

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/373 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Баясгалан, Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Бт холбогдох эрүүгийн 1905 04192 0404 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Дгийн Б, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...... аймгийн ................ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бараа судлал мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт ................... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ................. дугаар байрны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:................/;

            Шүүгдэгч Д.Б нь Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Тээш” худалдааны төв”-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд тус байгууллагын эзэмшлийн “Ногоон зоорь”-ийг худалдана гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Д.Мын 49.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Дгийн Бийг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бийг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 64 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүд оногдуулсан торгох ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 9.040.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 30.000.000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Мын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Бийн түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

            Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Шүүгдэгч Д.Б нь Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Тээш” худалдааны төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд тус байгууллагын эзэмшлийн “Ногоон зоорь”-ийг худалдана гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Д.Мын 30.000.000 төгрөгийг залилсан болох нь хохирогч Д.М, гэрч Б.Ч, Г.Мс, О.М, Р.О, М.Э-А... нарын мэдүүлгээр нотлогдож байна...” хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж байгаа этгээдүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох ба хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудын мэтгэлцээний үед тогтоогдсон эргэлзээтэй дараах гэрчүүдийн мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.Бийг хохирогч Д.Мын 30.000.000 төгрөгийг өөртөө залилан мэхлэх аргаар шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Үүнд:

            1. Гэрч Б.Ч нь хохирогч Д.Мын эзэмшлийн “Р ш” ХХК-д ажилладаг байсан эсэх нь эргэлзээтэй, нэг ч гэрээ хэлцэл, цалин авч байсан баримт байдаггүй атлаа би энэ байгууллагад ажилладаг байсан, Д.Мыг Д.Бт мөнгө өгч байхыг 30 см-ийн өргөнтэй 2 хаалганы завсар зогсож байгаад харсан хэмээн илтэд эргэлзээтэй, худал мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.

            2. Гэрч О.М нь хохирогч Д.Мд 1.000.000 төгрөг зээлүүлсэн гэх боловч энэ зээлүүлсэн мөнгөнийхөө эх сурвалжийг худал мэдүүлсэн байдаг ба хаан банкны данснаасаа бэлнээр зарлагдаж авсан гэдэг ч түүний эзэмшлийн ямар ч данснаас тухайн үед 1.000.000 төгрөгийн зарлага гараагүй байдаг.

            3. Гэрч Г.Мс нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө би гэрч Р.Оээс мөнгөтэй А4-ийн хэмжээтэй том цүнхийг гэрээс нь очиж авсан гэж мэдүүлдэг ч гэрч Р.О нь жижиг хар цүнх Г.Мсэд өгч явуулсан гэж мэдүүлсэн. Мөн цүнхэнд мөнгө байгаа эсэхийг яаж мэдсэн юм бэ гэх өмгөөлөгчийн асуултад би хараагүй, би цүнхний гадна талаас хүрэлцэхүйгээрээ мэдэрсэн хэмээн илтэд худал мэдүүлсэн.

            4. Гэрч М.Э-А болон гэрч Р.О нар нь илтэд зөрүүтэй мэдүүлгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгч байсан. Хохирогч охин М.Э-Агаараа мөнгө бэлдүүлж ажил дээрээ авчихаад маргааш нь уг мөнгөө гэртээ мартсан байсан тул буцаагаад ажил руугаа гэрч Г.Мсээр авчруулсан гэх мэт илт логикийн алдаатай мэдүүлгүүд өгдөг.

            Мөн шүүгч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ “...Шүүгдэгч Д.Бийн “хохирогч Д.Маас мөнгө аваагүй” гэх мэдүүлгийн эх сурвалж нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно...” хэмээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно.” гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Харин ч шүүгдэгч Д.Бийн хамт хохирогчийн түрээсийн гэрээний хэрэгжилтийг хянаж ажиллаж байсан ажилчид шүүгдэгч Д.Бийг хохирогчтой зоорь худалдах талаар хэлцэл хийгээгүй, мөнгө аваагүй, авахгүй талаар гэрчийн мэдүүлгүүд өгсөн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн шатанд шинжлэн судлагдсан. Хохирогчийн мэдүүлэгтээ дурдаад байгаа ямар ч банкны дансанд байгаагүй, компанийн данс, тайлан тооцоо бүртгэлд тусгагдаагүй бэлнээр шүүгдэгчид өгсөн гэх мөнгөнүүдийг шүүгдэгч хүлээн авсан, захиран зарцуулсан талаар нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй юм. Дээрхээс гадна залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг чухал шинж нь шүүгдэгчийн санаатайгаар бодит байдлыг нууж үүсгээд буй тухайн нөхцөл байдлын талаар хохирогч мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь хохирогчийн хууртагдсан, төөрөгдсөн субьектив нөхцөл байдлыг илэрхийлдэг. Хохирогч хууртагдаагүй, төөрөгдөөгүй болох нь дараах баримтуудаар нотлогдоно. Үүнд:

            1. 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн “Р ш” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл - “Улаанбаатар төмөр зам” ХНН нь төрийн өмчийн байгууллага бөгөөд уг өмчийг хэн нэгэн дарга дур мэдэн зарах эрхгүй байдаг”,

            2. 2013, 2014, 2015, 2016 онд тус тус байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-д хохирогч гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан байдаг ба 2014 онд байгуулсан “Түрээсийн гэрээ”-г худалдах, худалдан авах гэрээ гэж бодон гарын үсэг зурсан болохоо 2015 оны 1 дүгээр сард хараад гайхсан гэж тайлбарладаг ч мөн л 2015, 2016 онуудад “Түрээсийн гэрээ” байгуулсаар байсан байдаг,

            3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, Монгол Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн 001/хт2018/01010 дугаар тогтоол бүхий иргэний хэрэгт цугларсан баримтууд - энэ хэрэгт талуудын хооронд эд хөрөнгө түрээслэх эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хохирогч шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ түрээсийн гэрээ байгуулсан болохоо хүлээн зөвшөөрч, түрээсийн төлбөр, засан сайжруулалттай холбогдон гарсан зардлуудтай холбоотой асуудлаар маргаан үүсгэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна,

            4. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Тээш” худалдааны төвийн ажилтнуудын гэрчийн мэдүүлгүүд - хохирогч Д.Мын хувийн байдлын талаар болон түрээсийн гэрээний хэрэгжилтийн талаар хангалттай тайлбаруудыг гаргасан,

            5. Хохирогчийн шүүгдэгчтэй түүний албан ажлын өрөөнд уулзаж бэлэн мөнгө өгсөн гээд байгаа цаг хугацаанд шүүгдэгч Д.Б нь ээлжийн амралттай байсан байдаг. Тухайлбал 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сар, 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажил дээрээ байхгүй байсан нь тухайн үеийн цагийн бүртгэлийн дэвтэр, гэрчийн мэдүүлгүүдээр нотлогддог,

            6. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчтой “Тээш” худалдааны төвийн удирдлагуудын хийсэн уулзалтын тэмдэглэл - энэ үеэр мөн л Хохирогч түрээсийн гэрээний төлбөр болон засан сайжруулалтын асуудлаар ярилцсан байх ба “Ногоон зоорь”-ийг худалдан авсан талаар яриагүй,

            7. Хохирогч залилуулж шилжүүлсэн гээд байгаа 49.500.000 төгрөгөө шүүгдэгчид зээлүүлсэн, “Ногоон зоорь” худалдан авахаар төлсөн гэж хоёр янзаар тайлбарладаг.

            Түүнчлэн шүүх ямар нотлох баримтаар шүүгдэгч болон хохирогч нарын хооронд урьдын харилцаатай байсан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас харахад хохирогч Д.М нь 2013 оноос хойш “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмчлөлийн “Ногоон зоорь”-ийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан, 2014 оны 7 дугаар сард шүүгдэгч Д.Б тус байгууллагад “Тээш” худалдааны төвийн даргаар томилогдож ирсэн байх ба 2014 оны 9 дүгээр сард хохирогч Д.Мтай уулзаж түрээсийн гэрээг байгууллагын нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинэчлэн байгуулсан баримтууд хэрэгт авагдсан. Энэ үйл баримтыг үгүйсгэх нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй.

            Өөрөөр хэлбэл хохирогчийн залилуулсан гэх цаг хугацааны өмнө шүүгдэгч, хохирогч нарын хооронд ямар ч урьдын харилцаа байгаагүй байна.

            Албан тушаалын байдлаа ашигласан талаар: “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Тээш” худалдааны төвийн даргаар ажиллаж байсан Д.Бт 2014 оноос 2016 оны үед “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга болон орлогч даргаас тус тус 2015 оны 3 дугаар сард, 2015 оны 2 дугаар сард, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус тус түрээсийн гэрээ байгуулах итгэмжлэлүүдийг олгож байсан байх ба гэрээ байгуулах эрх олгогдсон эсэх асуудлаар иргэний шүүхийн 3 шатны шүүхийн шийдвэр, тогтоол гарч Д.Б нь хууль зөрчөөгүй болохыг тогтоосон байна. Түрээсийн гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэлээр байгууллагын өмчийг худалдах хэлцэл хийх боломжгүй бөгөөд тийм хэлцэл хийсэн тохиолдолд энэ асуудал нь өөрөө Эрүүгийн хуульд заасан завших гэмт хэргийн шинж болно. Гэтэл хохирогч хүсэл зоригоо илэрхийлэн түрээсийн гэрээ байгуулчихаад үүнийгээ үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэж тайлбарлаж байгаа нь өөрөө нотлогдохгүй ба худалдах, худалдан авах хэлцэл хийгээгүй атлаа түүнд энэ хэлцлийг хийх урьдчилгаа төлбөр өгсөн гэх тайлбар нь ч үгүйсгэгдэнэ. Дээрх байдлаар шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Мыг залилсан, хохирол учирсан болох нь нотлогдохгүй байх байгаа бөгөөд хохирогч болон түүний талд мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэг бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бусад баримтаар нотлогдохгүй, хоорондоо зөрүүтэй, логикийн алдаатай байна.

            Иймд хэргийн бодит байдалтай нийцээгүй бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хохирогчийн мэдүүлэг, эх сурвалжаа зааж чадахгүй Б.Ч, О.М, Р.О, М.Э-А, Г.Мс нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.Бийг бусдыг залилан мэхэлсэн гэм буруутай гэж үзэж ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

            Шүүхээс “...Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Тээш” худалдааны төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 дугаар сарын 5 дугаар сар хүртэлх хугацаанд тус байгууллагын эзэмшлийн “Ногоон зоорь”-ийг худалдана гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглан иргэн Д.Мын 30.000.000 төгрөгийг залилсан...” гэж хэргийн нөхцөл байдлыг тогтоосон. Энэхүү үйл баримтыг хохирогч Д.Мын удаа дараагийн зөрүүтэй мэдүүлэг, гэрч Б.Ч, Г.Мс, О.М, Б.У, Р.О, М.Э-А, Ч.М, Т.Б-Ээ нарын мэдүүлгийг үнэлсэн ба өөр нотлох баримтыг үнэлээгүй болно. Түүнчлэн шүүгдэгч Д.Бийн “хохирогч Д.Маас мөнгө аваагүй” гэх мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад төрлийн гэмт хэргээс хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлж авсан үйлдлийн арга, хохирогчийн гэмт хэрэгт хандсан сэтгэхүйн харьцаагаар ялгагддаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хохирогчийн хувьд төөрөгдөлд орсон, төөрөгдөлд орсны улмаас эд хөрөнгөө өөрийн сайн дурын үндсэн дээр гэмт этгээдэд шилжүүлсэн байх шаардлагатай. Шүүхийн тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлтэд дурдсан “Ногоон зоорь”-ийг хувьчилна, худалдана, “зоорь худалдана авах санал тавьж, хамтран ажиллаж байна, мөнгө хэрэгтэй байна, дэлгүүрээ хэзээ хүлээлцэх бэ, чи түрээслэгчийн давуу эрхээр хувьчлаад авчих, дараа нь надад хэлчих, “Ногоон зоорь”-ны нэгийг би авна гэж байснаа болилоо, тэр зоорийг чи ав” гэх зэргээр хохирогчид төөрөгдсөн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дахин шинжлэн судлахгүй буюу нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан.

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай шийдвэрт:

            “...Хариуцагч Д.М тайлбартаа “Р ш” ХХК түрээсийн гэрээний дагуу өнөөдрийг болтол ажиллаж ирэх хугацаандаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн итгэл найдварыг алдалгүй түрээсэлж буй обьектуудынхаа түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа төлж чирэгдэлгүй ажиллаж ирсэн. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Улаанбаатар төмөр зам”-ын харьяа “Ногоон зоорь”-ны ерөнхий түрээслэгчээр 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Түрээсийн төлбөр сар бүр 1.000.000 төгрөгөөр тохирсон. Мөн 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс түрээсийн төлбөрийг 7.000.000 төгрөг болгож хийхдээ тухайн гэрээнд нэхэмжлэгч байгууллагын харуул хамгаалалтын ажилтны 3 хүний цалинг нэмж олгохоор тохирч, түрээсийн төлбөрийн 7.000.000 төгрөгт оруулан тооцож байхаар хийсэн. ...харуул хамгаалалтыг өөрөө хариуцах хүсэлтийг удаа дараа нэхэмжлэгчид гаргасан. Ингээд манай хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаатайгаар гэрээг шинэчилсэн. Гэрээнд харуул хамгаалалтын зардлыг хасч, түрээсийн гэрээний төлбөрийг 5.000.000 төгрөгөөр тохирсон. ...“Улаанбаатар төмөр зам”-ын дотоод аудитын дарга н.Пунцаг гэдэг хүнд би түрээслэгч нарыг яагаад айлгаад байгаа талаар асуухад тэр надад насаараа бизнес хийсэн хүн хоёулаа тохиръё гэж өөрөөр хэлбэл надаас мөнгө нэхэхэд нь би зөвшөөрөхгүй гэж хэлээд гарсан. Үүнээс болоод гэрээний хугацаа дуусаагүй байхад үндэслэлгүйгээр гэрээ цуцлах гээд байна гэж үзэж байна...” гэж тайлбарласан.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...зохигч 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн 14/2-53 тоот гэрээг байгуулж, “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Баянгол дүүрэг, тээвэрчдийн гудамж, Улаанбаатар дахь худалдаа үйлдвэр үйлчилгээний төвийн ногоон зоорины хашааны талбай, төмс, байцаа, манжингийн зоорь, модон зоорь, ажилчдын байрыг төмс, хүнсний ногоо, барилгын материал хадгалах, хашаанд түрээслэгч өөрийн контейнерыг байршуулан барилгын материал хадгалах, худалдаа явуулах зориулалтаар хариуцагч “Р ш” ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд сард 7.000.000 төгрөгийн төлбөртэйгөөр эзэмшүүлэхээр тохирч, түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Тээш” худалдааны төвтэй, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг 7.000.000 төгрөг байхаар 15/2-53 дугаартай гэрээг байгуулсан. Үүний дараа хариуцагч 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаатай түрээсийн гэрээ байгуулах хүртлээ түрээсийн төлбөрийг сар бүр 7.000.000 төгрөгөөр төлсөөр ирсэн талаар зохигч маргахгүй байна...” гэж дүгнэсэн. /хх 120/

            Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 588 дугаартай магадал /хх 133/, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01010 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

            Дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон үйл баримт бол талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, ийнхүү түрээсийн гэрээ байгуулагдсан болохыг хэн аль нь зөвшөөрсөн, маргаагүй гэдгийг тогтоосон юм.

            Хохирогч Д.М иргэний хэргийн шүүх, шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэл, хариу тайлбартаа түрээсийн гэрээ байгуулж байснаа хүлээн зөвшөөрч байсан атлаа гэнэт 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс Авлигатай тэмцэх газар өргөдөл гаргахдаа түрээсийн гэрээ байгуулаагүй, түрээсийн гэрээг би уншаагүй, худалдах худалдан авах гэрээ байгуулсан, намайг сар бүр түрээсээ төлөөд худалдаж ав гэсэн гэх нөхцөл байдлыг зохиож мэдүүлэх болсон нь илтэд хууль зүйн үндэслэлгүй болно.

            Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 188 дугаартай талд авагдсан “Р ш” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Тээш” худалдааны төвийн “Ногоон зоорь”-ны хашааг түрээслэхдээ... Шүүх “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ түрээсийн гэрээг цуцлаагүй мөртлөө түрээсийн зүйлүүдийг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн... нэхэмжлэлийн шаардлага: “Р ш” ХХК болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хооронд хийгдсэн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний хугацаа дуустал үргэлжлүүлэхийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-д даалгаж өгнө үү...” гэж хүсэл зоригоо илэрхийлж байсан.

            Гэрч Б.Цаас гаргаж өгсөн нотлох баримт болох /хх 171/ 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр түрээслэгч “Р ш” ХХК-ийн захирал Д.Мтай хийсэн хурлын тэмдэглэлд “...Д.М: “...Танай энэ хүүхэн чинь /эдийн засагчийг хэлэв/ “Ногоон зоорь”-ны гэрээ 2 хувь зурагдаад 1 хувийг дарга өөрт нь өгсөн байтал ураад устгаж хаячихаад гэрээ байхгүй гээд 7 саяар тооцоод яваад байна. ...цахилгааны зардлыг түрээсийн төлбөрт оруулсан байгаа гэж заасан байгаа. ...Д.М: “...“Ногоон зоорь”-ны гэрээг хийхдээ доторх түрээслэгчид нь мөнгөө өгдөггүй байсан, би ерөнхий түрээслэгч болсноор бүх түрээс цагтаа төлөгддөг болсон. ...Д.М: Би энэ гэрээний 1 хувийг ямар  байсан танайд 1 хувийг өгье, уг нь цахилгааны төлбөрийг түрээсийн төлбөрөөс гадна төлөхгүй үндсэн төлбөрт оруулсан...” гэж мөн адил тэмдэглэгдсэн байна.

            “Р ш” ХХК-иас шүүгдэгч Д.Бт гаргаж байсан хүсэлтүүдэд /З хх 84-87, 5 хх 136-143/ мөн адил хохирогч Д.М хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд хүсэл зоригоо илэрхийлж, бодит нөхцөл байдлыг ухамсарлаж байсан болох нь тогтоогдоно.

            Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар тогтоолд заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

            Шүүхийн шийтгэх тогтоолд “...2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын хүртэлх хугацаанд тус байгууллагын эзэмшлийн “Ногоон зоорь”-ийг худалдана гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглан иргэн Д.Мын 30.000.000 төгрөгийг залилсан...” гэсэн хэргийн нөхцөл байдлыг хохирогчийн мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзсэн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэж заасан.

            Нийслэл Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 435 дугаартай магадлалд хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй болохыг тогтоосон. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж болсон гэрч нарын мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй ба өөр хоорондоо зөрүүтэй болно. Үүнд:

            Хохирогч Д.М 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг өгсөн, уг мөнгийг Г.Мс гэрээс авчирч өгсөн гэх боловч гэрч М.Э-Агийн /3 хх 51/ “...10.000.000 төгрөгийг бэлдээд аавын ажил болох “Ногоон зоорь” гэх газарт аваачиж өгсөн...” гэх мэдүүлгээр няцаагдана.

            Хохирогч Д.М 2015 оны 2 дугаар сарын дундуур 10.000.000 төгрөг өөрийн ажилтан, гэрч Б.Чын хамтаар өгсөн гэх боловч гэрч Б.Ч нь “Р ш” ХХК-д ажилладаг талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, тэрээр 2015 оны 1 сар, 3 сар, хавар ажилд орсон гэх зэргээр илтэд зөрүүтэй мэдүүлдэг.

            Хохирогч Д.М 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр 10.000.000 төгрөг өгөхдөө Г.Мс, О.М нараас мөнгө зээлж өгсөн гэх боловч Д.Бт 10.000.000 төгрөг өгсөн гэх өдрийг гэрч Г Мс, О.М нар зөрүүтэй мэдүүлдэг. Гэрч Г.Мс нь 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр 3 дахь өдөр өгсөн гэх боловч гэрч О.М 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр 5 дахь өдөр өгсөн гэх зэргээр зөрүүтэй мэдүүлнэ.

            Мөн гэрч О.Мийн мэдүүлэг нь хаан банкнаас ирсэн лавлагаа, дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 170-180/ зэрэг баримтуудаар няцаагдана.

            Гэрч Г.Мсийн мөнгөн хөрөнгийн эх сурвалж хэрэгт авагдаагүй болно.

            Дээрх илтэд зөрүүтэй мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байхад шүүх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Шийтгэх тогтоолд Д.Бийн “хохирогч Д.Маас мөнгө аваагүй” гэх мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттой хянан хэлэлцээгүй байна. Шүүгдэгч Д.Бийн мэдүүлгийн эх сурвалжууд хэрэгт авагдсан хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүд, “Р ш” ХХК-иас гаргаж өгсөн хүсэлтүүд, Д.Бийн өмнөх шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтууд, гэрч Г.Түмэн-Өлзий, Д.Шийрэвжанцан, Д.Шинэхүү, Д.Жаргал, Д.Зориг, Т.Б-Ээ, Б.Ц, Г.Ганцэцэг, Ш.Б-Ээ нарын мэдүүлгүүд, Д.Бийн дансны хуулга, ажлын цагийн бүртгэл болон бусад нотлох баримтуудаар хангалтай нотлогдон тогтоогдоно.

            Дээрх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалбал шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд залилан мэхлэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тулд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхийн дүгнэлтэд ноцтой нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаараагүй. Сая дурдагдаж байгаа нотлох баримтууд болон зөрүүтэй мэдүүлгүүдийн аль мэдүүлгийг яагаад үнэлээгүй гэдэгт шүүх дүгнэлт хийгээгүй. Зохиомол гэрч гарч ирсэн гэж бид үздэг. Энэ асуудлыг шалгуулах хүсэлт тавихад нэг талын ажиллагаа явуулаад шалгаж өгдөггүй. Өмнө нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар энэ хэрэг хэлэлцэгдэж байсан. Шүүхээс дүгнэхдээ наад зах нь хэн нь залилуулсан, хэн зээлснийг ялгаж гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай гэж дүгнэсэн. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, гомдлыг огт хангаж байгаагүй. Гэрчүүд нэг ашиг сонирхолтой байсан, илт худал мэдүүлэг өгөөд байхад хэргийг олон талаас нь харгалзаж үзсэнгүй. Нөгөөтээгүүр, гэмт хэрэг гарсан цаг хугацааг буруу тогтоосон. Хохирогч 2014 болон 2015 онуудад түрээсийн гэрээ байгуулагдаж байгааг мэдэж байсан талаараа мэдүүлсэн байдаг. Мөн хохирогчийн мөнгө хүлээлцсэн гэх өдрүүд нь таарахгүй байсан тул Д.Бийн Төмөр замын удирдах газар руу албан тоот бичиж байсан огноонуудтай таруулж мөнгө өгсөн мэтээр оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, мөнгө өгсөн өдрүүдтэй тухайн албан тоотуудын огноо таардаг. Хохирогчийн гол зорилго нь төмөр замаас мөнгө салгах, магадгүй түрээсийн төлбөрөө буцааж авах бөгөөд үүнийхээ төлөө Д.Бийг түүнийг залилсан мэтээр хэрэг үүсгэсэн. Эхэлж өгсөн мэдүүлгүүд болон нотлох баримтуудаар энэ хэрэг иргэний хэргийн маргаан болох нь харагдаж байсан. Гэтэл сүүлд гэрчүүд хэргийг гэмт хэрэг болгохын тулд өмнөх мэдүүлгээсээ зөрүүтэй, буцсан мэдүүлгүүдийг мэдүүлсэн байдаг. Иймд гэрчүүдийн мэдүүлэгт автахгүйгээр хэргийн бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэж Д.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Хохирогч Д.Мын өмгөөлөгч С.Одгариг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдөр залилах гэмт хэргийн талаар хэлэлцэж байна. Гэтэл үүнийг өөр зүйлээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хэргийг иргэний маргаан, түрээсийн гэрээ гэж тайлбарлаж байна. “Улаанбаатар төмөр зам” нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Д.Б хохирогчид “...намайг мөнгө авсан талаар битгий хэлээч, би энэ асуудлыг зохицуулна...” гэх мэт зүйлсийг хэлсэн. Энэ талаар хохирогч шүүх хуралдаанд удаа дараа мэдүүлсэн. Хохирогч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түрээсийн гэрээг үргэлжлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Энэ шүүх хуралдаанд Д.Бийг гэрчээр оролцуулсан. Мөн шүүгдэгч албан контортоо мөнгө авсан талаар гэрчүүд тодорхой мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгч нараас зарж борлуулах эрхгүй гэж тайлбарлаж байна. Залилан хийж байгаа этгээд өөрт нь худалдан борлуулах эрх олгогдоогүй зүйлийг л худалдаж залилан хийдэг. Гэрчүүд худал мэдүүлэг өгсөн нь бусад баримтуудаар тогтоогдож байна гэдэг. Гэтэл яг ямар баримтаар тогтоогдож байгаа нь ойлгомжгүй. Үнэхээр гэрчүүд зөрүүтэй, худал мэдүүлсэн юм бол тодорхой баримтыг гаргаж ирээд няцаах ёстой байтал тэгж чадахгүй байгаа. Мөн мөнгө авсан гэх цаг хугацаанд шүүгдэгчийг ээлжийн амралттай байсан гэдэг. Хүнээс мөнгө авах гэж байгаа бол ээлжийн амралттай байсан эсэх нь хамааралгүй. Энэ мэт энгийн зүйлсийг өөрөөр тайлбарлаж гэмт хэрэг үйлдэгдээгүй мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Энэ төрлийн нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэргүүд гэрч, хохирогчийн мэдүүлгээр л нотлогддог. Иймд гэмт хэрэг нотлогдсон гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв. 

            Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Д.Б Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Тээш” худалдааны төв”-ийн даргаар ажиллаж байхдаа хохирогч Д.Мтай уулзаж “зоорь худалдана авах санал тавьж, хамтран ажиллаж байна, мөнгө хэрэгтэй байна, дэлгүүрээ хэзээ хүлээлцэх бэ, чи түрээслэгчийн давуу эрхээр хувьчлаад авчих, дараа нь надад хэлчих, “Ногоон зоорь”-ийн нэгийг би авна гэж байснаа болилоо, тэр зоорийг чи ав” гэх зэргээр албан тушаалын байдлаа ашиглаж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.Маас бэлэн мөнгө авч байсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр болон Д.Бийг ажилд томилсон тушаал зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогддог. Эдгээр баримтуудыг няцаах үндэслэл тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа эсвэл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, хуульд зааснаар мэдүүлэг өгч, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүхээс Д.Бийн “хохирогч Д.Маас мөнгө аваагүй” гэх мэдүүлгийн эх сурвалж нотлогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудтай танилцсан. Гэрчүүдийн мэдүүлгийг эрх үүрэг танилцуулж, хууль сануулсны дараа авсан ба хэрэгт хувийн болон өс хонзонгийн асуудлаар худал мэдүүлэг өгсөн, гүтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 4 жилийн дараах үйл явдлыг сэргээн тогтоосон бөгөөд хохирогч, гэрч нарын сар өдрийн талаар нарийн санахгүй байсан ч хэрэг үйлдсэн газар, тодорхой зүйлсийг санаж байсан. Прокуророос 49.500.000 залилсан гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүнээс хэдэн төгрөгийг зээлж, хэдэн төгрөгийг залилсан талаар нарийн тогтоох шаардлагатай гэж буцаасан байсан. Прокурорын зүгээс эсэргүүцэл бичиж 49.500.000 төгрөгийг залилсан гэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс 30.000.000 төгрөгийг залилсан гэж үзээд үлдсэн 19.500.000 төгрөгийг зээлсэн үү эсвэл бусад байдлаар үрэгдүүлсэн үү гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Хэргээс үзэхэд, Д.Б ногоон зоорийг худалдах эрх бүхий этгээд биш бөгөөд өөрөө авах зорилгоор хохирогчийг төөрөгдөлд оруулсан нь харагддаг. Тэгэхээр хууль бус гэрээ гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Б нь Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Тээш” худалдааны төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд тус байгууллагын эзэмшлийн “Ногоон зоорь”-ийг худалдана гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Д.Мын 30.000.000 төгрөгийг залилсан болох нь:

хохирогч Д.Мын “...Д.Б нь Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний даргаар томилогдож ирсний дараа намайг “ирж уулз” гэснээр бид 2 удаа дараа уулзаж байсан ба уг объектын ашиглалтын хугацаа дууссан, акталчихсан учраас зооринуудыг хэсэгчлэн худалдаж авснаас бүхэлд нь 250.000.000 төгрөгөөр худалдаж авах санал тавьсан. Б надтай байгуулсан гэрээг нэг ёсондоо худалдах, худалдан авах гэрээгээр өөрчилж байгууллаа гээд намайг хуурч түрээсийн гэрээ дахин байгуулсан. ...Би “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Тээш” худалдааны төвийн даргаар ажиллаж байсан Д.Бт “Ногоон зоорь” худалдан авалтын урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийхдээ өгсөн. Мөн 2015 оны 6 дугаар сарын сүүлээр 3.500.000 төгрөг өгсөн. 2016 оны 4 дүгээр сард бас дахин гэрээ хийхдээ “Ногоон зоорь” худалдан авалтын урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг нэмж өгсөн. Мөн 2016 оны 6 дугаар сарын сүүлээр би 5.500.000 төгрөг өгсөн. “Р ш” ХХК-д албан бичиг гаргаж өгөх болгондоо надаас мөнгө авдаг байсан. Нэг ёсондоо хамтран ажиллаж байна гээд надаас мөнгө авдаг байсан. Баримтаа авъя гэхээр худал шалтаг хэлээд надад өгдөггүй байсан шүү дээ. ...Би эхлээд 20.000.000 төгрөгийг нэхэмжилсэн, хамгийн сүүлд Бтай нүүрэлдүүлж байцаалт өгөхөд Б надаас мөнгө аваагүй гээд гүрийгээд дургүй хүргээд, үгүй гээд байхаар нь би сүүлийн мэдүүлэгт надаас авсан бүх мөнгийг нь хэлж нэхэмжилсэн. ...Он, сар, өдрийг яагаад мэдээд байна гэхээр 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн 10.000.000 төгрөг нь гэрээ байгаа болохоор, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3.500.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг өгсөн нь албан бичиг бичигдсэн өдөр өгсөн болохоор санаж байна, 2015 оны 6 дугаар сарын сүүлээр 3.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын сүүлээр 5.500.000 төгрөгийг өгсөн нь наадмын өмнө өгсөн болохоор санаж байна, “наадмын хуушуурын мөнгө” гээд тоглоом хийж байгаад өгсөн болохоор сайн санаж байна, тэгээд зээлчих гээд авсан, яг таг хэдний өдөр гэдгийг одоо санахгүй байна. 2015 оны 6 дугаар сарын сүүлээр Б намайг өөрөө дуудаад мэнд ус асуугаад, “улсын наадам болох гэж байна мөнгө байвал зээлээч” гэхээр нь би 3.500.000 төгрөг байна гэхэд “тэрийгээ зээлчих, наадам болох гээд мөнгө цаасны хэрэг байна” гэхээр нь би 3.500.000 төгрөгийг бэлнээр зээлсэн. 2016 оны 6 дугаар сарын сүүлээр наадам болох гэж байх үед намайг өрөөндөө дуудаад “хэдэн цаас хэрэгтэй байна, 5.000.000-6.000.000 төгрөгийг зээлээч” гэхээр нь “за наадмынхаа хуушуурын мөнгийг гэж байна уу би маргааш авч ирж өгье” гээд маргааш нь ажил дээр нь очиж 5.500.000 төгрөгийг өгсөн, надад 6.000.000 төгрөг байсан ч би 500.000 төгрөгийг нь Чад хөдөө явах гэж байгаа гэхээр нь бензиний мөнгө гээд өөрийн ажилтан Чад өгчхөөд дараа нь Бийн ажил дээр очиж үлдэгдэл 5.500.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн Бтай “гэрээг тэдэн сарын тэдний өдрөөс тохирлоо шүү” гээд гэрээ байгуулах өдрөөс 2-3 хоногийн өмнө байх 4-5 хоногийн өмнө үү, тийм л байх ёстой би 10.000.000 төгрөгийг өгсөн. 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс гэрээ нь мөрдөгдөж байгаа. ...Ингээд харилцан бүх юмаа тохирсны дараа 2015 оны 2 дугаар сарын дундуур гэрээ байгуулсан, өдрийг нь санахгүй байна, гэрээн дээр байгаа. Гэрээ үйлдээд, гарын үсэг зураад би гэрээгээ аваад явсан, тэгээд маргааш нь намайг дахиж дуудахаар нь яваад очиход “дэлгүүрээ хэзээ хүлээлцэх бэ” гэхээр нь би “чи хүлээлцэх хүнээ гаргачих, би хүмүүсээ гаргая” гэхэд “за хөгшинд нь хэдэн цаас хэрэгтэй байна” гэхээр нь би “мөнгө маруухан байна” гэхэд “зохицуулаач” гэхээр нь “хэдэн цаас бэ” гэхэд “хөгшиндөө 10.000.000 төгрөг өгчих” гэсэн, тэгээд ярьж байхад надад “наадах чинь хуучин нийтийн ахуй үйлчилгээний удирдах газрын эзэмшилд байсан, төмөр замын эзэмшил биш харьяалалгүй, уг газар татан буугдсаны дараа эзэнгүйдсэн байсан, тэгэхээр нь би төмөр замын бaлансад бaлансжуулаад авсан юм, би дараа нь бaлансаас нь хасчихна, одоо бол төрийн өмч төрийн өмчийн хороо мэднэ, тэгэхээр чи түрээслэгчийн давуу эрхээр хувьчлаад авчих, дараа нь надаа өгчих, ногоон зоорины нэг зоорийг би авна гэж байснаа болилоо, тэр зоорийг бүтнээр чи ав” гэсэн. Үүнээс 2 билүү 3 хоногийн дараа надад маш их задгай мөнгө байсан болохоор би Чтай хамт ченж, бөөний дэлгүүр, бензин клонк орж 10.000.000 төгрөгийг бүхэлдэж 20.000-тын дэвсгэртээр 5 боодол мөнгө болгож, нийт 10.000.000 төгрөг болгож, Бийн ажил дээр очоод би Бийн хаалгаар ороход хаалганы гадна талд Ч үлдсэн, би өөрийн гар цүнхэнд 10.000.000 төгрөгтэй орсон, би ороод өөрийн барьж явсан цүнхний цахилгааныг онгойлгоод Бт 10.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд Бийн хамт хаалгаар нь гарахад Ч зогсож байсан, би гараад мөнгийг нь аваад өөрийн хоосон болсон цүнхийг Чад өгөхөд Б үүдээ түгжээд цаашаа явахдаа царай нь сонин болоод “зүгээр юм байгаа биз дээ” гэхэд би “зүгээрээ” гэсэн, миний цүнх тухайн үед цахилгаан нь онгорхой байсан. ...2014 оны 9 дүгээр сарын дундуур Ногоон зоорины худалдаж, худалдан авах урьдчилгаа 20.000.000 төгрөг өгөхөөс 10.000.000 төгрөгийг урьдчилж бэлнээр өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гарсан үед 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг өгсөн. 2015 оны 2 дугаар сард 33 дугаар байрны дэлгүүрийн гурван жилийн гэрээг үйлдэхэд 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2015 оны 6 дугаар сарын сүүл улсын наадам болох гэж байсан үеэр 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр Ногоон зоорь худалдан авалтын урьдчилгаа 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2016 оны 6 дугаар сарын сүүлээр 5.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нийт 49.500.000 төгрөгийг хохирол учирсан...” /хх 41-42, 3 хх 49-50, 216/,

гэрч Б.Чын “...“Ногоон зоорь” дээр ажилтай байж байхад М 100 төгрөгийн тортой мөнгөтэй ирээд “хоёулаа мөнгө бүхэлдүүлээдэхье” гэсэн. Тэгээд хамт яваад Богд ар орчим “Шунхлай” клонк, болон бензин кoлонк, “Тоса” дэлгүүрүүдээр яваад мөнгөө бүхэлдүүлээд 5 боодол 20.000 төгрөгийн дэвсгэрт болгосон, нийт 10.000.000 төгрөг болсон. ...Тэгээд уг мөнгөө аваад “Тээш” худалдааны төв дээр ороод 2 давхрын коридорт гараад намайг “наанаа байж бай” гээд дамжиж ордог Б дарга гэж бичсэн ертөнцийн зүгээр хойшоо харсан өрөө рүү орсон, М гуай тийшээ байнга ордог. М гуай цүнхтэй мөнгөө аваад орсон, 5-10 минут орчим болоод М гуай гарч ирэхдээ надад “май миний хүү энийг барьж бай” гээд цүнхээ өгсөн, цүнхний цахилгаан онгорхой байсан, дотор байсан 5 боодол мөнгөгүй болсон байсан, М саарал жижиг цүнхээ өөрөө байнга авч явдаг. М, Б даргын хамт гарч ирсэн, Б дарга хаалгаа түгжээд над руу нэг сүрхий том харж байсан, М гуай тоглоом, шоглоомоор “манай ажилчин мэдэж байгаа биз дээ” гээд инээгээд хэлж байсан, намайг хараад жаахан эвгүйцсэн гэж би бодсон, над руу сүрхий том харсан...” /3 хх 220/,

гэрч Г.Мсийн “...би гэр лүү нь очоод “Мөөнөө хар цүнхтэй мөнгө аваад ир” гэсэн гэж хэлтэл “энэ байна” гээд надад хар цүнх өгсөн, Би цүнхийг нь аваад Мөөнөөгийн ажил дээр нь очтол ажил дээрээ ирчихсэн байсан, цүнхнээсээ мөнгө гаргаж ирэхэд 20.000-тын дэвсгэртээр 5 боодол мөнгө гаргаж ирээд нэг нэг боодлоор нь нэг бүрчлэн тоолж дуусчихаад ...“чи энэ мөнгөөр яах гэж байгаа юм бэ” гэж асуутал “энэ ногоон зоорийг худалдаж авах гэж байгаа юмаа” гэж хэлэхээр нь “өө тийм үү” гэж хэлээд л орхичихсон юм. Тэгээд бид 2 ажлаас нь гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ явж байгаад “Барс” захын баруун талд буюу Монголд үйлдвэрлэв гэсэн бичигтэй газрын зүүн талд байх 2 давхар байшингийн хашаа руу нь орсон. Машинаас хамт буугаад “хоёулаа хамт оръё” гэж хэлээд 2 давхар байшингийн 2 давхар луу гараад Мөөнөө намайг “чи эндээ байж бай” гэж хэлээд цаад талын мухар луу ганцаараа цүнхтэй мөнгөө бариад явчихсан, ...10-аад минутын дараа гараад ирсэн. Тэр үед нэг гартаа цүнхээ барьчихсан, цүнх нь хоосон бололтой санжганачихсан байсан, харин нэг гартаа цаас барьчихсан нэлээн сэтгэл хангалуун байгаа бололтой инээчихсэн гарч ирснээ машиндаа суугаад “гэрээ хийчихлээ” гэж хэлээд цүнхээ онгойлгоод барьж гарч ирсэн цаасаа нугалаад цүнхэндээ хийчихсэн. Мөөнөө “би ногоон зоорийг худалдаж авч байна миний хувийн юм болж байна” гэж хэлсэн. ...2016 оны 4 дүгээр сарын сүүлээр М над руу утсаар залгаад “чамд ойр зуур хэрэглэчих 1.000.000-2.000.000 төгрөг байна уу” гэж асуухад нь тухайн үед би байшин барих гээд хураачихсан мөнгө байсан болохоор “1.000.000 төгрөг зээлүүлье” гэж хэлсэн чинь “маргааш өглөө эрт бэлнээр аваад ажил дээр хүрээд ирээч” гэхээр нь би өглөө 09 цаг өнгөрөөгөөд ажил дээр нь очоод 10.000-тын дэвсгэртээр боосон 1 боодол буюу 1.000.000 төгрөгөө өгсөн. Намайг Мөөнөөгийн ажил дээр сууж байхад манай талийгаач найзын эхнэр М гаднаас орж ирээд ...10.000-тын дэвсгэртээр боосон 1 боодол буюу 1.000.000 төгрөг өгсөн, Мөөнөө 4 боодол 20.000-тын дэвсгэрт гаргаж ирээд нийлүүлээд цүнхэндээ хийчихсэн. Тэгэхээр нь би “чи энэ их мөнгөөр яах гэж байгаа юм бэ” гэж асуутал “нөгөө ногоон зоорины чинь юм яваад байгаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд бид 3 Мөөнөөгийн ажлаас машинтай нь гараад 2014 онд очиж байсан 2 давхар байшингийнхаа гадаа очоод Мөөнөө машинаасаа ганцаараа буугаад явж ороод 20-оод минутын дараа гарч ирсэн. Тэр үед бас л нэг гартаа цүнхээ барьчихсан, нэг гартаа цаас барьчихсан гарч ирсэн. Би тухайн үед машиных нь гадаа тамхи татаад зогсож байгаад орсон, намайг орох үед Мөөнөө “бүх юм болж байх шиг байна шүү” гэж хэлж байсан...” /хх 49-50/,

гэрч О.Мийн “...2016 оны 4 дүгээр сарын сүүлээр 5 дахь өдөр байсан. М над руу утсаар яриад “миний найзад бэлэн мөнгө байна уу” гэсэн. Яасан гэхэд “мөнгө хэрэг болоод байна, ногоон зоорь авах гээд байна” гэсэн. Би 10.000-таар боосон боодолтой мөнгө өгсөн. Цаад талд нь 20.000-тын боодолтой мөнгө байсан. Намайг хамт гарья гээд манай найз Мс бид 3 хамт яваад Монголд үйлдвэрлэв гээд дэлгүүрийн гадаа ирсэн. Бид хоёрыг гадаа сууж бай гэсэн. Өөрөө ороод 10-20 минут болоод гарч ирээд “найз нь энэ ногоон зоорийг авах гэж байгаа” гэж хэлээд орж ирсэн. ...Тухайн үед Мс 1.000.000 төгрөг өгсөн гэж байсан, Мс 10.000-тын дэвсгэртээр 1.000.000 төгрөг өгсөн байсан, мөнгийг ширээн дээр тавьсан байсан, өөрийн жижиг хар цүнхнээс гаргаж ирсэн, “надад 8.000.000 төгрөг байна, та хоёроос авсан мөнгийг нэмээд 10.000.000 төгрөг боллоо” гэсэн...” /хх 9, 3 хх 142/,

гэрч Б.Уийн “...Улаанбаатар төмөр зам “Ногоон зоорь”-ийг худалдах асуудал огт яригдаагүй. Наад асуудлыг чинь би сая л сонсож байна. Төмөр замын эд зүйлийг байгууллагын дарга дур мэдээд зарах эрх хэмжээ байхгүй шүү дээ. Олгосон эрх хэмжээний хүрээнд түрээслүүлэх л эрх хэмжээтэй...” /3 хх 41/,

гэрч Р.Оийн “...2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр маань “зоорь авчихлаа” гэрээ хийсэн гээд яваад байсан, урьд нь авах гээд байгаа гээд яриад байдаг байсан. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагийн үед над руу залгаад “цүнхтэй мөнгөө орхисон байна. Мсийг очихоор нь өгчхөөрэй” гэсэн ...“цүнхтэй мөнгө тэр байна” гээд заахад Мс аваад гараад явсан. ...Б дээр очно гээд л мөнгө аваад явдаг юм...” /5 хх 73/,

гэрч М.Э-Агийн “...Би аавын бүхэлдүүлээд ир гэсэн 10.000.000 төгрөгийг 20.000 төгрөгийн дэвсгэртээр 5 боодол болгож 2014 оны 9 дүгээр сарын 14-ний орой аавд ажил дээр нь аваачиж өгсөн. Яагаад энэ сар өдрийг сайн мэдэж байна гэхээр маргааш нь буюу 15-ны өдөр “объектоо худалдаж авах гэрээ хийнэ” гэж байсан. Мөн дараа нь түүнээс 3-4 хоногийн дараа зоорь буулгана гээд ахиад 10.000.000 төгрөг аваачиж өгч байсан. Ер нь би 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс тус ногоон зоорийг түрээсийн гэрээгээр эзэмшиж 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр аав тус ногоон зоорийг худалдан аваад 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр булаалгах хүртэл аавын мөнгө төгрөгийг бүхэлдүүлэх цэгцлэх зэрэг ажлуудаар аавдаа тусалдаг байсан. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш аав “худалдааны төвийн дарга Д.Бт хэдэн төгрөг худалдан авалтын мөнгө өгөх гэсэн юм” гээд удаа дараа мөнгө аваачин өгдөг байсан...” /5 хх 79-80/,

гэрч Ч.Мийн “...Өөрийн эрх хэмжээний хүрээнд гэрээ байгуулдаг, шууд худалдан борлуулах эрх байхгүй, худалдан борлуулах талаар материал бүрдүүлээд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлаар орж шийдэгддэг. Төмөр замын өмчийг заавал ерөнхий хорооны хурлаар оруулж шийддэг, намайг ажиллаж байх үед янз янзын зүйл ярьж ирдэг хүмүүс зөндөө байсан. Тухайн үед нь тайлбарлаад гаргадаг байсан. Миний хариуцдаг байсан Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний төв, “Тээш” худалдааны төвөөс төмөр замын эзэмшлийн “Ногоон зоорь” гэх газрыг худалдах, худалдан борлуулах талаар санал болон материал бүрдүүлж ирүүлж байгаагүй...” /5 хх 103-105/,

гэрч Т.Б-Эийн “...Салбар нэгжийн дарга нар худалдах, худалдан борлуулах бусдад шилжүүлэх эрх эдлэхгүй, зөвхөн замын даргын итгэмжлэлийн үндсэн дээр түрээслүүлэх буюу түрээсийн гэрээ байгуулах эрхтэй. Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 17-д Ерөнхий хороо нь нийгэмлэгийн тухайн үеийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах бөгөөд дор дурдсан үүргүүдийг биелүүлнэ. Үүнд: “Д”-д хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах, түүнчлэн нийгэмлэгийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгө зээлэх талаар холбогдох шийдвэрүүдийг гаргана. Дүрмийн 22-т Замын даргад дараах эрхүүд олгоно. Үүнд: “В”-д төрөл бүрийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, түрээслэх шилжүүлэх, борлуулах, тогтоосон журмаар данснаас хасах. Тэгэхдээ нийгэмлэгийн хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах явдлыг нийгэмлэгийн хорооноос энэ тухай шийдвэр гаргасны дараа сая гүйцэтгэнэ. Дүрмийн 33-т Замын даргаас замын ерөнхий инженер, алба хэлтэс ба аж ахуй нэгжийн дарга түүнчлэн, нийгэмлэгийн бусад төлөөлөгч нарт бичиг баримтад гарын үсэг зурах, итгэмжлэл олгох болно гэж заасан байдаг болохоор салбар нэгжийн дарга нарт түрээсийн гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлээр олгодог, салбар нэгжүүд зөвхөн өөрийн салбарын нэгжийн балансанд бүртгэлтэй хөрөнгийг түрээслүүлэх, түрээсийн гэрээ байгуулах эрхтэй. Худалдан борлуулах, худалдах эрх байхгүй...” /5 хх 98/ гэх мэдүүлгүүд,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Б-I-71 дугаартай Д.Бийг “Тээш” худалдааны төвийн даргаар томилсон тушаал /хх 85/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Aнхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Бийн Д.Мын урьдын харилцааны явцад бий болсон өөрт нь итгэсэн итгэлийг урвуулан ашиглаж, Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшлийн “Ногоон зоорь”-ийг худалдана гэж хуурч, Д.Мын 30.000.000 төгрөгийг залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасaн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл зөв байна. 

Шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасaн торгох ялыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Баясгалан “...Д.Б нь Д.Мыг залилсан, хохирол учруулсан болох нь нотлогдоoгүй...” гэсэн,

өмгөөлөгч Ц.Амар “...иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан болохыг тогтоосон, гэмт хэргийн шинжгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.  

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог.

Хэргээс үзэхэд, хохирогч Д.Мын “...Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Тээш” худалдааны төвийн даргаар ажилладаг Д.Бийн 250.000.000 төгрөгөөр худалдаж авах санал, түрээслэгчийн давуу эрхээр хувьчлаад авчих, дараа нь надаа өгчих, ногоон зоорины нэг зоорийг би авна гэж байснаа болилоо, тэр зоорийг бүтнээр нь ав гэсэнд хууртагдан төөрөгдөлд орж, 30.000.000 төгрөгийг Д.Бт өгсөн... нь гэрч Б.Чын “...М 10.000.000 төгрөгөө аваад “Тээш” худалдааны төв дээр ороод 2 давхрын коридорт гараад намайг “наанаа байж бай” гээд дамжиж ордог Б дарга гэж бичсэн ертөнцийн зүгээр хойшоо харсан өрөө рүү орсон, ...М гуай гарч ирэхдээ надад “май миний хүү энийг барьж бай” гээд цүнхээ өгсөн, цүнхний цахилгаан онгорхой байсан, дотор байсан 5 боодол мөнгө байхгүй болсон байсан...” /3 хх 220/, гэрч Г.Мсийн “...“чи энэ мөнгөөр яах гэж байгаа юм бэ” гэж асуутал “энэ ногоон зоорийг худалдаж авах гэж байгаа юмаа” гэж хэлэхээр нь ...Монголд үйлдвэрлэв гэсэн бичигтэй газрын зүүн талд байх 2 давхар байшингийн хашаа руу нь орсон. Машинаас хамт буугаад “хоёулаа хамт оръё” гэж хэлээд 2 давхар байшингийн 2 давхар луу гараад Мөөнөө намайг “чи эндээ байж бай” гэж хэлээд цаад талын мухар луу ганцаараа цүнхтэй мөнгөө бариад явчихсан, ...10-аад минутын дараа гараад ирсэн. Тэр үед нэг гартаа цүнхээ барьчихсан, цүнх нь хоосон бололтой санжганачихсан байсан, ...2016 оны 4 дүгээр сарын сүүлээр Мөөнөө 4 боодол 20.000-тын дэвсгэрт гаргаж ирээд нийлүүлээд цүнхэндээ хийчихсэн. ...Тэгээд бид 3 Мөөнөөгийн ажлаас машинтай нь гараад 2014 онд очиж байсан 2 давхар байшингийнхаа гадаа очоод..., Тэр үед бас л нэг гартаа цүнхээ барьчихсан, нэг гартаа цаас барьчихсан гарч ирсэн...” /хх 49-50/, гэрч О.Мийн “...2016 оны 4 дүгээр сарын сүүлээр 10-20 минут болоод гарч ирээд “найз нь энэ ногоон зоорийг авах гэж байгаа” гэж хэлээд орж ирсэн. ...Тухайн үед “надад 8.000.000 төгрөг байна, та хоёроос авсан мөнгийг нэмээд 10.000.000 төгрөг боллоо” гэсэн...” /хх 9, 3 хх 142/, гэрч Р.Оийн “...2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагийн үед над руу залгаад “цүнхтэй мөнгөө орхисон байна. Мсийг очихоор нь өгчхөөрэй” гэсэн ...“цүнхтэй мөнгө тэр байна” гээд заахад Мс аваад гараад явсан...” /5 хх 73/, гэрч М.Э-Агийн “...Би аавын бүхэлдүүлээд ир гэсэн 10.000.000 төгрөгийг 20.000 төгрөгийн дэвсгэртээр 5 боодол болгож 2014 оны 9 дүгээр сарын 14-ний орой аавд ажил дээр нь аваачиж өгсөн. ...Мөн дараа нь түүнээс 3-4 хоногийн дараа зоорь буулгана гээд ахиад 10.000.000 төгрөг аваачиж өгч байсан...” /5 хх 79-80/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан болохыг тогтоосон талаар давж заалдах гомдол гаргажээ. Энэхүү иргэний хэргийн шийдвэр нь /хх 120-143/ түрээслүүлэгч Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, түрээслэгч “Р ш” ХХК-ийн хооронд үүссэн түрээсийн маргааныг хянан шийдвэрлэсэн буюу шүүгдэгч Д.Бийн Д.Мыг залилсан гэх үйлдэлтэй хамааpaлгүй байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн хохирол болж тогтоогдоогүй 19.500.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага болгож хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Баясгалан, Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохoop давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/373 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Мын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Мын хохирлоос 19.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож...” гэж өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Баясгалан, Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ

                   

                                 ШҮҮГЧ                                                      Л.ДАРЬСҮРЭН

                                

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ