Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/706

 

 

 

 

 

 

      2022             7              6                                         2022/ДШМ/706                     

 

Н.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Дашдондов, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/618 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Гын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2108 00000 0356 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            У овогт Нийн Г, ..... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ........... аймгийн ............ суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт ................ аймгийн ............... сум, ... дугаар багийн ...................... хороолол, .... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............................./;

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 559 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сарын хорих ялыг нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялын хугацаа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дуусаж суллагдсан.

            Шүүгдэгч Н.Г нь:

            1. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 19 дүгээр гудамжны 26 тоотод оршин суух иргэн Н.Огийн эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн ТСЛ фирмийн 32 инчийн ЛСД зурагт, дунд гарын мана хөөрөг, хөөргөний даалин зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.370.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2021   оны 3 дугаар сарын 10-наас 11-ний өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 33-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баялаг” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нэвтэрч хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 670.580 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2021 оны 2 дугаар сарын 23-наас 24-ний өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15-14а тоотод оршин суух иргэн В.Бын эзэмшлийн амбаарын хаалгыг эвдэн дугуй 7 ширхэг, гагнуурын аппарат, цахилгаан тастагч, цахилгаан дрилл, цахилгаан зүлгүүр зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2021 оны 3 дугаар сарын 2-ноос 3-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Энхтунгалаг 40 айлын орон сууцны гараашны цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, иргэн Х.Дын эзэмшлийн Кен загварын 2 ширхэг цахилгаан дриллийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24-31-6 тоотод оршин суух иргэн Г.Б-Эийн эзэмшлийн өвлийн сууцны цонхыг хагалж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч бусдад 124.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 59-23 тоотод байрлах иргэн Д.Гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт, Эл Жи загварын гар утсыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24-13 тоотод оршин суух иргэн Г.Б-Оын эзэмшлийн өвлийн сууцны цонхыг хагалан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч Шарп фирмийн 32 инчийн ЛСД зурагт, эрэгтэй хүний булган малгай зэрэг эд хөрөнгийг хулгайлж бусдад 600.000 төгрөгийн шууд, 10.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,

            8. 2020 оны 1 дүгээр сарын 9-нөөс 16-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 4-39 тоотод оршин суух иргэн Э.Уын эзэмшлийн өвлийн сууцны цонхыг хагалан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч Самсунг фирмийн 42 инчийн ЛСД зурагт, Самсунг фирмийн зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг хулгайлж бусдад 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 19 дүгээр гудамж, 2 тоот орон байранд нэвтэрч А.Оийн эзэмшлийн цагаан шаргал өнгөтэй нурууны массажны аппарат, хүүхдийн цахилгаан дугуй буюу скит зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

            10. 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 46а байрны 45 тоот орон байранд нэвтэрч Г.Гбын эзэмшлийн 32 инчийн ЛСД зурагт, жижиг гаанс 1 ширхэг, мөн миний эзэмшлийн Айпоне 6 загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

            11. 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мбыг согтуурсан үед нь түүнд мэдэгдэлгүйгээр Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар картад байсан 416.300 төгрөгийг авсан буюу нийт 11 удаагийн үйлдлээр бусдад нийт 7.420.880 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч У овогт Нийн Гыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гын цагдан хоригдсон 213 /хоёр зуун арван гурав/ хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Н.Гаас нийт 5.341.150 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Хд 670.850 төгрөг, хохирогч В.Б 1.000.000 төгрөг, хохирогч Х.Дод 200.000 төгрөг, хохирогч Г.Б-Ээд 124.000 төгрөг, хохирогч Э.Уд 1.040.000 төгрөг, хохирогч А.От 490.000 төгрөг, хохирогч Г.Гбад 750.000 төгрөг хохирогч Б.Мбад 416.300 төгрөг, хохирогч Г.Б-От 610.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэсайханд 40.000 төгрөг тус тус олгож, хохирогч Д.Г, Н.О нарт төлөх төлбөргүй болгохыг тус тус дурдаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Н.Г давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх надад холбогдох 11 үйлдэл нь амьдралын эх үүсвэр болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад хамаарахгүй, зөвхөн архи уусан тохиолдолд л архи уух зорилгоор л хулгай хийдэг юм байна гээд хүндрүүлэх нөхцөл байдлыг үгүйсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Миний 8 үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж өршөөгдөж байгаа болно. 2021 оны 7 сараас хойш үйлдэгдсэн 3 үйлдэлд минь тохирсон ял шийтгэлийг оногдуулж яллагдагч миний эрх зүйн байдлыг сайжруулж, оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

 

            Шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон зүйлчлэл дээр маргахгүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг 2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан. Мөн миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэв.

 

            Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюул, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 6 жилийн хорих ялыг оногдуулсан. Н.Г нь 11 удаагийн хулгайн үйлдэлтэй, энэ үйлдэлд 9 хохирогч 1 иргэний нэхэмжлэгчийн 5.341.150 төгрөгийн хохирол төлөгдөөгүй. Харин шүүгдэгчээс хураан авсан эд зүйлийг 2 хохирогчид буцаан олгож, хохирол төлөгдсөн гэж үздэг. Мөн өдий хүртэл хохирол төлбөрийг төлөөгүй байгаа нь ял хөнгөрүүлэх нөхцөл болохгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч Н.Г өмнө 2 удаагийн нэвтрэлттэй хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялаа эдэлж дуусаад удаагүй байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж эхэлсэн нь амьдралын эх үүсвэр болгосон гэж прокуророос дүгнэсэн нь үндэслэлтэй хэмээн анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Анхан шатны шүүхээс хэргийг буцаахдаа бусад хэргүүдийг нэгтгэн шалгаж ирүүлэх гэсэн үндэслэлийг дурдсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо ахуй амьдралдаа бус зөвхөн архи уухдаа ашигладаг байсан учир амьдралын эх үүсвэр болгоогүй гэж дүгнэсэн. Прокуророос анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн учир эсэргүүцэл бичээгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Г нь:

1. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 19 дүгээр гудамжны 26 тоотод оршин суух иргэн Н.Огийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн ТСЛ фирмийн 32 инчийн ЛСД зурагт, дунд гарын мана хөөрөг, хөөргөний даалин зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 1.370.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Огийн “...гэрийн хаалга онгорхой байхаар нь ороод үзтэл гэрийн тоононы салхивч онгойсон байдалтай, гэрийн хоймор хэсэгт байрлах зурагт алдагдсан байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн цагдаа ирээд явсны дараа эд зүйлээ шалгаад гэрийн баруун хойд талд байрлах авдар дотор байсан миний өөрийн эзэмшлийн дунд гарын хуучин цагаан улаан хүрэн мана чулуун хөөрөг, даалингийн хамт алдагдсан байсан...” /хх 18/,

иргэний нэхэмжлэгч О.Эны “...2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 21 дүгээр хороололд байрлах “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газартаа үйл ажиллагаа явуулаад байж байтал гаднаас 20 гаран насны залуу зурагт тэвэрчихсэн орж ирээд барьцаанд тавих гэсэн юм гэхээр нь зурагтыг нь үзээд хуучин зурагт байхаар нь авахгүй гэсэн чинь тэгвэл хямдхан зарчихъя гэхээр нь би тухайн зурагтыг нь үзэж байгаад 40.000 төгрөгөөр худалдан авсан. Манай гэрийн зурагт гэхээр нь итгээд авчихсан юм. 40.000 төгрөг нэхэмжилнэ...” /хх 20-21/,

шүүгдэгч Н.Гын “...Н.О ахынд орж тамхи асуух гэж очсон чинь гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь би гэрийнх нь хажуу талд нэг амбаар байсан тэр амбаарын урд талд цэнхэр үүлний хайч байхаар нь аваад гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоод гэрт нь орж ТСЛ фирмийн жижиг зурагт байхаар нь би аваад гарсан юм. Тэгээд зурагтаа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах баян зоог цайны газар дотор байдаг ломбардад тухайн зурагтаа 40.000 төгрөгөөр тавьсан юм...” /хх 63-64/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/,

эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13-14, 3 хх 41-42/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21/036 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...нийт 1.370.000 төгрөгийн хохирол...” гэх тайлан /хх 25/,

2. 2021 оны 3 дугаар сарын 10-наас 11-ний өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 33-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баялаг” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нэвтэрч бэлэн 35.000 төгрөг, ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 670.580 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч О.Хгийн “...манай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч Ням-Очир эгч миний гар утас руу залгаад танай дэлгүүрийн урд талын цонх онгорхой байна, хулгайч орсон юм шиг байна гэхээр нь би дэлгүүр дээрээ ирээд үзтэл дэлгүүрийн урд талын хоёр цонхыг хагалсан, баруун талын цонхны төмөр хаалтыг хөшиж ороод дэлгүүрийн лангуунаас эд зүйлс алдагдсан байхаар нь хяналтын камерын бичлэгээ шалгаад үзтэл манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан, мөн манай дэлгүүрт өр зээл тавьж байсан Г гэх залуу манай дэлгүүрт орж эд зүйлс хулгай хийсэн байсан. ...Манай дэлгүүрээс хүнс, ахуйн бараа, нэгж, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс алдагдсан. Үнэлгээ тохирсон байна...” /хх 88-89, 92/,

шүүгдэгч Н.Гын “...“Баялаг” хүнсний дэлгүүрийн цонхыг чулуугаар цохиж хагалан цонхоор нь дотогш орсон. Тэгээд тухайн дэлгүүр дотор байсан ундаа, чихэр, бохь, шоколад зэрэг эд зүйлсийг хулгайлж авч явсан. Тухайн хулгайлж авч явсан эд зүйлсээ би 1 дүгээр хорооллын араар шагийн архи зардаг хүмүүст архиар сольж таксины жолооч нарт заримыг нь зарчихсан. Би өөрийн буруугаа ухамсарлаж байна...” /хх 116-117/ гэх мэдүүлгүүд,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 82-83/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 21/037 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...нийт хохирол 635.580 төгрөг...” гэх тайлан /хх 97-98/,

3. 2021 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15-14-а тоотод оршин суух иргэн В.Бын эзэмшлийн амбаарын хаалгыг эвдэн нэвтэрч, дугуй 1 ширхэг, гагнуурын аппарат, цахилгаан тастагч, цахилгаан дрилл, цахилгаан зүлгүүр зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч В.Бын “...манай хойд талын хүн болох Раднаа залгаад танай амбаарт хулгай орчихсон юм шиг байна, та хүрээд ирээч гэхээр нь яваад очтол хашаан дотор байрлах амбаарын хаалгыг эвдэн дотроос нь “Тоёота Приус-30” загварын автомашины зуны 15 инчийн хайлшин обудтай дугуй 4 ширхэг, төмөр обудтай дугуй З ширхэг, 220 вольтын цэнхэр өнгийн цахилгааны гагнуурын аппарат 1 ширхэг, кен загварын том цахилгаан тасдагч 1 ширхэг, кен брэндийн цахилгаан дрилл 1 ширхэг, цахилгаан зүлгүүр 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /хх 135-136, 139/,

шүүгдэгч Н.Гын “...би хашааны хаалгыг нь онгойлгоод дотогш ороод эд зүйл хураасан амбаар байхаар нь би хашаан дотор байсан төмрөөр хөшиж онгойлгоод дотор нь байсан машины дугуй 7 ширхэг, цахилгаан тастагч 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, цахилгаан зүлгүүр 1 ширхэг зэрэг эд зүйл байхаар нь би авсан. Тэгээд тухайн эд зүйлээ би таксины жолооч нарт зарчихсан...” /хх 167-168/ гэх мэдүүлгүүд,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 21/034 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...нийт дүн 1.000.000 төгрөг...”  гэх тайлан /хх 146/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 124-127/,

4. 2021 оны 3 дугаар сарын 2-ноос 3-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Энхтунгалаг 40 айлын орон сууцны гараашны цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч иргэн Х.Дын эзэмшлийн Кен загварын 2 ширхэг цахилгаан дриллийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Х.Дын “...ажил дээрээ очсон чинь гараашны цонх хагарсан байхаар нь гараашинд ороод ажлын багаж, эд зүйлсээ үзсэн чинь Кен загварын 2 ширхэг гар дрилл байхгүй байсан. 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр тухайн байранд орж ирээд яваад байсан үл таних залуу 3 дугаар сарын 3-ны өдрийн 12 цагийн үед Энхтунгалаг 40 айлын орон сууцны урд талын хашаанд согтуу унтаж байхаар нь очоод уулзсан чинь тухайн залуу 3 дугаар сарын 2-ны өдөр тухайн гарааш руу орж манай 2 ширхэг цахилгаан гар дриллийг авсан гэдгээ өөрөө хэлсэн...” /хх 187-188, 191/,

гэрч Т.Гын “...орон сууцны байранд юм хийх гээд гарааш руу орсон чинь цонх хийж байсан хүмүүсийн багаж нь алга болсон байсан. Хяналтын камерыг шүүж байсан чинь гараашны жижиг цонхоор хулгайч ороод багажууд аваад гарч байсан...” /хх 193-194/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 173-176/,

таньж олох ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 177-180/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 21/031 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...цахилгаан дрилл-2ш=200.000 төгрөг...” гэх тайлан /хх 198/,

5. 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24-31-6 тоотод оршин суух иргэн Г.Б-Эийн эзэмшлийн өвлийн сууцны цонхыг хагалан нэвтэрч, 50.000 төгрөг хийсэн мөнгөний гахайг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 124.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Б-Эийн “...хажуу айлын эгч Отгонжаргал залгаад танай байшингийн цонхыг хагалж хулгайч орсон юм шиг байна гэхээр нь бид нар Бат-Өлзий аймгаас гарч орой 20 цагийн орчимд гэртээ иртэл байшингийн амбаарын жижиг цонхыг онгойлгосон, байшингийн урд цонх онгойсон байдалтай байсан ба ...том өрөөнд зурагтын тавиур дээр байсан хүүхдийн цагаан өнгийн мөнгөний гахайг үүдний амбаар дотор хагалж гахайн дотор байсан 50.000 төгрөг алдагдсан байсан. Би уг хэрэгт манай эхнэрийн төрсөн дүү Мбын найз Гыг үйлдсэн гэж бодож байна...” /хх 221-222, 226/,

гэрч А.Олын “...2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр яг хэдэн цагийг нь сайн санахгүй байна, манай хажуу айлын үүдэнд намхан нуруутай хар малгайтай, хар царайтай, 20 гаран насны залуу зогсоод байхаар нь чи яагаад энүүгээр эргэлдээд байгаа юм бэ гэж хэлтэл ахынхаа гэрт ирсэн юм гэхээр нь юм бодоогүй гэртээ орчихсон. Тухайн өдөр дээрх залуу дахин хоёр удаа ирсэн ба тухайн айл руу ороогүй. 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг өнгөрч байх үед гэртэй байж байтал цонх хагарах шиг чимээ гарахаар нь цонхоороо хартал манай хөрш айлын байшингийн урд цонхоор хүн гараад зугтахаар нь гараад хартал хашааных нь гадна машинтай үл таних хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан ба нөгөө үлдсэн залуу нь нэг хайрцагтай юм аа аваад дээшээ зугтаасан...” /хх 235-236/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 213-217/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 21/039 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...хохирол 74.000 төгрөг...” гэх тайлан /хх 240/,

6. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 59-23 тоотод байрлах иргэн Д.Гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн ЛСД зурагт, “Эл Жи” загварын гар утсыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Гийн “...гэртээ иртэл хашааны хаалга онгойчихсон, гэрийн цоож эвдэрчихсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэхээс өмнө сургуулийн сурагч хувцастай хүүхэд “саяхан танай хашаанаас нэг эрэгтэй зурагт барьчихсан явж байсан тэр мөн болов уу” гэхээр нь би мөн гээд хэлтэл тэр сургуулийн сурагч нэг залуутай хамт манай зурагтыг авч явсан хулгайчийг дагуулчихсан ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд нөгөө хулгайчийн нэрийг асуухад Г гэж байсан. Манай гэрээс зурагт, мөн Самсунг загварын гар утас авсан байсныг надад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /2 хх 25-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 808 дугаартай “...Н.Гын гарын хээний дардас 2018-1445БНД гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн 3 ширхэг алганы мөртэй тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 хх 35-36/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 11-14/,

гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 хх 15-20/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 174 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...нийт 300.000 төгрөг үнэлэгдсэн...” гэх тайлан /2 хх 50-51/,

7. 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24-13 тоотод оршин суух иргэн Г.Б-Оын эзэмшлийн өвлийн сууцны цонхыг хагалан нэвтэрч, Шарп фирмийн 32 инчийн ЛСД зурагт, эрэгтэй хүний булган малгай зэрэг эд хөрөнгийг хулгайлж бусдад 600.000 төгрөгийн шууд, 10.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Б-Оын “...хажуу талын хүүхэд манай гэрт хулгай орчихлоо гэж хэллээ, чи гэртэй очоод үзээдхээч гэхээр нь гэртээ яваад очтол манай байшингийн урд талын цонхны салхивч нь онгорхой, доод талын цонх нь хагарсан байдалтай байсан. Тэгээд гэртээ ороод эд зүйлсээ шалгаж үзтэл байшингийн том өрөөнд тавиур дээр байсан 32 инчийн Шарп загварын ЛСД зурагт, мөн шкаф дотор байсан эрэгтэй хүний булган малгай зэрэг эд зүйл алдагдсан байсан...” /2 хх 104-105, 108/,

гэрч Л.Нлын “...манай хажуу талын Б-О ахын хашаан дотор нэг танихгүй хүн явж байсан. Тэгэхээр нь ямар учиртай хүн юм бол гэж бодоод байшингийнхаа таамбарын цонхоор хараад зогсож байтал тэр хүн Б-О ахын байшингийн цонхыг хагалах шиг болсон. Тэгэхээр нь би эгч Шинэбаярт орж танихгүй хүн Б-О ахын хашаан дотор яваад байна гээд хэлсэн. Тэгээд бид хоёр шууд цагдаагийн байгууллагад хандчихаад дахиад тэр хүнийг ажиглаад зогсож байтал тэр хүн Б-О ахын гэрээс цагаан шуудай дотор зурагт шиг хэмжээтэй зүйл хийчихсэн гарч байсан. Тэгээд би тэр хүний араас нь дагаад дээшээ явж байтал тэр хүн цэнхэр өнгийн хашаа руу яваад орчихсон юм. Би хэсэг тухайн хашааны гадна талд сахиж зогссон боловч тэр хүн буцаж гарч ирээгүй юм.Тэр хүн 30-40 орчим насны хүн байх шиг байсан, дээгүүрээ булган малгайтай, хар зузаан савхин кУиктэй, доогуураа жинсэн өмдтэй явж байсан...” /2 хх 110/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 87-91/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 20/057 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...нийт 610.000 төгрөг...” гэх тайлан /2 хх 118/,

8. 2020 оны 1 дүгээр сарын 9-нөөс 16-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 4-39 тоотод оршин суух иргэн Э. Уын эзэмшлийн өвлийн сууцны цонхыг хагалан нэвтэрч Самсунг фирмийн 42 инчийн ЛСД зурагт, Самсунг фирмийн зөөврийн компьютер, DVD тоглуулагч, эмэгтэй хүний мөнгөн гинж, бөгж, ээмэг, кулонтой цэнхэр шигтгээтэй хослол, сувдан унжлагатай мөнгөн гинж кулон, бөгж ээмэгний хослол зэрэг эд хөрөнгийг хулгайлж, бусдад 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э.Уын “...байшингийн үүдний амбаарын цонх хагарсан байдалтай байхаар нь гэртэй ороод үзтэл 42 инчийн Самсунг брэндийн зурагт алдагдсан байхаар нь тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагч нар ирээд үзлэг хийсний дараа эд зүйлсээ сайн шалгаж үзтэл жижиг өрөөнд байсан жижиг өрөөнд байсан Самсунг брэндийн нөүтбүүк, DVD тоглуулагч, эмэгтэй хүний мөнгөн гинж, бөгж, ээмэг, кулонтой цэнхэр шигтгээтэй хослол, сувдан унжлагатай мөнгөн гинж кулон, бөгж ээмэгний хослол зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх 159-160, 163/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 149-154/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 20/040 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...нийт 1.040.000 төгрөг...” гэх тайлан /2 хх 170/,

9. 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 19 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух иргэн А.Оийн орон байранд нэвтэрч, массажны аппарат, хүүхдийн цахилгаан дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 490.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч А.Оийн “...гал тогооны өрөөний цонхыг хагалсан байхаар нь гэртээ ороод үзтэл манай гэрээс массажны аппарат, хүүхдийн цахилгаан дугуй алдагдсан байсан. ...Тогоор ажилладаг нурууны массажны аппарат 1 ширхэг алдагдсан. Содон шинж тэмдэг гэвэл цагаан шаргал өнгөтэй...Мөн хүүхдийн тогоор ажилладаг Boverboard буюу /цахилгаан скит/ алдагдсан. ...Байшингийн зүүн талын 69x43 см хэмжээтэй цонхыг хагалсан байсан...” /3 хх 148- 149, 152/,

шүүгдэгч Н.Гын “...согтуу явж байгаад тухайн айл руу орсон үгүйг сайн хэлж мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар бол би согтуудаа цахилгаан скит зарах гээд явж байсан санагдаж байна. Тиймээс тухайн айл руу орсон байх гэж бодож байна. Би архи уучхаарай маргааш нь юу хийснээ мэдэхгүй болчихдог юм...” /3 хх 187-188/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 04/296 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 хх 166-167/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 140-144/,

 “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 21/045 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...490.000 төгрөг...” гэх тайлан /3 хх 160/,

10. 2022 оны 1 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 46а байрны 45 тоотод оршин суух Г.Гбын орон байранд нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт, гаанс, “Айфоне 6” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Гбын “...гэртээ ортол гэрийн эд зүйлсийг онгичиж сандаачсан, мөн манай гэрээс 32 инчийн марк тодорхойгүй зурагт, гаанс, “Айфоне 6” загварын гар утас зэрэг алдалдсан байсан...” /3 хх 248-249/,

гэрч Г.Пвийн “...гэр доторх эд зүйлсийг буулгаад хаячихсан, тагт нь онгорхой, зурагт, гар утас алдагдсан байхаар нь би тухайн үедээ дүү Г.Гб гэрийн эд зүйлсийг зараад архи уучихсан байна гэж бодоод буцаад хаалгыг түгжээд гарсан. би дүү Гбыг дагуулаад гэрт нь ирээд өөрөөс нь дахин асуутал ...хулгай орсон юм шиг байна, миний түлхүүр мөн алга болсон байна гэсэн. ...Хаалганд нь ямар ч эвдрэл гэмтэл байгаагүй зүгээр байсан...” /4 хх 1/,

гэрч С.Мгийн “...2022 оны 1 дүгээр сарын дундуур ...Н.Г загварыг нь мэдэхгүй 32 инчийн ЛСД зурагт барьж орж ирээд эгчээ та хямдхан зурагт авах уу гэхээр нь ...тухайн үед нь дэлгүүр дотор үйлчлүүлж байсан үл таних эхнэр нөхөр хоёр Гаас наад зурагтаа зарчих гээд худалдан авч байсан бөгөөд хэдэн төгрөгөөр зарсан эсэхийг нь мэдэхгүй. Н.Г зурагтаа зараад манай дэлгүүрээс архи, ундаа, хоол хүнсний эд зүйлс худалдаж аваад явсан...” /4 хх 5-6/,

шүүгдэгч Н.Гын “...Гб нь харих замдаа тасраад унахаар халааснаас нь гэрийн түлхүүрийг нь авсан. Гбыг тэр газар нь үлдээгээд хүн дуудаж авч явах гэтэл хоёр цагдаа ирээд аваад явж байхаар нь би цаашаа яваад Гбын гэрт нь очиж гэр лүү нь орсон. Тэгээд гэрт нь орсон чинь гэрийн хананд нь зурагт байхаар нь тайлж аваад, авдраас нь жижиг гаанс, орон дээр байсан “Айфоне 6” загварын гар утас зэргийг аваад гарсан. Тэгээд тухайн зурагтаа би маргааш нь Бэбуш гэх нэртэй дэлгүүрт аваачиж 80.000 төгрөгт өгсөн. Харин гаанс, гар утас хоёроо Жагаа гэх зүс таних хүнд 45.000 төгрөгт зарчихсан...” /4 хх 37-38/ гэх мэдүүлгүүд,

 “Мастер үнэлгээ” ХХК-ийн 22/011 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...нийт 750 000 төгрөг...” гэх тайлан /4 хх 12/,

Н.Гын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 хх 239-244/,

11. 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мбыг согтуурсан байх үед нь халааснаас нь Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, картад байсан 416.300 төгрөгийг авсан болох нь:

хохирогч Б.Мбын “...Г та юмнуудаа надад хадгалуулчих гээд байсан, би эд зүйлсээ өгөөгүй. Нэг мэдсэн чинь архи уугаад согтчихсон гэртээ ирчихсэн байсан. Маргааш нь эд зүйлсээ шалгатал миний гар утас, түрийвч зэрэг зүйлс байсан, харин Хаан банкны карт байхгүй байсан тул хаячихсан юм байна гэж бодсон. Тэгтэл 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дансаа шалгаад үзтэл миний картаас 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийт 8 удаагийн гүйлгээгээр 416.300 төгрөг алдагдсан байсан. ...Г гэх залуу авсан гэж сэжиглэж байна. ...Тухайн өдөр хамт архи уусан ба дэлгүүр орж 1 шил архи, чипс, тамхи авах үед миний хажууд зогсож байгаад миний картны нууц үгийг мэдэж авсан гэж бодож байна. ...архи ууж байх үед та юмнуудаа хаячхаж магадгүй надад хадгалуулчих гээд намайг сугадаад байсан тэр үед л надад мэдэгдэхгүйгээр авсан болов уу гэж бодож байна...” /4 хх 50/,

гэрч Ц.Нийн “...Г ханын материалын эцэс дээр ирээд АТМ-ээс мөнгө авна гээд Хас банкны АТМ ороод Хаан банкны карт гаргаж ирээд АТМ-д уншуулахаар нь наадах чинь хэний карт юм бэ гэсэн чинь манай ахын карт гэж хэлсэн ба тухайн картаас нь 30.000 төгрөгөөр 1 удаа, 300.000 төгрөгөөр 1 удаа гүйлгээ хийж бэлэн мөнгө авсан. Би хулгайлж авсныг нь мэдээгүй. Г л анх АТМ-ээс авч захиран зарцуулсан. Тухайн өдөр бид хоёр дээрх мөнгөнөөс буудалд хоносон, мөн архи авч уусан. Үлдсэнийг нь Г л хэрэглэсэн байх. Би дээрх мөнгөнөөс бол авч хэрэглээгүй...” /4 хх 52-53/,

шүүгдэгч Н.Гын “...Мб тасраад унаад өгөхөөр нь би карманаас нь Хаан банкны виза картыг нь авчихсан. Тэгээд Ханын материалын эцэс дээрээс Хас банкны АТМ-ээс очиж Мбын картыг уншуулж дотроос нь эхлээд 30.000 төгрөг авч дараа нь 300.000 төгрөг авсан. Тэгээд тухайн мөнгөөрөө Н бид хоёр архи, тамхи аваад дуусгасан. Мбын тухайн картыг нугалаад хаячихсан. Мбын халааснаас Хаан банкны виза картыг авсан гэдгийг Н мэдээгүй, намайг хулгай хийсэн юм гэдгийг хүртэл мэдээгүй...” /4 хх 77-78/ гэх мэдүүлгүүд,

дүрс бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх 66-68/,

иргэн Б.Мбын Хаан банкны депозит дансны хуулга /4 хх 60/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Гыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйлд заасан 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч Н.Г нь “...8 үйлдлийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, 2021 оны 7 сараас хойш үйлдэгдсэн 3 үйлдэлд минь тохирсон ял шийтгэлийг оногдуулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн тус хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж заасан бөгөөд Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 1 дүгээр сарын 9-өөс 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг түүнд хэрэглэх боломжгүй байна.

Харин шүүгдэгч Н.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан үзэж, шүүгдэгч Н.Гын “...ял хөнгөрүүлэх...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 6 жилийн хорих ялыг 4 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/618 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 56 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/618 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Гын “...ял хөнгөрүүлэх...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ

                   

                                 ШҮҮГЧ                                                      Л.ДАРЬСҮРЭН

                                

 

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ