Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, улсын яллагч Д.Аянагүл, хохирогч Б.*******, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Л.Ган - Очир,   нарийн бичгийн дарга  А.Золзаяа нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 201621000288 дугаартай, 178/2017/ 0121 / Э / индекстэй хэргийг 2017 оны 08 сарын 15 - ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан, 2 дугаар багийн  *******ын 30 айлын 1-14 тоотод оршин суух, ******* оны 02 сарын 03- ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, худаг усны өрмийн мэргэжилтэй, ам бүл-3, эцэг, эхийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, аминдаа гэр нэг, 2 өрөө орон сууцны дундын өмчтэй, сарын өрхийн орлого – 700000 төгрөг,

Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн  2002 оны 05 сарын 27- ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,  Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 12 сарын 16- ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн  2010 оны 12 сарын 08- ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 01 сарын 15- ны өдөр 1 жил 4 сар, 26 хоногийн  хугацааны  өмнө тэнсэн суллагдсан,  ******* дугаарын регистртэй,  Боржигон овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар  / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 сарын 25 – ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино нэртэй баарны нэг давхарт байрлах снүүкер биллярдын тоглоомын газар хохирогч Б.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Боржигон овогт *******гийн ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 сарын 25 – ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино нэртэй баарны нэг давхарт байрлах снүүкер биллярдын тоглоомын газар хохирогч Б.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдаж  нүүрэн тус газар гараараа цохиж газар унагаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хэрэг учралын газар үзлэг хийсэн... Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Казино нэртэй NIGHT CLUB байх ба уг баарны нэг давхарт замруугаа харсан В цонхтой, 9м3 см, х 930 см  хэмжээтэй талбайтай, 2 ширхэг снуукер биллярдын ширээ байх ба уг биллярдыг ажиллуулагч Б.Ганцогийн хэлж байгаагаар “ намайг мөнгө бутлуулчихаад эргээд ороод ирэхэд хохирогч Б.******* хэвтэж байсан “ гэх  газрыг  заалгаж  А үсгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв ... гэх тэмдэглэл, гэрэл зураг  / хэргийн  3-5 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Пүрэвдоржийн Содцэцэгийн өгсөн... 2016 оны 11 сарын 25- ны орой 21 цаг 20 минутын үед Шоогий гэх залуу над руу утсаар яриад” Б.******* ах хүнд зодуулчихаад босдоггүй,  та ирээд авах боломж байна уу “ гэсэн. Би эгч Б.Алтанцэцэгийн хамт Казина баарны нэг давхарын снүүкер биллярдын газарт очиход манай нөхөр Б.******* нь хурхираад унтаж байсан. Босгох гэсэн боловч босохгүй байсан тул 103-д дуудлага өгсөн. Дуудлагын эмч машинтайгаа эмнэлэгт хүргэсэн. Тухайн шөнөө сэхээн амьдруулах тасагт хэвтүүлж, 12 хоноод хот руу яваад  гэмтлийн эмнэлэгт 17 хоног хэвтсэн. Энэ хэрэг болохоос өмнө ямар нэгэн бэртэл гэмтэл авч байгаагүй. Одоогийн байдлаас сайн ярьж чадахгүй байна... гэх мэдүүлэг/ хэргийн 10-11 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэнд-Аюушийн өгсөн... 2016 оны 11 сарын 25- ны  өдөр би  Казино нэртэй баарны 1 давхарын биллъяардан дотор зогсож байтал гаднаас Д.******* орж ирсэн. Тэгтэл онцгой байдалд ажилладаг Б.******* Д.*******ыг “чи ахыгаа гоомоо Нараа” гэж дуудаг гэлүү гэж хэлэхээр нь Д.******* нь уучлаарай ахаа та бид 2 учраа олчихлоо биз дээ гэж хэлсэн. Тэгэж л хоорондоо үг хэлж маргалдаж байтал Д.******* ахаа би таниас уучлалт гуйсан биздээ гэж хэлээд хөлөө ард талд нь тавиад нүүрлүү нь мангасдаад унагасан. Тэгээд Б.******* газарт унаад босож ирээгүй хэвтэж байсан. Дээрээс нь толгой руу нь 3 - 4 удаа өшиглөсөн. Б.******* газарт унахдаа шалан дээр толгойгоороо их эвгүй унасан. Тэр асуудал болж дуусаад л Д.******* гараад явсан. Тэр 2 архи уусан байсан.  Б.******* нэлээд согтолттой байсан.  Д.*******ын хувьд архи уусан боловч Б.*******ыг бодвол арай гайгүй байсан. Б.******* нь Д.*******аас өөр хүнтэй маргалдаагүй ... гэх мэдүүлэг / хэргийн 12 дугаар хуудас /

            Мөрдөн байцаалтад гэрч Х.Баттогтохын өгсөн... 2016 оны 11 сарын 25 –ны өдөр би Казино баарны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг снүүкер биллъярдны текен дээр найз Галаатай хамт ундаа уугаад зогсож байсан. Тэгтэл танил Б.******* гаднаас орж ирээд Д.******* намайг “гоомоо Нараа “ гэж хэллээ гээд байсан. Тэгэхээр нь би чамайг хэн нэгэнтэй андуурсан юм шиг байлгүйдээ гэж хэлсэн. Д.******* удалгүй араас орж ирсэн. Б.******* Д.Түмэнэнбаяр луу хандаад “чи намайг Гоомоо Нараа гэлээ”  гэж хэллээ гэхэд нь ******* би “таныг  андуурсан байна” гэж хэлээд уучлалт гуйгаад 2- лаа учраа олсон биз дээ гээд  маргалдаж байгаад Д.******* нь Б.*******ыг гараараа мангасдаад хөлөө ард талд нь тавиад түлхээд унагасан. Тэгэхэд Б.******* газар унасан. Хажууд нь Улаахай / Б. Цэнд – Аюуш / гээд залуу зогсож байхаар нь би Улаахайг чи наад залуугаа татаад босгочихооч газар уначихлаа гэж хэлэхэд би яахлаараа хүний цохиж унагасан хүнийг босгодог юм гэж хэлсэн. Тэгтэл ар талаар нь Д.******* тойроод гарах шиг болсон. Гэтэл  хүмүүс Д.*******ыг гараад явсны дараа  толгой руу нь  дэвсчихлээшдээ  гэж хэлсэн. Д.******* нь Б. *******ыг газар  унагаснаас хойш  дахиж босож ирээгүй.  Би оо –ийн өрөө лүү орчихоод гараад ирэхэд биллъяард ажиллуулдаг залуу Б.Нарааг орлуу өргөж тавьсан гэсэн. Би тэрнийг анзаараагүй. Би орон дээр нь очиход Б.******* хурхирч байсан.  Би наад залуу чинь эвгүй болчихсон байна цагдаа  юмуу эмнэлэг дууд гэж хэлчихээд гараад явсан. Д.*******ын хувьд архи уусан боловч Б.*******ыг бодвол арай гайгүй байсан. Б.******* нь Д.*******аас өөр хүнтэй маргалдаагүй ээ. Ил харагдах шарх сорви гэмтэл байгаагүй ... гэх мэдүүлэг/ хэргийн 13 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганцогийн...  Миний бие 2016 оны 11 сарын 25 –ны өдөр 14 цагийн үед биллъяардаа нээсэн. Тэгээд хүмүүс орж гараад тоглож байсан. Орой 18 цаг өнгөрч байсан санагдаж байна.  Д.******* нь Л.Чагнаадоржийн хамт гаднаас орж ирсэн. Тэгээд буцаад баарлуу орно гээд 2 давхарлуу гарсан. Тэд нарыг дээшээ гарсных нь дараа Онцгойд ажилладаг Б.******* хажуудаа Галаатай /малгай галаа гэж хочилдог / орж ирсэн. Тэр 2 нэлээд согтуу байсан. Биллъяард тоглож байгаа хүмүүстэй гар бариад мэнд ус болж байгаад гараад явсан. Тэрнээс хойш 1 цаг болсон байх Б.******* биллъяарданд ороод ирчихсэн байсан. Гаднаас Д.******* орж ирэхэд Б.******* “чи намайг Гоомоо Нараа” гэдэг гээд маргаад зогсож байсан. Хажуунаас нь  Х.Баттогтох /Тоодгоо/ ах  та 2 боль л доо яах гээд маргаад байгаа юм гэж байсан. Тэгэж маргалдаж байгаад  Д.******* нь Б. ******* ахыг мангасдаад унагаачихсан. Б.******* ах газар уначихаад босож ирээгүй, газар хурхираад байсан. Д.******* нэлээд байж байгаад гарч явсан. Гарах замдаа замдаа Б.******* ахын толгойруу 2-3 удаа дэвссэн. Энэ үед Д. *******ын 1 найз нь аваад гараад явсан.  Д.******* дахиж орж ирээгүй. Би *******ыг Пооний гэдэг хүнтэй өргөөд биллъяардны орон дээр тавиад карманаас нь утсыг аваад хань гэсэн дугаарлуу нь залгаад Содоо эгч ээ  Б.******* манай бааранд согтуу хэвтэж байна гэж хэлсэн. Эхнэр нь 20-30 минутын дараа ирээд хацарлуу нь цохиод, алгадаад сэргэхгүй байсан тул эмнэлэг дуудаад эмнэлэгийн машин ирээд аваад явсан. Тухайн үед Б.******* ах нэлээд согтуу бараг хөл дээрээ тогтож чадахгүй гэмээр байсан. Харин Д.******* согтуу боловч Б.******* ахыг бодвол гайгүй байсан. Б.******* ахын хувьд Д.*******аар цохиулахын өмнө биед нь ил харагдах шарх сорви гэмтэл харагдаагүй. Би Б.******* ах болон Д.******* нарыг 2 – ууланг нь зүс таньдаг ... гэх мэдүүлэг / хэргийн 14 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтад Л.Чагнаадоржийн өгсөн... 2016 оны 11 сарын 25 –ны өдөр би орой 20 цагийн үед санагдаж байна би найз Бямбатулгатай хамт Казино бааранд очсон. Тэр бааранд Д.*******, Х.Баттогтох , /Тоодгоо/  нартай уулзсан. Казино баарны VIP өрөөлүү ороход Д.******* Бямбатулга 2 байсан. Би авч ирсэн архиа ширээн дээр тавиад сууж байтал гаднаас малгай Галаа, Б.******* 2 нилээд согтуу орж ирсэн. Би  тэр ахыг нарыг дээшээ суулгаад архиа хамт уусан тэгтэл Галаа ах бид нарыг үгээр идээд бас Б.******* Д.*******ыг “чи намайг гоомоо Нараа гэдэг” гэж хэлээд дайраад байсан. Д.******* өөдөөс би тэгэж хэлээгүйшдээ гэхэд намайг уучлаарай гээд гар бариад байсан. Удалгүй Б.******* Д.******* нар гараад явсан. Би Галаа ах болон найз Бямбатулга нартай хамт үлдсэн архиа уусан. Би нилээд муудсан байсан болохоор заримдаа жоохон унтаад байсан тэр хооронд малгай Галаа ах орж гараад яваад байсан. Би Галаа ахад үлдсэн 1 шил архиа өгчихөөд анх Д.******* Б.******* 2 манай өрөөнөөс гарч явахаас хойш 1 цаг орчмын дараа араас нь гараад 1 давхарлуу орход Б.******* биллъяардны  буйдан дээр хурхираад унтаж байсан ... гэх мэдүүлэг/ хэргийн 16 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч С.Батнасангийн өгсөн... 2016 оны 11 сарын 25 – ны өдөр Казино баарны 1 давхарын снуукер биллъяарданд тоглож байсан. Оройхон болж байсан цагийн нь тодорхой санахгүй байна. Биллъяарданд таньж мэдэхгүй хүмүүс зөндөө л орж гарцгааж байсан. Тэгтэл миний зүс таних онцгойд ажилладаг. Б.******* зах дээр малгай зардаг Галаа ахтай хамт гаднаас нэлээд согтуу байдалтай орж ирээд текэн дээр очоод тэр хавийн хүмүүстэй гар бариад уулзаж байсан. Мөн надтай бас уулзаад гар барьсан. Би биллъяардаа тоглоод зарим зүйлийг анзаараагүй ээ. Мөн араас нь Д.******* биллъяарданд орж ирээд тэр хавийн хүмүүстэй уулзаж байгаад нэг мэдэхэд Б.******* тэнд хөзөр тоглож байна Тоодгоо\ Баттогтох \ -д .Д.******* намайг гоомоо Нараа гэж дуудаад байгаа юм гэж хэлж байсан. Д.******* уучлаарай Нараа ахаа 2- уулаа учраа  олоо биздээ гэж хэлээд маргаж байсан. Би биллъяард тоглож байсан болохоор маргааныг нарийн сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Д.******* Б.*******ыг түлхээд унагаачих шиг болсон. Тэгээд Б.Нарацогт дахиж босож ирээгүй. Тэр хавийн хүмүүс хэн нь ч Б.*******руу ойртоогүй. Д.*******ыг гараад явсны дараа хүмүүс хоорондоо ярихдаа Б.*******ын толгойруу өшиглөчихлөө гэж ярьцгааж байсан. Би биллъяард тоглож байсан болохоор толгойруу нь өшиглөсөн үгүйг нь хараагүй. Д.******* Б.******* нар нь 2-уулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ Б.*******ыг бодвол Д.******* арай гайгүй согтолттой байсан. Б.******* бараг л хөл дээрээ тогтож чадахгүй гэмээр байсан. Ил харагдах шарх сорви гэмтэл байгаагүй ... гэх мэдүүлэг/ хэргийн 17 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч П.Бямбажавын өгсөн... 2016 оны 11 сарын 25 –ны өдөр би Баттогтох  /Тоодгоо/ –ын Ланд -80 маркийн машин барьж жолоочоор нь явсан. Орой 19 цагийн үед санагдаж байна. Д.******* казино бааранд ирээд  1 давхарын снуукер биллъяард  дээр Х.Баттогтох бид нар хөзөр тоглоод ширээн дээр байж байтал гаднаас Д.******* орж ирсэн. Мөн онцгойд ажилладаг Б.******* согтуу орж ирээд Д.*******тай “чи намайг гоомоо Нараа “ гэж дууддаг гэсэн энэ тэр гээд л маргаж байсан. Би жоохон зайдуу байсан. Тэгээд маргалдаж байгаад Д.******* Б.*******ыг газар унагаачихсан байсан. Тэрнээс хойш Б.******* дахиж босож ирээгүй. Би биллъяард ажиллуудаг Шөөгийтэй хамт Б.*******ыг өргөж буйдан дээр тавьсан. Буйдан дээр тавьсныхаа дараа удалгүй Б.******* хурхираад сэрэхгүй байсан би угаалгын өрөөнд ороод ус авч ирээд цээжрүү нь ус цацсан боловч сэргэхгүй байсан. Удалгүй Х.Баттогтохтой хамт гараад явсан. Х.Баттогтох биллъяард ажилуулдаг залууд эмнэлэг дуудаач гэж хэлж байсан. Б.******* нэлээд согтуу байсан. Д.******* согтуу байсан ч Б.*******ыг бодвол арай гайгүй байсан.  Тухайн үед Б.*******той өөр хэн нэгэн хүн маргалдаагүй ... гэх мэдүүлэг/ хэргийн 18 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч  Ц.Болор-эрдэнийн өгсөн... 2016 оны 11 сарын 25 –ны өдөр би найз нарын хамт гадуур явж байгаад Казино бааранд орж сууж байгаад Д.*******тай таарсан. Тэгтэл Д.******* 1 давхарын снуукер биллъяард руу орсон. Би биллъяарны үүдэн дээр нь зогсоод хүлээж байсан. Д.******* текэн дээр нэг ахтай маргалдаад зогсож байсан. Хажууд нь бас хэсэг хүмүүс байсан. Хэн гэх хүмүүс байсныг нь би мэдэхгүй байна. Тухайн хүнтэй маргалдаж байгаад нүүрлүү нь түлхээд л унагаах шиг болсон. Би хаалган  дээр зогсож байгаад гүйж очоод Д.*******ын араас нь тэврээд хаалга руу чирээд аваад гарсан. Д.*******ыг биллъяарднаас гаргаж аваад машиндаа суулгаад *******ын 30 айлын гадна талд орцны нь  үүдэнд буулгасан ... гэх мэдүүлэг/ хэргийн 19 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Н.Батболдын өгсөн.. 2016 оны 11 сарын 25 –ны орой би Казино баарны 1 давхарт би Шөөгийтэй уулзахаар очсон. Д.******* болон Б.******* нар хоёулаа  согтуу байсан. Хүн тоогоод харчихаар харилцан зодоон болоод шуугилдсан юм байхгүй. Хоорондоо маргалдаж байгаад нэг мэдэхэд л Б.******* газар унасан. Би биллъяард тоглож байсан болохоор сайн анзаараагүй. Би согтуу хүн тасраад унаж байна уу гэж харсан ... гэх мэдүүлэг/ хэргийн 20 дугаар хуудас/

            Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 арын 13- ны өдрийн 640 дугаартай .... Б.*******ын биед гэмтлийн гаралтай бага тархины зүүн  хөл орчим цусархаг няцрал, тархины няцралын хүнд хэлбэр, тархины кома, тархины хаван гэмтлүүд тогтоогдлоо. Б.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөх эсэх нь эдгэрэл болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. Б.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д “ Тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл. Үүнд тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн / аксон / тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсан дээрхи доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангиалад хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт/ хэргийн 22-23 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2017 оны 01 сарын 16- ны өдрийн 135 дугаартай ... Б.*******ын биед тархины хүнд зэргийн няцрал, тархины эсийн урт сэртэн / аксон / тархмал гэмтэц бүхий гэмтэл учирчээ.

Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна.

Б.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д “ тархи , түүний бүрхүүл хальсны гэмтэл 

Үүнд: тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн / аксон /  тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсан дээрх доохи цусан хураа, тархины зөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэссэн байдал илэрвэл энэ ангиалад хамаарна гэх  шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 13- ны өдрийн 640 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна... гэх дүгнэлт/ хэргийн 196-198 дугаар хуудас / 

Мөрдөн байцаалтад Д.*******ын сэжигтэн, ялагдагчаар өгсөн... Би 2016 оны 11 сарын 25- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Казино нэртэй бааранд орсон. Тухайн бааранд VIP өрөөнд архи уугаад сууцгааж байхад гаднаас  зах дээр зогсдог, малгай галаа орж ирсэн. Тэр надад хандаж” Чи яагаад Нарааг гоомоо гэж хэлсэн” гэхээр нь тэр хүнээ дуудчих гэсэн.  Гэтэл араас нь онцгой байдлын газар ажилладаг Б.******* ах орж ирсэн. Тэр намайг гоомоо гэж хэлсэн гэхээр нь би хэлээгүй, хэрэв тэгж хэлсэн бол намайг уучлаарай гэсэн. Тэгээд бид нар учраа ололцоод Галаа болон Б.******* ах өрөөнөөс гарсан. Удалгүй Л.Чагнаадорж нэг шил архи авчирсан. Түүнийг уугаад доошоо буугаад снүүкер биллярдын өрөө рүү орсон.  Х.Баттогтох / Тоодгоо /  ах намайг дуудаад   “чи яагаад Б.*******той маргаад байгаа юм бэ “ гэсэн. Хажууд Б.******* зогсож байгаад “ Чи намайг дандаа тэгж хэлдэг” ш дээ гээд байсан.  Түүнээс болж бид хоёр маргалдсан. Би тэр үед Б.*******ыг хавсараад унагасан. Би уурандаа Б.*******ын дээрээс цохисон, яаж цохисноо санахгүй байна ... гэх мэдүүлэг / хэргийн 27-28, ******* дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... Хохирогч Б.*******ын  эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн. Хуульд заасан торгох шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг

Ховд аймгийн БОЭТ- д  хохирогч Б.*******ын  2016 оны 11 сарын 25- ны өдрөөс 2016 оны 12 сарын 07- ны өдөр хүртэл 12 хоног хэвтэн эмчлүүлсэн 12036 дугаартай  өвчний түүхийн хуулбар / 83-119 дүгээр хуудас/

Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2016 оны 12 сарын 07- ны өдрөөс 2016 оны 12 сарын 13- ны өдөр хүртэл 16 хоног хэвтэж эмчлүүлсэн өвчтөн Б.*******ын 26977 дугаартай” Өвчний түүх”- ийн хуулбар/ хэргийн 121- 128 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Онцгой байдлын 8 айлын орон сууцны 2 тоотод оршин суух/ ПЗ78120111 дугаарын регистртэй, Барнууд овогт  Бэгзийн *******ын өгсөн... Эрүүл мэнд тааруу байна. Д.******* нь эмчилгээний зардал  болон хохиролд 9600000 төгрөг төлсөн. Д.*******т  гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.  Би ажлаа хийж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардал,  хохиролоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

            Хохирогч Б.*******ын  бие махбодид хүнд гэмтэл учирсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Содцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Б.*******ын өвчний түүхийн хуулбарууд,  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2016 оны 12 сарын 13- ны өдрийн 640 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 01 сарын 16- ны өдрийн 135 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон, тухайн гэмтлийг шүүгдэгч Д.******* нь 2016 оны 11 сарын 25- ны өдөр  санаатайгаар учруулсан  гэм буруутай болохоо мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн болно.

             2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлд  “ Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ “ гэж заасан боловч    2016 оны 11 сарын 25 - ны өдөр Д.*******ын гэмт  хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан  Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “ Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан ...  бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял”  оногдуулахаар байна.

Харин  2015 оны 07 сарын 01 - ний өдрөөс дагаж мөрдсөн  Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2 жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх тул Ховд аймгийн Прокурорын газраас 2015 оны 07 сарын 01- ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “ үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн  этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ “ гэж заасныг үндэслэн Д.*******ын “  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”  гэмт хэрэгт 2015 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял  шийтгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Д.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн  2002 оны 05 сарын 27- ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,  Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 12 сарын 16- ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүэгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн  2010 оны 12 сарын 08- ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 01 сарын 15- ны өдөр 1 жил 4 сар, 26 хоногийн  хугацааны  өмнө тэнсэн суллагдаж байсан нь хэргийн 54 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Хэргийн 66-67 дугаар хуудас дахь Ховд аймаг дахь Сум дундын  нэгдүгээр шүүхийн 2010 оны 12 сарын 08- ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоол, хэргийн 68 - 70 дугаар хуудас дахь Ховд аймаг дахь Сум дундын  нэгдүгээр шүүхийн 2009 оны 12 сарын 16 - ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоол, хэргийн 71-78 дугаар хуудас дахь Ховд аймаг дахь Сум дундын  нэгдүгээр шүүхийн 2002 оны 05 сарын 27 - ны өдрийн 121  дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь шүүхээс  хүнд ангилалын гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, 2014 оны 01 сарын 15- ны өдрийн шүүгчийн захирамжаар  1 жил 4 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан ба 2002 оны  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д заасан “ хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман  жилийн дотор  гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол “ ялгүйд тооцож болно гэж заасан тул шүүгдэгч Д.******* нь ялтай байдалд байхдаа  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй байна.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “ Эрүүгийн хуулийн  78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан  тул шүүгдэгч Д.*******ын ялтай байдал нь  дээрхи Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.******* нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн нь  2 дугаар хавтаст хэргийн 18 дугаар хуудас дахь “ Ховд аймгийн Цагдаагийн газар хохирлоо нөхөн төлж илэрхийлсэн тухай “хүсэлт,  хохирогч Б.*******од 5600000 төгрөг төлсөн тухай баримт, хэргийн 39 дүгээр хуудас дахь Пүрэвдоржийн Содцэцэгийн ХААН банкны 5845438323 дугаартай дансанд 2017 оны 08 сарын 11- ний өдөр 2 000 000 төгрөг төлсөн орлогын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ын ... Д.******* нь шүүх хуралдаанаас өмнө 2000000 төгрөгийг хохиролд тооцож төлсөн. Гомдол саналгүй, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү  ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.*******ын гэмт хэргийн  улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Д.******* нь эцэг эхийн хамт амьдардаг ба дундын өмчлөлийн хоёр өрөө  орон сууцтай, сарын өрхийн орлого 700000 төгрөг , бусад орлого олох боломжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан  арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  10 000 000  төгрөгний торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Д.******* нь сэжигтэнийг хойшлуулахгүйгээр баривчлах тогтоолоор 2016 оны 11 сарын 26 - ны өдөр баривчлаглаж, 2016 оны 11 сарын 29- ний өдрийн 34 дугаартай “ Сэжигтэнээр цагдан хорих тухай” шүүгчийн захирамжаар сэжигтэнээр  цагдан хорьж, 2016 оны 12 сарын 09- ний өдрийн 34/1 дугаартай  “ Яллагдагчаар цагдан хорих”  шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорьж, 2017 оны 01 сарын 03 - ны өдрийн 2 дугаартай “ Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай “ шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батланд даалтад өгсөн байна.

  2017 оны 04 сарын 24- ний өдрийн 2/1 дугаартай “ Яллагдагчийг цагдан хорих тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч Д.*******ыг эрэн сурвалжилж олж баривчлан, баривчлагдсан өдрөөс эхлэн цагдан хорихоор заасныг дагуу  2017 оны 07 сарын 07- ны өдрөө яллагдагчаар   цагдан хоригдож, 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 66 дугаартай “ цагдан хорих хугацаа сунгахаас татгалзах тухай “  шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, нийт  68 хоног цагдан хоигдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно “ гэж заасан тул шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон 68  хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “ цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний  15000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж тооцно “  гэх заалтыг үндэслэн  68 хоног х 15000 төгрөг  -  1020000 / нэг сая хорин мянга / төгрөгний торгох ялыг эдэлсэнд тооцож шүүгдэгчийн   нийт эдлэх  10 000 000  / арван сая / төгрөгний торгох ялаас хасах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.*******ын эдлээгүй үлдсэн 8980000 / найман сая есөн зуун наян мянга /  төгрөгний торгох  ялыг  3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр  тогтоов.

Эрүүгийн  2016210000288 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

 Хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 10000  нэгж буюу  10 000 000 / арван сая /    төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон 68 хоногийн нэг хоногийг 15000 төгрөгөөр тооцож, түүний нийт эдлэх 10 000 000  төгрөгний торгох ялаас   1020000 / нэг сая хорин мянга / төгрөгийг  эдэлсэнд тооцож  хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аар 8980000 / найман сая есөн зуун наян мянга /  төгрөгний торгох  ялыг  3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.******* нь 8980000 / найман сая есөн зуун наян мянга /   төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

6. Эрүүгийн  2016210000288 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Б.******* цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  ялтан,  хохирогч  гомдлоо,  улсын яллагч,  дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА