Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/20

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Тод холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, хохирогчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар давж заалдах журмаар гомдол гаргасныг үндэслэн Б.Тод холбогдох, 2135000000008 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал маллан амьдардаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б ургийн овогт Бийн Т, /РД:ОО88091011/.

Шүүгдэгч Б.Т нь Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багийн нутаг Жирээг гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Н.Г 3 тооны үхэр буюу олон тооны бод мал хулгайлж түүнд 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бийн Тод холбогдох эрүүгийн 2135000000008 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б ургийн овогт Бийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Тыг дөрвөн жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тод оногдуулсан дөрвөн жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3.701.000 (гурван сая долоон зуун нэг мянга) төгрөгийг шүүгдэгч Б.Тоос гаргуулж хохирогч Н.Гд олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.400.000 төгрөгийг,

- гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл болох 1 ширхэг суран хазаар, 1 ширхэг цэрэг эмээлийг,

- гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 13 настай 1 тооны бор зүсмийн морийг шүүгдэгч Б.Тоос тус тус албадан гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж,

шүүгдэгч Б.Тоос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тын эзэмшлийн 13 настай бор зүсмийн морийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дугаартай тогтоолыг хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Б.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар дөрвөн жил хорих ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна.

Б.Т нь ам бүл-3, ээж, дүүгийн хамт амьдардаг. 2015 онд хулгайн хэргээр ял шийтгүүлсэн ба Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилга дээрээс унаж тархиндаа маш хүнд гэмтэл авч 2 сар гаруй ухаангүй байгаад эмчлэгдэж түүнээс хойш байнгын эмчилгээтэй, групптэй байсан. Б.Т нь 2021 оны 10 дугаар сард байнга бог малаа хариулдаг байсан ба ах, дүү нар нь малын хашаа бариад зав чөлөөгүй байсныг гэрчүүд гэрчилдэг.

Гэрч С нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тэс сумын 5-р багийн нутаг Жирээг нэртэй газар адуугаа эргэж тойрч явахад Б.Т нь хөх өнгийн дээлтэй, бор өнгийн морьтой Жирээгт явж байхад нь тааралдсан “юу хийж явна” гэхэд мал харж явна гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагийн үед гэртээ байхад нохой хуцаад байхаар нь ээж О надад хандаж нохой хуцаад байна гарч үхрээ хараад ир гэхээр би гэрээс гарч өөрийн халиун зүсмийн морио унаад нохой хуцаж буй зүгт явж очиход Б.Т нь өдөр өмсөж явсан хөх өнгийн дээл, бор морьтойгоо улаан зүсмийн эр үхэр, хоо улаан зүсмийн эр үхэр, төөлтэй улаан зүсмийн эр үхэр туучихсан явж байсан ба төөлтэй улаан зүсмийн эр үхэр нь нөгөө хоёр үхрээ бодвол биеэр бага үхэр байсан.

Би Б.Тыг шууд таньсан 2021 оны 10 дугаар сарын 26-нд Г аав улаан зүсмийн эр үхэр алга болчихлоо гэж хайгаад манай гэрт ирэхээр нь Б.Тын тууж явсан 3 тооны үхэр нь Н.Г ахын үхэр болохыг мэдсэн ба уг үхрнүүдийг Тыг тууж явсныг хэлэх гээд гэрт нь 2 удаа очсон боловч Б.Тоос айгаад хэлээгүй гэх  үндэслэлгүй, худал мэдүүлэг өгсөнд гомдолтой байна.

Б.Т нь өмнөх шигээ хулгай хийх эрүүл мэндийн хувьд боломжгүй. 2015 онд тархи толгойндоо хүнд гэмтэл авснаас хойш морин дээр удаан хугацаагаар явж чадахгүй өөрийнхээ биеийн байдлаар өдөрт хонио хариулахдаа морио бараг хөтлөөд явж байгаад ирдэг гэж мэдүүлдэг.

Гэрч С нь орой 20 цагийн үед Б.Тыг 3 тооны үхэр хулгайлаад явж байхад Б.Ттой өөртэйн уулзаагүй байж 3 тооны үхрийн зүс, эр, эмийг нь маш сайн харсан нь хохирогчтой үгсэн хуйвалдсан гэж үзэхээр байна. Б.Т нь өдөр малдаа явж ирээд орой өөрийнхээ гэрээс 10 гаруй км газар яваад Жирээг гэх газараас 3 тооны үхэр хулгайлах боломжгүй байсан.

Хохирогч Г нь “2021 оны 11 дүгээр сарын 26-нд хамаатан Шагдар гэгчийн 5 тооны үхэр хайж яваад шөнө 23 цагийн үед Г.Сгийн гэрийн гадна гэрэл гарахаар очиход С нь гэрийнхээ гадна Бор цоохор зүсмийн 1 тооны үхрийг ганцаараа нядалж байхаар нь Сд хандаж залуу хэний ямар үхэр нядалж байгаа юм “чиний үхэр юмуу гэхэд” миний биш гэхэд тэгвэл залуу чи эзэнд хэлж хариу аваачиж өг тэгэхгүй бол би цагдаад хэлнэ шүү гэхэд С за гэж хэлсэн гэдэг. Тэгээд Сд би үхрээ алдсан ба чи авсан хүнийг нь мэдэж байна уу гэхэд , таны үхрийг авсан хүнийг мэдэж байгаа танд хэлэх гээд 2-3 удаа очоод хэлж чадаагүй, хэлчихвэл Т зүгээр байлгахгүй байх гэж айгаад хэлж чадаагүй гэх” мэдүүлэг өгснөөс үзэхэд гэрч С нь тухайн үед хулгайн үхэр нядалж байгаад баригдахдаа хохирогчтой үгсэн хуйвалдаж худлаа мэдүүлэг өгсөн гэж үзэхээр байна.

С нь хараа муутай, шөнө байтугай өдөр ч муу юм хардаг гэдгийг нутгийн хүмүүс гэрчилнэ. Гэрч С нь сарын өмнө болсон хулгайн хэргийн сар, өдөр, цагийг яг таг мэдэж байгаад үнэхээр итгэхгүй байна. Хөдөөний хүмүүс нэг зүйлийн цаг хугацааг хуучны тооллоор юм уу эсвэл баримжаагаар хэлдэг. Тэгтэл Г хулгайд алдагдсан үхрийг сар, өдрөөр нь цагаар нь хэлж буйн үнэнд нийцэхгүй байна. Б.Т тэр орой 3 тооны үхэр тууж явахад Сгийнхоос өөр бас зөндөө айлууд байсан. Тэр үед яагаад ганц Сгийн нохой хуцаад бусад айлуудын нохой хуцдаггүй юм бэ. Гэрч Сгийн ээж О, эхнэр Т нарын мэдүүлэг нь дамжмал мэдүүлэг учир түүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Насанд хүрээгүй гэрч Г.Б нь хохирогчийн хүүхэд. Энэ нь Сгийн мэдүүлгийг давхар нотлуулахаар хийсэн ажиллагаа гэж үзэхээр байна. Б.Т нь хонио хариулж явахдаа Таван морьтын харз хэмээх уснаас хонио байнга усалж байсныг хамт малаа усанд оруулж байсан гэрч Д, Ц.Ц нар гэрчилдэг. Тэгэхдээ тэд нар хохирогч Н.Г, гэрч О.С нар шиг сар, өдрийг яг хэлж чадахгүй байгаач малаа хариулж байсныг гэрчилдэг. Б.Т нь тухайн 3 тооны үхрийг тэр орой туугаад хаана хэнд өгсөн, эсвэл нядалсан бол малын арьс шир, сэвс, баас сэг зэм нь байх ёстой, тэгтэл ул мөргүй хаашаа алга болсон талаар маршрутыг шалгаж тогтоогоогүй. Б.Т 7 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот яваад 10 дугаар сарын 13-нд ирсэн ба хотоос ирснээс хойш тасралтгүй малаа хариулсан бөгөөд ах, дүү нар нь малын хашаа бариад ямарч завгүй байсныг гэрчүүд гэрчилдэг.

Б.Т нь  хулгайн гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ өмнө үнэн зөвөөр ярьсаар байтал  Г 3 тооны үхэр хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д зааснаар дөрвөн жил хорих ял оноосонд туйлын гомдолтой байна. Н.Г 3 тооны үхэр хулгайлсан бол ялаа эдлээд явахад гомдол алга. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар нүүрэлдүүлэн мэдүүлэг авах, мөн 25.6- д зааснаар мэдүүлгийг газар дээр нь шалгахзэрэг ажиллагаа хийхгүйгээр,хүнд зүйл ангиар ял сонсгож, ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Б.Тод холбогдох хэрэгт нотолбол зохих зүйлүүдийг нотлоогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багийн иргэн Н.Г 3 тооны үхрийг хулгайлсан гэж үзэж дөрвөн жил хорих ял оногдуулсан. Би 2015 онд барилга дээрээс унаад 2 сар гаруй хугацаанд ухаангүй байгаад эмч нарын хүчээр ухаан орсон. Одоо би хулгай хийх эрүүл мэндийн хувьд боломжгүй. Би 2021 оны 7 дугаар сарын эхээр Улаанбаатар хот яваад 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд биедээ эмчилгээ хийлгээд Увс аймагт ирсэн.

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манайхан өвөлжөөндөө буусан. Би 1 ах, 2 дүүтэй. Тэр гурав малын хашаа барьсан. Би хүнд ажил хийх чадваргүй учраас хонио хариулж байсан. Би уул, модгүй газарт хониндоо явган явдаг. Модон дотор намрын үед мал тасраад явчих байх гээд морьтой явж байсан. Тэр өдөр манай мал усанд орсон. Надтай хамт Ц.Ц, М.Д гэдэг хүн малаа усанд оруулдаг. 2021 оны 10 дугаар сарын 21-нээс хойш Ц.Ц, М.Д бид гурав тасралтгүй 10 хоног хониндоо явсан. Таван морьтын алга гэдэг газраас бид малаа усалж байсан. Би малаа усанд оруулсан үедээ морьтой явдаг. Хохирогч Н.Г манайд ирээд манай 3 тооны үхэр алга болсон. Чи миний 3 тооны үхрийг авсан байна гэсэн. Би урьдаас нь уурлаад, аваагүй талаар хэлэхэд, надад гэрч О.С байна гэж хэлсэн. Би О.Стой уулзъя гэсэн.Хохирогч Н.Г цагдаа дуудахад Тэс сумын цагдаа Б, Т хоёр ирсэн. Тэгээд намайг барьж авч ирсэн. Би гэрч О.Стой уулзъя гэсэн чинь уулзуулаагүй. Г мөрдөн байцаагчид О.Стой уулзуулаад өгөөч гэсэн уулзуулаагүй. О.С шөнө байтугай өдрийн цагаар муу хардаг. Тэр шөнө нэг үхэр төөлтэй байсан гэж хэлсэн нь худал. Ээж, дүү, эхнэртэйгээ энэ хэргийг гэрчилдэг. Хохирогч, гэрч нар үгсэж тохирсон. О.Сд гомдолтой байна. Би морин дээр удаан явж чаддаггүй” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах хяналтын прокурор А.Анхбаяр би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсгийг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Тод холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ гаргаж байна. Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Б.Тод холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд дөрвөн жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг 3.400.000 төгрөг гэж 3 тооны үхрийн үнэлгээгээр тогтоож, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морь, морин дээр тохож хэрэглэж байсан эмээл, хазаар зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг журамлан хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл хэсгийг улсын орлогод хурааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёс ба үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон. Шүүгдэгчийн өмгөөлөгч тухайн 3 тооны үхрийг хэнд өгсөн, худалдсан, хаана үхрийг нядалсан, үхрийн арьс шир, сэвс, баас, сэг, зэм байх ёстой. Гэтэл ул мөр нь хаашаа алга болсон талаар огт тогтоогоогүй гэж байна. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн 3 тооны бод малыг хулгайлаагүй гэдэг мэдүүлгийг өгдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч, шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн байдлыг өөрөөр нь нотлуулах, түүнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр мэдүүлэг өгүүлэх нь хориотой байдаг.

Шүүгдэгч Б.Т нь О.Сгийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн талаар ярьж байна. О.С нь гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор намайг хулгайн хэрэгт гүтгэсэн гэж байна. О.С нь Дгийн 1 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэгтээ гэм буруутайд тооцогдож, өөрийн гэм бурууд тохирсон ялыг хүлээсэн. Гэрч О.С нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заадаг. О.С нь хэрэг хариуцах чадвартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явсан.Ийм учраас Б.Тын бусдын 3 тооны үхрийг хулгайлсан, О.Сгийн бусдын 1 тооны үхэр хулгайлсан хэргийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.

Хохирогч нь гэрч нарт нөлөөлсөн, мөрдөгчөөс Б.Тыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр худал нотлох баримт бүрдүүлээд анхан шатны шүүхээс хилсээр ял шийтгэсэн, тэр байдалд прокурор дүгнэлт хийгээгүй юм шиг ярьж байна. Хэрвээ ийм асуудал байна гэж үзвэл холбогдох байгууллагад хүсэлтээ өгч шалгуулах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны гаргасан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хэргийн оролцогч нарын зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2 агуулгатай гомдол гаргасан байна. Гомдолтой танилцахад холбогдсон хэргийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна гэж ойлгогдохоор хувийн байдлыг тодорхой бичсэн байдаг. Нөгөө талаар энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим нэг ажиллагаа дутуу хийгдсэн байна гэсэн агуулгатай гомдлыг гаргасан байна. 2021 оны 10 дугаар сарын 25-ны үйлдэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон.Гэрч О.Сгийн мэдүүлгийг хуулийн дагуу цуглуулсан ба хууль  зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй. О.Сгийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон насанд хүрээгүй гэрч Б, бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

О.С нь хараа муутай хүн гэдэг. Гэтэл О.Сг шөнө нохой хуцаж байхад ээж нь яагаад гаргаж байгаа вэ хараагүй бол гаргахгүй. Энэ гэрчийн эрүүл мэндтэй холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад хүний эрүүл мэндийг тодотгож ярьж байгаа нь хийсэн үйлдлээ зөвшөөрөхгүй байна гэж үзэхээр байна. Хэргийн оролцогч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллагдагч өөрөө хүсэлт гаргасан бол нүүрэлдүүлэн байцаах хууль зүйн зохицуулалт байдаг. Энэ талаар хүсэлтийг гаргаагүй. Яллагдагчийн хувьд өөрөө өөрийгөө нотлох үүрэг хүлээгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа : “Прокурорын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 16.2 дугаар зүйлийн 2.1-д гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн гэдэг нь тогтоогоогүй. Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол дангаар нотлох баримт болохгүй. Хохирогчийн өмгөөлөгч гомдлоо хоёр агуулгаар гаргасан гэж ярьж байна. Давж заалдах гомдлыг ял хөнгөрүүлэх байдлаар гаргаагүй. Б.Тын ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн утга агуулга байхгүй. Б.Тын хувийн байдлыг тодруулсан. Барилга дээрээс унаж хүнд гэмтэл авсан талаар бичсэн. Энэ хэрэг хийсэн гэдэг нь нотлогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолтой, 2135000000008 дугаартай Б.Тод холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багийн нутаг “Жирээг” гэх газраас Тэс сумын 5 дугаар багийн иргэн Н.Г өмчлөлийн гурван тооны үхэр буюу олон тооны бод мал хулгайлж, 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

-хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “ ...манай аав 5-р багийн нутаг Жирээг гэх газар луу нүүхэд би өөрийн үхэрнүүдээ өгч явуулсан. 2021 оны 10 дугаар сарын 25-ны орой аав сумын төв орохоор яваад маргааш өглөө эрт ирж үхэрнүүдээ бүртгэхэд манай гурван тооны үхэр алга болсон байсан.

Аав тухайн үхэрнүүдийг хоёр хоног хайгаад олоогүй бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр надад хэлсэн ба энэ үеэс эхлэн 1 сар орчим үхрээ хайгаад олоогүй, тэгээд би манай үхэр бэлчдэг бэлчээр нутаг дээр байдаг Сгийн гэрт 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр явж очиход С гэрийнхээ гадаа юм хийж байсан. Тэгэхээр нь би Сд “чи манай малын бэлчээр дээр байдаг хүн, чи миний үхрийг хаашаа, хэн авч явсан талаар мэдэж байгаа юм байна уу, ахдаа хэлчих гээд гуйсан. Тэгтэл С надад  “2021 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим би гэртээ байж байтал манай гэрийн ар талаар нохой хуцаад морьтой хүн явах шиг болохоор нь би малаа харах гээд гараад морио унаад нөгөө хүний араас явж, хэн гэдгийг нь мэдэж авах гээд хөөж очоод харахад 8 дугаар багийн Т /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэх залуу таны 3 тооны үхрийг туучихсан, ганцаараа бор зүсмийн морь уначихсан, хөх өнгийн дээлтэй байсан гэж надад хэлсэн юм. Бас тэр надад хэлэхдээ миний хулгайд алдсан 3 тооны үхрийн зүс, бас алдагдсан төөлтэй улаан зүсмийн гунан үхэр нь нөгөө 2 дөнөн үхрээс биеэр бага гэдгийг яг хэлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

-хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...тэгэхээр нь би Сгоос “би үхрээ алдчихсан, чи хэн авсныг нь мэдэж байна уу” гэхэд С надад “би таны үхрийг авсан хүнийг мэдэж байгаа, танд хэлэх гээд 2-3 удаа танайд очоод хэлж чадаагүй, танд хэлчихвэл Т намайг зүгээр байлгахгүй байх гээд айгаад хэлж чадаагүй” гэж хэлсэн, тэгээд тухайн өдөр нь Жирээг гэх газар Ттой таарсан, тэр өдөр Т цэнхэр дээлтэй, бор морьтой “адуу хайж явна” гэж хэлж байсан. Тэгээд орой 8:00 /20 цаг/ цагийн үед гэртээ байтал нохой хуцахаар нь гарч, морьтой араас нь явж  очиход Т бор морьтой ганцаараа 3 үхэр туучихсан явсан, үхэрнүүд нь таны 3 үхэр мөн байсан” гэж хэлсэн. Би Сд хандаж “ чи үнэн хэлж байна уу, би Тг цагдаад өгнө, яг үнэн үү” гэхэд “үнэн, би үнэн хэлж байна, хаана ч гэсэн гэрчилнэ” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-27 дугаар хуудас),

-гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тэс сумын 5 дугаар багийн нутаг Жирээг гэх нэртэй газарт адуугаа эргэж тойрч явахад Тэс сумын 8 дугаар багийн иргэн Б.Т гэх залуу хөх өнгийн дээлтэй, бор зүсмийн морьтой явж байхад нь тааралдсан ба би Б.Тод хандаж “юу хийж явна” гэж асуухад “мал харж явна” гэж хэлсэн. Би адуугаа харчихаад “Шар гурив” гэх нэртэй газар байх гэртээ байж байхад орой 20 цагийн үед нохой хуцаад байхаар нь ээж М.О надад “нохой хуцаад байна, гарч үхрээ хараад ир” гэж хэлэхээр нь би гэрээс гарч өөрийн халиун зүсмийн морио унаад нохой хуцаж байгаа зүгт явж очиход Б.Т өдөр өмсөж явсан хөх өнгийн дээл, бор зүсмийн морьтойгоо улаан зүсмийн эр үхэр, хоо улаан зүсмийн эр үхэр, төөлтэй улаан зүсмийн эр үхэр туучихсан явж байсан ба төөлтэй улаан зүсмийн эр үхэр нь нөгөө хоёр үхрээ бодвол биеэр бага үхэр байсан. Би өдөр нь Б.Ттой Жирээг гэх газарт тааралдсан учир шууд таньсан. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Н.Г ахын аав улаан зүсмийн эр үхэр алга болчихлоо гээд хайж, манай гэрт ирэхээр нь Б.Тын тууж явсан 3 тооны үхэр нь Н.Г ахын үхэр болохыг мэдсэн ба уг үхэрнүүдийг Б.Тыг туугаад авч явсныг хэлэх гэж Н.Г ахын гэрт 2 удаа очсон боловч Б.Тоос айгаад хэлж чадаагүй ба Н.Г ах алдсан 3 үхрээ хайгаад дахин дахин манай гэрт ирээд байхаар нь “таны хайгаад байгаа 3 тооны үхрийг Б.Т туугаад авч явж байсан” гэдгийг хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

-гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би Б.Тыг үхэр хулгайлсан гэж зохиож, худал хэлээгүй бөгөөд тэдний үхрийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Б.Т хулгайлсан болохыг би хоёр нүдээрээ харсан учир үнэн байдлыг Н.Г ахад хэлсэн. Мөн тэр шөнө Б.Тыг үхэр туугаад манай гэрийн ар талаар явсан гэдгийг өөрийн ээж М.О, Б.Т нарт тухайн үед нь хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

-гэрч М.Оы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим гэртээ байж байтал манай гэрийн ар талаар манай нохойнууд хуцаад байхаар нь би хүү О.Сгийн гэр лүү ороод “чи гараад үхрээ хараад ир ээждээ, нохой хуцаад байна” гэхэд О.С гараад  морио унаад довтлоод явсан. Тэгээд удалгүй гэртээ ирээд манай үхэр байна гэж хэлсэн. Тэгээд надад хэлэхдээ “ээжээ, Т 3 үхэр туучихсан явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цааш нь лавшруулж асуугаагүй, сонсоод орхисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),

-гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед нохой хуцаад байхаар нь хадам ээж М.О, манай нөхөр О.Сд хандаж “нохой хуцаад байна, манай хэдэн малыг хүн авч байдаг биш байгаа, чи яваад хараад ир” гэж хэлээд О.Сг нохой хуцаж байсан зүг явуулсан. Манай нөхөр буцаж ирээд “манай 8 дугаар багийн Т 3 тооны эр үхэр туучихсан явж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

-  насанд хүрээгүй гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр малд явсан ба Тэс сумын 5 дугаар багийн нутаг Жирээг гэх нэртэй газраар явсан. Би малаа хайж явах үедээ хөх өнгийн дээл өмссөн, бор зүсмийн морь унасан хүн манай үхэр бэлчээрлэдэг газарт явж байхыг харсан. Би тэр хүнийг хэн болох, ямар ажлаар явж байгааг нь мэдээгүй, миний танихгүй хүн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байна.   

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Тыг бусдын 3 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн  үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  дөрвөн жил  хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

           Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Гд 3.400.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдсон ба шүүх  гэмт хэргийн улмаас учирсан хохирол  3.400.000 төгрөг, хохирогчийн хулгайд алдсан малаа эрж хайхад зарцуулсан эрлийн зардалд 301.000 төгрөг, нийт 3.701.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.Гд олгохоор шийдвэрлэсэн нь гэм буруутай этгээд гэм хор учруулсны хохирлыг хариуцан арилгах Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.

           Шүүгдэгч Б.Т хохирогч Н.Г 3 тооны үхэр хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн, 13 настай бор зүсмийн морийг уналга болгон  ашигласан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.  

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой тэнцэх хэмжээний төгрөгийг шүүгдэгч Б.Тоос албадан гаргуулж хохирогчид олгохоор, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга, хэрэгсэл болгон ашигласан морь, эмээл, хазаарыг тус тус албадан хурааж, уг хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Тыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж 3.400.000 төгрөгийн ашиг, орлого олсон гэж дүгнэн, дахин 3.400.000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т : “, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой тэнцэх хөрөнгө буюу 3.701.000 төгрөг албадан гаргуулж хохирогч Н.Гд олгохоор шийдвэрлэсэн атлаа ашиг, орлого олсон гэж үзэж, дахин уг мөнгийг албадан гаргуулсан нь буруу байна.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “ давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах”-аар заасан хэмжээ, хязгаарын хүрээнд шийтгэх тогтоолын 5 дугаар заалтанд  зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.      

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар давж заалдах шатны шүүхэд: “ Б.Т нь  гэмт хэрэг үйлдээгүй ба гэрч О.С өөрийн үйлдсэн гэмт хэргээ Б.Тыг үйлдсэн мэтээр худал мэдүүлэг өгсөн, шүүх О.Сгийн мэдүүлгийг  үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэж гэм буруугийн талаар маргасан агуулга бүхий гомдол гаргасан ба уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Тын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийн тайлбар, өмгөөлөгчийн саналд үндэслэл бүхий няцаалт хийжээ.

Хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд : “ 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн хүрэн улаан зүсмийн 4 настай, эвэртэй эр үхэр, хоо улаан зүсмийн 4 настай эр үхэр, төөлтэй улаан зүсмийн 3 настай эр үхэр зэрэг 3 тооны үхрээ  Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багийн нутаг “Жирээг” гэх газраас хулгайд алдсан” талаар,

мөн гэрч О.С мөрдөн шалгах ажиллагаанд :  “2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн үед  Тэс сумын 5 дугаар багийн нутаг “Жирээг” гэх газар мал харж явахдаа шүүгдэгч Б.Ттой тааралдсан, тэрээр бор морьтой, хөх өнгийн дээлтэй явсан, орой нь 20 цагийн үед Б.Т нь  улаан зүсмийн эр үхэр, хоо улаан зүсмийн эр үхэр, төөлтэй улаан зүсмийн эр үхэр туучихсан тэдний гэрийн араар зөрж явахыг харсан ” талаар тус тус удаа дараа, тогтвортой мэдүүлсэн байна.

Гэрч О.Сгийн мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдсон, тухайлбал насанд хүрээгүй гэрч Г.Бийн : “2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тэс сумын  “Жирээг” гэх газарт бор морьтой, хөх өнгийн дээлттэй хүн явж байсан ” гэх, гэрч М.О, Б.Т нарын : “ 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цагийн үед Б.Т гурван тооны үхэр туугаад явж байна гэж О.С хэлсэн “ гэх мэдүүлгүүд тус тус хэрэгт авагдсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүдээс мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийг няцаах, үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий байх тул шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжтой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд:  “тухайн цаг хугацаанд манай ах, дүү нар малын хашаа барьж байсан тул би бог малаа хариулж байсан, тэр өдөр манай мал усанд орсон. Надтай хамт Ц.Ц, М.Д гэдэг хүн малаа усанд оруулсан. 2021 оны 10 дугаар сарын 21-ээс хойш Ц.Ц, М.Д бид гурав тасралтгүй 10 хоног хониндоо хамт явсан” гэх тайлбар гаргасан ба уг тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Д :“... 10 дугаар сарын 25-ны үеэр Б.Т нь гэртээ байсан эсэх болон хонь мал хариулж байсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн, Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Хар усанд орж ирж, малаа услаж байсан” гэж,

-гэрч Ц.Ц : “...би тухайн үед тасралтгүй 40 хоног өөрийнхөө бог малыг хариулж өдөр бүр Таван морьтын харзад очиж бог малаа усалдаг байсан юм. Тухайн үед Б.Тын ах дүү нар нь өвөлжөөндөө үхрийн хашаа барьж нэлээд хэд хоносон бөгөөд тэр үед Б.Т нь бог малаа хариулж, харзаас усалдаг байсан ба ойролцоогоор арав гаруй хоног малаа хариулсан байх. Гэхдээ Б.Т нь яг хэзээ буюу 10 дугаар сарын 24, 25, 26, 27 гэх өдрүүдэд бог малаа хариулж байсан эсэхийг би мэдэхгүй байна”гэж тус тус мэдүүлсэн ба уг мэдүүлгүүдээр Б.Тыг тухайн цаг хугацаанд хулгайн гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотлох боломжгүй, эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь хэргийн үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй .

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.Тод холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай” давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Тын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолын 5 дугаар заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.400.000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл болох 1 ширхэг суран хазаар, 1 ширхэг цэрэг эмэээлийг, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 13 настай 1 тооны бор зүсмийн морийг шүүгдэгч Б.Тоос тус тус албадан гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж хохирлоос илүү гарсан тохиодолд улсын төсөвт шилжүүлсүгэй” гэснийг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга, хэрэгсэл буюу 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 13 настай, бор зүсмийн морь, 50.000 төгрөгийн үнэ бүхий цэрэг эмээл, 8000 төгрөгийн үнэ бүхий суран хазаарыг тус тус шүүгдэгч Б.Тоос албадан гаргуулж, хохирогч Н.Гд учирсан хохирлыг төлөхөд зарцуулсугай” гэж өөрчилсүгэй.

           2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын хамтран гаргасан “хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах”-ыг  хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Тын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 50 /тавь/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                Л.АЛТАН