Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 015/2016/00912/и |
Дугаар | 001/ХТ2016/00912 |
Огноо | 2016-09-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2016/00912
Капитал банкны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00150 дугаар шийдвэр,
Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 203/МА2016/00044 дүгээр магадлалтай,
Капитал банкны нэхэмжлэлтэй,
М.Пүрэлмаад холбогдох
Гэм хорын хохиролд 39.932.297 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаагийн гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: “Капитал банкны Цогтцэций тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан М.Пүрэлмаа нь албан тушаалаа ашиглан банкинд их хэмжээний хохирол учруулсан болох нь Өмнөговь аймгийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор гэм буруутай болох нь тогтоогдсон боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Уг тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт зааснаар “өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй’’ гэсний дагуу М.Пүрэлмаагаас банкинд учруулсан хохирол 39.932.297 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд харилцагч Б.Шинэхүүгийн нэр дээр авсан зээл 27.664.854 төгрөг, харилцагч А.Бадмаанямбуугийн нэр дээр авсан зээл 4.336.418 төгрөг, харилцагч С.Цэцэгээгийн нэр дээр авсан зээл 7.931.024 төгрөг болж байна. Иймд М.Пүрэлмаагийн орлого, эд хөрөнгөөс хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Капитал банкны гаргасан нэхэмжлэлийн дүнг тус банкнаас дэлгэрэнгүй тооцоолол гаргуулж авах хүсэлтэй байгаа бөгөөд миний бие тус банкинд учирсан хохирлоос Б.Шинэхүүгийн нэр дээр болон А.Бадмаанямбуугийн нэр дээр авсан зээл зэргийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлдэгч С.Цэцэгээгийн нэр дээр авсан зээл нийт 9.000.000 төгрөгөөс миний бие тухайн үед 7.000.000 төгрөгийг нь авч, иргэн С.Цэцэгээ нь 2.000.000 төгрөгийг нь өөрөө авсан тул 2.000.000 төгрөгийг хасч үлдэгдэл мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Мөн Капитал банк шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохыг зогсоох ёстой байсан боловч 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэжээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ216/00150 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Пүрэлмаагаас 36.778.228,2 төгрөгийг гаргуулан Капитал банкинд олгож, Капитал банкны үндэслэлгүй нэхэмжилсэн 3.154.068,8 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Капитал банк нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Пүрэлмаагаас 341.841 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 203/МА2016/00044 дүгээр магадлалаар Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00150 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1” гэсний дараа “510 дугаар зүйлийн 510.1” гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 203/МА2016/00044 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс Өмнөговь аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан бол хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга, үндэслэл, нөхцөлийг Монгол Улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар тодорхойлно” гэж заажээ. Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай 15 дугаар тогтоол”-ын 6.1-д энэхүү заалтыг тайлбарлахдаа “120.1-д заасан хохирлын хэмжээ гэдэгт Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар эд хөрөнгөнд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хамааруулна” гэжээ. Энэхүү “олох ёстой байсан орлого” гэдэгт бид хүү, нэмэгдүүлсэн хүү болох 3.154.068 төгрөгийг тооцож байгаа юм. Иймээс дээрх 3.154.068 төгрөгийг хариуцагч М.Пүрэлмаагаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч М.Пүрэлмаад холбогдуулан “... тэрээр албан тушаалаа ашиглан тус банкинд хохирол учруулсныг Өмнөговь аймгийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 164 дугаар прокурорын тогтоолоор тогтоосон тул хариуцагчаас хохиролд 39.932.297 төгрөгийг гаргуулна” гэсэн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас С.Цэцэгээгийн нэр дээр авсан зээлээс 2 000 000 төгрөгийг С.Цэцэгээ нь өөрөө авсан тул хариуцахгүй, мөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн Капитал банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар тушаалын хуулбар /хх-4/, Капитал банкны дотоодын дансны хуулга /хх-6/, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн банк хоорондын гүйлгээний баримт /хх-7/, А.Бадмаанямбуугийн зээл төлөлтийн хуваарь /хх-8-12/, С.Цэцэгээгийн зээл төлөлтийн хуваарь /хх-13-18/, Өмнөговь аймгийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 164 дүгээр прокурорын тогтоолын хуулбар /хх-19-21/, хүсэлт /хх-41/, Капитал банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 114, 115 дугаар тушаалын хуулбар /хх-42-43/, Капитал банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар тушаалын хуулбар /хх-51/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /хх-52/ нь бичмэл нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлага хангасан, шүүх эдгээр баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын... эд хөрөнгөд хууль бусаар санаатай ... үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэсний дагуу хариуцагч М.Пүрэлмаа Капитал банкинд учруулсан хохирлоо барагдуулах тухай нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлж, ... прокурорын тогтоол 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гарсан гэсэн тайлбарыг нотлох баримтаар үнэлж, хариуцагчаас 36.778.228.2 төгрөг гаргуулан Капитал банкинд олгож, харин 3.154.068,8 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт хууль хэрэглээний хувьд нэмэлт оруулж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг хэрэглэсэн нь зөв. Харин хариуцагч М.Пүрэлмаагийн банкинд учруулсан хохирлын хэмжээг тогтоохдоо буруу дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд залруулаагүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх прокурорын тогтоол гарсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар хариуцагч М.Пүрэлмаа нь Б.Шинэхүүгийн нэр дээр 27.500.000 төгрөг, А.Бадмаанямбуугийн нэр дээр 3.471.521,55 төгрөг, С.Цэцэгээгийн нэр дээр 5.806.706,64 төгрөг, нийт 36.778.228,2 төгрөгийн бодит хохирлыг банкинд учруулсан, харин уг хохирол тогтоогдсон өдрөөс хойш нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилж буй хүү, нэмэгдүүлсэн хүү болох 3.154.068,8 төгрөг нь Капитал банкинд учирсан хохирол болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг хэрэглээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг зөв тодорхойлж чадаагүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд прокурорын тогтоол гарсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч М.Пүрэлмаа нь 36.778.228,2 төгрөгийг хохирогчид төлөх үүрэг үүссэн боловч энэ үүргээ гүйцэтгэсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, талууд энэ талаар маргаагүй байх тул хохирлыг төлөгдөөгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд учраас хариуцагчаас хүү шаардах нь тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн зорилгод харшлаагүй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д нийцсэн гэж үзнэ.
Харин нэхэмжлэлийн шаардлагад заасан нэмэгдүүлсэн хүүг бодит хохирол, эсхүл нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого гэж үзэх нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалтын зорилгод хамаарахгүй, хохирол гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болох 39.932.297 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү гэж шаардсан 597 843,41 төгрөгийг хасч, 39 334 453,59 төгрөгийг хариуцагч М.Пүрэлмаагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 203/МА2016/00044 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00150 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ ...хариуцагч М.Пүрэлмаагаас 39.334.453,59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 597.843,41 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтыг “... 341.841 төгрөг ...” гэснийг “... 354.622 төгрөг ...” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч Капитал банк нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН