Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 120/2017/0001/з |
Дугаар | 221/МА2017/0702 |
Огноо | 2017-10-04 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2017/0702
2017 оны 10 сарын 04 өдөр Дугаар 221/МА2017/0702 Улаанбаатар хот
Ц.А-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Ө.Б, хариуцагч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Х.Н нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор, Ц.А-н нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0012 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.А-г Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10.860.563 /арван сая найман зуун жаран мянга таван зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилт хийхийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга давж заалдах гомдолдоо: “Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0012 дугаартай шийдвэрийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, түүнийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Шүүхийн шийдвэрээр Ц.А-н нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа “2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс нэхэмжлэгч Ц.А-д Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр өөр шүүхийн шийдвэр гараагүй, Ц.А аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан зөрчлийн үйл ажиллагаа гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй” гэж үзсэн байна.
1. Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтны эрх зүйн байдлыг энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны тухай хуулиар зохицуулна”, 28 дугаар зүйлийн 28.2-т “байнгын бус ажиллагаатай Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд тэдгээрийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулна” гэж заасан байна . Нэхэмжлэгч Ц.А нь хувь хүн биш төрийн албан хаагч байсныхаа хувьд Сонгуулийн хороонд гишүүнээр томилогдон ажилласан.
Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн ирцийн олонхоор шийднэ” гэсэн нь гишүүн бүрийн саналын оролцоог илэрхийлсэн ба уг санал нь олонхийн дэмжлэг авсан тохиолдолд шийдвэр болж хэрэгжихийг тодорхой хэлсэн байна.
Ц.А нь төрийн албан хаагчийн хувиар Сонгуулийн хороонд томилогдсон ба түүний гаргасан алдаатай санал, түүнийгээ баталгаажуулж гар өргөсний улмаас Сонгуулийн хорооны алдаатай шийдвэр баталгаажсан байдаг.
Уг алдаатай шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09, 10 дугаартай шийдвэрээр хүчингүй болгож Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэснийг зөрчиж тогтоосон.
Иргэдийн гомдлын дагуу шалгаж үзээд томилох эрх бүхий албан тушаалтан нь дээрх шүүхийн шийдвэрүүд, сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11-д заасныг үндэслэн төрийн албаны холбогдох заалтыг баримтлан ажлаас халсан шийдвэрийг гаргасан нь үндэслэлтэй юм.
Ц.А нь хууль зөрчин, сонгуульд нэр дэвшигчийг хуульд заагаагүй үндэслэлээр буруутгаж, татгалзал илэрхийлээгүй байсан бол аймгийн Сонгуулийн хорооноос “Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” хууль бус шийдвэр гарч иргэдийн хуулиар олгосон эрх ашиг зөрчигдөхгүй байх боломж байсан. Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан, эсэргүүцсэн үйлдэл үзүүлж байсныг, хууль зөрчиж байгаа талаар Сонгуулийн хорооны бусад гишүүд хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж байсаар атал Ц.А нь Сонгуулийн хорооны гишүүдээс зөрж буруутай шийдвэрийг баталгаажуулж байгаа нь тэрхүү үйлдэл нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Эдгээрийг томилох эрх бүхий албан тушаалтан ажлаас халсан тушаал гаргахдаа гол үндэслэлээ болгосон.
Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.4-т заасныг зөрчиж гаргасан Сонгуулийн хорооны шийдвэрийг гаргахад гол санал гаргаж түүнийгээ баталгаажуулж гар өргөсөн нь холбогдох хурлын тэмдэглэлээр баталгаажиж хавтаст хэрэгт авагдсан ба тэмдэглэлээс үзэхэд тодорхой баримт нотолгоотой байсаар байхад иргэн Ц.А-г буруутай гэж тогтоосон эрх зүйн ямар нэгэн баримт бичиг байхгүй байна гэж анхан шатны шүүх үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Мөн Сонгуулийн хорооны шийдвэр алдаатай гарсан нь шүүхээр нотлогдсон атал иргэн Ц.А-г буруутай гэж үзсэн шийдвэр гаргаагүй гэдэг байдал нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Уг үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгох үндэслэлтэй байна.
2. Ажлаас халсан тушаалын үндэслэх хэсэгт Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11-ийг баримталснаас гадна 29 дүгээр зүйлийн 29.5.2-т заасан “Сонгуульд оролцож байгаа аль нэг эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах”-ыг хориглоно гэж заасныг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан гэдгийг тогтоосны улмаас Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д заасныг мөн баримталсан. Ц.А нь төрийн албан хаагчаар болон аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байхдаа Ардчилсан намаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцагчаар татсан хэргийн нэхэмжлэлийг Сонгуулийн хороо татан буугаагүй байхад Ц.А нь өөрөө боловсруулан бичиж өгсөн нь эзэмшиж байсан компьютерт байгаа файлаар нь эрх бүхий албан тушаалтны зүгээс тогтоосон.
Тус файлыг нотлуулахаар шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүгч нэг талыг барьж шинжээч томилохоос татгалзсан. Өөрөөр хэлбэл Ц.А нь сонгуулийн байгууллагын ажилтан байхдаа аль нэг улс төрийн намыг дэмжсэн үйлдэл болох, хэрэгт гол ач холбогдолтой нотлох баримтыг шүүх үнэлэх боломж олгоогүй. Хариуцагч өөрийн гаргасан шийдвэрээ үнэн зөвийг нотлох боломжийг олгоогүй гэж үзэж байна.
3. 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр хариуцлага ногдуулсан өөр шүүхийн шийдвэр гараагүй, мөн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь дараах нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь шүүх үнэлээгүй байна.
Зөрчил гаргасан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь зөрчил гаргагч албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хуулиар олгогдсон эрх юм.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн нь зөрчил гаргасан ч төрийн албанаас халагдахгүй байх бус, зөрчил гаргаагүй бол төрийн албанаас халагдахгүй байх төрийн албан хаагчийн баталгааг хангасан заалт юм.
4. Шүүх хэргийн оролцогчийн оролцоог хангалгүйгээр оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж хариуцагч болон гуравдагч этгээдийг байлцуулалгүйгээр шүүх хурлыг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зарлан хуралдуулж нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан.
2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн өглөө шүүх хурал эхлэхээс өмнө хариуцагчийн зүгээс шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг албан ёсоор хүргүүлсэн боловч шүүхийн бичиг хэргийн ажилтнуудын алдаатай үйлдлийн улмаас шүүгчид танилцуулаагүй гэх шалтгаанаар уг хүсэлтийг хүлээж аваагүй ба шүүх хуралдаан дээр танилцуулагдаагүй байна.
Уг хүсэлтэд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай” 183 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн баяр наадмыг 2017 оны 07 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон, мөн уг баяр наадмыг зохион байгуулах комисст аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдон ажиллаж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулахаар дурдсан байсан боловч шүүх хуралдаанд энэ нь танилцуулагдаагүй.
Гэсэн хэдий ч Нийтээр амрах, баяр ёслолын өдрийг Засгийн газраас албан ёсоор тогтоодог хуулийн зохицуулалттай ба уг гаргасан тогтоол нь нийтээр дагаж мөрдөх баримт бичиг юм.
Иймд уг тогтоолыг иргэн бүр дагаж мөрдөх шаардлагатай ба Өмнөговь аймгийн хэмжээнд амралтын өдөр гэж үзэх ба заавал бичмэл нотлох баримт шаардахгүйгээр нийтээр дагаж мөрдөх илэрхий баримт гэж үзэж шүүх хуралдааныг уг өдөр явуулахгүйгээр хойшлуулах бүрэн боломж байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ. Энэ нь хариуцагчаас Засгийн газрын дээрх нийтэд илэрхий тогтоолын зохицуулалтын талаар шүүхэд нотлох шаардлагагүйг тодорхойлсон зохицуулалт юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Баяр наадам зохион байгуулах салбар ажлын хэсэг байгуулах тухай” А/461 дүгээр захирамжаар ажлын хэсэгт орж ажилласан болно.
Жил бүр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон бусад албан хаагчид баяр наадмын комисст орж ажилладаг. Үүнд гуравдагч этгээд болох Хууль, эрх зүйн хэлтсийн дарга ч хамаарна.
Дээр дурдсан нийтэд илэрхий нөхцөл байдал байсаар байхад шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ц.А-н нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийг байлцуулалгүй шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” 6 дугаар зүйл 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцох үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэсэн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмууд, оролцогчийн эрх зөрчигдсөн байна. Анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож зохих тайлбарыг оролцогчийн хувьд гаргах зайлшгүй шаардлагатай байсан болно. Мөн уг хэрэгт гэрч оролцуулж, гэрчээр асуулгах хүсэлт удаа дараа гаргасан боловч хэрэгсэхгүй болгож хэргийн үнэнийг тогтоох нөхцөл боломжийг шүүхээс өгөөгүй нь хэргийн хариуцагч болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн байна.
5. Анхан шатны шүүх хуралд хэргийн гэрч буюу Ц.А-г ажлаас халах захиргааны шийдвэр гаргах сонсох ажиллагаанд гэрчээр оролцсон Н.Нарангарав нь хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон байдаг. Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэмд “тухайн хэргийн ... гэрч этгээд нь аль нэг талд өмгөөлөгчөөр ажиллахыг хориглосон” байдаг.
Уг асуудлаар холбогдох байгууллагуудад нь хариуцагчийн зүгээс хандсан байсан боловч уг асуудлын эцсийн шийдвэр гараагүй байхад Н.Н-г өмгөөлөгчөөр оролцуулан шүүх хурлыг хийсэн нь шүүгч нэг талд давуу байдлыг олгосон гэж үзэж байна. Энэ нь үнэн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бий болгоогүй ба хариуцагчийг эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл болсон.
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргахдаа хариуцагчаа буруу тодорхойлсон байна.
Аймгийн засаг даргын Тамгын газрын даргын шийдвэр нь аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж гардаг өөрөөр хэлбэл уг шийдвэр нь аймгийн Засаг даргын Тамгын газрын шийдвэр юм.
Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Б гэж тодорхойлсон байна. Хавтаст хэрэгт хариуцагчид хүргүүлсэн материалууд дээрх тэмдэглэл, хурлын тов мэдэгдсэн баримт, шийдвэр гардуулсан баримтууд дээр хариуцагч Ө.Б гэж бичсэн нь шүүх байгууллагын хувьд процессийн алдаа гаргасан байна.
Хариуцагч нь албан байгууллага байхад албан тушаалтан буюу хувь хүнийг тодорхойлсон нь буруу байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0012 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох буюу хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд О.Г давж заалдах гомдолдоо: “... Миний бие Ц.А-н нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэрэгт тус аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа юм.
Шүүхийн шийдвэрээр Ц.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ц.А-н Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаан /2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг дуустал/-ны цалинтай тэнцэх олговорт 10,860,563 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилт хийхийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
Шүүхээс хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлээгүй нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилогдсон миний хууль ёсны эрх ашгийг хөндөхөд хүрээд байна.
1. Сонгуулийн хорооны шийдвэр хууль бус болсныг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09,10 дүгээр шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрээр Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” 10, 11 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хорооноос нэр дэвшүүлсэн нэр бүхий иргэдийг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн юм.
Нэр бүхий нэр дэвшигчдийг аймгийн Сонгуулийн хороонд ажиллаж байсан төрийн албан хаагч Ц.А нар Сонгуулийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр буруутгаж, нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасуулсан үйлдлийг шүүхээс хүчингүй болгосон. Энэхүү үйлдлээрээ Ц.А нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т заасан “Сонгуульд оролцож байгаа аль нэг, нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах”-ыг хориглоно гэснийг зөрчсөн нь нотлогддог юм. Нэр дэвшигчдийг хуульд заагаагүй үндэслэлээр буруутгаж, эсэргүүцэл үзүүлж, эсрэг санал өгснөөр аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 10,11 дүгээр тогтоолууд гарч нэр дэвшигчдийн хуулиар олгосон эрх зөрчигдсөн байна. Ц.А нь хууль зөрчин, хуульд заагаагүй үндэслэлээр буруутгаж, татгалзал илэрхийлээгүй байсан бол аймгийн сонгуулийн хорооноос “Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” хууль бус шийдвэр гарч иргэдийн хуулиар олгосон эрх ашиг зөрчигдөхгүй байх боломж байсан.
2. Сонгуулийн хороонд ажиллаж байсан төрийн албан хаагч Ц.А нар Сонгуулийн тухай хууль зөрчиж иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдаж байгаад хариуцлага тооцуулах талаарх Булган, Номгон сумын нэр бүхий иргэдийн гомдлыг хуулбар хэрэгт авагдсан байдаг. Энэхүү гомдлуудаар Ц.А-г Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн хуулиудыг зөрчиж, нэр дэвшигчдийн эрхийг хуульд заагаагүй үндэслэлээр буруутгаж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байсан зэрэг нь илэрхий харагддаг.
3. Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан, эсэргүүцсэн үйлдэл үзүүлж байсныг хууль зөрчиж байгаа талаар Сонгуулийн хорооны бусад гишүүд хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж байсан нь тэрхүү хурлын хэрэгт авагдсан тэмдэглэлд тусгагдсан байдаг.
Шүүхээс дээр дурдсан, хэрэгт авагдсан, Ц.А-н хууль зөрчсөн талаарх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүйн зэрэгцээ дараах хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Б/21 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 27 дугаар зүйл 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Энэ хуулийн 29.2, 29.3, 29,5-д заасныг зөрчсөн нь төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно” гэснийг хариуцагч тус тус зөрчсөн гэж дүгнэжээ.
Ц.А-г аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудыг зөрчиж, ажилласан нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал, Булган, Номгон сумын иргэдийн гомдол, Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогддог ба нэр дэвшигчдийг хуульд заагаагүй үндэслэлээр бүртгэхээс татгалзсан үйлдэл гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т заасныг зөрчсөн болно. Тус хуулийн 29 дүгээр зүйлд 29.7-д зааснаар “... 29.2, 29.3, 29.5-д заасныг зөрчсөн нь төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болсон юм.
Зөрчил гаргасан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь зөрчил гаргагч албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хуулиар олгогдсон эрх юм.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн нь зөрчил гаргасан ч төрийн албанаас халагдахгүй байх бус, зөрчил гаргаагүй бол төрийн албанаас халагдахгүй байх төрийн албан хаагчийн баталгааг хангасан заалт юм.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай” 183 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн баяр наадмыг 2017 оны 07 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон бөгөөд үүнийг нийтэд илэрхий үйл баримт гэж үзэхээр байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ. Энэ нь хариуцагчаас Засгийн газрын дээрх нийтэд илэрхий тогтоолын зохицуулалтын талаар шүүхэд нотлох шаардлагагүйг тодорхойлсон зохицуулалт юм.
Миний бие болон аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Баяр наадам зохион байгуулах салбар ажлын хэсэг байгуулах тухай” А/461 дүгээр захирамжаар ажлын хэсэгт орж ажилласан болно.
Дээр дурдсан нийтэд илэрхий нөхцөл байдал байсаар байхад шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ц.А-н нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа миний биеийг байлцуулалгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “... эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэсэн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмууд зөрчигдсөн байна.
Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч Ц.А-г үүрэгт ажлаас нь халж, сахилгын шийтгэл ногдуулсан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” б/21 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Энэ хуулийн 29.2, 29.3, 29.5-д заасныг зөрчсөн нь төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно” гэж заасныг тус тус зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг гүйцэтгэгчийн б/21 дүгээр тушаалаар Ц.А-г Өмнөговь аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 29 дүгээр зүйлийн 29.5.2-т заасныг удаа дараа зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалаас нь төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.
Гэвч, хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий б/21 дүгээр тушаалын үндэслэл болсон Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09, мөн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0444, мөн шүүхийн 221/МА2016/0448 дугаар магадлал зэргээр Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т “сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах” гэж заасныг нэхэмжлэгч Ц.А зөрчсөн гэж дүгнээгүй байна.
Тодруулбал, дээрх шүүхийн шийдвэр, магадлал нь иргэн, хуулийн этгээдээс аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэл, гомдлыг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд Ц.А-г сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөнийг тогтоож дүгнээгүй, мөн Ц.А-д холбогдуулан дүгнэсэн өөр бусад шүүхийн шийдвэр байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тиймээс шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэх аймгийн Сонгуулийн хорооны зөрчил нь зөвхөн нэхэмжлэгчийн үйлдэлтэй холбоотой гэх зүйл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогдохгүй байх тул хариуцагч, гуравдагч этгээд нарын энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.
Иймд эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР