Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 300

 

Д.П-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Д.П-, түний өмгөөлөгч П.Адъяасүрэн, Ж.Бат-Амгалан, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15 дугаар магадлалтай, Д.П-т холбогдох 1802003890264 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, Ж.Бат-Амгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх Д.П-ийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар тэнссэн хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах хориглох хязгаарлалтын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.П-ийн эзэмшлийн гар хийцийн 40 загварын 10,000,000 төгрөгийн үнэтэй алт угаах төхөөрөмж, 100 загварын 30 кв, 380 волтийн 6,000,000 төгрөгийн үнэлгээтэй дизель цахилгаан үүсгүүрийг хурааж улсын орлогод оруулж, бусдын эзэмшлийн 42-48 УБА улсын дугаартай, “Xiamen XG951” загварын авто ачигчийн үнэ 30,000,000 төгрөг, 64-85 УБО улсын дугаартай “Solar s300” загварын экскаваторын үнэ 80,000,000 төгрөг, 65-84 ӨВО улсын дугаартай “Beibentruck mtd benz” загварын өөрөө буулгагч автомашины үнэ 30,000,000 төгрөг, нийт 140,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.П нь 2018 оны 09 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд буюу хоёр хоног хэрэг учрал болсон газар дээр ажиллаж зөвхөн малтлага хийсэн байна. Тухайн малтлага хийсэн газраас алтны дээж бүхий газраас шороо гаргасан, гаргасан шороогоо ачиж тээвэрлэн угаасан, алт тунгааж ашиг орлого олсон зүйл байхгүй байхад түүний аж ахуйд байсан болон түрээслэхээр ярьж байсан бүхий л техник хэрэгслийг хураасан нь анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.П-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай 6.1 дүгээр зүйлийн 10, 11, 13 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсгийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.П гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч түүний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийсэнгүй. Шүүгдэгч Д.П-ийн зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулахдаа хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай эсэх талаар хуулийн хэм хэмжээний хүрээнд ул сууртай дүгнэлт хийх ёстой. Тухайлбал хэрэг учрал болсон Бат-Өлзий сумын нутаг “Баруун сөдтий” гэх газар хөрс нь огт хөндөгдөөгүй байгалийнхаа унаган төрхөөрөө байсан уу, шүүгдэгч Д.П-т байсан бүх техник хэрэгсэл буюу алт угаах төхөөрөмж, дизель цахилгаан үүсгүүр, авто ачигч, экскаватор, өөрөө буулгагч зэрэг техник хэрэгслүүд яаж ашиглагдсан, эдгээр нь ганц түүний өмч байсан эсэх, хайгуул олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж, ямар хэмжээний ашиг орлого олсон зэрэгт хоёр шатны шүүх үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэгдсэн нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.П нь өмнөх уурхайн ашиглалтын талбай байгаад орхигдсон газар дээр хоёр хоног зөвхөн хөрс хуулах үйл ажиллагаа явуулсан. Ухаж гаргасан хөрсөө тээвэрлэх, угаах ямар ч ажилбар хийгээгүй, ашиг орлого олоогүй болох нь нотлогдож байна. Шүүгдэгч Д.П нь хөрсний эвдрэл гэмтлийн улмаас учирсан хохирол, түүнийг нөхөн сэргээх зардлыг бүрэн төлж барагдуулсан байхад түүнд байсан бүхий л хөрөнгийг хураах шийдвэр гаргаж байгаа нь буруу гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүд нь үйл ажиллагаа тогтвортой явуулж, ашиг орлого олсон амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэгтэнд оногдуулах хариуцлагыг тодорхойлж байгаа. Шүүгдэгч Д.П-т ийм зүйл байхгүй. Шүүгдэгч Д.П нь холбогдох байгууллагуудад тусгай зөвшөөрөл авах материалаа өгчихөөд хүлээж байсан, хүлээж байх хугацаанд тухайн газраас сорьц авах зорилгоор хөрс хөндсөн, хөрс хөндсөн гэм буруугаа бүрэн хүлээж хохирол нөхөн төлсөн байхад түүнд байсан бүх техник хэрэгслийг хурааж байгаа нь холбогдох хуулийн заалтыг буруу хэрэглэж байна. Шүүгдэгчид нөхөн төлөх төлбөр байгаагүй, гэмт үйлдлийнхээ улмаас олсон орлого байхгүй байхад түүний хөрөнгийг хурааж байгаа нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулийн тулгуур зарчимд нийцэхгүй байна. Шүүгдэгчид байсан бүхий л техник хэрэгсэл нь ганц түүний өмч биш юм. Иймд шүүгдэгч Д.П-т торгох ял оногдуулж, эд хөрөнгийн үнэлгээг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “Шүүгдэгч Д.П-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас байгаль орчинд учирсан 7,291,415 төгрөг, нөхөн сэргээлтийн 1,346,770 төгрөг,  үнэлгээний компанийн ажлын хөлс 3,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулснаас гадна бага хэмжээний хохирол учруулсан байна. Шүүгдэгч Д.П нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан бага хэмжээний хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг шүүх харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээтэй давхардуулан хэрэглэсэн нь хууль болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж зааснаас бус гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулна гэж заагаагүй байна. Харин тухайн тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хурааж болохоор зохицуулсан. Мөн шүүгдэгч Д.П нь ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд “өмнө нь тус газарт ашиглалт явуулж байгаагүй тул эрүүл хөрсөнд эвдрэл учруулсан байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг газарт орон нутгийн иргэд гар аргаар нүх ухаж хөндсөн талаарх гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг цуглуулаагүй байна. Түүнчлэн техник хэрэгслийн үнэлгээг гаргахдаа тухайн техникуудын ашиглалт, ажиллаж байгаа болон эвдрэл гэмтэлтэй эсэх, хэвийн ажиллагаатай, насжилт зэргийг бодитой бусаар зураг харж үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй юм. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.П нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг “Баруун сөдтий” гэх газарт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.  Шүүгдэгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй. Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, тоног, төхөөрөмжийн үнэлгээг тогтоож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гаргуулсанд холбогдуулан гомдол гаргасан байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, Ж.Бат-Амгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.П-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.П нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг “Баруун сөдтий” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 7,291,415 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.П-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн нь хэргийн нөхцөл байдал болон хуульд бүрэн нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, Ж.Бат-Амгалан нар нь шүүгдэгчийг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, малтлага хийсэн газраас алтны дээж авах зорилгоор шороо гаргаж, уг шороогоо тээвэрлэн угааснаас бус ашиг орлого олоогүй байхад түүний өөрийн болон түрээслэхээр ярьж байсан бүхий л техник хэрэгслийг хураан улсын орлого болгосон нь хууль зөрчсөн гэж гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт  хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан билээ.

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцнэ, тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.П-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үнэ болох 140,000,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийсэн байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, Ж.Бат-Амгалан нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, Ж.Бат-Амгалан нарын хяналтын шатны шүүхэд  гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН