Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 271

 

МАГАДЛАЛ

2020.01.31                                                Дугаар 271

 

 

 

 

 

 

 

Ч.О-ны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03188 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.О-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч НМЭГхолбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 28 635 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: НМЭГ-ын Санхүү, аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад сонгуулийн дараа буюу 2012 оны 9 дүгээр сарын        28-ны өдрийн 143 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг шийдвэрийг хууль бус хэмээн үзсэн тул Баянгол дүүргийн шүүхэд хандсан ба тус шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1730 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч тал сайн дураар биелүүлэхгүй байсан тул хэд хэдэн удаа гомдол гаргасны үр дүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж, төлбөр төлөгчид 2014 оны 3 дугаар сарын 14-ны өдөр эрүүгийн 2014260000400 дугаартай хэрэг үүсч, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан тул 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр намайг ахлах нягтлан бодогчоор томилсон тушаалыг байгууллагын дарга гаргасан ч ажлыг маань хүлээлцүүлээгүй. Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 3300 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хариуцагч биелүүлээгүйгээс шалтгаалж ажил эрхлээгүй буюу ажилдаа эргэн орж чадаагүй тул 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандан ажил эрхлүүлээгүй үеийн цалин хөлс болох 10 322 998 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 457 дугаар магадлалаар “9 544 164 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах” өөрчлөлтийг шийдвэрт оруулж, уг магадлал хүчин төгөлдөр болсон. Гэвч миний сонгосон, шүүхийн шийдвэрт заасан ажил эрхлүүлэхгүй бас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогч нөхөн төлөхгүй, ажилдаа эргэн орох талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байсаар байтал 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тэтгэвэр тогтоолгох насанд би хүрч, аргагүйн эрхэнд тэтгэврээ тогтоолгосон. Хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж ажилгүй, цалин хөлсгүй 3 жил 6 сар хохирсноос гадна насаараа төрийн байгууллагад ажиллачихаад хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосондоо үнэхээр гомдолтой байна. Иймд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс тэтгэвэр тогтоолгосон өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажил эрхлүүлээгүй 42 сарын цалин хөлс 28 635 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 143 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгч нь “НМЭГ ”-т нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2011 онд 12 050 253 төгрөг, 2012 онд 10 701 523 төгрөгийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн албан тушаалаа урвуулан ашигласан үйлдлийг холбогдох байгууллагаас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг шалган тогтоосон байдаг. Тухайн мөнгө завшсан гэх үйлдэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад буй ажилгүй байсан хугацааны цалин хөлс авахаар нэхэмжилж буй хугацаатай таарч байгаа болно. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 408 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 221 дугаар тогтоолоор шүүгдэгч Ч.О нь НМЭГ-ын Санхүү, аж ахуйн даргаар ажиллаж байхдаа тус газрын урьдчилан сэргийлэх үйлчилгээний 2011 оны орлогоос 12 050 253 төгрөг, 2012 оны орлогоос 10 701 523 төгрөгийг тус тус завшиж, нийт 22 751 776 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон гэж үйл баримтыг тогтоож хэргийг шийдвэрлэсэн билээ. Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ч.О-ыг завших гэмт хэрэг үйлдэж, төрийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан болохыг Эрүүгийн хэргийн шүүхээр тогтоосон тул 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 143 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий байх бөгөөд түүний хууль бус үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй болохыг шүүхээр нэгэнт тогтоосон, үүний улмаас Төрийн байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учирсан нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч НМЭГ-аас 28 635 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ч.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.О-ны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч НМЭГ ”-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НМЭГ-аасулсын тэмдэгтийн хураамжид 301 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 408 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221 дүгээр тогтоолоор нэгэнт нэхэмжлэгч Ч.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг. Иймд шүүхийн шийдвэрээр нэгэнт гэмт хэрэг үйлдэж гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон түүнийг дахин нотлох шаардлагагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.О нь НМЭГхолбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28 635 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын санхүү, аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2012 оны 09 дүгээр сарын      28-ны өдрийн 143 дугаартай тушаалаар ажлаас халагдсан, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 457 дугаартай магадлалаар тогтоогдож, уг магадлал хүчин төгөлдөр болсон байна.

/хх 3-7 дахь тал/

Түүнчлэн, нэхэмжлэгч Ч.О нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 408 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, мөн 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өндөр настны тэтгэвэрт гарсан зэрэг нөхцөл байдал тогтоогджээ. /хх 33-62 дахь тал/

Нэхэмжлэгч нь дээрх хүчин төгөлдөр болсон “ажилд нь эгүүлэн тогтоосон” шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар шүүхийн шийдвэр биелүүлэх газарт хандаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилтныг буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговортой холбоотой асуудлаар гарсан маргаан нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарах бөгөөд нэхэмжлэгч нь дээрх гомдлоо мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн баримт хэрэгт авагдаагүй, гомдол гаргах хугацааг шүүхээс сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг дүгнэн үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, ажилгүй байсан хугацааны цалин 28 635 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ч.О-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул НМЭГ холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин 28 635 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ч.О-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.МӨНХЗУЛ

                ШҮҮГЧИД                                             Э.ЗОЛЗАЯА

                                                                                   Д.БАЙГАЛМАА