Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Пт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Сансарбаяр /цахимаар/, шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Н.Булгаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын гаргасан давж заалдсан гомдлоор Ц.Пт холбогдох, 1924000930030 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багт оршин суух бүртгэлтэй, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөг хурааж, 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 50000 төгрөг хурааж, 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ц овгийн Цийн П, регистрийн дугаар ОА88102036.

Яллагдагч Ц.П нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг Цагаан усны ам гэх газраас бусдын гучин хоёр тооны адуу буюу олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч У.Б 39.500.000 төгрөгийн, хохирогч Т.Эад 22.800.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Увс аймгийн Зүүнговь сумын нэгдүгээр багийн нутаг Урт булаг гэх газраас 2020 оны 8 дугаар сарын 26-ны үед тус сумын иргэн Н.Бын адуунаас 7 тооны адуу буюу олон тооны бод мал хулгайлж 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сансарбаяраас яллагдагч Ц ургийн овогт Цийн Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар: “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц ургийн овогт Цийн Пт холбогдох, 1924000930030 дугаартай хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж,

-яллагдагч Ц.Пт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэхээр,

-хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Сансарбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Сансарбаяр би Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн  85 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичсэн. Шүүгчийн захирамжид заасан П, Х, У, Б нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслээд эдгээр гэрч нарын мэдүүлгийг үнэлэхгүйгээр прокурор зарим яллагдагч нарт холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Үүнд хэрэг бүртгэлтийн шатанд мөрдөгч гэрч нараас гэрчээр мэдүүлэг авсан.

Гэрч нарт эрх, үүрэг танилцуулсан баримтад гарын үсэг зуруулсан боловч мэдүүлэг авахдаа тухайн гэрч нараас монгол бичиг үсэг мэдэх үү, өмгөөлөгч авах уу гэдэг байдлыг огт тодруулахгүйгээр мэдүүлэг авсан байдал хавтаст хэрэгт авагдсан байдаг. Сүүлд яллагдагчаар мэдүүлэг авахад өөр мөрдөгч бичиг үсэг мэдэх үү гэдэг асуулт тавихад У, П, Х нар нь огт мэдэхгүй. Б нь муу мэднэ гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Ийм учраас өмгөөлөгч оролцуулж мэдүүлгийг авсан. Тухайн үед эдгээр байдлыг тодруулахгүйгээр гэрчээр мэдүүлэг авах, авсан мэдүүлгийг үнэлж, тухайн хүмүүсийг уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэхэд учир дутагдалтай.

Прокурор дүгнэлт хийгээд хавтаст хэрэгт авагдсан өөр баримтуудаар яллагдагч нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдэг нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Шүүгчийн захирамжид гэрч Тыг дурдсан байдаг. Гэрч Тын тухайд бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй хүн гэж мэдүүлсээр байтал бичиг, үсэг мэддэг хүн, өмгөөлөгч оролцуулахгүйгээр мэдүүлэг авсан. Гэвч тухайн хүний мэдүүлэгт Х, У, Б, П нар нь үгсэн тохиролцож бүлэглэж хулгай хийхээр явсан юм гэдэг үг өгүүлбэр байхгүй. Харин Пын авч ирсэн адууг хэдэн хүн, хэдэн тоогоор авсан гэж мэдүүлсэн байдаг. Зөвхөн энэ мэдүүлгээр тухайн яллагдагч нар бүлэглэж тухайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд учир дутагдалтай. Х, У, Б нар нь тодорхой тооны адууг үнэ төлбөргүйгээр Паас авсан үйлдэлд дүгнэлт хийгээгүй гэдэг.

П нь хулгайлж авсан адуугаа захиран зарцуулаад явж байхдаа С, Ж, Н, Б, Х, У гэх хүмүүст нэг, хоёр, гурван тооны адууг үнэ төлбөргүйгээр өгөөд явсан. Гэтэл тэднээс Б, У, Х гурвыг хүний адууг үнэ төлбөргүйгээр авсан байна гэдэг байдлаар буруутгахад яллагдагч нарын эрх зүйн байдал дордохоор байна гэж үзээд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна гэж үзээд яллагдагч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокурор дотоод итгэлээр хууль зүйн дүгнэлт хийсэн байхад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

Үндсэн хуульд заасан яллагдагч өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн, энэ талаар эсэргүүцэлдээ бичсэн. Энэ зөрчсөн мэдүүлгүүдийг үндэслэж гэм буруутайд тооцож болох уу?, цаашид яллагдагчаар татагдах тодорхой болсон хүнийг гэрчээр асуухдаа ийм байдлаар эрхийг зөрчөөд авсан мэдүүлгийг үндэслэж яллагдагчаар татах нь хүний эрхийг зөрчинө гэж үзээд ийм тохиолдолд энэ хүмүүсийг яллагдагчаар татаж болох уу гэдгийг тодруулж, шалгаж өгөх нь зүйтэй гэдэг хүсэлттэй байна. Ийм учраас Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэсэн эсэргүүцлээ дэмжиж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авагдсан яллагдагчаар татагдах этгээдүүдийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг үндэслэж, тухайн хүмүүсийг яллагдагчаар татаж, гэм буруутайд тооцох нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчиж байна. Иймд тухайн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Пт холбогдох, 1924000930030 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сансарбаяраас: Яллагдагч Ц.Пыг 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг “Цагаан усны ам” гэх газраас бусдын 32 тооны адуу буюу олон тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч У.Б 39.500.000 төгрөгийн, хохирогч Т.Эад 22.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2020 оны 8 дугаар сарын 26-ны үед Увс аймгийн зүүнговь сумын 1 дүгээр багийн нутаг “Урт булаг” гэх газраас хохирогч Н.Бын 7 тооны адуу буюу олон тооны бод мал хулгайлж 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Ц.Пт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх санаачилгаараа урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн, үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүх Ц.Пт холбогдох эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ:

- Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг тогтоох гэдэг нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг эргэлзээгүй нотлох, тухайн үйл баримтад хуульзүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхийг ойлгоно.Тодруулбал яллагдагч Ц.Пын гучин хоёр тооны адууг хууль бусаар нууцаар авсан үйлдэлд Д.Б, Р.Х, Б.У нарын оролцсон сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд буюу тус бүр гурван тооны адууг хариу төлбөргүйгээр авсан үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл хэргийн бодит байдал тогтоогдоогүй,

- мөн Ц.Пд холбогдуулан явуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “ гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах “ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангаагүй  байна гэх дүгнэлтийг хийсэн байх ба уг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокурорын яллах дүгнэлтээр Ц.Пыг 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг “Цагаан усны ам” гэх газраас бусдын 32 тооны адуу буюу олон тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэж үзсэн бөгөөд хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн зэргийг бүрэн шалгаж, хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “ энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан. Хэрэг бүртгэлтийн шатанд мөрдөгч нь бага боловсролтой монгол хэлээр уншиж бичиж чадахгүй Ц.П, Р.Х, Б.У, Д.Б нараас өөрсдийнх нь эсрэг гэрчээр мэдүүлэг авахдаа орчуулагч, өмгөөлөгч оролцуулахгүйгээр  хууль зөрчсөн тул уг мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй юм. Хавтас хэрэгт авагдсан бусад баримтаар Д.Б, Р.Х, Б.У нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул тэдгээрийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгах нь тухайн гэрч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү “ гэх утга агуулга бүхий эсэргүүцэл гаргасан байх ба прокурорын эсэргүүцэл  хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэт, эргэлзээгүй байдлаар тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээнэ.

Ц.Пт холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Д.Б, Р.Х, Б.У нарын үйлдэл, оролцоог нарийвчлан шалгах  шаардлагатай байна.

Түүнчлэн, яллагдагч Ц.П болон Д.Б, Р.Х, Б.У, гэрч Т нар бичиг үсгийн чадвартай эсэхийг, тухайлбал бичиг үсэг мэддэггүй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй атлаа бичиг үсгийн чадваргүй тул тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй гэх дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч, гэрчүүд нь бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй гэж мэдүүлж байгаа боловч энэ байдал нь бусад нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхэд прокурор дүгнэлт хийгээгүй, тухайлбал эдгээр яллагдагч нар нь бага, дунд сургуульд суралцаж байсан эсэх, тэдгээрийн боловсролын байдлыг тогтоогоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны хууль ёсны байх зарчмыг хангуулах үүднээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн хувьд няцаах, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Яллагдагч Ц.Пт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын  2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Ц.Пт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН