Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 799

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч М.Цэнд-Аюуш,

хохирогч Э.Б,

шүүгдэгч П.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт П-ийн З-д холбогдох эрүүгийн 1706 0209 80261 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт П-ийн З

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч П.З нь 2017 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 01 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 18 хорооллын 38 дугаар байрны 9 орцонд байрлах гэр рүүгээ орохоор явж байхдаа иргэн Э.Б гээгдүүлсэн Самсунг Эс-8 маркийн гар утсыг олж, бусдад 900.000 төгрөгөөр зарж гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би утсаа эргүүлж авсан, одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Э.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн үед найз О.Ч, М, О.Ч нарын хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүлэг караокед Хараа нэртэй 0.75 литрийн 3 шил архи хувааж уусан. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө 01 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 0 дүгээр орцонд явж байхдаа гар утасаа гээгдүүлсэн. Гэр лүүгээ орж байхдаа 7-н давхарын шатан дээр сууж тамхи татсан юм. Тэр үедээ өөрийн Самсунг эс-8 маркийн гар утасаа өөрийн хажуудаа тавиад сууж байснаа тэр чигт нь мартаад явчихсан байсан. Тэгээд өглөө мэдээд Цагдаагын байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-7, 33 дугаар хуудас/,

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Баянзүрх дүүргийн Офицер зах дээр зүс таних П.З гэх хүнээс уг гар утсыг 900,000 төгрөгөөр худалдаж авсан. Надад хэлэхдээ орцноос олсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би үзэж байгаад авсан. Манай ах Ганбаатарын эхнэрийнх нь дүүтэй суусан. Худ ургийн холбоотой хүмүүс байгаа юм. Би П.Зг 2008 оноос хойш мэднэ, найзалж нөхөрлөөд л явдаг юм. Дараа нь тэр утас нь гээгдэл эд зүйлс байсныг мэдээд Цагдаагын байгууллагад хүлээлгэн өгөөд П.З надаас гар утасны үнэнд авсан 900,000 төгрөгийг буцаан өгч намайг хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-10, 34 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 24 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч П.З нь 2017 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 01 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 18 хорооллын 38 дугаар байрны 9 орцонд байрлах гэр рүүгээ орохоор явж байхдаа иргэн Э.Б гээгдүүлсэн Самсунг Эс-8 маркийн гар утсыг олж, бусдад 900.000 төгрөгөөр зарж гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч П.З-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч П.З-д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч П.З-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.