Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүх хуралдааны бичгийн дарга Н.Булгаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Бд холбогдох, 2235002050019 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт хоёр жил хоёр сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр таван жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Харцага овгийн Бавуудоржийн Б РД:ОЮ90040813.

1. Яллагдагч Б.Б нь Увс аймгийн Түргэн сумын 1-р багийн нутаг Хавчуу гэх газарт нутаглаж байсан иргэн Б.Нын малаас 2021 оны 9 дүгээр сарын 20-ны үед 8 тооны ямаа бэлчээрээр алдагдаж өөрийнх нь малд нийлсэн байсныг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр алдуул мал бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, хохирогчид 525.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэг/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/-т холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас яллагдагч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай, “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:

-Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Бд холбогдох, 2035002050019 дугаартай хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж,

-яллагдагч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэсэн байна.

4. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхээс хохирогч Б.Нын мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хохирогч, яллагдагч нар нь нэг газарт буюу Хавчуу гэх газарт нутагладаг, хохирогчийн мал бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт бэлчиж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Мал хулгайлах гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгдэг, тухай бүр гэмт хэргийг илрүүлэх боломж хязгаарлагдмал байдаг онцлогтой. Алдуул мал завших гэмт хэргийг мал хулгайлах гэмт хэргээс дараах шинжүүдийг харгалзан ялган зүйлчлэнэ.

Алдуул мал гэдгийг гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт бэлчин байрлаж байгаа өмчлөгч, эзэмшигч нь мэдэгдэхгүй байгаа таван хошуу малыг ойлгоно.

Өмчлөгч, эзэмшигч нь мэдэгдэхгүй байгаа гэдэг нь тухайн малыг авч эзэмшилдээ байлгаж буй этгээд нь орон нутгийн захиргаанд тэмдэглүүлж, алдуул мал байгаа талаар тухайн орон нутгийн иргэдэд зар түгээсний дараа үүсэх ойлголт юм. Тодруулбал мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх хууль зүйн үүргээ болон малчдын дунд байдаг алдуул малын талаар зар түгээх зан заншлын хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд алдуул мал завшсан гэж үзэх бөгөөд дээрх нөхцөл хангагдаагүй тохиолдолд мал хулгайлах гэмт хэрэг гэж үзнэ.

Мөн хохирогч Б.Нын мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас) зэргээс дүгнэвэл хохирогч Б.Нын олон тооны бог мал 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд алдагдсан байх ба яллагдагч нь тухайн малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэхгүйгээр, зар тараахгүйгээр 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрч С.Бт зарсан үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл яллагдагч нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор тухайн малын талаар бусдад мэдэгдэхгүйгээр буюу нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч бусдад  худалдсан байна.

Алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж тогтоогдохгүй байхад яллагдагчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн үйл баримттай тохирохгүй байх тул хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах бөгөөд яллагдагч Б.Бд холбогдуулан явуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь энэхүү зорилтыг хангаагүй байна.

Иймд яллагдагч Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тохирох зүйл, хэсэг, заалтад зааснаар зүйлчлүүлэхээр буюу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Түргэн сумын нэгдүгээр багийн нутаг Хавчуу гэх газарт нутаглаж байсан иргэн Б.Нын малнаас 2021 оны 9 дүгээр сарын 20-ны үед 8 тооны ямаа бэлчээрээр алдагдаж өөрийнх нь малд нийлсэн байсныг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр алдуул мал бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж Б.Нт 525.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.

Шүүгдэгч Б.Б нь тухайн 8 тооны ямааг нууцаар, хууль бусаар өөрийн өмчлөл, эзэмшилд оруулах идэвхитэй үйлдэл хийгээгүй нь хохирогч Б.Нын мэдүүлэг /XX-20-29 хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сгийн мэдүүлэг /ХХ-30-33 хуудас/, гэрч Г.Чгийн мэдүүлэг /ХХ-34-35 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б нь саахалт айл болох хохирогч Б.Нын малнаас өөрийнх нь малд 8 тооны ямаа өөрийн хөлөөрөө ирж нийлсэн байгааг мэдсэн даруй түүнийг завших, ашиг олох сэдэлт төрж тухайн малаас 3 тооны ишгийг урьдны өрөндөө иргэн Ч.Мт өгч, үлдсэн 5 тооны ямааг мал худалдан авч байсан С.Бт зарсан үйл баримт тогтоогдсон ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдпийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг болно.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх хууль зүйн үүргээ болон малчдын дунд байдаг алдуул малын талаар зар түгээх зан заншлын хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд алдуул мал завшсан гэж үзэх бөгөөд дээрх нөхцөл хангагдаагүй тохиолдолд мал хулгайлах гэмт хэрэг гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой тул Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хийж 73 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

5. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ : “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүхээс Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар тухайн алдуул малыг манай малд өөр хүний мал ороод ирлээ гээд нутгийн захиргааны байгууллагад мэдэгдсэний дараа малыг зарж, захиран зарцуулсан тохиолдолд алдуул мал гэж үзнэ гээд тайлбарлаж байна. Энэ нь үндэслэлгүй. Энэ тохиолдолд иргэний эрх зүйн харилцаа болно гэдэг байр суурьтай байна.

Улсын Дээд Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргээс юугаараа ялгаатай гэдгийг хоёр, гурван хэргийг хянан шийдвэрлэх замаар эрх хэмжээнийхээ хүрээнд тайлбарласан. Тухайн гэм буруутай этгээд тухайн малыг өөрийн эзэмшилд оруулж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй байгаа тохиолдолд алдуул мал гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь малд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас мал орж ирсний дараа завших, цааш зарах сэдэл төрөөд  борлуулж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэнэ гэдэг практик жишиг тогтсон.

Хэргийн үйл баримтын хувьд Б.Б нь 8 тооны ямааг хохирогч Нын малаас ямар нэгэн санаатай үйлдлийн улмаас таслаад өөрийн мал руу оруулсан ч юм уу?, ийм үйлдэл огт хийгээгүй. Нэг бэлчээрт бэлчээрлэдэг, нэг уснаас ус уудаг малнууд байдаг. Энэ хоёр айл нь саахалт байдаг.Тэгээд ямар нэгэн байдлаар бэлчээрт явж байхдаа ч юм уу, усан дээр байж байхдаа нийлээд Нын малаас Б.Бгийн малд 8 тооны ямаа орсон үйл баримт тогтоогддог. Тухайн 8 тооны ямааны 3 тооны мал нь ишиг байдаг. Тухайн ишгийг урьд нь 150.000 төгрөг зээлж авсан өрөндөө 35.000 төгрөгөөр тооцож 105.000 төгрөгт өгсөн. 5 тооны ямаа малд нь байсныг Улаанаа гэх ченжид зарсан.  2021 оны 11 дүгээр сарын сүүлээр яллагдагчаар татах саналтай оруулж ирсэн.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн мал хулгайлагдсан, завшсан юм уу гэдэг байдлаар тал бүрээс шалгаж тогтоогоогүй гэдэг үндэслэлээр прокурор мөрдөгчийн саналыг авахаас татгалзаад хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Б.Б нь бусдын олон тооны буюу 8 тооны ямааг хулгайлсан үйл баримт тогтоогдоогүй. Харин өөрийн малд ороод ирсэн малыг бусдад зараад борлуулсан, 3 тооны малыг өрөндөө өгсөн үйл баримт тогтоогдсон учраас прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээс дахин хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Бд холбогдох, 2135002050019 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас: Яллагдагч Б.Бг иргэн Б.Нын 8 тооны ямаа бэлчээрээр өөрийнх нь малд нийлснийг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх санаачилгаараа урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж тогтоогдохгүй байхад яллагдагч Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилсэн нь хэргийн үйл баримттай тохирохгүй байх тул хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж үзнэ” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Нын хэдэн тооны ямаа, хэзээ, хэрхэн алга болсон үйл баримт хэрэгт хөдөлбөргүй тогтоогдоогүй, тухайлбал, яллагдагч Б.Бгийн “ 8 тооны ямаа манай малд нийлсэн байсан” гэх мэдүүлгээс өөрөөр хохирогчийн хэдэн тооны ямаа хэзээ, хэрхэн ижил сүргээсээ тасарсан, яллагдагчийн малд нийлсэн байсан гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байхад прокурор 8 тооны ямаа яллагдагчийн малд нийлсэн байсан нь Б.Н, Д.С, Г.Ч нарын мэдүүлгээр нотлогдсон гэсэн нь үндэслэлгүй.

Учир нь хохирогчийн 2 удаагийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, мөн гэрч / хууль ёсны төлөөлөгч / Д.Сгийн 2 удаагийн  мэдүүлэг  хоорондоо зөрүүтэйгээс гадна эдгээр мэдүүлгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.  

Хохирогч 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: 17 тооны ямаа алга болсон, шүүгдэгч Б.Б 17 тооны ямааг авснаа хүлээн зөвшөөрч, Ч.Мын малд байсан 3 тооны ишигнээс бусад 14 тооны ямааны үнэ 1.100.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн талаар,

2 дахь удаагийн буюу 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр / гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнөх огноотой бичигдсэн/ өгсөн мэдүүлэгтээ: 9 сарын 24-ний өдөр малаа тоолоход 17 тооны ямаа алга байх шиг байсан, зүсээр 8 ямаа дутсан, Б нь манай гэрт ирж бэлнээр 1.100.000 төгрөг өгсөн, эрж хайсны зардал болон 5 тооны ямааны хохирлыг төлүүлж авсан, малаа дахиад тоолоход манай малнууд байсан” гэж өөр өөрөөр мэдүүлсэн, мөн хохирогчийн эхнэр Д.Сгийн гэрчээр болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлгүүд нь хохирогчийн мэдүүлэгтэй адил агуулгатай байх ба прокурор хохирогч Б.Н, гэрч Д.С нарын  дээрхи мэдүүлгүүдээс алийг нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий гэж үнэлж байгаа нь тодорхойгүй.

Түүнчлэн гэрч Г.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “ манай нөхөр Б.Б  “ манай малд айлын 4 сэрх, 3 ишиг орсон байсныг 4 ямааг нь хүнд зарсныг эзэн нь мэдчихсэн байна, 3 ишгийг нь буцааж өгсөн, ямааны хохиролд мөнгө өгсөн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг нь дангаараа хэргийн үйл баримтыг тогтоох хангалттай үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заах нь нотлох баримтыг шалгаж үнэлэн хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ. 

 Нөгөө талаар, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд мөрдөгч хохирогчоос 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлэг авахдаа түүнээс монгол хэл, бичиг үсэг мэддэг эсэхийг тодруулж асуухад тэрээр монгол хэл, бичиг үсэг мэднэ, уншиж бичиж чадна гэж хариулсан, мөн бүрэн дунд боловсролтой гэж мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-ийн 23-р тал/-д  тусгагдсан. 

Гэтэл мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” тогтоол/ хх-ийн 30-р тал/-оор Б.Н нь монгол бичиг, үсэг мэдэхгүй, өөрийн эрх ашиг, сонирхлыг илэрхийлж чадахгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр Д овогтой Сг тогтоож, мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд нийцээгүй төдийгүй  хохирогч Б.Ныг бичиг үсгийн чадваргүй буюу түүний  боловсролын байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад мөрдөгч ямар нотлох баримтад үндэслэж, хохирогчийг монгол бичиг, үсэг мэдэхгүй гэж үзсэн нь тодорхойгүй.

Тухайлбал,  хохирогчоос мэдүүлэг авсан 2 удаагийн тэмдэглэлд хохирогчийн боловсролын талаар бүрэн бус дунд, боловсролгүй гэж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.Сгаас гэрч / хх-ийн 37, 38-р тал/-ээр болон хохирогчийн төлөөлөгч /хх-ийн 32, 33-р тал/-өөр 2 удаа мэдүүлэг авахдаа түүний  боловсролын байдлыг бага, бүрэн бус дунд гэж өөр өөрөөр тэмдэглэлд тусгасан, мөн зарим тэмдэглэлийн он, сар, өдөр гэмт  хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнөх огноотой байгаа зэргээс үзэхэд эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг хуульд заасан үндэслэл, журмын цугларсан, нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхэд эргэлзээ бүхий байна.         

5. Прокурорын : “ Яллагдагч Б.Б нь тухайн 8 тооны ямааг нууцаар, хууль бусаар өөрийн өмчлөл, эзэмшилд оруулах идэвхитэй үйлдэл хийгээгүй нь хохирогч Б.Н, Д.С нарын мэдүүлэг, Г.Чгийн мэдүүлэг зэргээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл, Б.Б нь саахалт айл болох хохирогч Б.Нын  8 тооны ямаа өөрийнх нь малд өөрийн хөлөөрөө ирж нийлсэн байгааг мэдсэн даруйдаа түүнийг завших, ашиг олох сэдэлт төрж, 3 ишгийг нь Мягмаржавт өгөх өрөндөө өгч, үлдсэн 5 тооны ямааг Б.Бт зарсан үйл баримт тогтоогдсон, энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

Хохирогчийн алдсан ямаа яллагдагч Б.Бгийн идэвхтэй үйлдэл, оролцооноос үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн, эсхүл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас түүний эзэмшилд шилжсэн гэх үндэслэлүүд хэрэгт тогтоогдоогүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг хэн үйлдсэнийг зайлшгүй тогтоохоос гадна гэмт хэрэг гарсан байдлыг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцэхийг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр прокурорын “...Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Яллагдагч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ий өдрийн 73 дугаартай, “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын  2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН