Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Ц.Год холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хохирогчийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн гомдлыг үндэслэн Ц.Год холбогдох, 2235000000023 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,1992 оны 1 дүгээр сарын 16-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хаан банкинд мэдээлэл үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 2-р 48 айлын орон сууцны 17 тоотод оршин суудаг, урьд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны 85 дугаартай шийтгэх тогтоолоор 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Ц овогт Цын Г /РД:ОЮ83042013/.

1. Шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Ачит нуур” зочид буудалд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Т.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Ц.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор:

-шүүгдэгч Ц овогт Цын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гыг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч Т.Оын 4.188.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

- шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Год шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

4. Шүүгдэгч Ц.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ц.Г миний бие хийсэн хэргээ хүлээн, гэм буруугаа гэмшиж, хохирогчийн нэхэмжилсэн өр төлбөрийг барагдуулсан. Миний бие Хаан банканд мэдээлэл үйлчилгээний ажилтан /оператор/ гэх ажил эрхэлдэг бөгөөд ажил мэргэжлийн онцлогоос хамааран шүүхээс оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийхэд хүндрэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж надад торгох ял оногдуулаж өгнө үү” гэжээ.

5. Шүүгдэгч Ц.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2021 оны 10 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотын харьяалал руу шилжиж Хаан банкны 1800-1917 дугаар лавлах утасны хөдөө орон нутгийн ажилтнаар ажилдаг болсон бөгөөд Улаанбаатар хотын харьяаллын босоо удирдлагатай ажилладаг. Би ажилд ороод удаагүй учир надад чөлөө олгох боломжгүй гэсэн учир нийтэд тусдаа ажил хийхэд хүндрэлтэй байна. Миний амралт авах эрх нь 2022 оны 8 дугаар сард үүсэж байх тул урт хугацааны чөлөө авах боломжгүй байх тул торгуулийн ял оногдуулж өгнө үү ” гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Год холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргаж байна.

Шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Ачит нуур” зочид буудалд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Т.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 320 цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн учир ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй” гэв.

7. Хохирогчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хураалдаанд гаргасан саналдаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.

Хэдийгээр хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдахгүй байгаа ч гэсэн шүүгдэгч Ц.Г гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдлүүдийг хийсэн учир шүүгдэгч Ц.Год эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх ёстой. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан эсэхийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үздэг. Шүүгдэгч Ц.Г нь хохирогчид 1.084.000 төгрөгийн хохирлыг төлсөн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг бүрэн арилаагүй. Хохирогч Т.О нь шүүгдэгч Ц.Год зодуулахдаа хамар ясны гэмтэл авсан болох нь тогтоогдсон. Хохирогч Т.О нь хамар ясны хугарлаа эмчлүүлсэн боловч бүрэн эмчлэгдээгүй бөгөөд хамрын мурийлтыг Улаанбаатар хотод хагалгаанд орж эмчлэх боломжтой гэж хэлсэн учир 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод хагалгаанд орохоор оочир авсан байдаг.

Хагалгаа хийх эмнэлгийн зүгээс хамрын мурийлт тэгшилж, хэлбэр засах хагалгааны төлбөр 3.600.000 төгрөг болно гэсэн тооцоо гаргасан бөгөөд хагалгааны төлбөрөөс гадна Улаанбаатар хот Увс аймаг хоорондын ирж очих унааны зардал, ор хоногийн мөнгө, хагалгааны дараах боолт зэрэг бүх зардал ороод нэлээд хэмжээний төлбөр гарах байх гэж тооцоолж байгаа. Нэгэнт хагалгаа хийлгэх нь тодорхой болчихсон байхад шүүгдэгч Ц.Г нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөр төлж барагдуулахгүй байгааГэмт хэрэг гарснаас хойш 5 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч Ц.Г хохирогч Т.Отай утсаар холбогдож, уулзаж чин сэтгэлээсээ уучлалт гуйсан зүйл байхгүй. Шүүгдэгч Ц.Г нь хохирогчид 1.084.000 төгрөгийн баримттай хохирлыг төлж барагдуулсан боловч хохиролд төлсөн 1.084.000 төгрөгийг өгөхдөө хохирогчоос уучлалт гуйгаагүй бөгөөд өөрийн өмгөөлөгчийн шахалт шаардлагаар эхний 500.000 төгрөгийг өгсөн. Дараа нь үлдэгдэл 584.000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө буюу 2022 оны 3 дугаар сарын 02-ны орой хохирогчийн данс руу шилжүүлсэн байсан.

Хохирогч Т.Оын шүүгдэгч Ц.Г руу утсаар залгаж “ипотекийн өр зээлтэй учир хагалгааны төлбөрийн асуудал хүндрэлтэй байх тул хохирол төлбөрөө төлж барагдуулна уу” гэж хэлсэн боловч шүүгдэгч Ц.Г “хагалгаандаа орсны дараа гарсан хохирлын баримтаа бүрдүүлээд шүүхээрээ орж нэхэж аваарай” гэж хэлсэн байсан. Дээрх нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ц.Г нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, харамсахгүй байгаа нь харагдаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн гүйцэт арилаагүй байх тул Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.” гэв.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж барагдуулсан байсан. Ц.Г нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

Ц.Г 2021 оны 10 дугаар сард Хаан банкны мэдээлэл үйлчилгээний ажилтнаар ажилд орсон учир чөлөө авах болон амралт авах эрх үүсээхгүй байх тул нийтэд тусдаа ажил хийх боломжгүй болсон тул торгох ялаар сольж өгнө үү гэсэн агуулгатай гомдол гаргасан. Ц.Гын хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй бөгөөд эхнэр нь ажил хийдэггүй гэртээ байдаг. Шүүгдэгч Ц.Гыг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдэл тогтоогдоогүй бөгөөд хэрэгт тэр талаарх нотлох баримт авагдаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэдэг учир хохирогчийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэж эрх зүйн байдлыг нь дордуулах боломжгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д зааснаар уг хэрэгт хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Ц.Г нь хохирогчтой нэг газарт хамт ажиллаж байгаа бөгөөд уучлалт гуйж, хохирлыг нөхөн төлж барагдуулсан бөгөөд цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн.

Хохирогч Т.О хагалгаанд орох оочир дарааллыг авсан гэж нотлох баримтаа гаргаж өгсөн боловч ипотекийн зээлтэй учир хагалгаанд орох зардлаа Ц.Гоос урьдчилан авна гэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хамт ажиллаж байсан Т.Оыг зодсон гэх гэмт хэргийн нийгмийн хор аюул арилаагүй гэж үзэх боломжгүй. Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Анхан шатны шүүхээс Ц.Год нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулсан боловч Ц.Г нь дөнгөж ажилд ороод удаагүй байх тул амралт, чөлөө олгохгүй байгаагаас болж хөдөлмөрлөх эрх нь алдагдах гээд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох болон нийтэд тусдаа ажил хийлгэх, эрх хязгаарлах ял ногдуулах сонгох санкцтай учир Ц.Год оногдуулсан нийтэд тусдаа ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1 .Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Год холбогдох, 2235000000023 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

3. Шүүгдэгч Ц.Г нь согтуугаар, 2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Улаангом сумын 7 дугаар багийн нутагт  байрлах “Ачит нуур” зочид буудалд хохирогч Т.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “ тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславч ясны хугарал, мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд, баруун нүдний алимны салстад цус хуралт, дээд, доод уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

-хохирогч Т.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “манай ажлын шинэ жил 23 цаг болж байхад ерөнхийдөө тарсан ба хувцас солих өрөөнд хэсэг хүн үргэлжлүүлэн суухаар болж хэн нэгэн архи гаргаад тойруулж надад хундагатай архи ирэхэд би санамсаргүй цохиод асгачихсанд Ц.Г намайг архи асгачихлаа гээд уурлаад байхаар нь түүнийг алгадах гэсэн боловч оноогүй зөрчихсөн, Г намайг гичий минь гээд байсан М бид хоёр тэд нараас салаад хажуу талын сул өрөөнд ороод М нойр хүрлээ гээд унтаад өгсөний дараа Г орж ирээд намайг цээжээрээ дараад унахаар би зайлаач гээд түлхэхэд миний хоолой боогоод би орны араар унахад миний нүүрэн тус газар Г дэвсэхэд хамраас цус гарсаныг нойлын өрөө рүү ороод угааж байхад Г араас орж ирээд уучлаарай гээд намайг тэвэрхэд чи болиоч гээд Гыг түлхэж байгаад хальтарч унаад уруулаасаа цус гаргачихсан юм. Уруулаас гарсан цусаа угаагаад зогсож байтал Г өмдөө шувталчихсан зогсож байсан, тухайн үед М, Г бид гурваас өөр хүн зочид буудалд байгаагүй ,бид гурав гараад явж байхад Гын эхнэр ирчихсэн Гыг аваад явахад тухайн үед эхнэрт нь ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр Мэр гэртээ хүргүүлж авсан гэх мэдүүлэг /хх - ийн 5-6 вугаар хуудас/,

- гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...эхнэр О “Хаан банк”-нд теллер хийдэг. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эхнэр байгууллагын шинэ жилтэй гээд оройны 17 цагийн үед гарсан. Ингээд шөнийн буюу 4 цагийн орчим би хоёр хүүхдийн хамт унтаж байтал гэрт орж ирсэн.Тэгээд нойлын өрөөнд ус гоожуулах чимээ гараад байхаар би усанд орж байгаа юм байхдаа гэж бодоод нойлын өрөө ороход хамар болон ам хэсгээс нь цус гарсан байдалтай зогсож байхаар би яасан юм бэ, юу болсон юм бэ гэж асуухад ...  23 цагийн үед шинэ жил тарсан бөгөөд хэдэн хүн үргэлжлүүлээд суусан,  би хувцас солих өрөөнд хувцсаа сольж байхад манайд ажилладаг Г гэх залуу орж ирээд намайг орон дээр дарж унгаагаад  би эсэргүүцээд түлхэж байхад газар унахад хөлөөрөө дэвсчихсэн гэж хэлсэн ” гэх мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас),

- гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “..буудлын өрөөнд хүмүүс цуглараад байхаар нь цүнхэнд байсан нэг шил архиа задлаад хувааж ууцгаасан хэсэг байж байгаад нойр хүрээд байхаар нь хажуугийн өрөөнд ороход манай ажлын О,Т,С нар байсан О миний гар утас хаана байна олоод өгөөч  гэхээр нь хайж байгаад нойр хүрээд байхаар орон дээр унтчихсан юм. Хэсэг хугцааны дараа хаалга дуугархаар бостол Г гаднаас орж ирж байсан бөгөөд О миний хажууд байсан. Ингээд О, Г нар хоорондоо юм яриад сууж байгаад юунаас болсон талаар мэдэхгүй маргалдаад байхаар та хоёр одоо хэрэлдэхээ болиоч гээд эргэж хараад унтсан. Унтаж байтал хүн орилох чимээ гарахаар сэрээд хартал О хажуугийн орны араар уначихсан босож ирж байсан. Оыг орны араас босож ирж байгааг хартал хамрнаас нь цус гарчихсан босож ирж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай  хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Үзүүлэгч Т.Оын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславч ясны хугарал, мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд, баруун нүдний алимны салстад цус хуралт, дээд, доод уруулд зулгаралт, уруулын салстад цус хуралт, хүзүү, баруун, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, баруун сарвууны ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславч ясны хугарал, мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхин, баруун нүдний алимны салстад цус хуралт, дээд, доод уруулд зулгаралт, уруулын салстад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дугаар хуудас),

- мөрдөгчийн “Согтуурал хэмжих diager 7510 багажаар үлээлгэж шалгахад Ц.Г нь 2.34% хэмжээний согтолттой байв”  гэх тэмдэглэл,

- шүүгдэгч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба хохирогч Т.Оын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Ц.Гын хохирогчийг унагаж, нүүрэн тус газар нь цохисон гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой байна.

5. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Гын  үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6. Шүүгдэгч Ц.Г давж заалдах шатны шүүхэд : ”Миний бие ХААН банкинд мэдээлэл үйлчилгээний ажилтан /оператор/ -аар ажилладаг бөгөөд ажил мэргэжлийн онцлогоос хамааран шүүхээс оногдуулсан 320 цагийн нийтэд тустай  ажил хийхэд хүндрэлтэй байгаа тул шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү“  гэх агуулга бүхий гомдол гаргасан ба уг гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна .

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ,эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх,эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчилсан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Год ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, торгох ял шийтгүүлсэн боловч зан үйлээ засаагүй хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэх дүгнэлт хийж, дээрх ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоосон нь гэмт хэргийн улмаас  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.

Нөгөө талаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй үндэслэлийг “хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, жирэмсэн, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй “гэж заасан ба шүүгдэгч Ц.Год дээрхи хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Год оногдуулсан ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Гын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН