| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00415/И |
| Дугаар | 129/ШШ2024/00392 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 129/ШШ2024/00392
|
|
129/ШШ2024/00392 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын . баг . тоотод оршин суух Д овгийн Д
Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д нь мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би 1990 онд Д.С-тай гэр бүл болсон. Миний 1995-1997 онд мал маллаж байсантай холбоотой баримт /малын А/ архивт хадгалагдаж үлдээгүй учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд мал маллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд миний А аймгийн Б сумын Т багийн Байц гэх газар 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хувийн малаа маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д нь 1995-1997 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандсан боловч дээрх хугацаанд мал маллаж байсантай холбоотой баримтгүй учраас Д-н 1995-1997 онд мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл Д.Д-н 1995-1997 онд мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээсэн гэв.
3. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 сарын 28-ны өдрийн 147 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 18-ны өдрийн 368 тоот тодорхойлолт
- Д.Ц, Д.А, Д.Д нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ
- хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны сарын 18-ны өдрийн 03-07/3533 дугаар лавлагаа/
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 3 сарын 19-ний өдрийн 02/09 дүгээр тогтоол
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 5 сарын 28-ны өдрийн 32/19 дүгээр шийдвэр зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хүсэлт гаргагч Д.Д-н хүсэлтээр С.А, С.Х нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- Архангай аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 7 сарын 05-ны өдрийн 03/153 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 208 тоот, 2024 оны 7 сарын 18-ны өдрийн 213 тоот тодорхойлолт
- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 01/582 дугаар лавлагаа
- Д.Д-ын төрсний ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 23-ны өдрийн 73 тоот тодорхойлолт
- хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 29-ний өдрийн 03-02/4210 дугаар лавлагаа/
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 08 сарын 06-ны өдрийн 40, 41, тоот албан бичиг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Д нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор А аймгийн Б суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 сарын 28-ны өдрийн 147 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 18-ны өдрийн 368 тоот тодорхойлолт, Д.Ц, Д.А, Д.Д нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны сарын 18-ны өдрийн 03-07/3533 дугаар лавлагаа/, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 3 сарын 19-ний өдрийн 02/09 дүгээр тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 5 сарын 28-ны өдрийн 32/19 дүгээр шийдвэр, Архангай аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 7 сарын 05-ны өдрийн 03/153 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 208 тоот, 2024 оны 7 сарын 18-ны өдрийн 213 тоот тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 01/582 дугаар лавлагаа, Д.Д-н төрсний ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 23-ны өдрийн 73 тоот тодорхойлолт, хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 29-ний өдрийн 03-02/4210 дугаар лавлагаа/, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн засаг даргын 2024 оны 08 сарын 06-ны өдрийн 40, 41, тоот албан бичиг, гэрч С.А С.Х нарын мэдүүлгээр тус тус дараах үйл баримт тогтоогдож байна.
3. “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Булган сумынТамир багийн 1995-1997 онуудын малын А дансыг шүүн үзэхэд Д-т холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 сарын 28-ны өдрийн 147 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд Д.Д-г 1995-1997 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл тус тус шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч Д нь 1995-1997 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандаж шийдвэрлүүлснийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн 1995 оноос 1997 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.
4. Хүсэлт гаргагч Д.Д Архангай аймгийн Булган суманд мал маллаж байсан талаар гэрч С.А, гэрч С.Х нар “Д Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд аав, ээжийнхээ хамт үхэр, хонь маллаж байсан. Нэгдэл хувьчлагдсанаас хойш Д 1990 онд Д.С-тай гэр бүл болж хувийн малаа маллаж эхэлсэн юм. Д эхнэр Д.С-хаа хамт одоог хүртэл Архангай аймгийн Булган сумын Тамир багт нутаглаж хувийн малаа маллаж байна. Д энэ хугацаанд Архангай аймгийн Булган сумаас өөр тийшээ шилжиж байгаагүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй” гэж мэдүүлж, Архангай аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газар, Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Засаг дарга “Д овогтой Д нь 1995-1997 онуудад Тамир багийн Байц гэх газар мал маллаж амьдарч байсан нь үнэн болно” гэж тус тус тодорхойлжээ.
5. Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Засаг дарга тус багийн 1995-1997 оны хүн амын өрхийн бүртгэл багийн архивт хадгалагдаагүй талаар 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 213 тоот албан бичгээр тодорхойлсон бөгөөд тухайн албан тушаалтан Д.Д-н 1995-1997 онд мал маллаж байсныг ямар эх сурвалжийг үндэслэн тодорхойлсноо албан бичигтээ заагаагүй.
Гэрч С.А, С.Х нар “Д 1990 онд С-тай гэр бүл болсноос хойш одоог хүртэл хувийн малаа маллаж байна” гэж мэдүүлсэн.
Архангай аймгийн Архивын тасгийн тодорхойлолтоос үзэхэд Булган сумын Тамир багийн 1995-1998 оны мал тооллогын “А” данс архивт хадгалагддаг байх бөгөөд хүсэлт гаргагч Д-н мал маллаж байснаа тогтоолгох хугацаа болон 1995 оноос өмнөх 1994 он, 1997 оны дараагийн жилд мал маллаж байсан эсэх талаарх мал тооллогын баримт архивт хадгалагдаагүй, мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаан давааны 4-15-д оршин суух, ажил эрхлээгүй гэж тоологдсон хүн ам, орон сууцны 2000 оны тооллого, 1994 оны 07 сарын 03-нд төрсөн Д.Д-н төрснийг бүртгэх анкет зэргээр дээрх гэрч нарын мэдүүлэг болон Архангай аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 7 сарын 05-ны өдрийн 03/153, Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 208 тоот тодорхойлолт няцаагдаж байх ба хүсэлт гаргагчийн 1995 оноос 1997 онд хувийн малаа маллаж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Д.Д нь “А” данстай малчин өрх болно гэсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 06 сарын 18-ны өдрийн 368 тоот тодорхойлолтыг үндэслэн шүүх архиваас энэ талаарх нотлох баримтыг шаардахад Архивын тасаг “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Эрдэнэбулган сумын 1-р багийн 1995-1998 оны малын А дансыг шүүн үзэхэд Д.Д-т холбогдох материал гараагүй” гэж 2024 оны 07 сарын 23-ны өдрийн 73 тоот албан бичгийг шүүхэд ирүүлжээ.
Иймд Д.Д-н Архангай аймгийн Булган суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Д овгийн Д-н Архангай аймгийн Булган суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА