| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00756/И |
| Дугаар | 155/ШШ2024/00797 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2024/00797
| 2024 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2024/00797 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан Уул ************** оршин суух, Х М-ийн О (******* )-ийн
Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2024/00756/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч М.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.О нь үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие М.О нь 2007 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүү Аныгаа төрүүлсэн. Тухайн үед хүүгийн аавтай таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрах боломжгүй болж, хүүгээ аймагтаа ирж төрүүлсэн юм. Ингээд намар сургуульдаа явахдаа хүүгээ өөрийн аав Н.С, ээж Ц.Н нарын асрамжид үлдээж, үрчлүүлсэн. Одоо хүү маань ухаан сууж, өөрийн төрсөн, эцэг, эхээ гэх болсон бөгөөд эцэг, эх маань нас өндөр болсон тул хүүгээ буцаан өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Иймд 2010 оны 4 дугаартай үрчлэлтийг гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.
Хүү маань миний аав Н.С, ээж Ц.Н нарын асрамжид хамт амьдарч байгаа ба би төрсөн эхийн хувьд хүүгээ өөрийн асрамжид авахаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан гэв.
Гуравдагч этгээд Ц.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Цэдэнбалжир овогтой Н охин С овогтой О гийн хүү Аныг үрчилж авсан. Одоо 69 настай. Гурвалсан мэдрэл эмгэг оноштой хяналтад байдаг тул хүү Аныг ээжийнх нь асрамжинд өгөх хүсэлтэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Нотлох баримт:
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Х Сгийн Анын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 2467000001000762 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа тодорхойлолтоос 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст 5-7дахь тал)
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.С, Ц.Н , нараас хариу тайлбар, ампулаторийн картын хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргийг ирүүлсэн. (хавтаст 18, 20-23 дахь тал)
Шүүх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн засаг дарга, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа зэргийг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 17, 25, 26 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч М.О нь 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хүүхэд үрчилсний бүртгэлийн 4 дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
3. Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судалхад:
Нэг. М.О нь 2007 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Аныг төрүүлж, 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн төрсөн эцэг Х Норсмаагийн С, төрсөн эх Шарнууд Цэдэнбалжирын Н нарт үрчлүүлсэн болох нь Х Сгийн Анын төрсний болон үрчлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.
Хоёр. Мөн хүү М.Ан нь одоо өөрийн үрчлэн авсан аав Н.С, ээж Ц.Н нарын асрамжид байдаг болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн Засаг дарга Н.Даваадуламын гэрчээр мэдүүлсэн...Н.С, Ц.Н нар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 23-3 тоод Сгаар овоглсон, 15, 16 насны нэг хүүхэдтэй хамт гурвуулаа бүртгэлтэй хаягтаа байнга оршин суудаг...гэх мэдүүлэг, гуравдагч этгээдээс ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдлоо. (хх-ийн 18, 25, 26 дахь тал)
Гурав.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж, мөн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, хүүхэд үрчилснийг хүчингүй тооцох үндэслэлд эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа байдлууд хамаарахаас гадна бусад хүндэтгэн үзэх үндэслэл байх журамтай байна.
Хуульд заасан дээрх үндэслэлээс гадна үрчлэгдсэн буюу эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд нь хүүхэд байх шаардлагатай.
Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хүүхэд гэж 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ гэж, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ гэж тус тус зааснаар ийнхүү 18 насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд үрчлэлтийг хүчингүйд тооцох эсэхийг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан.
Дөрөв.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг...би 2007 онд хүүхдээ гаргаад нас залуу байсан учир аав, ээждээ үрчлүүлсэн. Манай аав, ээж дээр хүү маань17 нас хүртлээ байсан. Ирэх жил хүү маань 18 нас хүрэх учир өөр дээрээ авах хүсэлтэй байна. Ээж маань гурвалсан мэдрэл эмгэг өвчтэй, аав маань зүрхний өвчтэй. Цаашид хүүхдийг харах чадваргүй болоод байгаа. Би өөрөө гадагшаа явах гэж байгаа. Тийм учир хүүгээ өөрийн нэр дээр авмаар байна. Цаашид гадагшаа явах ирээдүйг нь бодсон ч гэсэн. Би өөрийнхөө хүүхдийг авъя гэж байна. Ийм учир би үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна...гэж тайлбарласан.
Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тус үндэслэл нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасан Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасанд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гуравдагч этгээд Н.С, Ц.Н нарыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч гаргасан тул гуравдагч этгээд Н.С, Ц.Н нарын эзгүйд хэргийг хянан шийдэрлэсэн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2007 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү М.Аныг 2007 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Х Норсмаагийн С, Шарнууд Цэдэнбалжирын Н нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч М.О гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч М.О гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ