Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              Д.Г, А.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүгдэгч А.Дгийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Г даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Г, А.Д нарт холбогдох, 2135000000152 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 16-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 3 дугаар /Баянмандал/ багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, гавъяа шагналгүй, Хойд овогт Даваагийн Г /РД:ОЖ85111611/.

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 21-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын 3 дугаар /Суварга/ багт оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт 100 цаг албадан ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 5 сар 13 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Тайж овогт Аюушжавын Д /РД:ОО88022116/.

Шүүгдэгч Д.Г, А.Д нар бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын дундуур Увс аймгийн Малчин сумын нутаг Тээгийн худаг гэх газраас хохирогч Ч.Нийн 3 тооны үхэр буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Д.Г, А.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

2. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолоор:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Д.Г, А.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэж хөнгөрүүлэн өөрчилж,

-шүүгдэгч Хойд овогт Даваагийн Г, Тайж овогт Аюушжавын Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гэд 700 /долоон зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

-  шүүгдэгч А.Дд 4 /дөрөв/ сар сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан А.Дг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Зүүнговь сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож,

-ялтан Д.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан  А.Д зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

-шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан Киа фронтер авто машины үнэ 4.003.500 төгрөгийг шүүгдэгч Д.Гээс, шүүгдэгч А.Ды өмчлөлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 мотоциклийг шүүгдэгч А.Даас тус тус хурааж улсын орлого болгож,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан иргэний нэхэмжлэгч Ч.Бын 26-07 УВА улсын дугаартай Киа фронтер авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, улсын дугааргүй, Мустанг-5 мотоциклийг хурааж улсын орлого болгох ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэсэн байна.

3. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хэрэгт авагдсан хохирогч Ч.Нийн мэдүүлсэнчлэн малчид бод малыг бог мал шиг өдөр бүр хариулддаггүй ба хохирогчийн 3 тооны үхэр нь Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутаг Тээгийн худаг гэх газарт яллагдагч А.Ды мал байдаг бэлчээрт 2021 оны 6 дугаар сараас хойш байснаар тухайн малыг алдуул мал гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл малчид бод малыг бог мал мэт өдөр бүр хариулан малладаггүй, хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Ч.Нийн 3 тооны үхэр Увс аймгийн Малчин сумын нутаг Тээгийн худаг гэх газарт зусаж байсан, түүний мал малладаг С гэх хүний үхэрт байж байгаад, тухайн газраас 10 гаруй клометрийн зайд нутаглан идээшилж байсан Таригын худаг гэх нэртэй газарт бэлчээрлэж, тухайн газар нутагт хамт бэлчээрлэдэг малын хамт Хагшаал гэх нэртэй газарт усанд ордог байсан нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хохирогчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Мөн тухайн цаг хугацаанд хохирогч Ч.Н болон түүний үхрийг малладаг С нар нь 3 тооны үхрийг Тээгийн худаг гэх газарт байгааг мэдэж байсан, түүгээр үл барам С нь үхрүүдийг Тээгийн худаг гэх газраас Таригын худаг гэх газарт байрлах гэрийнхээ ойролцоо нэг удаа тууж авч ирсэн үйл баримт тогтоогдсоор байтал анхан шатны шүүхээс мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, мөрдөгч, прокурорыг хэргийн зүйчлэлд нөлөөлөх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг гэж Улсын дээд шүүхээс тайлбарлажээ.

Дээрх тохиолдлын хувьд хохирогч нь өөрөө Улаангом сумын 12 дугаар багт амьдардаг, түүний 3 тооны үхэр нь Малчин сумын 3 дугаар багийн нутагт С гэх айлын малд байдаг, тухайн малыг тэнд байгааг хохирогч болон түүний малчин мэдэж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байхад Д.Г, А.Д нарыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл хохирогч Ч.Нийн 3 тооны үхрийг нь ямар нэгэн тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас шүүгдэгч А.Дгийн малд орж ирээгүй, бэлчээртээ байсан гэх хавтаст хэрэгт авагдсан үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

4. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шалгасан боловч яллагдагч А.Д, Д.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны бог малыг бүлэглэн машин механизм ашиглан хулгайлсан үйлдэл тогтоогдоогүй гэж үзэж сэжигтэн, яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэнд эргэлзээ төрсөн учир шүүгдэгч А.Д, Д.Г нарт ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж прокурорын эсэргүүцэл бичсэн.

Уг хэргийг өмнө нь давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэж, “хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шийдвэрлэх бүрэн боломжтой. Харин алдуул мал завших гэмт хэргийн талаас шалгах шаардлагагүй” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс уг хэргийг дахин хянан хэлэлцээд дээрх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

5. Шүүгдэгч А.Дгийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:”Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хохирогчийн 3 тооны үхэр Сын малтай хамт байсан гэдэгт маргадаггүй.

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Ч.Н өөрөө оролцсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Манай үхэр Хагшаал гэх газраас Тээгийн худаг гэх газар руу 2021 оны 6 дугаар сард нүүсэн байсныг С нэг удаа очиж тууж авчирсан боловч дараа нь дахин алга болсон” гэж мэдүүлсэн. Хагшаал гэх газар нь Тээгийн худаг гэх газраас 10 км зайтай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Хохирогчийн 3 тооны үхэр Сын хариулга маллагаанд хамгийн сүүлд хэзээ байсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй. Энэ талаар хохирогчоос асууж тодруулахад “үхрүүд алга болох үед С 2021 оны 6 дугаар сард авч ирсэн боловч дахин алга болсон” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч А.Д мэдүүлэгтээ “2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хохирогчийн 3 тооны үхэр манай малтай ирж нийлсэн” гэж мэдүүлдэг. Бэлчээрээр 10 км алслагдсан газарт 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хохирогчийн 3 тооны үхэр А.Ды малтай ирж нийлсэн.

Д.Г, А.Д нар хохирогчийн 3 тооны үхрийг 2021 оны 7 дугаар сарын дундуур машинаар тээвэрлэж явсан гэж мэдүүлдэг. Тэгэхээр хохирогчийн 3 тооны үхэр сарын хугацаанд А.Ды малтай хамт байсан. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа боловч хулгайлах гэмт хэргийг үйлдэх ямар идэвхтэй үйлдэл хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. А.Д мэдүүлэгтээ 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 3 тооны үхэр манай малтай нийлж бэлчээд байсан учир Д.Г рүү залгаж яриад 1 сарын хугацаа өнгөрч байхад 3 тооны үхрийг хүн хайж ирэхгүй байгаа учир уг 3 тооны үхрийг авч ашиглаж болно гэсэн санаа төрсөн байдаг. Сын эзэмшлээс Д.Гийн эзэмшилд шилжихдээ хулгайлах идэвхтэй үйлдэл хийсэн зүйл байхгүй. Д.Гийн малтай хохирогчийн 3 тооны үхэр нийлээд сарын хугацаа өнгөрсөн учир авч ашигласан сэдэл төрсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Т.Уянга: “Шүүгдэгч А.Дгийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн тайлбарыг дэмжиж байна. С нь Увс аймгийн Малчин сумын Таргийн худаг гэх газарт хохирогчийн 3 тооны үхрийг өөрийнхөө малтай хамт маллаж байсан.

Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэгт “Таргийн худаг гэх газарт амьдарч байгаа иргэдийн мал Тээгийн худаг гэх газарт бэлчээрлэдэг гэх үйл баримт тогтоогддоггүй. Бод мал хариулгагүй байдаг боловч тухайн малын бэлчээр нь Тээгийн худаг гэх газарт байдаггүй. Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчээс нууц далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч гэмт хэргийн халдлагын зүйл буюу хохирогчийн 3 тооны мал нь шүүгдэгч нарын эзэмшилд хэрхэн яаж шилжиж буйг үйлдлээрээ ялган зүйлчлэгддэг.

Шүүгдэгч нарын зүгээс хохирогчийн 3 тооны малыг нууц далд аргаар эзэмшилдээ шилжүүлж авахын тулд идэвхтэй үйлдэл хийсэн зүйл байдаггүй. Шүүгдэгч А.Дгийн гэрийг Увс аймгийн Малчин сумын Тээгийн худаг гэх газарт 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нүүж ирэх үед А.Дгийн малтай хохирогчийн 3 тооны үхэр ирж нийлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Хохирогчийн 3 тооны мал шүүгдэгч нарын идэвхтэй үйлдлийн улмаас эдгээрийн эзэмшилд шилжиж ирээгүй.

Хохирогчийн 3 тооны үхэр А.Дгийн малтай нийлээд бүтэн нэг сарын хугацаа өнгөрч байхад хэн ч хайж ирээгүй учир уг 3 тооны малыг авах санаа сэдэлт төрсөн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                  ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй  болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Г, А.Д нарт холбогдох, 2135000000152 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Г, А.Д нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Увс аймгийн Прокурорын газарт буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Д.Г, А.Д нарыг бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын дундуур Увс аймгийн Малчин сумын нутаг “Тээгийн худаг” гэх газраас хохирогч Ч.Нийн 3 тооны үхэр буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.    

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г, А.Д нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч нарыг бүлэглэн алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичжээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь судалж, хянаж чадаагүй байна.

Хохирогч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ : “ Би Улаангом сумын 12-р багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Харин манай мал Малчин сумын нутаг “Тээгийн худаг” гэх газар С гэх хүний малтай хамт байсан юм. 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр манайх 3 үхрээ хайж эхэлсэн. Уг үхрүүд бэлчээрээр их гүйдэг болохоор тэр хавьдаа байгаа байх гэж бодоод хайгаад байсан юм. Гэтэл 2021 оны 8 дугаар сарын дундуур Малчин сумын Хөхөө гэх хүнээс алдагдсан 3 тооны үхэр Малчин сумын нутагт байгаа тухай сураг сонссон.  Тэгээд Тээгийн худаг гэх газар байх хүмүүсээс уг үхрүүдийг хэн авсан талаар сураглахад Д, Малчин сумын М гэх 2 залуу авсан гэж сонсоод тэр хоёртой  Малчин сумын 1 дүгээр багийн нутаг хөдөөд уулзаад  “  та хоёр миний үхэр авсан байна, гаргаж өг ” гэхэд “ та уучлаарай, бид хоёр хулгайлж авсан юм, үхэр тань байгаа, та биднийг битгий цагдаад хэлээрэй, уучлаарай, энэ мөнгөөр үхрээ эрж хайсан бензин тосоо хийгээрэй гээд надад бэлнээр 2 сая төгрөг өгсөн, цагдаад битгий хэлээрэй, таныг би хохиролгүй болгоно гэж хэлсэн. Тэр хоёр надад : А.Д нь миний үхрийг Тээгийн худаг гэх газраас хулгайлан тууж, Гийг дуудан өгч явуулсан гэж хэлсэн” гэж / хх-ийн 35-37/,

-мөн тэрээр 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож, мэдүүлэг гаргахдаа :  “Манай 3 үхэр С гэдэг айлын малд байдаг. Сынх Малчин сумын нутаг Таригийн худаг гэх газарт байдаг. Манай төрсөн дүү Н Малчин сумын нутаг Зах, Тээгийн худаг гэх газруудад  зусаж, намарждаг байсан ба алга болсон цагаан үхэр нь бяруу байхдаа Нямжавын малд байсан. 2021 оны 6 сарын дундуур уг цагаан үхэр Тээгийн худаг гэх газар уруу  гүйсэн байсныг С нэг удаа очиж авчирсан боловч дахиад алга болсон, тэр орчмоор хайгаад олдоогүй гэсэн. Тээгийн худаг гэх газар нь Сын зусаж байсан Таригийн худаг гэх газраас 10 гаруй км хол  зайтай байдаг. С манай 3 үхэр алга болсон талаар надад 2021 оны 7 дугаар сарын 20-ны үед хэлсэн. Тэгээд сураг тавьж хайж эхэлсэн......” гэж тус тус мэдүүлсэн байна.

Анхан шатны шүүх хохирогчийн 2022 оны 3 сарын 10-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “2021 оны 6 сарын дундуур уг цагаан үхэр Тээгийн худаг гэх газар уруу гүйсэн байсныг С нэг удаа очиж авчирсан боловч дахиад алга болсон, тэр орчмоор хайгаад олдоогүй гэж хэлсэн. Тээгийн худаг гэх газар нь Сын зусаж байсан Таригийн худаг гэх газраас 10 гаруй км хол  зайтай байдаг” гэх мэдүүлгийг үндэслэн хохирогчийн 3 тооны үхэр 2021 оны 6 дугаар сарын дундуур Тэс сумын нутаг Таригийн худаг гэх газар байсан Сын үхрээс салж, 10 гаруй км зайтай байх Малчин сумын нутаг Тээгийн худаг гэх газар луу гүйсэн болох нь тогтоогдсон гэх дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна, өөрөөр хэлбэл, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг магадлан шалгахгүйгээр, түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгах, шалгах ажиллагаа явуулахгүйгээр хэргийн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэн, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгосон нь нотлох баримтыг бүхэлд нь үнэлэх, нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13, 14-т заасантай нийцээгүй байна.

Тодруулбал, хохирогч өөрөө Улаангом суманд амьдардаг, түүний малыг Малчин сумын нутаг Тээгийн худаг гэх газар нутагладаг С гэх хүн малладаг байсан, 2020 оны 7 дугаар сарын дундуур уг Тээгийн худаг гэх газраас  тухайн 3 тооны үхэр алга болсон талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж байсан бол тэрээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “ .... 2021 оны 6 сарын дундуур алга болсон цагаан үхэр Тээгийн худаг гэх газар уруу  гүйсэн байсныг С нэг удаа очиж авчирсан боловч дахиад алга болсон гэсэн, Тээгийн худаг гэх газар нь Сын зусаж байсан Таригийн худаг гэх газраас 10 гаруй км хол  зайтай байдаг ” гэж үхэр алга болсон газар нутаг,  цаг хугацааны талаар зөрүүтэй мэдүүлсэн байх тул түүний мэдүүлгийн эх сурвалжыг магадлах, тухайлбал, тухайн үед 3 үхрийг маллан хариуцаж байсан Сыг гэрчээр асуух нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий гэж үзлээ. 

Түүнчлэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт дурдсан “Тээгийн худаг, “Таригийн  худаг” газрууд нь аль сумын нутаг дэвсгэрт хамаардаг, хоорондоо хичнээн км зайтай болох, тухайн газар нутгууд нь хөрш зэргэлдээ буюу малын бэлчээр, ус нэг байдаг эсэхийг нарийвчлан тогтоох ажиллагааг хийх шаардлагатай байна.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Алдуул мал завших гэмт хэрэг болгон өөрчлөхдөө  хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс гадна шүүгдэгч А.Д, Д.Г нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон буюу шийтгэх тогтоолд: ....эдгээр шүүгдэгч нарын мэдүүлэг нь нэг нэгнийхээ мэдүүлгийг давхар нотолж байгаа тул мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар нотлох баримтаар үнэлж, хохирогч Ч.Нийн 3 тооны үхэр нь 2021 оны 6 дугаар сарын дунд үед Сын үхрээс салсан цагаас 2021 оны 7 дугаар сарын дунд үед гэмт халдлагад өртөгдөх үе хүртэл шүүгдэгч А.Дгийн үхэрт нийлсэн  байсан гэх үйл баримтыг тогтоов..”  гэж дүгнэжээ.

Шүүхээс хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг хэрэгт ач холбогдол бүхий гэж үнэлэхдээ, тэдгээрийн  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор, гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн, няцаасан  үндэслэлээ заагаагүй байна.

Шүүгдэгч А.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр гэрчээр өгсөн : “ 2021 оны 7 дугаар сарын дундуур Малчин сумын иргэн М буюу Г миний 98987320 гэсэн дугаар луу 98815133 гэсэн дугаараас залгаад ярьсан юм. Тэр ярихдаа : чи наанаасаа 2-3 үхэр гаргаад өг, би машинаар очиж авна гэж хэлсэн, тухайн үед би утсаа салгасан, Г над уруу олон удаа залгасан, тэгээд утсаа аваад ярихаар ганц нэг зүйл ярьж байгаад чи надад наанаасаа үхэр хулгайлаад өг, би очоод авна гэж ярьдаг байсан. Тэгээд 2021 оны 7-р сард, өдрийг яг тодорхой санахгүй байна, Г над уруу залгаад байхаар нь би утсаа авч яриад “ тэгвэл чи хүрээд ир, би эндээс 3 үхэр туугаад чамд гаргаж өгье” гэж хэлсэн. Тэгээд бид 2 Тээгийн худаг гэх газар машины зам дагуу   уулзахаар тохирсон. Тэгээд Г над уруу утсаар ярьж, очиж явна гэхээр нь би гэрээсээ өөрийнхөө Мустанг -5  маркийн ногоон өнгийн мотоциклио унаад гэрээсээ гараад явж байтал Малчин сумын нутаг Тээгийн худаг гэх газрын захад 3 тооны үхэр байхаар нь мотоциклоор хөөгөөд зам уруу дөхүүлсэн юм. Тэгээд зам дагуу байж байтал Г хажуудаа Балжинням гэх хүнтэй хамт 26-05 УВА улсын дугаартай пронтер маркийн ачааны машинтай ирсэн. Тэгээд би хөөж ирсэн 3 үхрээ Гэд үзүүлээд , энэ 3 хулгайн үхэр шүү гэж хэлээд машин дээр ачиж өгөөд явуулсан.Би уг 3 үхрийг Тээгийн худаг гэх газар бэлчээрт байхад нь хөөж авсан, тухайн үед хэний үхэр гэдгийг нь би мэдээгүй. Би хүний 3 үхэр хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, энэ миний буруу, би уг 3 үхрийг бэлчээрээс тууж авахдаа хэн нэгнээс зөвшөөрөл аваагүй” гэх  мэдүүлэг / 1-р хх-ийн 54-58/,    “

- шүүгдэгч А.Дгийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар /өмгөөлөгч байлцуулан өгсөн/  : “ Манайх 2021 оны 6 дугаар сараас 9 сар хүртэл Малчин сумын нутаг Тээгийн худаг гэх газарт зусланд гарсан юм. Д.Г нь 2021 оны 6 сарын сүүлчээс хойш миний утас уруу залгаж ярьж байсан, тэр ярихдаа “ 3 мал хэрэгтэй байна, би хүнд мал өгөх ёстой, чи наанаасаа 3 мал хулгайлаад өг, би очоод авчихна” гэж өдөрт 2-3 удаа ярьж байсан. Тэгээд 2021 оны 7 сарын 20-ны үеэр дахин залгаж ярихаар нь би түүнд “ энд 3 үхэр байна” гэж хэлсэн. Тухайн үед Тээгийн худаг гэх газар бэлчээрт 3 тооны үхэр сар гаруй хугацаанд байгаад байхаар нь би эзэнгүй үхэр байна гэж хараад тухайн үед Гийг дуудсан юм. Г над уруу ярихдаа “ чи наанаасаа зам дагуу дөхүүлээд өг, машин цаашаа явахгүй байх гэж хэлсэн. Тэгээд Г нь 7 сарын 20-ны орчимд 21 цагийн үед харанхуй болсон  байхад жолоочийн хамт цагаан өнгийн бага оврын ачааны машинтай ирсэн. Би Тээгийн худаг гэх газар бэлчээрт байсан 3 тооны үхрийг өөрийн ногоон өнгийн мотоциклоор  5 км гаруй газар тууж хүргээд Гийн авч ирсэн цагаан өнгийн, бага оврын ачааны автомашинд ачиж өгөөд явуулсан, Г нь жолооч гэх миний танихгүй эрэгтэй хүний хамт ирсэн байсан. Г нь малын эзэн Нордог гэх хүнд 2 сая төгрөг өгсөн, мөн Нордог нь 2 үхрээ буцааж авсан. Тухайн шөнө би Гэд уг 3 тооны үхрийг Тээгийн худаг гэх газраас  хулгайлан  тууж авчирж байгаа талаараа хэлсэн ” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 137-139/,

-шүүгдэгч А.Д 2021 оны 12 сарын 29-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд : Даргалагчаас : Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэж байна уу, гэм буруугийн талаар маргаан бий юу, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна уу, мэдүүлэг өгөх үү гэх асуултад :Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, мэдүүлэг өгөхгүй гэж хариулсан, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаангүй учраас шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулах санал гаргасныг улсын яллагч, шүүгдэгч нар мөн хүлээн зөвшөөрч саналаа гаргасан тул гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг нэгтгэж, нэг үе шаттай явуулахаар шийдвэрлэсэн,

мөн анхан шатны шүүхийн 2022 оны 3 сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д мэдүүлэг өгөхгүй гэж хариулсан байх ба улсын яллагчийн : Та Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.4 дэх хэсгүүдэд  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна уу гэхэд зөвшөөрч байна, мөн улсын яллагчийн: та ямар гэмт хэрэг үйлдсэн бэ гэх асуултад би 7 дугаар сард хулгайн гэмт хэрэг үйлдсэн,  хэзээ тэр үхрүүд танай үхэрт нийлсэн бэ гэх асуултад: манайх 2021 оны 6 сарын 18-нд зусланд буусан, 6 сарын 19-нд манайх сувай үхрүүдээ Түнгэ гэх газраас авахад тэр үхрүүд  манай үхэрт нийлсэн байсан, шүүгдэгч өмгөөлөгчийн : Хэр хугацаанд танай үхэрт байсан бэ гэхэд “20 гаруй хоног манай үхрээс салаагүй болохоор эзэнгүй юм байна гэж ойлгосон гэх шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг тус тус хэрэгт авагдсан байна.

 Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ шүүгдэгчийн зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн зарим хэсгийг үндэслэл болгон дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Шүүх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нөгөөгөөс нь ач холбогдолтойд  тооцож, бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх агуулгад нийцэх учиртай.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотлогооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хуульзүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг тул мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлэг өгсөн хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг магадлан шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоосны эцэст эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шийдвэрлэлээ.

5. Энэ хэргийг урьд нь анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт  буцааж байсан бөгөөд давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх  шаардлагагүй, тухайлбал анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан үндэслэл буюу шүүгдэгч А.Д, Д.Г нарын хооронд өр, авлагын асуудал байсан эсэхийг шалгах, хохирогчийг дахин асуух, шүүгдэгч А.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт үндэслэн алдуул мал эсэхийг шалгах гэх үндэслэлүүдээр нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, шаардлагатай бол хохирогч, гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулан, хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэн, хэргийг дахин анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцаасан.

Гэтэл хохирогч Ч.Н анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцож, мэдүүлэг гаргахдаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээсээ агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг дурьдах нь зүйтэй.

6. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн тул прокурорын “ Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх  агуулга бүхий эсэргүүцэлд энэ удаад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Д, Д.Г нарт холбогдох, 2135000000152 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Увс аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч А.Д, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН