Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00822

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00822

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, Прокурорын газрын байр, Хөвсгөл аймгийн Прокурорын газар,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************** оршин суух, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Б ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 04 дүгээр багт оршин суух, Х-ийн Б  (********* ),

Нэхэмжлэлийн шаардлага:  Байгаль орчинд учруулсан хохирол 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын төлөөлөгч ахлах прокурор С.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Х-ийн Б  нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хүрэн орой гэх газраас Хуш модны самрыг түүж бэлтгэхийг хориглосон хугацаанд (боргоцой) 45 килограмм, үрийн жин нь 18 килограммыг бэлтгэсэн гэх зөрчилд тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Пүрэвсүрэн нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч Ж.Б д 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 0614834 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Гэтэл Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад Зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд бэлтгэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж хуульчилсан байхад эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогчоос байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлээгүй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, аж ахуй нэгж байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна" гэж заасан, иргэн Ж.Б ийн хууль бус үйлдлийн улмаас Байгаль орчин, уур амьсгалын санд хохирол учирсан байх бөгөөд уг хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу прокурор өөрийн санаачлагчаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжпэл гаргах эрхтэй байна. Мөн Иргэний хуулийн 497 дугаар 497.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б  нь хууль бус санаатай үйлдлээр төрд учруулсан гэм хорын хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй болно.

Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжпэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Ж.Б ээс Хуш модны самрыг түүж бэлтгэхийг хориглосон хугацаанд (боргоцой) 45 килограмм, үрийн жин нь 18 килограммыг бэлтгэж, байгаль орчинд 450,000 төгрөгийн хохирол учруулсныг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын зөвлөх, Ч.Алтансүх шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Тус аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, Х.Б д холбогдох гэм хорын хохирол 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Б  нь нэхэмжпэлийн шаардлагыг биелүүлсэн буюу экологи эдийн засагт учруулсан 450,000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын төлөөлөгч ахлах прокурор С.Б  нь хариуцагч Х.Б д холбогдуулан, байгаль орчинд учруулсан хохирол 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч Х.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын зөвлөх, Ч.Алтансүхийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдлоо.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 14,150 төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Х.Б ээс улсын тэмдэгтийн хураамж 14,150 (арван дөрвөн мянга нэг зуун тавь) төгрөгийн тал хувь болох 7,075 (долоон мянга далан тавтөгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын төлөөлөгч ахлах прокурор С.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Б д холбогдох, байгаль орчинд учруулсан хохирол 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг төлсөн  байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Х.Б ээс улсын тэмдэгтийн хураамж 14,150 (арван дөрвөн мянга нэг зуун тавь) төгрөгийн тал хувь болох 7,075 (долоон мянга далан тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.ДАВААХҮҮ