| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2135000970178 |
| Дугаар | 2022/ДШМ/26 |
| Огноо | 2022-05-16 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2022/ДШМ/26
Н.Б, Н.Т, Х.Б, А.Н нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Н.Б, Н.Т, Х.Б, А.Н, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батгэрэл, Д.Дамдинсүрэн, Т.Уянга, С.Ганхөлөг, шүүх хуралдааны бичгийн дарга Н.Булгаа нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч С.Ганхөлөг, шүүгдэгч Н.Б, Н.Т нарын тус тус давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн Н.Б, Н.Т, Х.Б, А.Н нарт холбогдох, 2135000970178 дугаартай, 5 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт Сагил сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын 5 дугаар баг 8 тоотод оршин суух урьд ял шийтгүүлж байгаагүй, Я ургийн овогт Н Б /РД:ОЛ82090363/.
Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, англи хэлний багш мэргэжилтэй, Төрийн банкны Увс аймаг дахь салбарын Сагил сум хариуцсан тооцооны төвийн захирал ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн 5-2 тоотод оршин суух , урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Нын Т /РД:ОЛ87050264/.
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүү, нягтлан бодогч мэргэжилтэй, Ялалтын хөгжил Хоршооны дарга ажилтай, 2014-2020 онд Увс аймгийн Сагил сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн 14-04 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Хын Б /РД:ОЛ8787012073/.
Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан, нягтлан бодогч мэргэжилтэй, Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 324 дүгээр байр, 10 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т нэг овогт Агийн Н /РД:0383022784/.
1. Шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт Сагил сумын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сагил сумын 4-р багийн иргэн Н.Уын нэр дээр эмчилгээ, рашаан сувилалд явсан замын зардал гэж халамжийн сангаас олгох 530.800 төгрөгийг тус сумын Төрийн банкнаас “Халамжийн байцаагчийн хүсэлтээр Б” гэх утгаар байцаагчийн тэмдэг дарж, гарын үсэг зурж гаргуулан авсан,
-Сагил сум дахь Төрийн банкны салбарын захирал Н.Ттай үгсэн тохиролцож, тус банканд үйлчлэгчээр ажилладаг Х.Зын нэр дээр 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуурамч итгэмжлэл хийлгэж, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд С.Г болон түүний нөхөр Н.У, хүү У.М нарт “Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхэд, 16 наснаас дээш насны байнгын асаргаа шаардлагатай хүнд улиралд нэг удаа халамжийн сангаас олгох асаргааны болон эмийн мөнгө, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөнгөлөлт тусламжийн зардлаас У.Мын нэрээр байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох түлээ, нүүрсний хөнгөлөлт 140.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.Уын нэрээр сэтгэцийн эмгэгтэй иргэнд олгох түлээ нүүрсний хөнгөлөлт 140,000 төгрөг, У.Мын нэрээр эмчилгээ, рашаан сувилалд явсан хүүхдэд 100 хувиар олгох 445.000 төгрөг, С.Г нэрээр хүүхдээ асрамжилж яваа нэг иргэнд 50 хувиар олгох 335.500 төгрөгийн зардлыг тус тус гаргуулан авч, өөртөө болон Н.Тт давуу байдал бий болгож, хохирогч С.Гд 3.220.650 төгрөг, нийгмийн халамжийн санд 1.060.500 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч Н.Т нь Төрийн банкны Увс аймаг дахь салбарын Сагил сумын тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сагил сумын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бтай үгсэн тохиролцож, тус банканд үйлчлэгчээр ажилладаг Х.Зын нэр дээр 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуурамч итгэмжлэл гаргуулан авч, 2019 оны 7 дугаар сарын 23-наас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд С.Г болон түүний нөхөр Н.У, хүү У.М нарт “Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхэд, 16 наснаас дээш насны байнгын асаргаа шаардлагатай хүнд улиралд нэг удаа халамжийн сангаас олгох асаргааны болон эмийн мөнгө, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөнгөлөлт тусламжийн зардлаас У.Мын нэрээр байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох түлээ,нүүрсний 140.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.Уын нэрээр сэтгэцийн эмгэгтэй иргэнд олгох түлээ нүүрсний 140,000 төгрөг, У.Мын нэрээр эмчилгээ,рашаан сувилалд явсан хүүхдэд 100 хувиар олгох 445.000 төгрөг, С.Г нэрээр хүүхдээ асрамжилж яваа нэг иргэнд 50 хувиар олгох 335.500 төгрөгийн зардлыг тус тус гаргуулан авч, өөртөө болон Н.Тт давуу байдал бий болгож, хохирогч С.Гд 3.220.650 төгрөг, нийгмийн халамжийн санд 1.060.500 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Сагил сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа ажил үүргийн дагуу нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн банкны Увс аймаг дахь салбарын Сагил сумын тооцооны төвийн захирал Н.Тт 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “С.Г би энэхүү итгэмжлэлийн дагуу хүү Мөнх-Оргилын асаргаа, замын зардал, нөхөр Н.Уын нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг Хурцаа овогтой Золжаргалд итгэмжлэн олгож байна” гэх итгэмжлэлийг талуудыг байлцуулахгүйгээр гэрчилж өгсний улмаас Н.Т, Н.Б нарт давуу байдал бий болгож, хохирогч С.Гд 3.220.650 төгрөг, нийгмийн халамжийн санд 1.060.500 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч А.Н нь Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сагил сумын 4-р багийн иргэн Н.Уын нэр дээр эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр замын зардал 530.800 төгрөг, У.Мын нэрээр байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох түлээ, нүүрсний хөнгөлөлт 140.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.Уын нэрээр сэтгэцийн эмгэгтэй иргэнд олгох түлээ нүүрсний хөнгөлөлт 140.000 төгрөг, У.Мын нэрээр эмчилгээ, рашаан сувилалд явсан хүүхдэд 100 хувиар олгосон 445.000 төгрөг, С.Г нэрээр хүүхдээ асрамжилж яваа нэг иргэнд 50 хувиар олгосон 335.500 төгрөгийн зардлуудыг анхан шатны санхүүгийн баримтгүйгээр Нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгэн, жагсаалт гаргаж, баталгаажуулалт хийж Н.Т, H.Б нарт давуу байдал бий болгосны улмаас нийгмийн халамжийн санд 1.060.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Ямаат овогт Н Б, Т овогт Нын Т, Д овогт Хын Б, Т нэг овогт Агийн Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолоор:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Д овогт Хын Б, Т нэг овогт Агийн Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
- шүүгдэгч Ямаат овогт Н Б, Т овогт Нын Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Д овогт Хын Б, Т нэг овогт Агийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Б, Н.Т нарт тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Б, А.Н нарт тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 5500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж,
-шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Н.Бын гэмт хэрэгт үйлдэж олсон орлого 2.671.375 төгрөг, шүүгдэгч Н.Тын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2.140.575 төгрөгийг тус тус хураан улсын орлого болгож,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн итгэмжлэлийг хэрэгт үлдээж, тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэрэг 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Удвалд даалгаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Бын 87-64 УВХ улсын дугаартай авто машин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн ойлголт, шинжийг, мөн зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх шинжээр нь тодорхойлсон.
Шийтгэх тогтоолын 21 дүгээр хуудсанд “Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдгийг сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгоно гэж тайлбарлан дүгнэлт хийсэн бөгөөд А.Нийг “албан тушаалын байдлаа” ашигласан гэж дүгнэсэн атлаа Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж заасныг дурдсан байдаг.
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэх ойлголтууд нь эрс өөр ойлголтууд гэж үзэж байгаа бөгөөд шийтгэх тогтоолын 23-р хуудсанд шүүгдэгч А.Нийн үйлдлийг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг бусдын ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл гэж дүгнэсэн хэрнээ түүнийг гэм буруутайд тооцохдоо буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын хоёр дахь хэсэгт А.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хоорондоо зөрүүтэй, хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй шийдвэр гарсан гэж дүгнэж байна.
А.Нийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, албан тушаалын байдлын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хоёр ойлголтын аль агуулгаар нь гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй байна. Хэрэв албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт: Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна гэж дурдсан. А.Нийн хувьд дээрх үйлдлийг гаргахдаа эрх нөлөөгөө ашигласан гэж үзэх нь эргэлзээтэй. Учир нь А.Н нь хамт ажилладаг Н.Бын хууль бус үйл ажиллагааг мэдээгүй. Анхан шатны баримт дутуу байгаа ч дараа нь авчирж өгөх байх гэдэг үүднээс энэ гэмт хэргийг үйлдсэн буруутай болж, ял шийтгүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна.
Хуулийн тайлбарт "урвуулан ашиглах" гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж дурдсан.
А.Нийг гэм буруутайд тооцохдоо албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлсэн эсэхийг тодорхой дүгнэж бичээгүй. Түүний хувьд хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн төлөө албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл байхгүй бөгөөд хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилготой байсан талаар хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримт байхгүй. Хувийн ашиг хонжоо хайгаагүй, олоогүй гэдгийг шүүгдэгч Н.Б, Н.Т нар нотолсон байдаг. Хэрэв А.Н нь анхан шатны санхүүгийн баримт дутуу байхад нь Вэйс программд шивж, баталгаажуулсан үйлдлийг “албаны эрх ашиг”-ийн эсрэг гэж дүгнэсэн бол албаны эрх ашиг гэж юу вэ гэдгийг тодорхойлох ёстой байсан гэж үзэж байна. А.Нийн хувьд нийтийн албан тушаалтныхаа хувьд дээрх үйлдлийг хийснээрээ нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулсан гэж үзэхгүй.
Магадгүй анхан шатны баримт дахиж нэмж өгнө гэх нөхцөлгүйгээр дутуу, хамт ажилладаг биш өөр хэн нэгэн этгээдээс, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмгэгтэй хүнд олгогдох ёстой тэтгэмжийг өөр хүнд олгохоор материал хүлээж авсан тохиолдолд албаны эрх ашгийн эсрэг гэж үзнэ.
Харин А.Нийн хувьд Увс аймгийн Сагил сумын 4-р багийн иргэн Н.У, У.М нарын нэрээр эмчилгээ, рашаан сувилалд явсан замын зардал зөв хүндээ олгосон гэж бодсон. Хамт ажилладаг хүний хувьд “ширээн дээрээ орхиод иржээ, дараа ирэхээрээ өгье” гэхэд нь дутуу материал авч бүртгэснээрээ ажлын хариуцлагагүй байдал, цаашлаад сахилгын шийтгэл хүлээлгэхүйц зөрчил үйлдсэн байж болох ч албанй эрх ашгийн эсрэг хийх ёсгүй зүйлийг хийсэн үйлдэл гэж үзэхгүй байна. Мөн дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. А.Нийн хувьд санаатайгаар энэ үйлдлийг хийгээгүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Ийм учраас А.Нийг албан тушаалын байдлаа, эсхүл албан тушаалын байдлын эрх мэдлээ “урвуулан ашигласан” гэж үзэхгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласнаар төгсдөг гэмт хэрэг биш. Өөрөөр хэлбэл “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж тодорхойлсон нь тухайн албан тушаалтан албан үүрэг ч юм уу, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байлаа гэхэд үр дүнд нь өөртөө болон бусдад материаллаг болон материаллаг бус давуу байдлыг үүсгэснээр энэ гэмт хэрэг төгсөнө гэж үзэж байна.
А.Нийн хувьд 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Сагил сумын 4-р багийн иргэн Н.Уын нэр дээр эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр замын зардал 530.800 төгрөгийг, У.Мын нэрээр эмчилгээ, рашаан сувилалд явсан хүүхдэд 100 хувиар олгосон 445.000 төгрөг, С.Г нэрээр хүүхдээ асрамжилж яваа нэг иргэнд 50 хувиар олгосон 335.500 төгрөгийн зардлуудыг анхан шатны санхүүгийн баримтыг үндэслэн Нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгэн, жагсаалт гаргаж, баталгаажуулалт хийх ёстой гэдгийг мэдсээр байж, анхан шатны баримтгүйгээр дээрх үйлдлийг хийсэн нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэхэд ийнхүү урвуулан ашигласнаар бусдад ямар давуу байдал бий болгосон бэ, энд ямар давуу байдал үүсэхийг урьдчилан мэдээд энэхүү үйлдлийг гаргах болсон гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад огтхон ч нотолж чадаагүй. Н.Б цаанаа ямар үйлдэл хийж буйг А.Н мэдээгүй, мэдэх ч боломжгүй байж түүнд ямар давуу байдал бий болгосон гэж ойлгон энэ үйлдлийг хийсэн бэ гэдэг дээр шүүх дүгнэлт хийгээгүй.
Шүүх Н.Б, Н.Т, Х.Б, А.Н нарын гэм буруутай үйлдлийн улмаас С.Гд 3.220.650 төгрөг, нийгмийн халамжийн санд 1.060.500 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэсэн хэрнээ прокуророос Х.Б, А.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн. Ерөнхийдөө Х.Б, А.Н нарыг Н.Б, Н.Т нарын гэм буруутай үйлдэлтэй үйлдлээрээ санаатай нэгдээгүй гэж дүгнэсэн хэрнээ дөрвөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Х.Б, А.Н нарын шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчид хэрхэн, яаж, ийм хэмжээний хохирол учирсан шалтгаант холбооны талаар дүгнэлт хийгээгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр А.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэдэг нь тогтоогдохгүй байх тул А.Нийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгч А.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Н миний бие Увс аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 15 дахь жилдээ ажиллаж байгаа жирийн нэг төрийн албан хаагч.
Тухайн үед би ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Гэтэл надад олголт хариуцсан мэргэжилтний ажлыг давхар хариуцуулж Увс аймгийн хэмжээний 6000 гаруй ахмад настны нийгмийн халамжийн хөнгөлөлт тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээг үзүүлэх, мөн ахмад настны төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж 19 сумаа бодлого арга зүйгээр хангах, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах идэвх оролцоог нэмэгдүүлж ажиллахын сацуу аймгийн хэмжээнд сар бүр давхардсан тоогоор дунджаар 42.000 орчим хүнд халамжийн олголт хийдэг бөгөөд миний ажил ачаалал ихтэй учраас дандаа уртасгасан цагаар сууж ажилладаг.
Жирэмсэн 8 сартай байсан миний хувьд ачаалалтай байсан. Тухайн үед миний хийж байсан ажлыг одоо 3 мэргэжилтэн хийдэг болсон. Би өөрийн хийсэн үйлдлээ гэмт хэрэг гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл Н.Б нь бусадтай хуйвалдан мөнгө авах гэж байгааг би мэдээгүй, мэдэж байгаад санаатай тусалж дэмжсэн, үүнийхээ хариуд ямар нэг тусламж, шан харамж аваагүй. Өөрөөр хэлбэл үйлдэлдээ санаатай хандсан, бусдад давуу байдал үүсгэх гэж хүсэж үйлдсэн зүйл байхгүй.
Миний хувьд Н.Бд итгэсэн, учир нь Н.Б бид хоёр нэг салбарт нэг хамт болж олон жил ажилласан. Түүний хувьд өмнө нь алдаа гаргаж байгаагүй. Мөн тухайн сум хариуцсан мэргэжилтний хувьд тухайн иргэнээсээ анхан шатны материалаа аваад хянаж, судлаад программын бүртгэлд оруулаад хүлээлгэн өгч баталгаажуулалт хийлгэх үүрэгтэй, надтай ижил түвшний хариуцлагатай эрх бүхий мэргэжилтэн. Өөрийнх нь хариуцсан сумын иргэний материалыг авч ирж надаар баталгаажуулалт хийлгэхдээ “асаргааны хүүгээ рашаан сувилалд авч яваад ирсэн ээжийн баримт гэж хэлсэн бөгөөд “зарим анхан шатны баримтыг нааш гарах гэж яарж байгаад ширээн дээр орхиод ирсэн байна, материал дутуу авч ирсэн талаараа хэлээд баталгаажуулалт хийгээд өгөөрэй, ойрын хугацаанд дутуу баримтаа өгнө гэсэн болохоор нь иргэнээ бодоод баталгаажуулалт хийж өгсөн. Учир нь:
1. Тухайн үед оны төгсгөл буюу 12 сарын сүүлчээр гүйлгээ хаах гэж байх үед ирсэн учраас тухайн оны хөнгөлөлтийг тухайн жилд нь багтааж оруулж өгөхгүй бол дараа онд авах эрхгүй болж хөнгөлөлт эдлэх иргэн хохирох гээд байсан.
2. Асаргааны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүн сэтгэл санааны хувьд болон хүүхдээ асрах гээд ажил хөдөлмөр хийж чаддаггүй, эдийн засгийн хувьд маш хүнд байдаг гэдгийг олон жил энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд мэддэг байсан учир тухайн асаргааны хүүхэдтэй иргэнээ бодож ажлаа хийсэн.
3. Материалыг дутуу авч ирсэн, зарим анхан шатны баримтыг ширээн дээрээ орхиод ирсэн нь сум хариуцсан мэргэжилтний хариуцлагагүй үйлдэл, үүнээс болж тухайн иргэнийг хохироохгүй юмсан гэж бодож байснаас биш Н.Быг тухайн мөнгийг дундаас нь завшиж байна гэж бодоогүй /Би огт материал байхгүй байхад баталгаажуулж өгөөгүй, дутуу материал байсан/.
Миний бие холбогдох хууль, дүрэм журмаар анхан шатны баримтыг заавал үзэж, шалгах үүргийг хүлээдэггүй. Энэ үүргийг манай газрын хяналтын мэргэжилтнүүд хэрэгжүүлдэг. Мөрдөн байцаагч, прокурор нар манай олголтын процессыг сайн мэдэхгүй учир намайг шивж оруулснаар мөнгө авах боломжтой гэж ойлгоод байна. Би шивж оруулсан олголтыг хяналтын мэргэжилтэн хянаад сангийн нягтлан бодогчид банк уруу явуулах зөвшөөрөл өгдөг. Үүний дараа банкнаас мөнгө гарах боломжтой болдог.
Миний хувьд нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүгээ 2020 оны 3 дугаар сард төрүүлсэн. Манайд төрд ажиллаж ганц цалин авдаг хүн би бөгөөд нөхөр маань хувиараа бизнес хийдэг. Би ажилдаа хайрамжгүй хандсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 15 жил төрд ажиллаад ийм байдалд орсондоо туйлын их харамсаж байна. Тухайн үед ажлын ачаалал их байсан, 8 сартай жирэмсэн, бие ядруу байсан учир ийм алдаа гаргасан гэж хожим нь халаглаж сууна. Гэвч анхан шатны шүүх санаатайгаар бусдад давуу байдал бий болгосон гэж намайг яллаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.
6. Шүүгдэгч Н.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Надад Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 7 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Шүүхээс надад оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Манайх ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Ар гэрийн амьдралын хувьд би ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдог байсан бөгөөд нөхөр маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тогтсон орлого байхгүй болно. Манайх 3-17 насны 5 хүүхэдтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуилага хүлээлгэх учиртай гэж үзэж байна.
Надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа ба хохирогчид учирсан хохирлыг төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон миний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хассаныг багасгаж, торгох ялын доод хэмжээг оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
7. Шүүдэгч Н.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэргийн бүрдэл, зүйлчлэлийн талаар миний зүгээс ямар нэгэн маргаан байхгүй, харин анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Миний бие хувийн байдлын хувьд Увс аймгийн Сагил суманд ам бүл-6, нөхөр болон 2-12 насны дөрвөн хүүхдийн хамтаар амьдардаг. Ар гэрт маань нөхрөөс маань өөр ажил хөдөлмөр хийдэг хүн байхгүй. Иймд миний хувийн байдал болон анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассаныг багасгаж, торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.
8. Шүүдэгч Х.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24 ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Сумын тамгын газрын дарга нь нотариат үйлдэхээс гадна сумын онцгой, цэрэг, хил, бусад албан байгууллага, багууд, өөрийн хариуцсан албан байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа гээд ачаалал өндөртэй байдаг.
Анхан шатны шүүхээс гарсан дүгнэлтийг өөр дээрээ тооцоолж үзэхэд би тамгын газрын даргаар ажиллаж байхад сар бүр гар дээр 1,2 сая төгрөг авдаг байсан. 4 жил эрхээ хасууллаа гэж бодоход 57,6 сая төгрөгийн цалин, торгуул 5,5 сая нийт 62,6 сая төгрөгөөр хохирч ял шийтгэл авч, дээр нь нэр хүнд сэтгэл санаагаараа хохирч үлдлээ. Цаашид гэр бүл, амьдралаа авч явахад хүндрэлтэй боллоо.
Би өөрийн хийсэн үйлдлээ гэмт хэрэг гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг надад тохирох шийтгэл биш гэж үзэн гомдол гаргасан. Яагаад гэвэл Н.Т нь миний өрөөнд өөрийн гараар бичсэн, итгэмжлэгдэгч Золжаргал, итгэмжлүүлэгч С.Г гэсэн гарын үсэг бүхий итгэмжлэлийг авч орж ирсэн, би түүнд итгээд итгэмжлэлд тамга дараад өгсөн. Гэрэлмаагаар зуруулаад хоцорсон байх л гэж бодсон. Учир нь С.Г, Н.Т бид нар нэг үеийн, нэг багийн, нутгийн найзууд юм, би мөнгийг аваад өгөх байх л гэж бодож тамга дарж өгсөн. Дээр нь Н.Т тухайн үед сумын хурлын төлөөлөгч байсан учир багийнхаа иргэнд тус болж байгаа юм байна гэж бодсон. Би буруугаар ашиглан гэж бодоогүй надад санаанд ч ороогүй. Ийм юм хийхээр ч хүн биш, яагаад ийм зүйл хийснийг би мэдэхгүй байна. Хэрвээ мэдсэн бол би хэзээ ч ийм зүйл хийхгүй.
Надад эдгээр хүмүүстэй үгсэн хуйвалдаж шан харамж, мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Би нэг ч гэсэн хүнд тус болчих юмсан гэсэн бодолтой ажлаа хийдэг байсан. Дээр нь С.Гх сумаас 100 гаруй км хамгийн хол алслагдмал, сүлжээ муутай газар амьдардаг. Зардал чирэгдэл гаргаад олон дахин явуулаад яах вэ, сар сардаа мөнгөө аваад байг л гэж бодсон. Хэрэв ийм зүйл болж байгааг сарын дараа ч юмуу нэн даруй мэдсэн бол би өөрөө итгэмжлэлээ авч устгаж залруулаад явах боломж байсан.
Миний бие нь эхнэр, 1-10 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Ам бүл-5. Сумын төвд 77 настай ээжээ байнга асран дэргэдээ байлгадаг, эхнэр ажилгүй ба 3 сартай жирэмсэн. Манай хоршоо шинээр үйл ажиллагаа нь эхэлж байгаа учир тогтмол цалин хөлс байхгүй, олсон ашгийн тодорхой хувиар багахан хэмжээний урамшуулал авдаг. Цалингийн зээлд сар бүр 630.000 төгрөг төлдөг, аав ээжээс өвлөсөн 200 гаруй малын ашиг шимээр зээлээ төлсөөр ирсэн. Би ажилдаа хайхрамжгүй хандсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Төрд ажиллах хугацаанд ийм зүйлтэй холбогдсондоо туйлын их харамсаж байна. Гэвч анхан шатны шүүх санаатайгаар бусдад давуу байдал бий болгосон гэж намайг яллаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иймд хэргийг бүхэлд нь хянаж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
9. Шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгч С.Ганхөлөг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Бийг “Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т” ...төлөөлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шилжүүлсэн итгэмжлэлийг гэрчлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна гэж үзсэн /шийтгэх тогтоолын 22 дугаар хуудас/.
Нотариатын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бол холбогдох хариуцлагыг уг хуулиар оногдуулахаар хуульчилсан ба тухайн нотариатын үйлдэл хийж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бие даасан гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна гэж үзэж байна. Мөн шүүхээс Х.Бийг “Эрх шилжүүлсэн итгэмжлэлийг батлахдаа шалгах ёстой гэдгийг мэдсээр байж шалгахгүйгээр төлөөлүүлэгч болох С.Гг байлцуулахгүйгээр гэрчилж өгсөн үйлдэл албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг бусдын ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэж үзсэн.
Х.Бийг С.Г, Х.З нарыг байлцуулахгүйгээр итгэмжлэл хийж, Н.Т, Н.Б нарт давуу байдал бий болгосон гэж үзэх нь зүйд нийцэхгүй байна. Итгэмжлэлд төлөөлүүлэгч С.Г, төлөөлөгч Х.З гэж дурдагдсан итгэмжлэлийг Х.З өөрөө авсан төдийгүй өөртөө хадгалж ашиглаж байсан. Уг итгэмжлэлээр С.Г нь асаргаа, замын зардал, нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг Н.Т, Н.Б нарт шилжүүлсэн талаар дурдагдаагүй бөгөөд тэдэнд давуу байдал олгосон гэх үндэслэл байхгүй байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахв хэсэгт “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг гэж заасан, өөрөөр хэлбэл тухайн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөртөө ямар нэгэн байдлаар ашиг хонжоо олох зорилгоор санаатайгаар хүсч хийсэн үйлдэл байдаг. Х.Бийн хувьд өөрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх ямар нэгэн зорилго агуулаагүй, ашиг хонжоо олоогүй нь хэрэгт авагдсан нотлох баримт болон Н.Б, Н.Т нарын мэдүүлгээр нотлогддог.
Х.Б нь С.Ггаас Х.Зд олгосон итгэмжлэлийг баталгаажуулсан үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие даасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангахгүй байна гэж үзэж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Бийн цагаатгаж өгнө үү” гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Н.Б, Н.Т, Х.Б, А.Н нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон. Анхан шатны шүүхээс прокурорын яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн зүйлчлэлийг шүүгдэгч А.Н, Х.Б нарын хувьд хөнгөрүүлэн өөрчилсөн. Анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчилсөн талаар шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт тодорхой дүгнэж өгсөн учраас анхан шатны шүүхийн тогтоолын үндэслэлтэй гэж үзэж байна.
Шүүгдэгч Н.Б, Н.Т, Х.Б, А.Н нар нь тус бүрдээ давж заалдах гомдол гаргасан байна. Шүүгдэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй. Өөрсдийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ гэм буруугүй эсхүл тухайн үйлдэл нь зөрчил байсан мэтээр тайлбарлаж буй нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй байх, өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж байгаа гэж хүлээж авч байна. Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн шалгагдаж тогтоогдсон.
Шүүх Н.Б, Н.Т нарын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулсан. Торгох ялын хэмжээг долоон мянган нэгжээр тогтоож хөнгөн ял оногдуулсан. Шүүгдэгч Н.Б, Н.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь тохирсон гэж үзэж байна. А.Нийн хувьд ажлаа зохих ёсоор хийсэн бол энэ гэмт хэрэг гарахгүй байсан.
Н.Б, Н.Т нар Нийгмийн халамжийн сангаас нөхцөлт мөнгөн тэтгэмж, түлээ нүүрсний хөнгөлөлтүүдийг гаргаж авч чадахгүй. Материал чинь дутуу байна гэдэг үндэслэлээр буцаасан бол энэ гэмт хэрэг гарахгүй. Энэ тал дээр ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Бүх баримт байгаа эсэхийг шалгаж, программд шивэх ёстой байсан тул А.Нийг Эрүүгийнн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Б нь эрх шилжүүлэх итгэмжлэлийг хийхдээ хуулийг зөрчсөн.
Хуульд төлөөлөгч, төлөөлүүлэгч талыг хоёуланг байлцуулан итгэмжлэл хийнэ гэж тодорхой заасан байхад байлцуулахгүйгээр хэлцлийг баталж, нотариатын тухай хууль зөрчсөн тул Х.Бийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдсан гомдол бүхэлдээ үндэслэлгүй байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
10. Шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэрэгтэй танилцахад процессын алдаа их байна.
1-р хавтаст хэргийн 103-р хуудсанд шинжээчийн дүгнэлт авагдсан байгаа. Шинжээч томилсон тогтоолыг оролцогч нарт танилцуулах ёстой. Уг баримтыг танилцуулснаар оролцогчид шинжээчээс татгалзах, асуулт тавих болон бусад эрхээ эдлэх боломжийг олгодог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, 27.2, 27.7 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн. Н.Т гэдэг хүнээс гарын хээ авахаар шинжээч томилохдоо өөрт нь танилцуулаагүй байна. Шинжээч томилохдоо хуульд заасны дагуу шинжээчийн нэрийг дурдсан байхыг шаарддаг ба тогтоолд шинжээчийн нэр байхгүй, мөн шинжээчид хууль сануулаагүй байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогчдод буюу А.Н, Х.Б нарт танилцуулаагүй байна. Прокурор яллах дүгнэлтдээ А.Нийн үйлдлийн талаар Халамжийн сангаас мөнгө олгох програмд шивэлт хийж, хяналт тавьж ажиллахдаа сумын мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч дүгнэлт өгөх, санхүүгийн баримтыг эмхэтгэн архивын нэгж үүсгэх, архивд шилжүүлэн өгөх ажлыг хэрэгжүүлэхдээ албан үүрэг, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлээгүй гэж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар ялласан. Гэтэл А.Нийн ямар үйлдлийг хууль зөрчсөн, албан үүргээ урвуулан ашигласан вэ гэдэг талаар тодорхойлоогүй, прокурор таамгаар ялласан.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд А.Нийг бусдын ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж гэж бичсэн гэж тусгаж, нийтийн албан тушаалтан эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон.
Хэрэгт нотолбол зохих зүйлийг нотлоогүй. А.Нийг 5 үндэслэлээр ялласан. Мөрдөн байцаагч, прокурор үйлдэл тус бүрийг хөдөлбөргүй нотолсон байх ёстой. Гэтэл шүүгдэгч 5 үйлдлийн 2 үйлдэл болох 140.000 төгрөгөөр 2 удаа мөнгө олгосон баримтыг архиваас яллах дүгнэлт үйлдсний дараа олоод анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Шүүх тухайн баримтыг үнэлэх боломжгүй гэж үзээд А.Нийн 2 үйлдлийг хассан байдаг. 3 дахь үйлдэл нь 2019 оны 7 дугаар сард Н.Б өөрийн эрхээр өөрөө ороод 330.000 төгрөгийг шивсэн гэдэг. А.Нийг буруутгаж байгаа 2 үйлдэл байна. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2 үйлдэл байна.
Энэ 5 үйлдлийг хөдөлбөргүй тогтоогоогүй. Архивт очиж үзлэг хийгээд тухайн бичиг баримтыг гаргаж ирэх ёстой ба А.Н хайх шаардлагагүй. Мөрдөн байцаагчийн ажиллагаанд прокурор хяналт тавих ёстой. Хавтаст хэрэгт Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын архивд хийсэн үзлэгийн тэмдэглэл авагдаагүй. Харин Сагил сумын нэг цэгийн үйлчилгээний баримтад үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байна.
А.Нийг Н.Бд итгээд программд шивсэн гэж буруутгаж байна. Хавтаст хэрэгт гэрч Гоос мэдүүлэг авсан байдаг. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан тоотыг үндэслээд архивдаа үзлэг хийгээд нотлох баримт байхгүй гэдэг албан бичиг өгсөн, тэр үед гэрчээр байцаасан. Мөрдөгч гэрч Гт итгэсэн. Мөрдөгчийн үгэнд прокурор итгэсэн. Авлигатай тэмцэх зорилгын хүрээнд хүний эрхийг зөрчиж болохгүй. Энэ хэрэгт ийм байдал харагдаад байна. А.Нийн санаа зорилго юу байсан бэ. А.Н баримт дутуу гэдгийг мэдсээр байж оруулсан. А.Н зорилгоо өөрөө танилцуулсан.
Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилсөн. Энэ нь үйлдлээрээ, санаа зорилгоороо бүлэглээгүй гэдгийг хэлж байна. Мөн А.Нээс хохиролд мөнгө гаргуулаагүй байдаг. Хохирол гаргуулаагүй нь А.Н ашиг олоогүй гэдгийг илэрхийлж байна. Мөн бүлэглэж үйлдээгүй гэж хөнгөрүүлж байгаа нь санаа сэтгэлээрээ нэгдэж бусдад давуу байдал үүсгээгүй гэдгийг тодорхойлж байна.
А.Нийг юунд буруутгасан гэдэг нь тодорхой биш байна. А.Нийг албан тушаалын бүрэн эрхийг урвуулан ашигласан гэж үзэхэд ажлын байрны тодорхойлолтыг үзэх ёстой. 2-р хавтаст хэргийн 200-р хуудсанд А.Нийн албан тушаалын тодорхойлолт авагдсан. 2016 оноос 2020 он хүртэл ахмад настны халамж хариуцсан гэж байдаг ба тэр хугацаанд олголт хийх талаар юу ч тусгагдаагүй байна. Харин сүүлд гарсан ажлын байрны тодорхойлолтонд олголт хариуцсан байцаагч гэсэн байна. Уг ажлын байрны тодорхойлолтын он, сараас үзэхэд энэ гэмт хэрэг гарсны дараа батлагдсан байгаа. А.Нийн халамжийн олголттой холбоотой ямар дүрэм, журмын заалт зөрчсөн талаар тодорхой зүйлгүй байхгүй ба 2 гэрчийн мэдүүлэг буюу хэлтсийн дарга нарын мэдүүлгээр ялласан.
Н.Б шүүх хуралдаанд “би Нийг гуйж байгаад шивүүлсэн” гэж хэлсэн. Үүнээс ямар нэгэн шан харамж өгөөгүй гэдэг. А.Нийг хуульд заасан аль шинжээр яллаж байгаа нь тодорхойгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хууль хэрэглээний алдаатай байна. Хэрвээ шүүхээс бусад шүүгдэгч нарт давуу байдал олгосон гэж үзсэн бол бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох байсан.
А.Н Н.Б-ыг хууль бус үйлдэл хийж байгааг мэдсэн бол энэ үйлдлийг хийхгүй байсан. Тухайн үед он дуусч байсан буюу 2 хоногийн дараа программ хаах гэж байсан. Энэ байдлаас болоод иргэд хохирч болзошгүй гэж үзээд шивэлт хийсэн гэдэг. Уг программд Гэрэлмаагийн регистерийн дугаараар шүүж үзэхэд урьд нь халамж авч байсан эсэх талаарх бүх түүх гарч ирдэг. Мөн сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэр байсан тул А.Н программд шивсэн. А.Н нь Н.Баас дутуу материалаа авч ирж өг гэж шаардаж байсан байдаг. Хэрвээ Н.Б хууль бус үйлдэл хийх гэж байна гэж мэдсэн бол бичиг баримт өг гэж нэхэхгүй. Бичиг баримт авах ёстой гэдгийг мэдэж байсан учраас дутуу баримтаа өг гэж нэхэж байсан. Миний үйлчлүүлэгч төрийн албан хаагч. Төрийн албаны тухай хуульд зааснаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийтгүүлсэн хүн төрийн албанд орох эрхгүй байдаг. А.Нямгэрэл бүх насаараа төрийн албанд орох эрхгүй болж байна. Ийм учраас шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. А.Нийн болон өмгөөлөгч Б.Лхагважав нарын гомдлыг дэмжиж байна” гэв.
11. Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа: “ Миний үйлчлүүлэгчийн хувьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Оногдуулсан ял хүндэдсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь ялын сонгох санкцтай буюу нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хэмжээг хуульчилж өгсөн байдаг.
Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байдаг. Н.Бын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлоо төлсөн байдаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 3-17 насны 5 хүүхэдтэй, Бын цалингаас өөр тогтмол орлого байхгүй, нөхөр нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Том хүүхэд нь удахгүй оюутан болох гэж байгаа, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал байдаг. Ар гэрийн амьдралын энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж өгөхийг хүсэж гомдлоо гаргасан. Нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассаныг багасгаж өгнө үү.
Мөн торгох ялын доод хэмжээг оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдлыг гаргасан. Энэ гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтийн хувьд тухайн тогтоол нь нотариатчын гэрчилсэн итгэмжлэл дээр шинжээч томилсон байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд яллагдагчаар татагдаагүй байсан. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол учирсан байхыг шаардаггүй. Хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчсөнөөр энэ гэмт хэрэг төгссөж байдаг онцлог бүхий гэмт хэрэг байдаг. Н.Бд оногдуулсан торгох ялыг багасгаж, тогтоолын энэ хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
12. Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон саналдаа: “Миний үйлчлүүлэгч Н.Тын хувьд гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирогч нарт 4.200.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан.
Н.Тын хувьд нөхөр, 2-12 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь Сагил сумын Холбооны газарт харуулаар ажилладаг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2-5 жилийн хугацаагаар хасах санкцтай байдаг. Анхан шатны шүүхээс Н.Тын хувьд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан байдаг. Ийм учраас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд цаашид ийм байдал дахин гаргахгүй байх, алдаагаа засах боломжийг олгож, ялын хэмжээг багасгаж өгнө үү. Торгох ялын хувьд амьдралын нөхцөл байдлыг харгалзан доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа: “Прокурор үндэслэлгүй тайлбар хийж байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал олгосон гэдэг шинжийн аль шинжээр нь А.Нийг яллаж байгаа вэ, тэр байдлыг яаж нотолж байсан бэ гэдэг нь тодорхойгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт давуу байдал үүсгэсэн гэдэг нь заавал бүлэглэсэн байхыг шаардана. Н.Б, Н.Т нарын үйлдсэн хэрэгт Х.Б, А.Н хоёрыг бүлэглэсэн гэж яаж үзэх вэ, Х.Б, А.Н хоёр санаатайгаар яаж дэмжсэн бэ, эсхүл албан үүрэгтэй хайнга хандсан юм уу, энэ байдал тодорхойгүй буюу маргаан үүсгэж байна.
Төрийн албанд чин сэтгэлээрээ зүтгэж явж байгаад гэмт хэрэгтэн болж төрийн албанд эргэж орох боломжгүй болж байгаа байдлыг харгалзаж үзнэ үү. А.Нийн 2 үйлдэл нь 700.000 төгрөгийн хохирол учруулсан. А.Н 800.000 төгрөгийн цалинг авдаг. Нийгмийн хор уршиг, аюулын хувьд гэмт хэрэг гэж үзэж төрийн хуулиар цээрлэл хүлээх ёстой юу гэдгийг анхаарч, хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж өгнө үү. А.Нийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч С.Ганхөлөг, шүүгдэгч Н.Б, Н.Т нарын гомдлыг тус тус үндэслэн Н.Б, Н.Т, А.Н, Х.Б нарт холбогдох, 2135000970178 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Увс аймгийн Прокурорын газарт буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Н.Б, Н.Т, А.Н, Х.Б нарыг бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б, Н.Т, А.Н, Х.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч А.Н, Х.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг болгон өөрчилж,
-шүүгдэгч Н.Б, Н.Тыг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон,
-шүүгдэгч Х.Б, А.Н нарыг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэснийг шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч С.Ганхөлөг, шүүгдэгч Н.Б, Н.Т нар тус тус эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.
4. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд : Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй буюу прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохироогүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны болж чадаагүй байна гэж дүгнэлээ.
Тодруулбал, прокуророос шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон хүсэл зоригийн нэгдэл, оролцоо, түүний хэлбэр, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
5. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт Сагил сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж,
- Увс аймгийн Сагил сумын 4-р багт оршин суудаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.Уыг Улаанбаатар хот уруу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад явсан мэт болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн халамжийн сангаас 530.800 төгрөгийг Н.Уын замын зардал нэрээр 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “ сумын төвөөс гэр нь хол байгаа хүмүүсийн халамжийн мөнгийг халамжийн байцаагч нэг удаа халамжийн тэмдэг дарж авдаг болсон” гэх тайлбар хэлж, халамжийн байцаагчийн тэмдэг дарж, гарын үсэг зурж Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвөөс гаргуулан өөртөө авсан,
- хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.У, Мөнх-Оргил нарын халамжийн сангаас олгодог мөнгө болон тэднийг асардаг С.Гд олгодог асаргааны мөнгийг өөрсдөдөө авахаар Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвийн захирал Н.Ттай үгсэн тохиролцож, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд С.Г болон түүний нөхөр Н.У, хүү У.М нарт халамжийн сангаас олгох асаргааны болон эмийн мөнгө, түлээ нүүрсний хөнгөлөлт зэргээр нийт 3.220.650 төгрөгийг хуурамч итгэмжлэл ашиглан Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвөөс гаргуулан авсан,
- 2019 оны 12 дугаар сард Сагил сумын 4-р багийн иргэн, хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй У.Мыг Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад түүнийг асран хамгаалагч С.Г хамт Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн А.Нт танилцуулан, “С.Г, У.М нарын Улаанбаатар хот уруу эмчилгээ, сувилалд явж ирсэн талаархи баримтуудыг ажлын өрөөндөө мартсан байна, удахгүй аваад ирнэ” гэх тайлбарыг хэлж, нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгүүлэн баталгаажуулалт хийлгэж, улмаар хуурамч итгэмжлэл ашиглан 2019 оны 12 дугаар сард Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвөөс нийт 1.060.500 төгрөг гаргуулан авсан,
- шүүгдэгч Н.Т нь Төрийн банкны Увс аймаг дахь салбарын Сагил тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа тус сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бтай бүлэглэн хохирогч С.Г, түүний нөхөр Н.У, хүү Мөнх-Оргил нарт халамжийн сангаас олгох халамжийн мөнгийг авахаар үгсэн тохиролцож, С.Г нарын халамжийн мөнгийг банкнаас авч байх эрхийг тус тус банкны үйлчлэгч ажилтай Х.Зд олгосон хуурамч итгэмжлэл үйлдэж, уг итгэмжлэлийг тус сумын Засаг даргын тамгын газрын нотариатчийн үйл ажиллагаа эрхэлж байсан Х.Б / сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан/-өөр гэрчлүүлэн, улмаар итгэмжлэлийг ашиглан С.Г, Н.У, У.М нарын халамжийн мөнгө нийт 4.281.150 төгрөгийг Х.Заар дамжуулан банкнаас бэлнээр гаргуулан авч, Н.Бтай хуваан авсан,
- шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Сагил сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.У, У.М нарын халамжийн мөнгө, мөн С.Г асаргааны мөнгийг банкнаас авах эрхийг Х.Зд шилжүүлсэн итгэмжлэлийг гэрчлэхдээ төлөөлөгч, төлөөлүүлэгч нарыг байцуулахгүйгээр хэлцлийг баталж, өмчлөгчийн эрхийг зөрчсөн,
- шүүгдэгч А.Н нь Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа холбогдох баримтуудыг бүрдүүлж ирүүлээгүй байхад Н.У, У.М, С.Г нарыг Улаанбаатар хот уруу эмчилгээ, оношилгоонд явсан мэтээр Нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн системийн дотоод сүлжээ болох Wais программд бүртгэн, баталгаажуулалт хийсэн зэрэг нь тус тус тогтоогдсон байна.
6. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Н.Б нь хууль тогтоомжоор өөрт олгогдсон албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэрэг бусдыг залилан мэхлэх аргаар хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр авсан, Н.Т нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд хамжиж хамтран оролцсон,
- шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Сагил сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллахдаа Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т : “ Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан этгээд ноториатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ, мөн зүйлийн 2.1-т : Засаг даргын тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн хавсран гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу тэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/196 дугаар тушаалаар нотриатчийн үүргийг хавсран гүйцэтгэж байсан байх бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нотариатчийн албан үүргээ гүйцэтгэхдээ бусдын өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсан,
- шүүгдэгч А.Н нь Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэрэг үйл баримт тус тус тогтоогджээ.
7. Аливаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоосноор гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн зүйлчлэл, гэм бурууг тогтооход чухал ач холбогдолтой байдаг.
Гэмт үйлдэл нь хүний идэвхитэй үйл ажиллагаа төдийгүй тухайн үйлдэлдээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлт агуулж байсныг илтгэн харуулдаг ба гэмт этгээд өөрийн санаа, зорилгыг хэрэгжүүлэхдээ ямар арга, хэлбэрийг сонгон авснаас шалтгаалж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж тодорхойлогдоно.
Шүүгдэгч Н.Б, Н.Т, А.Н, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлоогүйгээс хэргийн зүйлчлэл тохироогүй, тодорхой төрлийн гэмт хэргүүдийн шинж, агуулга, ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх ба үүнийг шүүхээс зөвтгөх хуульзүйн боломжгүй байна.
Иймд мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг тогтоолгох, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжийг хангаж байгааг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шийдвэрлэлээ.
8. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч С.Ганхөлөг нарын“ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх”-ийг хүссэн, шүүгдэгч Н.Б, Н.Т нарын “шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх “-ийг хүссэн агуулга бүхий гомдлуудад тус тус энэ удаад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Б, Н.Т, Х.Б, А.Н нарт холбогдох, 2135000970178 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Увс аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Н.Б, Н.Т, Х.Б, А.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Л.АЛТАН
Н.МӨНХЖАРГАЛ