Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 800

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Х.Ц, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Н, Б овогт Х-ын Ц нарт холбогдох эрүүгийн 1702 0014 30053 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Н

2. Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Х-ын Ц,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Н, Х.Ц нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэн, худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий “Янта” гэсэн бичигтэй цагаан өнгийн гялгар тортой, торны хамт 322.1 грамм, “G-SHOK” гэсэн бичигтэй хар өнгийн төмөр хайрцагтай гялгар уутанд хийсэн 4.3 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн, уг бодисыг мөн өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Б-гийн эзэмшлийн 00-00 УБУ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ ургамлын талаар байрныхаа гадна сагс тоглож байхдаа хүүхдүүдээс сонсож мэдсэн. Дараа нь уг ургамалыг Борнуурт ургадаг тухай мэдээд сонирхолдоо хөтлөгдөн тэр ургамалын талаар юутүбээс судалж зургийг нь дарж авсан. Түүсэн өвсөө машиныхаа багажны доор хийсэн. Сүүлд машинаа угаалгахдаа уг өвсийг авч гэртээ оруулан индүүдэж хатаасан. 13-14-нд шилжих шөнө найз Ц-г дуудаад нөгөө өвсөө хэрэглэж үзье гэсэн. Ц ирээд бид хоёр хатаасан өвсийг тамхины цаасанд хийж татаж үзэхэд хоолой хорсгож дотор муухайрсан тул үлдсэн өвсөө хүнгүй газар хаях гэж байгаад цагдаа нарт баригдсан гэв.

Шүүгдэгч Х.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ зүйлийг хэрэглэх нь ийм хатуу хуультай гэдгийг мэдээгүй. Намайг сургуульдаа сурч эцэг, эх, ах, эгч нарынхаа ач тусыг хариулах боломж олгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би энэ зун байрны гадаа сагс тоглож байгаад тэнд тоглож байсан хүүхдүүд Каннибас гэх өвс Төв аймгийн Борнуур сумын нутаг дувсгэрт авто замын хажуугаар ургасан байдаг талаар ярилцаж байхыг анх сонсоод найз болох Ц-д хэлсэн юм. Тэгээд бид хоёр Каннибас гэх өвсийг түүж хэрэглэж үзье гэж ярилцаад 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би аавынхаа машиныг хальт найзуудтайгаа уулзаад ирье гэж гуйж аваад Ц-той хамт Төв аймгийн Борнуур сум руу явсан юм. Төв аймаг руу бид хоёроос өөр хэн нэгэн хүн яваагүй бид хоёр л явсан. Ц бид хоёр Төв аймгаас Каннибас гэх өвсийг түүж ирээд хэрэглэж үзэх гэтэл нойтон байсан тул хэрэглэж болохгүй юм байна гэж бодон аавын машины арын тээшинд хийгээд орхичихсон байсан. Тэгээд хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр аав намайг машин угаалгаад ир гээд явуулсан ба би аавын машиныг угаалгаж байхдаа нөгөө өвсөө арын тээшэн хэсэгт байхыг хараад онгойлгож үзэхэд нөгөө өвс муудсан байдалтай байсан. Тэгээд би тэр өвснөөс атга хэрээтэйг аваад гэртээ орон индүүгээр индүүдэж хатаагаад нунтагласан юм. Тэгээд хэрэглэж үзье гээд Ц-г дуудсан юм. Би гэрт индүүдэж хатаасан өвсөө бүгдийг нь авч гарсан ба манай гэрт ямар нэгэн өвсний үлдэгдэл байхгүй. Ц бид хоёр өөр хүнд хэлээгүй. Энэ асуудал зөвхөн бид хоёрын нууц байсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын талаар ойлгож мэдлээ. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байхаа амлаж байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг. /хэргийн 164-165 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай найз болох Н анх надад Төв аймгийн Борнуур суманд нөгөө Каннибас гэх өвс ургадаг гэж хүнээс сонссон талаараа анх хэлсэн юм. Тэгээд бид хоёр 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хамт явж түүж хэрэглэж үзье гэж тохиролцон хамт явцгаасан юм.Бид хоёроос өөр хүн яваагүй. Өөр хүнд хэлээгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 157-158 дугаар хуудас/,

Гэрч П.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Н нь 1998 оны 07 дугаар сарын 25-нд манай ууган хүү болон төрсөн. Н нь 2007 онд Нийслэлийн ерөнхий боовсролын 97 дугаар сургуульд элсэн орж уг сургуулиа 2016 оны төгссөн. 97 дугаар сургуульд суралцаж байхдаа хичээл номондоо сайн, сургуулиас зохион байгуулсан тэмцээн уралдаан, нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхитэй оролцдог, хамт олондоо нэр хүндтэй хүүхэд байсан. Би өөрөө төрөлхийн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй тул эмээ нь эцэг эхийн хурал зэрэгт оролцдог байсан. Би хар тамхи, мансууруулах бодисны талаар ямарч мэдлэг ойлголтгүй. Манай улсад тийм төрлийн бодис байдаг талаар мэдэхгүй байна. Н-г хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн талаар надад ямар нэгэн зүйл ажиглагдаагүй. Би Н-р хааяа машин жолоодуулдаг. Н нь хэрэгцээтэй үедээ машиныг гуйгаад унадаг. Н 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр найзтайгаа уулзаад ирье гээд надаас машин гуйгаад авсан. Тэр үед надад удахгүй ирнэ гэж хэлсэн юм. Би Н-г Төв аймаг руу явна гэж мэдээгүй. Хэрэв мэдсэн бол өгч явуулахгүй байсан. Хол газар машин унаад явж чадахгүй байхаа. Тэгээд 17-ны орой Н гэртээ ирсэн юм. Тэр өдрөөс хойш Н машин аваагүй би өөрөө унаж байсан. Тэгээд хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдөр мөн надаас ойрхон найзуудтайгаа уулзаад тоглож байгаад ирье гэж машин гуйгаад аваад явсан юм. Тэгээд тэр орой нь цагдаад баригдчихлаа гэж Наас мессеж ирсэн юм. Би машиныхаа тээшийг шалгаж үзээгүй. Шалгаж үзээгүй тул тэнд гялгар ууттай зүйл байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 52-53 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-10 дугаар хуудас/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 18, 19 дүгээр хуудас/,

Үнэлгээний тайлан /хэргийн 30-33 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл /хэргийн 34-38 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹9706 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн “2017 оны 10 дугаар сарын 14-ний шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3-р хороо 10-р байрны орчим иргэн Х.Ц, Б.Н нар улаан хүрэн өнгийн торонд хийсэн мансууруулах төрлийн ургамал буюу канибасыг биедээ авч явсан гэх” хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, төмөр саванд хийсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл нь ямар нэртэй ургамал болох, гарал үүслийг тодорхой шинжилгээг хийх боломжгүй.” гэжээ /хэргийн 56-58 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹9729 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн “Х Ц” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн Тетрагидроканнабинол /ТНС/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Хэрэглэсэн цаг хугацаа, тун, хэмжээ зэрэг нь манай лаборторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй.” гэжээ /хэргийн 63 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹9730 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн “Б Н” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн Тетрагидроканнабинол /ТНС/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Хэрэглэсэн цаг хугацаа, тун, хэмжээ зэрэг нь манай лаборторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй” гэжээ /хэргийн 66 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №974 дүгнэлтэд “Х.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Х.Ц нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.Ц нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Х.Ц нь сэтгэц нөлөөт эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна.” гэжээ /хэргийн 69-70 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №975 дүгнэлтэд “Б.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Б.Н нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Н нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Н нь сэтгэц нөлөөт эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна.” гэжээ /хэргийн 73-74 дүгээр хуудас/,

Каннабис сатива л тархац, байршил, ургах орчны дэлгэрэнгүй мэдээлэл /хэргийн 127-148 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 95, 109 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 102, 121 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Н, Х.Ц нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэн, худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий “Янта” гэсэн бичигтэй цагаан өнгийн гялгар тортой, торны хамт 322.1 грамм, “G-SHOK” гэсэн бичигтэй хар өнгийн төмөр хайрцагтай гялгар уутанд хийсэн 4.3 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн, уг бодисыг мөн өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Б-гийн эзэмшлийн 73-75 УБУ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Н, Х.Ц нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Н, Х.Ц нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Янта” гэсэн бичигтэй цагаан өнгийн гялгар тортой 322.1 грамм өвс, “G-SHOK” гэсэн бичигтэй хар өнгийн төмөр хайрцагтай гялгар уутанд хийсэн 4.3 грамм нунтаг хатсан байдалтай өвс, 6х6 см харьцаатай тугалган цаас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н, Х.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.