Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 706

Х-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00122 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т” ХХК, “С” ХХК, Б.О- нарт холбогдох

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, “С” ХХК-ийн албан бичиг, шинэчилсэн гэрээ, дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эдгээрийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Х-ыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18644309890803 дугаартай 3 га газрын хууль ёсны эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК болохыг тогтоолгох, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар ашиглах эрхийн 000343970 дугаарын гэрчилгээг тус тус нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Батжаргал,

Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Золбоо,

Хариуцагч “С” ХХК-ийн өмгөөлөгч: Л.Бат-Эрдэнэ,

Хариуцагч Б.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Алтанзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Х- нь Сиү Дачинь /Xu Daqing/, Циү Дабао /Qu Dabao/, Гүн Бин /Gong Bing/, Гү Чинжун /Gu Qinzhong/ нартай “Сүрэг агт” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Гэтэл Сиү Дачинь /Xu Daqing/, Циү Дабао /Qu Dabao/, Гүн Бин /Gong Bing/, Гү Чинжун /Gu Qinzhong/ нар нь 2012 оны 2 сарын 15-ны өдөр Х-д мэдэгдэлгүйгээр өөрсдийн эзэмшдэг 75 хувийн хувьцаагаа “Т” ХХК-д худалдаж, гэрээ байгуулсан байдаг. “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан БНХАУ-ын нэр бүхий 4 иргэн нь хувьцаа худалдах талаараа “С” ХХК болон нэхэмжлэгчид хуульд заасан журмаар мэдэгдээгүй, бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг гуравдагч этгээдэд санал болгох үнээр тэргүүн ээлжинд худалдан авах нэхэмжлэгчийн давуу эрхийг ноцтойгоор зөрчсөн. Хариуцагч “Т” ХХК-д холбогдох шаардлага нь    2012 оны 2 сарын 15-ны өдөр байгуулсан “Сүрэгт-Агт” ХХК-ийн 75 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх 4 гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын тухайд талуудын хооронд байгуулсан хэлцэл нь Компанийн тухай хуулийн 5.3, 5.4-т заасныг зөрчсөн. “С” ХХК-ийн 2012 оны 3 сарын 23-ны өдрийн шинэчилсэн гэрээ, дүрмийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох. Шинэчилсэн гэрээ, дүрэм нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн, мөн нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хариуцагч “Т” ХХК, “С” ХХК-д холбогдох шаардлага нь “С” ХХК-иас 2012 оны 4 сарын 09-ний өдөр Гадаадын хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн 05/12 тоот албан бичиг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох. Энэхүү албан бичигт нэхэмжлэгч гарын үсэг зураагүй бөгөөд нэхэмжлэгч болон компанийн хүсэл зоригийн илэрхийлэл биш юм. БНХАУ-ын иргэн Х-г БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн 25 хувийн хувьцааны эзэмшигч болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18644309890803 дугаартай 3 га газрын хууль ёсны эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК болохыг тогтоолгох, Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болох “С” ХХК-ийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид эргүүлэн өгөх, 2 хариуцагчид холбогдох 2, 3, 4 дүгээр шаардлагууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 дахь хэсэгт үндэслэн, хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагаврыг арилгах аргыг шууд зааж, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг нээх юм. Хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн компанийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах үед компанийн ерөнхий захирлаар нэхэмжлэгч ажиллаж байсан билээ. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, “С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга нь хариуцагч нарт байгаа болох нь хэргийн явцад цугларсан баримтаар илэрхий болсон бөгөөд “С” ХХК-ийн удирдлагыг “Т” ХХК дангаар томилон, хэрэгжүүлж байгаа. Мөн түүнчлэн 2010 оны 4 сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн 0001066 дугаартай гэрчилгээ нь БНХАУ-ын 100% улсын харьяат “С” ХХК гэсэн эзэмшигчийн бүртгэл өнөөг хүртэл хэвээр байгааг хэрэгт авагдсан баримтаас харж болно. Хариуцагч нотариатч Б.О-д холбогдох шаардлага нь “С” ХХК-иас 2012 оны 4 сарын 09-ний өдөр Гадаадын хөрөнгө оруулалтын газарт гаргасан 05/12 дугаартай албан бичиг, Монгол Улс болон БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрмийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах. Хариуцагчийн төлөөлөгч албан бичигт гарын үсэг зурсан гэх хүн болох нэхэмжлэгч эзгүй, түүнчлэн “С” ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрэмд ч нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, уг хэлцэлд нэхэмжлэгчийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй, нотариатын үйлдэл хийлгэх боломжгүй байхад гэрчилсэн явдал нь хууль бус юм. Энэхүү гэрчилсэн гэрээ, дүрмийг үндэслэн Гадаадын хөрөнгө оруулалтын газар компанийн хөрөнгө оруулагчийн бүртгэлд өөрчлөлт оруулсан байдаг. Нэхэмжлэгч нь 2007 оны 8 сарын 27-ны өдөр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийг 100 000 ам.долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулж, Монгол Улсад барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж, тусгай зөвшөөрлийг авсан, мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 30 000 м.кв газрыг бусдаас худалдан авч, газар эзэмших эрхийг олж авсан бөгөөд уг газар дээрээ хөрөнгө оруулалт татаж, Сүмбэр орд орон сууцны хорооллыг барьсан байдаг. Гэтэл 2012 онд компанийн хувьцааг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр “Т” ХХК өөртөө шилжүүлэн авч, хууль бусаар компанийн улсын бүртгэлд бүртгүүлэн, компанийн удирдах эрхийг авснаар нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалт хариуцагч “Т” ХХК-ийн мэдэлд шилжиж, түүнийг захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхийг тус компани дангаар хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Үүгээр зогсохгүй нэхэмжлэгчийн бий болгосон эд хөрөнгө түүний эрх, мөн газар ззэмших эрхийг ашиглан “Т” ХХК барилгаас ихээхэн хэмжээний ашиг олсон боловч 25 хувийн хувьцаа эзэмшигч болох Х-д нэг ч төгрөгийн ногдол ашиг өгөлгүй явсаар өнөөг хүрсэн байна. Хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн улмаас нэхэмжлэгч нь оруулсан хөрөнгө оруулалтаа алдаад зогсохгүй, түүний үр шимийг хүртэх боломжгүй нөхцөл байдалд хүрч хохирсон байдаг. Түүнчлэн Сүмбэр орд хорооллыг үргэлжлүүлэн барьж ашиг олох боломжоо ч алдсан байдаг гэжээ.

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь энэ хэргийн хариуцагч биш юм. “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн байгуулсан гэрээний 13 дугаар зүйлд маргаан шийдвэрлэх харьяаллыг зааж өгсөн. Уг харьяаллын дагуу Хао гоу жун нь нэхэмжлэлд дурьдаад буй асуудлаар арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид буюу БНХАУ-ын иргэд нь бусдад хувьцаагаа зарахдаа харилцан бие биеэсээ зөвшөөрөл аваагүй, эсхүл авсан эсэх асуудал нь эдгээр 5 хятад иргэний хоорондын гэрээний маргаан бөгөөд “Т” ХХК-д хамааралгүй юм. Хао гоу жуны анх эзэмшиж байсан 25 хувийн хувьцаа өнөөдөр хэвэндээ байгаа бөгөөд бусдад хувьцаагаа зарсан 4 хамтран хувьцаа эзэмшигч нарт гомдолтой байгаа бол БНХАУ-ын иргэдийн оршин суудаг хаягаар нь БНХАУ-ын шүүхэд нэхэмжлэлээ гаргах, эсхүл БНХАУ-ын 5 хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу арбитрт хандах ёстой. “С” ХХК нь 2009 оноос хойш олон улсын санхүүгийн хямрал, Монгол Улсын барилгын салбарын зах зээлийн бусад хүчин зүйлүүдээс болоод өөрсдийн хэрэгжүүлж байсан төслөө зогсоогоод 2 жил гаруй хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй их хэмжээний алдагдал, зээлийн өр төлбөрт орсон байдаг. Тухайн үеийн хувьцаа эзэмшигчид нь төсөлдөө нэмж хөрөнгө оруулалт хийх боломжгүй, удирдлагууд нь хэрэгт холбогдоод шалгагдаж байсан. Иймээс манай компанид хувьцаагаа худалдаж авах саналыг тавьсан. Тэр үед Х- нь өөрийнхөө үүсгэн байгуулсан “Жинь ди” ХХК болон бусад асуудлаар Монгол Улсын хууль хүчний байгууллагад шалгагдаад тэр хугацаандаа Монгол Улсаас гарч яваад эргэж ирээгүй эрэн сурвалжлагдсан байдалтай байсан. Гэхдээ хятад хөрөнгө оруулагчид нь өөрсдийн боломжоор утсаар энэ хүнтэй холбогдоод бид нар хувьцаагаа зарах гэж байна гэсэн мэдээллүүдийг тухай бүрд нь өгдөг байсан. Тэр мэдээллүүдийг мэдэгдсэн захидал харилцаанууд нь хэрэгт авагдсан. Тухайн үед Х- 75 хувийн хувьцааг бусдад зарах гэж байгааг мэдээд худалдаж, авах талаараа хариу хэлээгүй, харин 75 хувийн хувьцаагаа битгий зараарай, заруулахгүй шүү, санхүү мөнгө төгрөгийн асуудлаа шийдвэл яасан юм гэдэг хариу өгдөг байсан болохоос биш би худалдаж авмаар байна гэдэг нотлох баримт хэрэгт байхгүй. Компанийн тухай хуульд нарийвчлаад компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал ямар хувийн ирцтэйгээр болон хэдэн хувийн саналаар хүчин төгөлдөр болох, оролцоогүй хүний санал тусгагдах эсэх талаар нарийвчлан зохицуулсан. “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 75 хувийн саналаар компанийн дүрэм хүчин төгөлдөр болсон байгаа. Х- гарын үсэг зураагүй, эсрэг саналтай байгаа бол энэ талаар тусгай тэмдэглэл үйлдүүлээд тэрийгээ компанидаа мэдэгдэх ёстой. Гэтэл аль ч эрхээ хэрэгжүүлээгүй хуралд оролцоогүй этгээд ийм нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй юм. Мөн Х- нь хуульд заасан эрхээ эдлээгүй, эдлэхгүй гэдгээ өөрөө захиагаараа илэрхийлсэн байгаа. Улсын бүртгэлд бүртгүүлсэн компанийн дүрэм бол Х-ын гарын үсэггүй, 75 хувийн хувьцаа эзэмшигчийн гарын үсэгтэй дүрэм байгаа. Гэрээний хувьд Улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийг шинээр 2 буюу түүнээс дээш этгээд үүсгэн байгуулж байгаа бол хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээг шаардаж авдаг. Хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж байгаа тохиолдолд гэрээ заавал байх ёстой юу, үгүй юу гэдэг асуудал хуульд байхгүй. Үүнийг хуулиар шаарддаггүй учраас улсын бүртгэлд өөрчлөлт оруулахад хамааралгүй. Гэрээнд үндэслэж улсын бүртгэл хийгдээгүй. Хүчин төгөлдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, компанийн дүрэм, өргөдөл дээр үндэслэж бүртгэл хийгдсэн. Нэхэмжлэгч талаас зарим зүйлсийг худал хэлээд байна. Х- гэдэг хүн хэзээ ч “С” ХХК-ийн захирал байгаагүй. Энэ хүний гарын үсэгтэйгээр бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. “Т” ХХК нь 75 хувийн хувьцаа эзэмшигч тул энэ өргөдлийг гаргах болон улсын бүртгэл хийлгэх эрхтэй. Газрын гэрчилгээг гаргуулж авна гэж байна. Х- нь 2011 оноос хойш Монголд нэг ч ирээгүй, орон сууцны төслийг үргэлжлүүлж санхүүжүүлээд хөрөнгө оруулалт хийгээд ашиглалтанд оруулахад нэг ч оролцоогүй. Гэтэл компанийн тамга, газрын гэрчилгээг өгөөч гээд байгаа нь энэ газрыг зарах гэж байгаа далд санаа гэж ойлгож байна. Энэ компани 100 хувийн хятадын хөрөнгө оруулалттай гэдэг нь газрын гэрчилгээгээр нотлогдоод байна гэдэг үндэслэлгүй. Газрын гэрчилгээн дээр хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх юм бол газрын гэрчилгээг өөрчлөх ёстой гэсэн хууль зүйн шаардлага байдаггүй. Энэ гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн зүйл байхгүй хүчин төгөлдөр газрын гэрчилгээ юм. Иймээс манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х- нь одоог хүртэл “С” ХХК-ийн 25 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд компанийн зүгээс түүнийг хувьцаагаа эзэмших эрхийг нь огт хөндөөгүй. Манай компани бусдын эзэмшлийн хувьцааг бусдад хүчээр тулгаж худалдаагүй, шилжүүлээгүй, тийм зохицуулалт ба тохиролцоо компанийн дүрэм болон хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээнд тусгагдаагүй. Иймд “Сүрэн-Агт” ХХК нь энэ иргэний хэргийн маргаанд хариуцагчаар татагдах ямар ч үндэслэл байхгүй. Учир нь “С” ХХК-ийг үүсгэн байгуулагч болох БНХАУ-ын иргэдийн хоорондын гэрээний 4.7-д компани энэхүү гэрээнд оролцогч талуудын хүлээсэн үүрэг хариуцлагыг хүлээхгүй. Мөн тус гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д энэхүү гэрээнд оролцогч тал аль нэг тал үүргээ биелүүлээгүй буюу зохих зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг нөгөө тал нь төлөх үүрэг хүлээхгүй гэж заасан. Түүнчлэн “С” ХХК нь уг гэрээний оролцогч биш учраас хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргааны хариуцагч биш юм. Нэхэмжлэгч нь мөн “С” ХХК-ийн эзэмшлийн 3 га газрыг буцаан шилжүүлэх, компанийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрчилгээг гаргуулан авах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба уг газар нь одоог хүртэл компанийн эзэмшилд хэвээрээ хадгалагдаж байгаа, компанийн гэрчилгээ нь одоог хүртэл хэвээрээ, зохих өөрчлөлтүүд нь ороод хүчин төгөлдөр байхад ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь түүний цаад далд санаа нь уг газрыг бусдад худалдах зорилгыг шууд агуулж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хяналтын шатны шүүх хуралдаанаар нотариатч Б.О-ы гэрчилсэн үйлдэл юуг үндэслэсэн бэ гэдгийг шүүх анхаарах шаардлагатай гэдгийг дурдсан. Нотариатын үүрэг гүйцэтгэгч консул нь адилхан нотариатчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх субьект. БНХАУ-д Монгол Улсаас суугаа элчин сайдын яаманд “С” ХХК-ийн 4 хувьцаа эзэмшигчийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээ зэргийг гэрчилсэн байдаг. “С” ХХК-ийн хүсэлтийг гэрчилснээр гадаадын хөрөнгө оруулалтын газар компанийн бүртгэлд өөрчлөлт оруулсан. Үүнээс Х- эрх ашиг зөрчигдсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Өнөөдөр 4 хувьцаа эзэмшигчийн оронд хуулийн этгээд ороод ирсэн. Х- өөрөө хувьцаа эзэмшигчээр байгаа. Энэ хүний эрх ашиг зөрчигдөөгүй. Нотариатч Б.О-ы гэрчилсэн “С” ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрмийг үндэслэн Гадаадын хөрөнгө оруулалтын газар компанийн хөрөнгө оруулагчийн бүртгэлд өөрчлөлт оруулсан гэдэг тайлбар хэлдэг. Гэтэл Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаар нотариатч Б.О-ы гэрчилсэн гэрээ, дүрмийг үндэслэл  болгоогүй нь харагдаж байгаа. Харин Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг үндэслэл болгосон байна. Нотариатаар гэрчлүүлэх бичиг баримтад гарын үсэг зурсан Х- нь өөрийн биеэр ирж гарын үсгээ мөн болохыг баталгаажуулж бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурах ёстойг тайлбарласан. Гэвч “Т” ХХК-ийн хүмүүс Х- гэдэг хүн нь тухайн үед Монгол Улсад байхгүй байгаа, түүний хувьцааг бид ямар нэгэн байдлаар шилжүүлж аваагүй, хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй учраас нөгөө 4 хөрөнгө оруулагчид хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдахаар нэгэнт шийдчихсэн. Х- нь 25 хувийн хувьцаатай хэвээрээ байгаа, түүний эрх ашгийг хөндөөгүй, удахгүй 7 хоногийн дараа ирэх байх, ирэнгүүт нь авчраад гарын үсгийг зуруулъя гэж тайлбарлаж байсан тул уг хүсэлт, хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээ, компанийн шинэчилсэн дүрмийг гэрчлэн баталгаажуулж өгсөн. Нотариатчийн зүгээс 75 хувийн хувьцаа худалдах худалдан гэрээ, эрх шилжүүлэх гэрээ нь нэгэнт нотариатын үүрэг гүйцэтгэгчээр урьд гэрчлэгдсэн байсан нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6 болон 46.1.8 дахь хэсэгт заасанд нийцсэн, мөн компанийн дүрмийг 75 хувийн хувьцаа эзэмшигчийн саналаар баталсан нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу дүрэм хүчин төгөлдөр болох хувь хэмжээнд хүрсэн буюу хууль зөрчөөгүй байсныг тус тус үндэслэж “С” ХХК-ийн шинэчлэн баталсан дүрэм, гэрээ, хүсэлтийг гэрчилсэн. Харин нэхэмжлэгч Х- нь өөрийн эзэмшиж байсан 25 хувийн хувьцааны тоо хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, гэрээг баталж гэрчилснээс болоод хохирол учраагүй байхад нотариатчийн үйлдлийн улмаас өөрийгөө хохирсон гэж үзэж нотариатчийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Компанийн дүрэм болон хувьцаа эзэмшигчдийн гэрээ нь Нотариатын тухай хуулийн 46.1-д заасан заавал нотариатаар гэрчлүүлэх гэрээ хэлцэлд хамаардаггүй тул улсын бүртгэлийн байгууллага тухайн дүрэм, гэрээг хүлээн авч шалгаад, хуулийн шаардлага хангасан гэж үзвэл нотариат гэрчилсэн эсэхээс үл хамааран зохих бүртгэлийг хийдэг. Тэгвэл “С” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болсон компанийн дүрэм нь Х-ы гарын үсэггүй, нотариатаар батлуулаагүй хувь байдаг. “С” ХХК-ийн 4 хувьцаа эзэмшигч нь өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлээд худалдах, худалдан авах гэрээ  болон эрх шилжүүлэх гэрээг хуулийн дагуу хийлгэсэн нөхцөл байдал байгаа учраас Б.О- нотариатчийн гэрчилснээс үүдээд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд хязгаарлагдсан нөхцөл байдал байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 56.5, Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.6, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан БНХАУ-ын иргэн Х-ы “Т” ХХК, “С” ХХК, нотариатч Б.О- нарт холбогдуулан гаргасан БНХАУ-ын иргэн Циү Дабао /Qu Dabao/ болон Т ХХК, БНХАУ-ын иргэн Сиү Дачинь /Xu Daqihg/ болон “Т” ХХК, БНХАУ-ын иргэн Гүн Бин /Gong Bing/ болон “Т” ХХК, БНХАУ-ын иргэн Гү Чинжүн /Gu Qinzhong/ болон “Т” ХХК-ийн хооронд 2012 оны 2 сарын 15-ны өдөр байгуулсан “С” ХХК-ийн нийт 75 хувийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх 4 гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, “С” ХХК-ийн 2012 оны 4 сарын 09-ний өдрийн Гадаадын хөрөнгө оруулалтын газарт гаргасан 05/12 тоот албан бичиг, тус компанийн 2012 оны 3 сарын 23-ны өдрийн шинэчилсэн гэрээ, дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эдгээрийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох, нэхэмжлэгч Х-ыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18644309890803 дугаартай 3 га газрын хууль ёсны эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК болохыг тогтоож, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд “С” ХХК-ийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар ашиглах эрхийн 000343970 дугаарын гэрчилгээг тус тус нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 022 485 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг хөндөгдөж, зөрчигдсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь зөв үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, зөвхөн  хариуцагч   талын   тайлбарт  үндэслэж  шийдвэрлэсэнд   гомдолтой байна. С” ХХК-ийн нийт 75 хувийн хувьцааг худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх 4 гэрээ нь хуулиар тавигдах тусгай шаардлагыг буюу Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байхад шүүх хуулийг буруу тайлбарлан, хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөн үйлдлийг зөвтгөж, хууль ёсны эрхтэй хувьцаа эзэмшигчийн Компанийн тухай хуулиар олгогдсон эрх, ашгийг хамгаалаагүй, үгүйсгэсэн шийдвэрийг гаргасан. БНХАУ-ын иргэн Х- нь 2007 оны 8 сарын 27-ны өдөр өөрийн танилууд болох БНХАУ-ын иргэн Жү Дабао, Шү Дачинь, Жан Жинчэн нартай хамтран Монгол Улсад БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 100 000 ам.долларын дүрмийн сантай “С” ХХК-ийг үүсгэн байгуулж, Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газар, УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус бүртгүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн гэрчилгээг хуульд заасан журмын дагуу авч, тус компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч болон бусад хувьцаа эзэмшигчтэй гэрээ байгуулан, харилцан тохиролцож талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Гэтэл “С” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Жү Дабао, Шү Дачинь, Гүн Бин, Гү Чинжун нар нь өөрсдийн эзэмшдэг 75 хувийн хувьцаагаа Монгол Улсын хуулиар тогтоосон тусгайлсан шаардлагуудыг зөрчиж, Компанийн тухай хуулиар олгосон үүргээ биелүүлэлгүйгээр 2012 оны 02 сарын 15-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ зэргийг байгуулан “Т” ХХК-д шилжүүлсэн ба нэхэмжлэгч нь энэ талаар 2012 оны 4 сарын 13-ны өдрийн “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хайдавмөнхийн, Монгол Улсын “Т” ХХК нь, одоо тус компанийн 75 хувийн хувьцааг албан ёсоор эзэмших болсон тул та хувьцаа эзэмшигчдийн хуралд хүрэлцэн ирнэ үү гэсэн утга бүхий мэдэгдэл, Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газрын 2012 оны 4 сарын 18-ны өдрийн 193 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон 13 хуудас баримтыг хавсарган ирүүлснээр мэдсэн. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, олсон орлогоос хувь хүртэх эрхийг эдэлдэг. Мөн хуулийн 3.5 дахь хэсэгт зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг бөгөөд зөвхөн хувьцаа эзэмшигч хувь иргэдийн хүсэл зоригоос хамаарахгүй юм. Хариуцагч “С” ХХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуулиар тогтоосон журмын дагуу явуулаагүй, нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдээгүй. Нэхэмжлэгчийн Компанийн тухай хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхийг зөрчиж, 75 хувийн хувьцааг худалдахаар гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг шийдвэрийг үндэслэж “Т” ХХК-ийн дээрх дөрвөн хувьцаа эзэмшигчтэй байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус юм. Мөн Компанийн тухай хуулийн 5.10 дахь хэсэгт зааснаар компанийн хувьцаа эзэмшигч нь өөрийн хувьцааг гуравдагч этгээдэд худалдах эрх нь бусад хувьцаа эзэмшигчид мэдэгдсэний үндсэн дээр хэрэгжих талаар зохицуулсан. Гэтэл дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигчдийн үйлдлийг зөвтгөж, шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “хориглосон заалтыг зөрчөөгүй, үүрэг болгосон заалтыг зөрчсөн” гэх агуулга бүхий дүгнэлт хийж, тухайн хэлцлүүдийг хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн аливаа этгээд бусдын эд хөрөнгийн худалдан авч байгаа тохиолдолд өөрийн худалдаж авч буй зүйлийн талаарх мэдээллийг худалдаж буй этгээдээс мэдэж, судалсны үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж худалдаж авдаг. Иймд хуульд заасан журмыг зөрчиж гаргасан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, компаний хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн эрхийг ноцтой зөрчиж хийсэн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх 4 гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдийн эрхийг баталгаажуулсан байдаг бөгөөд мөн зүйлийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авах давуу эрх бүхий этгээдэд эрхээ хэрэгжүүлэх хугацаа тогтоох бөгөөд энэ хугацаанд давуу эрх бүхий этгээд эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд худалдагч гуравдагч этгээдтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж болохоор заасан. “С” ХХК-ийн 2012 оны 3 сарын 23-ны өдрийн шинэчилсэн гэрээ, дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд “С” ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмшигчид нь хууль зөрчиж, нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулсныхаа дараа уг өөрчлөлтийг бүртгүүлэхийн тулд Гадаадын хөрөнгө оруулалтын газарт Х-ы нэрээр 2012 оны 4 сарын 9-ны өдрийн 05/12 тоот албан бичиг төлөвлөж, түүний өмнөөс гарын үсэг зурсан, мөн 2012 оны 3 сарын 23-ны өдөр үйлдсэн Монгол Улс болон БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулаттай “С” ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрэмд түүний өмнөөс гарын үсгийг нь зурсан байдаг. Тухайн үед нэхэмжлэгч нь Монгол Улсад байгаагүй, “С” ХХК-ийн 75 хувийн хувьцааг “Т” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрөөгүй, мэдээгүй байхад түүний өмнөөс гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулан хуурамч баримт бичиг үйлдсэн болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар хангалттай нотлогддог. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгэх үйл ажиллагаа нь тухайн үед буюу 2012 оны байдлаар Гадаадын хөрөнгө оруулалтын газарт бүртгүүлсний дараа Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгүүлэх дараалалтай байсан ба энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, гадаадын хөрөнгө оруулалтын газар бүртгүүлсэн үйл баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах зэрэг нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн асуудал бөгөөд энэ талаар хувьцаа эзэмшигчдийн хурал хуульд заасан журмын дагуу хийгдсэн эсэх, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх зэрэг нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нотлоогүй, компанийн холбогдох бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, компанийн хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох, хүсэл зоригоо илэрхийлэх эрхийг зөрчиж баталсан компанийн дүрмийг шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “хэлцэл гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр” болно. 43 дугаар зүйлийн 43.2.1-т гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээ болон дүрэмд өөрчлөлт оруулах хүсэл зоригоо бодитоор илэрхийлээгүй. 2014 оны 5 сарын 31-ний өдрийн гэрээний 8.2, 8.5-д зааснаар талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол заавал хүсэл зоригоо бичгээр байгуулж, баталгаажуулна гэх заалт хангагдаагүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь хэсэгт зааснаар “бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж тус тус заасныг зөрчсөн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль бусад хуульд зааснаар компанийг төлөөлж бие даан хэлцэл хийх эрхгүй этгээд буюу хуурамчаар гарын үсэг зурсан нь зохих этгээдийн зөвшөөрөл авсан гэх хуульд заасан шаардлага хангахгүй байна. “С” ХХК-ийн Гадаадын хөрөнгө оруулалтын газарт гаргасан 2012 оны 4 сарын 9-ны өдрийн 05/12 тоот хүсэлт, Монгол Улс болон БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрмийг гэрчилсэн Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.О-ы үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчиж хэлцэл байгуулсан, түүнийг Монгол Улсад байхгүй байх хооронд түүний нэрийн өмнөөс Гадаадын хөрөнгө оруулалтын газарт 2012 оны 4 сарын 9-ны өдөр гаргасан 05/12 тоот албан бичигт, мөн Монгол Улс болон БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрэмд гарын үсгийг нь хуурамчаар зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогддог ба хариуцагч энэ талаар үгүйсгэдэггүй. 2012 оны 3 сарын 23-ны өдөр уг албан бичиг, гэрээ, дүрмийг Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.О- баталгаажуулсан байдаг. Хариуцагч Б.О- нь хууль журам зөрчиж, нотариатын үйлдэл хийсэн болохоо шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зөвшөөрсөн. Нотариатч Б.О- нь үйлчлүүлэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй, нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардаж аваагүй, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуульд заасан журмын дагуу явуулсан гэх байдлыг тодруулаагүй, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үйлдлээ хийгээгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.6-д зааснаар нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзаж, зохих арга хэмжээг аваагүй, хууль зөрчсөн. Иймд бусад хувьцаа эзэмшигчийн талаархи мэдээллийг, хуулиар шаардах баримт материалыг шаардахгүйгээр шинэчилсэн гэрээ, дүрмийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэг зааснаар сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцох үндэслэлтэй. Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, заавар, аргачлал зэргийг батлахаар заасан. Хэрэв нотариатч Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д зааснаар гэрээ, хэлцэл, гэрчилж байгаа бол мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоох, 21.1.2-т зааснаар нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай бичиг баримтыг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, 21.1.3-т зааснаар шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх зэрэг эрхийг эдлэх юм. Нотариатын үйлдэл хийх зааврын дөрөвд зааснаар үйлчлүүлэгчийн хувийн байдлыг заавал тогтоох бөгөөд мөн зааврын тавд зааснаар гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ агуулгыг хянах"үүргийг ногдуулжээ. Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын гуравт Нотариатын үйлдлийг бүртгэхдээ үйлчлүүлэгчийн гарын үсгийг нэрийн тайллын хамт зуруулахаар заасан байна. Нотариатын үйлдэл хийх зааврын гуравт заасан бүртгэлийг хөтлөөгүй, бүртгэлд бүртгээгүй, хувийн байдлыг шалгаж, биечлэн байлцуулаагүй, итгэмжлэл, бичиг баримтыг шалгалгүй хийсэн нотариатчийн дээрх үйлдэл нь хууль болон зааварт нийцэхгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй юм. Нэхэмжлэгчийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн 25 хувь буюу 25 000 ам.долларын үнэтэй хувьцааны эзэмшигч болохыг тогтоолгох шаардлагын тухайд дээрх хүчин төгөлдөр бус хэлцэл, үйлдэл бий болохоос өмнө нэхэмжлэгч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн 25 хувийн буюу 25 000 ам.долларын үнэтэй хувьцааны хууль ёсны эзэмшигч байсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу урьд эзэмшиж байсны дагуу БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн 25 хувийн хувьцааны өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй юм. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсээр ирсэн билээ. Үйл ажиллагааныхаа хүрээнд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах 3 га газрыг орон сууцны зориулалтаар хууль ёсны дагуу эзэмших эрхийг олж авсан байдаг. Нэхэмжлэгч нь Монгол улсад БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийг үүсгэн байгуулахдаа Монгол Улстай хамтарсан хөрөнгө оруулалттай компани үүсгэн байгуулах сонирхолгүй байсан ба дан ганц БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд хэвээр байлгахыг хүссэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу уг газрын эзэмших эрхийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК эзэмших эрхтэй болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй юм. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болох Сүрэг агт
ХХК-ийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших
эрхийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгчид буцаан өгөхийг даалгах шаардлагын
тухайд дээр дурдсанаар хариуцагч нарын хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас гадаадын хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн тамга, тэмдэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь “Т” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу эдгээр баримт бичиг, тамга тэмдгийг “Т” ХХК-иас буцаан авах хүсэлтэй тул “Т” ХХК-д гадаадын хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн тамга тэмдэг, хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид буцаан өгөхийг даалгуулах хууль зүйн үндэслэлтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.         

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х- нь хариуцагч “Т” ХХК, “С” ХХК, Б.О- нарт холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, “С” ХХК-ийн 2012 оны 4 сарын 09-ний өдөр Гадаадын хөрөнгө оруулалтын газарт гаргасан 05/12 тоот албан бичиг, тус компанийн 2012 оны 3 сарын 23-ны өдрийн шинэчилсэн гэрээ, дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эдгээрийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Х-ыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18644309890803 дугаартай 3 га газрын хууль ёсны эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК болохыг тогтоолгох, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар ашиглах эрхийн 000343970 дугаарын гэрчилгээг тус тус нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “С” ХХК нь анх 5 гишүүнтэй үүсгэн байгуулагдаж, тус компанийн нийт 100 хувийн хувьцааны 25 хувийг нэхэмжлэгч, БНХАУ-ын иргэн Х- /Hao Guojun/, 25 хувийг БНХАУ-ын иргэн Сиү Дачинь /Xu Daqing/, 25 хувийг БНХАУ-ын иргэн Циү Дабао /Qu Dabao/, 12.5 хувийг БНХАУ-ын иргэн Гүн Бин /Gong Bing/, 12.5 хувийг БНХАУ-ын иргэн Гү Чинжүн /Gu Qinzhong/ нар эзэмшиж байсан болох нь хариуцагч “С” ХХК-ийг үүсгэн байгуулах тогтоол, тус компанийн дүрэм, гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 38-43, 47-р тал/

Улмаар хариуцагч “С” ХХК-ийн 4 хувьцаа эзэмшигч буюу БНХАУ-ын иргэн Сиү Дачинь, Циү Дабао, Гүн Бин, Гү Чинжүн нар нь өөрсдийн эзэмшлийн нийт 75 хувийн хувьцааг хариуцагч “Т” ХХК-д худалдахаар тохиролцож, 2012 оны 2 сарын 15-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулж, өөрсдийн эзэмшдэг нийт 75 хувийн хувьцааг хариуцагч “Т” ХХК-д худалджээ. /2-р хх-ийн 173-181-р тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ БНХАУ-ын нэр бүхий 4 иргэн нь хариуцагч “С” ХХК-ийн хувьцааг хариуцагч “Т” ХХК-д худалдахдаа нэхэмжлэгч Х-д мэдэгдээгүй, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4 дэх заалтыг зөрчсөн тул хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хариуцагчаар “Т” ХХК-ийг татан оролцуулсан байна.

Нэхэмжлэгч Х- нь “Сүрэг агт” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч тул хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлага гаргах эрхтэй.  

Гэвч Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй” гэж,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, дээрх хуулийн зохицуулалт нь компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоосон заалт бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь компаний хувьцаа эзэмшигч нарт хамаарах шаардлага байна. Хариуцагч “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Сиү Дачинь, Циү Дабао, Гүн Бин, Гү Чинжүн нар нь өөрсдийн хувьцаагаа худалдсан үйл баримтад тэдгээрийн хувьцааг худалдан авсан хариуцагч “Т” ХХК-ийг Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, түүний үр дагаврыг арилгуулахаар шаардсан шаардлага нь уг гэрээний оролцогчдын өөр хоорондоо тавих шаардлага болох нь Компанийн тухай хуулийн 5.3, 5.4 дэх хэсэгт заасан зохицуулалтаар тодорхойлогдож байгаа тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална” гэж,

мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт “Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно” гэж,

мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ. Иймд хариуцагч “С” ХХК-ийн 2012 оны 3 сарын 23-ны өдрийн шинэчилсэн гэрээ, дүрмийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, энэ талаар хариуцагч Б.О-д холбогдуулан гаргасан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай шаардлага үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч “С” ХХК-иас 2012 оны 4 сарын 09-ний өдөр Гадаадын хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн 05/12 тоот албан бичгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул дээрх шаардлагын үр дагавар болох БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18644309890803 дугаартай 3 га газрын хууль ёсны эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК болохыг тогтоолгох, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар ашиглах эрхийн 000343970 дугаарын гэрчилгээг тус тус нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэгч Х-ы нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.

Харин нэхэмжлэгч Х- нь бусад хувьцаа эзэмшигч нарт холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдлаа. 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 21 022 485 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ                             

      ШҮҮГЧИД                                        Ш.ОЮУНХАНД

                                                                                                     Г.ДАВААДОРЖ