Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0878

 

Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал, нэхэмжлэгч У******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г*******, хариуцагч Татварын улсын байцаагч О.Э******* нарыг оролцуулан У******* ХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Э*******, Г.Ц******* нарт холбогдох Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч О.Э*******, Г.Ц******* нарын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч, хариуцагч нар нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх
ажиллагаа хийгдэж буй Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч О.Э*******, Г.Ц******* нарын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 
гомдолтой захиргааны хэрэгт хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Э*******, нэхэмжлэгч /гомдол гаргагч/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г******* нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэг. Гэрээний зүйл, нөхцөл

Нийслэл дэх Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй шаардлага бүхий захиргааны хэрэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г*******, хариуцагч Татварын улсын байцаагч О.Э******* нар гомдлын шаардлагаар үүссэн маргаан зүйлийн талаар дараах байдлаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:

1.1 2019 оны 06 дугаар сарын 13-ны ******* дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 26,740,046,80 /хорин зургаан сая долоон зуун дөчин мянга дөчин зургаан төгрөг наян мөнгө/ төгрөгийг 1,483,440,7 /нэг сая дөрвөн зуун наян гурван мянга дөрвөн зуун дөчин төгрөг долоон мөнгө/ төгрөгөөр багасгаж, 25,256,606,10 /хорин таван сая хоёр зуун тавин зургаан мянга зургаан зуун зургаан төгрөг арван мөнгө/ төгрөгөөр тохиролцож, төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн сар бүр ижил мөнгөн дүнгээр буюу 4,209,434,35 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 01-н гэхэд хэсэгчлэн төлж, төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээх.

1.2 Хариуцагч захиргааны байгууллага шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн үнийн дүн бүхий төлбөрийг хугацаандаа төлж байгаа эсэхэд хяналт тавих, хэрэв Ундрага Хайрхан ХХК-ийн зүгээс төлбөр төлөх асуудлаар болон төлбөрийн чадвараас хамааран төлбөр төлөх эцсийн хугацааг 2 сараар сунгахаар харилцан тохиролцов.

Хоёр.Тэмдэгтийн хураамжийн талаар

2.1.Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

У******* ХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч О.Э*******, Г.Ц******* нарт холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч /гомдол гаргагч/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч /гомдол гаргач/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г******* болон хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч О.Э******* нар Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулж байгааг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч /гомдол гаргагч/ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй,  хариуцагч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д: ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй гэсэн хуульд заасан эрхээ тус тус хэрэгжүүлэхийн зэрэгцээ эвлэрлийн гэрээ нь дээрх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1: Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, мөн зүйлийн  68.2-т: Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэх хуулийн шаардлагад нийцсэн, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж буй нь хуулийн хүрээнд байна.

Түүнчлэн гомдол гаргагч У******* ХХК-ийн захирал олгосон итгэмжлэлдээ[1] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г*******д тусгайлан олгосон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх саналыг гарган хэрэгжүүлж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн үйлдлийг хүлээн авах үндэслэлтэй, уг эвлэрэл нь хуульд харшлаагүй байна.

Гомдол гаргагчийн хувьд сөрөг агуулгатай захиргааны актыг эрх бүхий албан тушаалтан гаргасан нь маргаан гарах үндэслэл болсон бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар нь харилцан буулт хийж, гомдлын шаардлагыг хэрхэн биелүүлэх талаар тохиролцож эвлэрсэн нь хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн этгээдийн хүсэлтээр болон шүүхийн санаачилгаар хэн нэгэн этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болохыг тэмдэглэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т: Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зохицуулсан байдаг. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д зааснаар зааснаар нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй боловч мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар шийдвэрлэхийг зөвшөөрсөн байна.

Иймд гомдол гаргагч У******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Нэхэмжлэгч /гомдол гаргач/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г******* болон хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Э******* нарын эвлэрлийг баталж, У******* ХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Э*******, Г.Ц******* нарт холбогдох /128/2019/0592/З индекстэй/ хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН