Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 809

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ийн У-д холбогдох эрүүгийн 2017 2501 1968 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилтай, ам бүл , эх, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ийн У

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.У нь 2017 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар зочид буудлын урд талд Моника нэртэй уушийн газрын гадна иргэн Б.Б-тэй маргалдан улмаар зодолдож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Б.Б тэй муудсан. Хүн зодсондоо гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Э.У-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 23-ны орой ажилдаа 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр Моника бааранд ирээд ажлаа хийж байтал Окланд баарны угтагч, хамгаалагч хийдэг Б гэх залуу дуудаад очтол манай баарны зөөгч Э-г зодох гэж байхад нь намайг салгасан гэх шалтгааны улмаас Б намайг цамцны захаас барьж аваад боогоод ухаан алдахын даваан дээр манай баарны хамгаалагч Бааска хүрч ирээд салгаж аваад явсан. Тэгээд би ажилдаа орж ажлаа хийж байгаад 00 цагийн үед гадаа гараад тамхи татаад байж байтал Б хажууд ирж зогсоод яасан ахын дүү гараад ирсэн юм уу гэж хэлээд хоёулаа уулзалдая гэж хэлээд Сансар зочид буудлын арк руу дагуулж аркан дотор ороод надад яасан ахын дүү ах нь сэтгэлд чинь багтаад байна уу гэж хэлэхээр нь та нар яах гэж ингэж байдаг юм бэ, ах гэж хүндлээд байхаар намайг ингээд байгаа юм уу гэж хэлтэл манай баарны хамгаалагч Бх ах Баясах дэлгүүрийн хажуу талаар явган хүний замаар ажилдаа ирж байсан. Тэгтэл Б Бх ахыг хараад танай Бх чинь ирж байна гэж хэлээд намайг чирээд Сансар зочид буудлын хажууд авчраад куртикаа тайлаад хашаан дээр өлгөж тавиад маргалдаад зогсож байтал Б миний цээж рүү түлхээд цохиод байхаар нь би гараараа баруун шанааруу нэг удаа цохиод сандарсандаа тэвэрч аваад газар унагаагаад дараад байж байгаад ахаа больё гэж хэлтэл намайг тавь гээд байхаар нь би тавиад босоод шууд яваад өгсөн. Тэгээд Б нь хэд хоногийн дараа намайг цагдаад өгсөн байсан. Тэр шөнө эрүү нь хугарсан байсан гээд цагдаад өргөдөл гаргасан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 33-35, 39-40 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 23-24 шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр Сансрын Окланд баарны үүдэнд үйлчлүүлэгчээ оруулж байхад Моника баарны хамгаалагч У гэх залуу над дээр ирээд хойшоо гарч юм ярья гэхээр нь тэгье гэж хэлээд Сансар зочид буудлын урд очоод намайг ямар нэг шалтгаангүйгээр зодолдоё гэхээр нь би үгүй ээ гэж хэлсэн. Тэгээд намайг явах гэтэл татаад тийшээ явж зодолдоё гэхээр нь би үгүй гэж хэлтэл дахин татаад би эргэж хараад ямар ядаргаатай юм бэ гэж хэлэхийн завдалгүй миний зүүн талын эрүү рүү цохиж газар унагааж дээрээс 2 гараараа цохиод гарыг нь барьж автал толгойгоороо миний дух руу мөргөсөн. Тэгээд босоод намайг явах гэтэл Моника баарны хамгаалагч Бх гэх залуу наадхаа зодооч гээд Уд хэлсэн ба У цаашаа тоохгүй яваад өгсөн. Би баарны үүдэнд очтол манай зохион байгуулагч Ннамайг эмнэлэг руу дагуулж явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-17 дугаар хуудас/,

Гэрч М.Б-ы мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед гэрээсээ гараад ажил руугаа явж байтал Вайте баарны наад талын аркны доор Б У нар хоорондоо юм ярьж байгаа юм шиг байдалтай байсан. Тэгээд би очтол Б Уын цээж рүү түлхээд, чичээд байхаар нь би У дээр очоод яасан ахын дүү гэтэл У юм яриагүй, харин Б нь У-д Бх чинь ирчихлээ хоёулаа ийшээ яваад учраа олоё гэж хэлээд аркаар тойроод Сансар зочид буудлын урагшаа гарсан. Тэгээд би араас нь тойроод очтол Б нь дээгүүрх хувцасаа тайлаад У луу дайрч байсан. Тэгээд тэр хоёр тэндээ үлдээд би наашаа буцаад ирсэн. Тэгээд удалгүй аркны наана зогсож байтал Б буцаж ирээд пизда нар намайг нийлж зодсон гээд байгаа юм уу гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Т.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Утай 2013 оноос хойш найзалж байна. У бид хоёр коллежид хамт суралцаж байсан. У ер нь их гомдомтгой залуу байгаа юм. Түүнээс биш элдэв ааш араншин гаргаж байхыг нь мэдэхгүй. Хөгжилтэй дажгүй, сайн залуу юм. Одоо Моника бааранд зөөгчийн ажил хийдэг. Эд хөрөнгө гэх зүйл байхгүй байх...” гэх мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/,

Гэрч Э.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр орой ажил дээр ирээд байж байтал Б намайг баарныхаа гадаа дуудсан юм тэгээд яваад очтол согтуу байсан. Тэгээд У мөн хамт очсон юм. Тэгтэл Б бид хоёрыг дарамталсан аястай хэл амаар доромжилж, томроод байна уу, та хоёр гэх мэт үг яриа ярьж байсан. Тэгээд У Б-тай муудалцаад барьцалдаж авсан юм. Тэгээд зодоон цохион болоогүй салсан юм. Ингээд 24-ны шөнөдөө шилжсэн санагдаж байна У салхилахаар гарчихаад буцаж орж ирэхдээ Б-тай уулзаад ирлээ гэсэн. Тэгээд тухайн үедээ санаанд ороогүй өнгөрсөн. Тэгтэл нэг хоногийн дараа байх Б У зодуулсан гээд цагдаад өргөдөл гаргасан гэдгийг нь мэдсэн. Тэгээд Уаас яасан юм гэхэд намайг зодох гээд түрүүлж барьж авахаар цохисон юм гэж ярьсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 05 дугаар сарын 23-ны шөнө 19 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүрэгт байдаг Моника нэртэй бааранд ажил дээрээ ирсэн. Ингээд ажлаа хийж байгаад 21 цагийн үед гадаа гарсан чинь манай баарны хамгаалагч болох Н.Э Н.У нарыг Банана нэртэй баарны хамгаалагч Б чирээд аваад явсан. Тэгэхээр нь би ардаас нь яваад очсон чинь Н.Б Н.Уыг заамдаад барьчихсан цохих гээд зогсож байсан. Харин Э-г айлгасан шинжтэй байсан. Би Б-г таних учраас явж очоод гарыг нь боль гэж тавиулаад нөгөө хоёрыг ажлаа хий гээд аваад явсан. Би Б-д хандаад чи яах гэж хүүхдүүд дээрэлхээд байдаг юм бэ гэхэд наадуул чинь давраад байна гээд байсан. Мөн тэр үед Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай байсан. Э, У хоёр наадах чинь би энд олон жил ажилласан гээд дарамтлаад байдаг гэж хэлсэн. Би тэр хоёрыг оруулчихаад ажлаа хийж байсан чинь Э хүрч ирээд нөгөөх чинь Уыг дээрэлхээд арк руу чирээд явчихлаа гэж хэлсэн. Тэгээд юу болсон юм гэсэн чинь намайг дээрэлхээд чи ингэх болоогүй, хоёулаа зодолдоё гэхээр нь зодолдчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би дагуулаад явсан. Удалгүй Банана баарны зохион байгуулагч Н гэж ах дуудаад танай У чинь Б-н эрүүг хугалчихсан байна, одоо яах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг энэ тэрээр яваад хохирлыг нь өгье гэхэд цагдаад өгчихсөн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 24ий өдрийн шинжээчийн ¹6898 дүгнэлтэд “Б.Б-н биед эрүү ясны зүүн булан хэсгийн далд зөрөөгүй хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 26 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 49-67 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 47 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.У нь 2017 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар зочид буудлын урд талд Моника нэртэй уушийн газрын гадна иргэн Б.Б-тай маргалдан улмаар зодолдож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.У-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Э.У-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.