Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       С.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны бичгийн дарга П.Цогзолмаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.Сын гомдлыг үндэслэн түүнд холбогдох, 2235000000038 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Сгийн С, 1972 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Увс аймгийн Улаангом сумын 8-р багт оршин суух хаягтай, урьд Увс аймгийн шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хоёр жил хорих ялаар, Увс аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 172 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зургаан сар хорих ялаар, Увс аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил хорих ялаар, Увс аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 39 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жил хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хоёр жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар: ОО72091579.

1. Шүүгдэгч С.С нь Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутагт байрлах “Хишигт-2”  дэлгүүрээс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус дэлгүүрийн захирал, хохирогч Н.Агийн iPhone-10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б ургийн овогт Сгийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг нэг жил хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

-шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,

-хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож нэг ширхэг “ди ви ди” дискийг хэргийн хамт хадгалуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

4. Шүүгдэгч С.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний бие үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн. Мөн эрүүл мэндийн байдал доройтож зүрхээр хатгаад байнга дэлсээд маш хүнд нөхцөлтэй байна. С.С миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж надад анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:   “Шүүгдэгч С.С нь Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хишигт 2” хүнсний дэлгүүрээс хохирогч Н.Агийн iphone 10 загварын 900.000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг хулгайлсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг  2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөрхянан хэлэлцээд: С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч С.С анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг эдэлж байх хугацаандаа эрүүл мэндийн байдал нь муудаж, өмгөөлөгчөө дуудаж цагдан хорих байранд гомдлоо бичүүлсэн.С.С нь хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа.

Иймд түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж өгнө үү. С.Сын давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолтой, 2235000000038 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Сын гаргасан  гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад,анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.С.Сд холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна. 

3. Шүүгдэгч С.С нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Хишигт-2 “ гэх дэлгүүрээс хохирогч Н.Агийн эзэмшлийн 900.000 төгрөгийн үнэ бүхий iphone-10 загварын гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь :

-хохирогч Н.Агийн “Би Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах Хишигт-2 хүнсний дэлгүүрийг хариуцдаг эзэн нь юм. ...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн орчим дэлгүүр дээрээ очсон. ...би бараагаа кодлоод зогсож байгаад “нээрээ над руу хүн мөнгө мобайлдах ёстой яасан юм бол” гэж бодоод утсаа цэнэглэсэн газраасаа очоод авах гэтэл байхгүй, зөвхөн цэнэглэгч нь залгуурт залгаатай үлдсэн байсан. Би нөхрөө дуудаад хяналтын камер шүүж үзэхэд миний гар утсыг бор өнгийн дээлтэй, бор өнгийн малгайтай, улаан өнгийн бүстэй, хар өнгийн гуталтай хүн дэлгүүрийн хаалга онгойлгож орж ирээд шууд лангуун дээрээс утас салгаж аваад дээлийнхээ өвөрт хийгээд гүйгээд гарч байгаа бичлэг бичигдсэн байсан... Би тухайн хүнийг хяналтын камерын бичлэг дээрээс хараад таньсан. Тухайн хүнийг Х гэдэг хүн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Тухайн хяналтын камерын цагаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 04 минутад ...50 орчим насны эрэгтэй хүн дэлгүүрийн шилэн хаалга нээж орж ирээд хаалганы хажууханд зэргэлдээ байх улбар шар өнгийн бохь, чихэр зэрэг жижиг бараа тавьсан касс дээр цагаан өнгийн залгуурт цагаан өнгийн цэнэглэгчээр цэнэглэсэн байх гар утсыг цэнэглэгчээс нь салгаад дээлийн өвөртөө хийгээд эргээд 15 цаг 04 минут 50 секундэд шилэн хаалга онгойлгоод гарав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 07-10 дугаар хуудас),

- гэрч Н.Сийн “Н.А “миний утас хаана байна, хэн авсан бэ” гэж асуухаар нь бид хоёр хоёулаа “хаана байсан юм, бид мэдэхгүй, хараагүй” гэхэд “кассын хажууд, лангуун дээр залгуурт цэнэглээд орхисон, байхгүй байна” гэж хэлсэн. ...Н.А нөхрөө дуудаад хяналтын камерын бичлэг шалгахад бор өнгийн дээлтэй хүн ганцаараа орж ирээд лангуун дээр байсан утас салгаад өвөртөө хийгээд гарч байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

- гэрч Я.Эийн “2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би нагац эмээгийнхээ гэрт бууз хийлцэх гээд очоод байж байтал 14-15 цагийн үед авга ах С.С iPhone-10 загварын хар өнгийн гар утас барьчихсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд надад “нэг шил архи авч өгөөд энэ утас авах хүн байна уу” гэсэн. Манай эмээ уурлаж “чи хулгайн утас авчихсан явж байгаа юм байлгүй, одоо утасны эзэн юм уу, цагдаа нар ороод ирнэ, наад утсаа аваад яв чи” гээд хөөгөөд гаргасан. Манай эмээгийн хажууд байдаг айл миний нагац ах н.Буянхүүгийнх бөгөөд тухайн үед тэдний гэрт н.Буянхүү ахын хүү Б.Б ганцаараа байсан. Тухайн утсыг Б.Бт үзүүлж, харуулж байгаад хаячхаад гараад явчихсан байсныг Б.Б эмээгийн гэрт авч орж ирээд хүн нь хайж, ирж авна гээд гутлын тавиурын хажууд тавьчихсан байсан. Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 11-12 цагийн үед цагдаа ирээд тухайн утсыг асуугаад аваад явсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

- шинжээчийн 30 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд 2022 оны 01 дүгээр сарын байдлаар ашиглаж байсан iPhone-10 загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 900’000 (есөн зуун мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

-шүүгдэгч С.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Сыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Сын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, уг нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

6.Шүүгдэгч С.С давж заалдах шатны шүүхэд “ ...Эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, ялыг хөнгөрүүлж тэнсэж  өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан ба уг гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна .

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор хуульчилсан боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой эсэхийг шийдвэрлэдэг.

Шүүгдэгч Сын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял  оногдуулахаар хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдсон болон шүүгдэгчийн хувийн  байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, нэг жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал  тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Нөгөө талаар, С.С урьд нь энэ төрлийн гэмт хэрэг удаа дараа үйлдэж ял шийтгүүлж байсан атлаа энэ байдалдаа дүгнэлт хийхгүйгээр дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзлээ.

Түүнчилэн шүүгдэгч С.С “эрүүл мэндийн хувьд зүрхээр хатгаж, зүрх дэлсэж байгаа тул шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү” гэх гомдлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй буюу түүний гомдол нотлох баримтад үндэслээгүй, эрүүл мэндийн байдалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Сын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. 

7. Шүүгдэгч С.Сын  анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Сын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Сын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

 ШҮҮГЧИД                                                    Л.АЛТАН

                                                                        Н.МӨНХЖАРГАЛ