Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/28

 

 

 

 

 

 

 

 

       Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Баттулгын өмгөөлөгч Б.Лхагважав, хохирогчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны бичгийн дарга П.Цогзолмаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдах гомдлыг үндэслэн Б.Бд холбогдох, 2135002000021 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигт хороолол 110 байр 12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т ургийн овогт Бын Б /РД: ОЮ75102377/.

1. Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг “Их наяд” зочид буудлын урд талын хатуу хучилттай зам дээр 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын эзэмшлийн 35-53 УВХ улсын дугаартай УАЗ-220695 пургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 12.1, 12.2 дахь хэсгүүдийг зөрчиж зам хөндлөн гарч байсан хохирогч Д.Бг мөргөснөөс эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор:

-шүүгдэгч Т ургийн овогт Бын Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахыг нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

-албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Бд хяналт тавих үүргийг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж,

-шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Бд нийт 2,727,900 төгрөгийн хохирол нөхөн төлснийг дурдаж, хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн шүүгдэгч болон иргэний хариуцагч байгууллагаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

-шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгийг хэргийн хамт хадгалж,

-шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоольг зөвшөөрч давах гомдол гаргаж байна. Учир нь:

Хохирогч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, 5.12. “а”-д заасан “Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” -ыг явган зорчигчид хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь үндэслэлтэй байхад явган зорчигчийн буруутай үйлдлийг шүүх харгалзан үзээгүй, мөн хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь тээврийн хөдөлгөөнд саад хийсэн гэх үндэслэлтэй байна.

Жолооч хуульд заасан үүргээ зөрчөөгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар заалтаар зүйлчлэх боломжгүй, энэ заалт нь жолоочийн шууд санаатай үйлдэл байдаг. Харин жолооч нь энэхүү ослыг гаргана гэсэн шууд санаа нь тогтоогдоогүй байхад дээрх зүйлээр зүйлчилсэнд гомдолтой байна. Жолооч үүргээ зөрчөөгүй гэдэг нь хурд хэтрүүлээгүй, согтууруулах ундаа хэрэглээгүй байснаар тогтоогдоно.

Б миний бие мэргэшсэн жолооч 29 жил жолооч мэргэжлээрээ ажиллаж 70 гарсан ээж, эхнэр, 3 хүүхдээ тэжээдэг. Иймд надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж байгаа нь төрийн байгууллагын жолоочоор ажлаа хийх боломжгүй болгож байгаагаас гадна 1 жил 6 сарын тэнсэн өгч байгаа нь дахин төрийн байгууллагад ажиллах эрхийг минь хязгаарласан шийтгэл сонссонд гомдолтой байна.

Миний бие нь Зам тээврийн ослын актыг үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна. Тухайн осол гаргах үед жолооч миний бие тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан байхад намайг буруутгаж яллаж байгаа нь учир дутагдалтай байна. Иймээс Б.Б надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Мөн анхан шатны шүүхийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг гэм буруугүй гэж цагаатгаж өгнө үү” гэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Шүүгдэгч Б.Б  нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр  дүрмийн дагуу жолоо барьж замын хөдөлгөөнд оролцож байхад зам хөндлөн гарч явсан согтуу зорчигчоос болж осол гарсан. Замын цагдаагийн актаар Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д зааснаар гарцгүй газраар зам хөндлөн гарсан. Хэрэв үзэгдэх хүрээлэлд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харж, хашилтгүй хэсгээр ойртож яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан. Осол нь хохирогчийн буруутай үйлдээс шууд шалтгаалсан гэж дүгнэсэн.

Ийм дүгнэлт гарсан байхад Д.Баттулгыг ЭХ-ийн ТА-ийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Б.Б нь ГБХЗХГазарт жолоочоор ажиллаж байгаа. Өөрийнх нь үндсэн мэргэжил нь жолооч, мэргэжлээрээ 29 дэх жилдээ ажиллаж байгаа. Согтуугаар зам хөндлөн гарч яваад осолд өрсөн этгээдээс болж жолоо барьж төрд ажиллах эрхгүй болж, амьдралаараа хохирч байгаа тул Б.Баттулгыг ийм зүйл заалтаар зүйлчилсэн нь үндэслэлгүй.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 362 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Анхбаяр  дүгнэлтдээ:” Анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох байр суурьнаас оролцоно.

Сая шүүгдэгчийн өмгөөлөгч прокурорын тогтоолыг шинжлэн судлууллаа. Энэ тогтоолыг Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд дээд шатны прокуророос хянаад, прокурор  үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гэж хүчингүй болгосон, прокурорын хяналтын ажлын алдаанд тооцогдсон шийдвэр юм.

 Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлсэн.

Хэдийгээр хохирогч Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.6, 5.12а гэсэн заалтуудыг зөрчсөн нь мөрдөгчийн магадлагаа, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа боловч осол юунаас шалтгаалж гарсан бэ гэвэл жолооч буюу шүүгдэгч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  16.1, 12.1, 12.2-т заасныг тус тус зөрчсөн. Үүний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзсэн. Анхан шатны шүүх нь прокурорын яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг шийдсэн. Уг анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Хохирогчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хураалдаанд гаргасан саналдаа: “ Зөвхөн хохирогчийн буруутай үйлдэл тогтоогдсон гэж үзэхгүй байгаа, жолооч, явган зорчигчийн аль аль нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Шүүгдэгч нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй  гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчид хариуцлага хүлээлгэсэн. Хүлээлгэсэн хариуцлага нь холбогдсон хэргийн үйл баримтад нийцсэн, үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч нь “гэм буруугаа ойлгож байна, хохирогчоос уучлалт хүсч байна” гэж мэдүүлсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

 1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважавын нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Т ургийн овогтой Бын Бд холбогдох, 2235002000021 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Увс аймгийн Прокурорын газарт буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

 3. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэлээ.

3.1. Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой 19 цагийн үед 35-53 УВХ улсын дугаартай, УАЗ-220695 маркийн тээврийн хэрэгсэл / пургон автомашин / жолоодож яваад Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг “Их наяд” зочид буудлын урд талын хатуу хучилттай зам дээр зам хөндлөн гарч байсан хохирогч Д.Бг мөргөснөөс эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тогтоох, жолооч болон явган зорчигч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн эсэхийг тогтоолгохоор  мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор шинжээч томилсон байх ба  2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 144 дүгээр шинжээчийн дүгнэлтэд : Осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нөхцөл нь Д.Б Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “ Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, мөн дүрмийн 5.12.а-д заасан “ Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна” гэж,  

мөн хэрэгт авагдсан, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр мөрдөгчийн магадлагаа гэх баримтад : 1.Хохирогч Д.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6, 5.12.а-д заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. 35-53 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан : Явган хүний зохицуулдаггүй гарц уруу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Мөн дүрмийн 12.1-т заасан: Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.2-т заасан: Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл болсон байна” гэж тус тус дүгнэжээ.

Прокурор шүүгдэгч Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэхдээ мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр магадлагааг нотлох баримтаар үнэлсэн, мөн шүүхээс уг магадлагааг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит  байдлаар нь судалж, үнэлж чадаагүй гэх үндэслэл болж байна.

3.3 Мөрдөгчийн магадлагаа нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэхэд эргэлзээтэй буюу зам тээврийн ослын шалтгаан, нөхцлийг бүрэн дүүрэн, эргэлзээгүй байдлаар тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай байна. 

Учир нь, зам тээврийн ослын шалтгаан, нөхцлийн талаар хийсэн дээрхи шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа нь агуулгын хувьд зөрүүтэй, тодруулбал шинжээчийн дүгнэлтэд: явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах шууд шалтгаан нөхцөл болсон гэж, мөрдөгчийн магадлагаанд : жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл болсон” гэж  тус тус өөрөөр дүгнэсэн, түүнчлэн мөрдөгчийн магадлагааны 1, 2 дахь заалтууд нь агуулгын хувьд зөрүүтэй байгааг прокурор, шүүх анхаараагүй байна. 

3.4 Шүүх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нөгөөгөөс нь ач холбогдолтойд  тооцохдоо бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх агуулгад нийцэх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрхи шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлээ шүүхийн шийдвэрт заагаагүй, мөн мөрдөгчийн магадлагааны хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж чадаагүй байна. 

3.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “ тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргана” гэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-т : “шинжээч томилж шинжилгээ хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл мөрдөгч магадлагаа гаргаж болно” гэж тус тус зааснаар бол мөрдөгч нь  өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд магадлагаа гаргахаар хуульчилсан. 

Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Сугармааг магадлагаа гаргаж буй асуудлаар мэргэшсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг хуульд зааснаар шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, тусгай мэдлэгийнхээ хүрээнд магадлагаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд тусгай мэдлэг бүхий этгээдийг томилж, зам тээврийн ослын шалтгаан, нөхцлийг тогтоох нь хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж дүгнэж, дахин шинжилгээ хийлгэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ. 

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын “Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд энэ удаа дүгнэлт  хийх боломжгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох, 2235002000021 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Увс аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

           ШҮҮГЧ                                                            Л.АЛТАН