Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0868

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т******* ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Гуравдагч этгээд: Л******* ТББ

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын Т******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар Л******* ТББ-д олгосон 26.3 га газрын Т******* ХХК-ийн ашиглаж байсан 3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани нь Байгаль Орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох Баруун богины ам нэртэй газарт 3.0 га газрыг Аялал жуучлалын зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулж, гэрчилгээ авсан юм.

Тухайн газрыг ашиглах явцад гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, аливаа хэлбэрээр хууль, дүрэм, журам, стандарт зөрчөөгүй.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаал гаргаж манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгоод байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалын хууль зүйн үндэслэлдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот санал зэргийг үндэслэсэн байдаг.

Манай компанийн ашиглаж буй газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаараагүй бөгөөд энэ нь бидний байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.В-д зааснаар нотлогдоно. Тиймээс манай компани Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн манай компани нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2 дахь хэсэгт зааснаар байгалын төлөв байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулаагүй, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй юм.

Мөн манай компанийн ашиглаж буй газарт талуудын хооронд байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ болон Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болох тухай аливаа тохиолдлуудыг бий болоогүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүд болон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаал гарсан нь илт хууль бус захиргааны акт болсон гэж үзэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаалын дагуу манай компанийн газар ашиглах эрхийг цуцлах тухай болон газар чөлөөлөх мэдэгдлийг Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн тул компанийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр №001 тоот албан бичиг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр №002 тоот албан бичиг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №1/02 тоот гомдлыг тус тус Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргахад хариу өгөхгүй байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 76 дугаар албан бичгээр Газар ашиглах эрх олгох, цуцлах шийдвэр гаргах эрх нь төрийн захиргааны төв байгууллагад байдаг тул холбогдох байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн юм.

Компанийн зүгээс Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 76 дугаар албан бичгийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад 2019 оны 03 дугаар дугаар сарын 11-ний өдөр Төрийн захиргааны төв байгууллагад 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор хандахад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/1721 дугаар албан бичгээр маргаан бүхий тушаалыг илт хууль бус болохыг тогтоохгүй талаар мэдэгдсэн юм.

Иймд компанийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/1721 дугаар албан бичгийг хүлээн аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын манай компанид холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Т******* ХХК-ний 0.3 га газар нь Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох Богинын аманд уулын эгц энгэрт байршилтай тул уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчих нь тодорхой аж ахуйн нэгжийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 хориглох заалтыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар Т******* ХХК-ний газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан заалтад нийцэхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай төрийн бус байгууллага Монголчуудын тахин шүтдэг Хийморийн овооны дурсгалт газрыг хамгаалж, мөнхжүүлэхээр Цэцгэн эрхт Ловон бурхны цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлэхээр эхний ээлжинд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 дугаар тушаалаар 1.7 га газрыг ашиглах зөвшөөрлийг олгож, 2014/67 дугаар гэрчилгээг авч байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг тус тус батлуулж, газар ашиглах гурвалсан гэрээг байгуулсан.

Үүнээс хойш Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төслийг дэмжүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр албан бичгээр төслийг хэрэгжүүлэх боломжтой, дэмжиж байна гэх хариуг ирүүлсэн байдаг ба үүний дараа Нийслэлийн Хөшөө дурсгал, түүх соёлын биет дурсгалт зүйлийн загвар батлах комисс-ын хурлаар орж дэмжигдэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хөшөө бариулах тухай 73 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын Чандманын аманд Цэцгэн эрхт Ловон бурхан-ын хөшөөг байрлуулахыг зөвшөөрсөн байдаг.

Мөн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар 0,62 га газрыг /хаалга/, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар 1 га газрыг /шат болон авто зогсоолын зарим хэсэг/ нэмж олгосон.

Дээрх шийдвэрүүдээр нэгэнт бидний санаачилсан төсөл хэрэгжих бүрэн боломжтой болсон тул анхны төлөвлөсөн шаардлагатай хэмжээний газраа нэмэгдүүлж авах өмнөх хүсэлтийг бүрэн шийдвэрлэхийг хүсч дутуу олгогдсон газрыг нэмэгдүүлэн олгох тухай хүсэлтийг яамд гаргасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалахад зориулан 23.5 га газрыг ашиглуулахаар олгосон.

Уг төслийг хэрэгжүүлэх үүднээс маш их хэмжээний ажлыг хийж гүйцэтгэн зардал гаргаж, хөшөө дурсгал, ТЭЗҮ, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж, бүтээн байгуулах ажлыг эхлүүлсэн.

Манай байгууллага одоогийн дийлэнх газар ашиглагч нар шиг аялал жуулчлал нэрээр газар аваад орон сууц, оффисын барилга барьж бусдад худалдахгүй, түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах нэг цогцолборыг байгуулах чин хүсэлтэй байгаа болно.

Тухайн газарт хууль бусаар олгосон эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаалыг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П******* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Бидний гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дугаар тушаалаар манай эзэмшил, ашиглалтад байгаа газрыг Л******* ТББ-д олгосон нь манай компанийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалын Л******* ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар Л******* ТББ-д олгосон 26.3 га газрын Т******* ХХК-ийн ашиглаж байсан 3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж тодруулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ХХК нь шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын Т******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар Л******* ТББ-д олгосон 26.3 га газрын Т******* ХХК-ийн ашиглаж байсан 3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын Т******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Байгаль Орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох Баруун богины ам нэртэй газарт 3.0 га газрыг Т******* ХХК-д Аялал жуучлалын зориулалтаар ашиглуулахаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаал гаргаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот санал зэргийг үндэслэсэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан байна.

Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаалын Т******* ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар үйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсний дагуу илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маргаан бүхий А/76 дугаар тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирданаЗахиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж заасны дагуу  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг эрхлэх, 36 дугаар зүйлийн 36.1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах, цуцлах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах эрхийг хуулиар хариуцагчид олгосон байна.

Энэ үндэслэлээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот албан бичгийн хавсралтын 23-д Т******* ХХК нь .... уулын өндөр налуу газарт байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий гэх үндэслэлээр жагсаалтад оруулж хүргүүлсэн.

Тушаал гаргах болсон энэхүү үндэслэлийг хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурдсан бөгөөд хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн тухайн талбай дээр баригдах объектийн зураг төслийг ирүүлснийг харахад өөрийн ашиглалтын талбай дээр багтахааргүй зураг төсөл боловсруулагдсан, Богдхан уулын дархан цаазат газрын арын автозамын урд, уулын эгц энгэрт, аялал жуулчлал явуулах боломжгүй, барилга байгууламж барьсан тохиолдолд уулын унаган төрх алдагдах нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх нь хариуцагчийн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хамааралтай бөгөөд энэ үүргийн хүрээнд нэхэмжлэгч этгээдийн газар эзэмших эрхийг цуцалсан нь тухайн маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй.

Захиргааны акт илт хууль бус байх гэдэг нь ноцтой алдааг илэрхийлдэг, илт хууль бус захиргааны акт анхнаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, захиргааны актаар бий болсон үүргийг иргэн биелүүлэх шаардлагагүй байдаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэдгийг хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдаануудыг хамааруулж олгох ба Хуульд үндэслэх зарчмын дагуу захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн үйл ажиллагааг хуулиар эрх олгогдсон, хуулиар зөвшөөрсөн буюу Захиргааны үйл ажиллагаа өөрийн бүрэн эрхийн хүрээнд, тодорхой тохиолдол үүссэн үед шийдвэр гаргах ёстой үед хэрэгжүүлсэн бол илт хууль бусад тооцох боломжгүй байдгаараа захиргааны актыг хүчингүй болгохоос өөр зохицуулалттай юм.

Харин нэхэмжлэгч Т******* ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн маргаан бүхий актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагаас хуулиар эрх олгогдоогүй тохиолдолд илт хууль бусаар нэхэмжлэгч этгээдийн Дархан цаазат Богдхан Уулын аманд газар ашиглах эрхийг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагч тушаалын үндэслэх хэсэгтээ Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 тоот Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын заалтыг баримталсан нь тус компанийн ашиглаж буй газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаараагүй, тухайн журмыг зөрчөөгүй гэж нэхэмжлэлдээ дурьдах боловч энэхүү маргаан бүхий А/76 дугаар тушаал нь нэр бүхий нэлээд олон аж ахуйн нэгж, иргэнд хамааралтай тушаал бөгөөд хариуцагчаас ирүүлсэн зурган мэдээллээс үзэхэд маргаан бүхий газрын дийлэнх хэсэг усны тэжээлийн мужтай давхцалтай болох нь тодорхойлогдсон болно.

Иймд нэхэмжлэгч Т******* ХХК-ийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын Т******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар Л******* ТББ-д олгосон 26.3 га газрын Т******* ХХК-ийн ашиглаж байсан 3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар Т******* ХХК-д ашиглуулахаар олгосон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох Баруун богины ам нэртэй газарт 3.0 га газрыг ашиглуулах эрхийг дуусгавар болгосон.

Улмаар хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар гуравдагч этгээд болох Л******* ТББ-д тухайн газарт 26.3 га газрыг аялагч түр буудаллах орон байрны зориулалтаар, үүний дотор түүх, соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалахад зориулан 23.5 га газрыг ашиглуулах шийдвэрийг гаргажээ.

Гуравдагч этгээд Л******* ТББ нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдад гаргасан хүсэлтдээ Нийслэлийн Хөшөө дурсгал, түүх соёлын биет дурсгалт зүйлийн загвар батлах комисс-ын хурлаар орж дэмжигдэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хөшөө бариулах тухай 73 дугаар тогтоолоор батлагдсан Богдхан уулын Дархан цаазат газрын Чандманын аманд Цэцгэн эрхт Ловон бурхан-ын хөшөө болон түүнд хүрэх шат, автомашины зогсоолын зураг төслийг хавсарган хүргүүлсэн байна.

Хариуцагч маргаан бүхий А/539 дүгээр тушаалаар Л******* ТББ-д тухайн газарт 26.3 га газрыг ашиглуулах эрхийг олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг эрхлэх, 36 дугаар зүйлийн 36.1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах, цуцлах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах эрхийг олгосны дагуу шийдвэр гаргасан ба Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн тухайн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Т******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03-р сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын Т******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар Л******* ТББ-д олгосон 26.3 га газраас Т******* ХХК-ийн ашиглаж байсан 3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА