Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Ц.Чт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Чт холбогдох, 2235000000048 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, Увс аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь гал унтраах, аврах 60 дугаар ангийн гал сөнөөгч, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багт оршин суух, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Цийн Ч/РД:ОА95102119/.

1. Шүүгдэгч Ц.Ч нь 2022 оны 02 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх дуудлагын дагуу очсон хууль сахиулагч буюу тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Батбямбыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас шүүгдэгч Ц.Чингүүнбатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас шүүгдэгч Х овогт Цийн Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

-шүүгдэгч Х овогт Цийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг албан үүрэгтэй нь холбогдуулан үйлдсэн гэм буруутайд тооцож,

-шүүгдэгч Ц.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

-ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж,

-хохирогч Л.Б нь зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

-шүүгдэгч Ц.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Чт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэжээ. 

4. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Биеийн хүч хэрэглэх гэдэг нь цагдаагийн алба хаагч өөрийн бие махбодь, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг ойлгоно“ гэж тодорхойлсон бөгөөд биеийн хүчийг хэрэглэх үндэслэлийг мөн хуулийн 49 дүгээр зүйлд нэрчлэн заасан байх бөгөөд хэсгийн цагдаа Л.Батбямбын дээрх үйлдэл нь үүнд хамаарахгүй байна.

Мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хэрэглэх нөхцөл үүсээгүй, 4.2 дугаар зүйлд заасан баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах нөхцөл бий болоогүй байхад бусдын биед халдсан үйлдэл нь хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлж байсан гэж зөвтгөх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хууль сахиулагчийн хуульд заасан албан үүргээ зохих ёсоор биелүүлэх үйл ажиллагааг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэхээс хамгаалах зохицуулалт бөгөөд хууль сахиулагчийн хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагааг /хүний биед халдаж цохьсон/ энэ зүйлээр хамгаалаагүй тул уг үйлдлийн эсрэг хийгдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болно гэж дүгнэж, шүүгдэгчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал юм.

Учир нь хохирогч Л.Б нь тухайн өдөр албан үүргийн хүрээнд шүүгдэгч Ц.Чын гэрт очсон байх бөгөөд шүүгдэгч Ц.Ч нь хохирогч Л.Батбямбын биед халдах гэж ирэх үед өөрөөсөө түлхэж холдуулахад шүүгдэгч Ц.Ч нь хохирогч Л.Батбямбын нүүр тус газарт цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх нь хохирогч буюу хэсгийн цагдаа Л.Б нь дуудлагаар очсоны дараа шүүгдэгч Ц.Чт хууль ёсны шаардлага тавихгүйгээр биед нь эхэлж халдсан хууль бус үйлдэл хийсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хэрэглэх нөхцөл үүсээгүй, 4.2 дугаар зүйлд заасан баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах нөхцөл бий болоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Ц.Ч нь хохирогч Л.Батбямбын “ Та яагаад агсам тавиад гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа юм бэ, бид нарыг дагаад хэсэг рүү явъя”, “Энд юу болоод байна гэх зэргээр тавьсан асуултанд Ц.Ч нь “ энд юу болсон юм, яасан юм..” гэх хариулт хэлж, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, улмаар хэсгийн цагдаа Л.Батбямбын өөдөөс цээжээ түхийлгээд ирэх үед нь хохирогч Л.Б нь түүнийг өөрөөсөө холдуулж түлхсэн үйлдэл хийсэн бөгөөд цагдаагийн алба хаагч зайлшгүй бусдад зодуулсны дараа биеийн хүч хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй юм.

Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагын эсрэг үл тоож, цохих, зодох, боох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд шүүгдэгч Ц.Чын хохирогч, хэсгийн цагдаа Л.Батбямбын эсрэг хийж байгаа үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж буй үйлдэл юм.

Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр  буцааж өгнө үү” гэв.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Энхтуул дүгнэлтдээ: “ Шүүгдэгч Ц.Ч нь 2022 оны 02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх дуудлагын дагуу очсон хууль сахиулагч буюу тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Батбямбыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн зүгээс  цагдаагийн албан хаагч буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Хохирогч Л.Б мэдүүлэгтээ “Цагдаагийн байгууллагад ирсэн гомдол мэдээллийн дагуу Ц.Чын гэрт явж ороод “ энд юу болоод байгаа юм бэ, яагаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа юм бэ” гэсэн шаардлага тавьсан боловч Ц.Чын зүгээс энд юу болох ямар хамаатай юм бэ гээд цээжээ түхийлгээд, гараа атгаад босоод ирэхээр нь цагдаагийн албан хаагч Б өөрөөсөө холдуулах гэж түлхэх үед Ц.Ч ямар нэгэн байдлаар унаагүй бөгөөд буцаагаад намайг цохиж, миний хамраас цус гаргасан гэж мэдүүлдэг.

Цагдаагийн албан хаагч ямар дуудлагад очсон гэдгээ мэдсэнээс шалтгаалан үг хэлэх, хэлэхгүй байх ёстой гэдэг зүйл байж болохгүй. Дуудлага мэдээллийн дагуу очсон цагдаагийн албан хаагч тухайн газар очсоны дараа энд юу болсон талаар анхны мэдээлэл авах нь өөрийнх нь албан үүрэгтэй холбоотой онцлогтой асуудал юм.

Шүүгдэгч Ц.Чын эхнэр Ө мэдүүлэгтээ “Л.Б нь Ц.Чын чихний ард талд нэг удаа цохисны улмаас орон дээр 1 удаа унасан” гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1дэх хэсгийг хүчингүй болгохдоо Өын дээрх мэдүүлгийг үндэслэсэн. Ц.Ч орон дээр унаагүй байхад яагаад заавал Өын орон дээр унасан гэх мэдүүлгийг үндэслэсэн гэдгээ шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой тайлбарлаж өгөөгүй байна.

Тухайн өдөр дуудлага мэдээллийн дагуу гэрт Л.Б орсон, дараа нь М орсон. Араас нь Ө орсон гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, үйл явдал маш хурдан болж өнгөрсөн бөгөөд Өыг 2 хүний араас гэрт орж ирж байх явцад тухайн үйл явдал болоод өнгөрсөн гэдэг зүйл яригддаг. Гэтэл шүүгдэгч Ц.Чын эхнэр Ө мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг бүгдийг эхнээс нь дуустал хараад зогсож байсан мэтээр мэдүүлэг өгч, Ц.Чыг орон дээр унагаасан мэтээр мэдүүлэг гаргажээ.

Гэтэл бодит байдалд Ц.Чыг орон дээр цохиж унагаасан зүйл болоогүй. Ц.Чыг өөрөөсөө түлхэж холдуултал намайг эргүүлээд цохисон гэдэг мэдүүлгийг Л.Б өгсөн байдаг. Гэрч М мэдүүлэгтээ “Л.Б Ц.Чыг өөрөөсөө түлхэж холдуулсан” гэж мэдүүлдэг. Гэтэл шүүхийн шатанд Л.Батбямбыг цохисон эсвэл түлхэж холдуулсан гэдэг асуудлыг ярьдаг.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлж өгнө үү” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Ц.Ч мэдүүлэгтээ “намайг цохисны улмаас би орон дээр унасан. Орон дээрээс босож ирээд Л.Батбямбыг цохисон талаараа мэдүүлдэг. Орны урд талд тухайн процесс болж байсан гэж мэдүүлдэг.

Гэрч Ө болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөхдөө Ц.Чын мэдүүлэгтэй адил төстэй мэдүүлгийг өгсөн байдаг. Тухайн өдөр болсон үйл явдлыг хөндлөнгөөс харсан гэрч Ө, М нар байсан. Гэтэл олон нийтийн цагдаа Мын мэдүүлэг тогтворгүй болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Гэрч М 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Л.Б ямар нэгэн байдлаар Ц.Чыг цохиж, зодсон зүйл байхгүй” гэж мэдүүлдэг.

Шүүх хуралдааны явцад өмгөөлөгчөөс Моос болсон үйл явдлын талаар тодруулж асуухад нэг цохисон гэж мэдүүлэг гаргадаг, нэг бол түлхсэн гэж мэдүүлэг гаргаж байна. Яагаад өөр утга илэрхийлж мэдүүлэг гаргаад байгааг тодруулж асуутал “тухайн үед алба хаагчаа хамгаалж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг гаргасан. Ер нь бол Л.Б нэг удаа цохисон” гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Өын хувьд шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “Л.Б гаднаас орж ирээд манай нөхрийг цохисон” гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэйгээ адилхан мэдүүлэг гаргасан. Тухайн асуудал нь 1 минутын дотор маш богино хугацаанд болж өнгөрсөн юм.

Хохирогч Л.Б гаднаас орж ирээд яагаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа юм гээд Ц.Чыг цохиод унагаасан учир Ц.Ч босож ирээд цохисон байсан. Өын мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн шатанд тогтвортой байх тул шүүх үнэлсэн гэж үзэж байна.

Хохирогч Л.Б “Ц.Чын шанаа хэсэг рүү түлхэж холдуулсан” гэж мэдүүлдэг. Хэрэв Ц.Ч нь Л.Батбямбыг ажил үүргээ биелүүлэх боломжгүйгээр дайрч давшлаад байсан бол түүний биеийн хэсэг рүү түлхэж холдуулахгүйгээр нүүрний шанаа хэсэг рүү түлхэж байгаа нь учир дутагдалтай байна. Тухайн үед Л.Б хууль ёсны шаардлага тавьсан эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийх ёстой байсан. Л.Б тухайн өдөр гартаа бээлийтэй байсан гэж мэдүүлсэн учир гэрч Моос Л.Батбямбыг гартаа бээлийтэй байсан эсэхийг тодруулахад бээлийтэй байгаагүй гэж мэдүүлсний дараа аан тийн бээлий байсныг саначихлаа гэх мэтээр тогтворгүй мэдүүлэг гаргадаг.

Прокуророос цагдаагийн албан хаагч нь эхлээд өөрөө халдлагад өртсөний дараа биеийн хүч хэрэглэж байх ёсгүй гэж тайлбар гаргасан.  Монгол улсын Үндсэн хуульд зааснаар хүний биед халдах эрх хэнд ч байх ёсгүй. Цагдаагийн албан хаагч нь тусгай субъект учир хуульд заасны дагуу хүний биед халдах эрхийг хуульд заасан байгаа.

Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “олон нийтийн аюулгүй байдлыг хангах" гэж хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, улс орны эрх ашигт ноцтой хор уршиг, хохирол учруулж болзошгүй аюулыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг хэлнэ” гэж заасан. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т “биеийн хүч хэрэглэх" гэж цагдаагийн алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг хэлнэ” гэж заасан байдаг.

Ц.Чын ямар хөдөлгөөнийг хязгаарласан талаар Л.Бас асууж тодруулахад “Ц.Чинүүнбаатар хөдөлгөөн хийгээгүй, Ц.Чыг хөдөлгөөн хийх байх гэж бодоод байгаа байдлыг тэгж үнэлээд өөрөөсөө холдуулсан” гэж хариулсан. Ямар нэгэн аюултай, эрсдэлтэй хөдөлгөөнийг хязгаарласан зүйл байхгүй юм уу гэж асуухаар “намайг цохих гэж далайсан асуудал байхгүй, цохих шинжтэй байна гэж үзсэн” гэж мэдүүлсэн.

Ц.Ч ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй байхад хийх байх гэж дотроо бодоод түрүүлж хөдөлгөөн хийснийхээ дараа “яагаад хүчирхийлэл үйлдээд байгаа юм бэ гэхээр яасан нь ямар хамаатай юм бэ” гэж хэлснээр цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэж байгаа гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 72 дугаар дүгнэлтээр Л.Б нь Ц.Чыг цохих үйлдлийн улмаас Ц.Чын чихний ар хэсэгт гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Мөн гэрч Өын удаа дараагийн гэрчийн мэдүүлэг тогтвортой байдаг. Харин олон нийтийн цагдаа гэрч Мын удаа дараагийн мэдүүлэг тогтворгүй, зөрүүтэй байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Ц.Ч нь анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч Л.Бд 800.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан боловч баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгөөгүйгээс болж Л.Б хохирлын 800.000 төгрөгийг авсны дараа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хохирол төлөгдөөгүй байгаа гэж мэдүүлэг гаргаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Чт холбогдох, 2235000000048 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас шүүгдэгч Ц.Чыг 2022 оны 02 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх дуудлагын дагуу очсон хууль сахиулагч буюу тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Батбямбыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Чт  холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Ц.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэснийг прокурор эс зөвшөөрч давж заалдах журмаар  эсэргүүцэл гаргажээ.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд :Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэлээ.

4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгдэгч Ц.Ч нь өөрийн гэртээ согтуугаар агсам тавьж, хэрүүл маргаан үүсгэсний улмаас түүний эхнэр Б.Ө цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу  Баруунтуруун сумын  хэсгийн цагдаа, ахлах ахлагч Л.Б, олон нийтийн байцаагч Э.М нар гэрт нь очсон байх үед Ц.Ч цагдаагийн алба хаагч Л.Батбямбын нүүрний хэсэгт гараараа цохиж, хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

4.2. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Чт холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо “хохирогч Л.Б нь зөрчлийн талаархи дуудлагын дагуу очихдоо зөрчил үйлдсэн этгээд болох шүүгдэгч Ц.Чт хууль ёсны шаардлага тавихгүйгээр эхлээд биед нь халдаж, цохисон болох нь нотлогдож байна. Хэсгийн цагдаа Л.Батбямбын энэ үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т заасан “Биеийн хүч хэрэглэх” гэх ойлголтод хамаарахгүй, мөн Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалт хэрэглэх болон баривчлах, таслан зогсоох зорилгоор биед нь халдах нөхцөл тус тус үүсээгүй байхад бусдын биед халдсан үйлдлийг нь хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлж байсан гэж зөвтгөх үндэслэлгүй”  гэж дүгнэжээ.

4.3. Шүүхээс хохирогч буюу хууль сахиулагч Л.Батбямбыг шүүгдэгч Ц.Чт хууль ёсны шаардлага тавихгүйгээр биед нь эхэлж халдаж цохисон нь нотлогдсон гэх дүгнэлтийг хийхдээ гэрч Э.М, Б.Ө, шүүгдэгч Ц.Ч нарын  зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг тус тус үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15-т заасан “ Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, аль нь шүүхийн  шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 9-т заасан “ Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасантай нийцээгүй гэж үзлээ.

Учир нь,  хэрэгт гэрч Э.М /олон нийтийн цагдаагийн ажилтан/-ын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “ ...гэрт орсны дараа хэсгийн цагдаа Б нь Чт хандаж “ та яагаад агсам согтуу тавиад гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа юм бэ, бид нарыг дагаад цагдаагийн хэсэг рүү явья гэх зэргээр хууль ёсны шаардлагууд тавьсан чинь Ч “ би явахгүй, би зөрчил гаргаагүй, та нартай ямар хамаатай юм бэ” гэж хэлж цагдааг эсэргүүцэж эхэлсэн. Ингэж эсэргүүцэж уурлаж байснаа гэнэт хэсгийн цагдаа Б уруу цохих гэж байгаа юм шиг байдалтай дайраад босоод ирэхээр нь Б үйлдлийг нь болиулаад өөрөөсөө холдуулсан. Б ямар ч байсан гараараа л Чыг холдуулах шиг болсон ба маш хурдан хугацаанд ингэж холдуулсан тул яг яаж, ямар хөдөлгөөнөөр холдуулсныг харж чадаагүй. Ч хойшоо нэг алхаснаа буцаж эргээд Батбямбын нүүр лүү гараараа цохисон. Би тэр 2-ын дундуур ороод Чыг барьж, орон дээр  дарж унагаасан чинь намайг эсэргүүцээд бас цохих гээд  биеэ хүчлээд дайраад байсан тул Б араас нь бас дараад гарыг нь ард нь гаргаж бариад хөдөлгөөнгүй болгоод гэрээс авч явсан” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн  9/,  

-мөн Э.Мын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “ хэсгийн цагдаа Л.Б тухайн үед Чт халдаж цохисон зүйл болоогүй. Л.Б нь Ц.Чаас болсон зүйлийг асууж шаардлага тавьж харьцах үед Ч урдаас нь эсэргүүцээд цохих гэж байгаа ч юм уу гэмээр Бд бие, цээжээрээ наалдаад ойртонгуут Л.Б нүүр хэсэгт нь гараараа түлхээд өөрөөсөө холдуулсан. Чын нүүр лүү нь түлхэж холдуулсныг Ө цохисон гэж яриад байгаа юм. Ийм зүйл болоогүй. Б.Ө нь бид нарын араас хараад зогсож байсан” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 137/,

-гэрч Б.Өын 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ..Б цагдаа манай нөхөрт хандаж, энэ юу болж байгаа юм бэ, гэрийн доторх эд зүйлсийг яагаад эвдсэн бэ “ гэж асуухад нөхөр “ юу болсон юм, яасан юм” гэж хариулсан. Тэгсэн чинь Б цагдаа нөхрийн нүүр лүү цохих шиг болонгуут нөхөр буцаагаад Б цагдааг цохиод хоорондоо барьцалдсан. Хажуунаас нь М тэр 2-ын дундуур орж салгаад орон дээр дарж унагаасан. Тухайн орой нөхөр намайг дэлгүүр лүү явж, хүнд бараа гаргаж өгнө гэснээс болоод уурлаж, агсам тавьж, гэрийн эд зүйл эвдэж сүйтгэсэн” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 13/,

- Ц.Чын гэрчээр болон яллагдагчаар өгсөн “ ...эхнэр надад уурлаж, гэрээс гарч яваад сумын цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд сумын хэсгийн цагдаа Л.Б, олон нийтийн цагдаа М 2 эхнэртэй цуг гэрт орж ирсэн. Хэсгийн цагдаа надаас “ гэртээ яагаад асуудал гаргаад байгаа юм бэ гэж асуухаар нь би цагдаад хандаж “ танд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд уурлаад өмнөөс нь маргалдсан. Би ингэж цагдаатай маргалдаж эсэргүүцэх явцад миний уур нэлээн хүрсэн тул гараараа цагдаа Батбямбын нүүр хэсэгт цохиж халдсан. Хажуунаас нь олон нийтийн цагдаа М бид 2-ын дундуур орж салгаад намайг гэрээс авч гарч цагдаагийн хэсэг рүү аваачсан. Би дахиж цагдаагийн албан хаагчийн биед халдаагүй, эсэргүүцээгүй. Би хэсгийн цагдаа Л.Бас уучлалт гуйсан” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 21, 106-р тал/ тус тус авагдсан байна.

Шүүх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нөгөөгөөс нь ач холбогдолтойд  тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заах нь дээрх хуулийн агуулгад нийцэх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан. Э.Мын гэрчээр 2 удаа өгсөн мэдүүлэг, гэрч  Б.Ө, шүүгдэгч Ц.Ч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн үндэслэлээ шүүхийн шийдвэрт заагаагүй, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлээгүйгээс шүүх хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.  

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн объектив талын шинж нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхитэй үйлдэл байхыг шаардана.

Хохирогч Л.Б нь 2022 оны 02 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө шүүгдэгч Л.Чын гэрт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил гарсан гэх дуудлагын дагуу очиж албан үүрэг гүйцэтгэх явцад шүүгдэгч Л.Ч нь түүний биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хууль сахиулагч буюу хохирогч Л.Батбямбын биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан Ц.Чын үйлдлийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйлдэл гэж үзнэ. 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Чт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Чт холбогдох 2235000000048 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Ц.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН