Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 551

 

 

 

Р.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/00068 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Дгийн хариуцагч “ЭТТ” ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоож, буруу шилжүүлсэн үеийн ажил албан тушаалын цалингийн зөрүү олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүнд нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус компанид нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар татварын асуудал хариуцсан менежерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан сарын 4 000 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэх захирлын нэр дээр бичигдсэн ажлын байрны саналыг тус компанийн хүний нөөцийн албанаас надад танилцуулсан. Уг саналд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 28 тоот тогтоолоор “ЭТТ” ХК-ийн охин компани “Эрдэнэс таван толгой майнинг” ХХК байгуулагдсан. Шинээр байгуулагдаж буй компанийг дэмжиж ажиллах нь зөв гэж бодож цалин хөлс буурахгүй гэдэг баталгаанд итгэж гүйцэтгэх захирлын ажлын байрны саналыг зөвшөөрч 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр уг саналд гарын үсэг зурсан. Шинэ ажлын байрны саналыг хүлээн авсан үндэслэлээр 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/723 тоот тушаал гарсныг мөн сарын 23-ны өдөр надад танилцуулсан. Энэхүү тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсгийг баримтлан 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай заасан байна. Ажлын байрны саналтай танилцаж гарын үсэг зурснаас өөрөөр ажлаас чөлөөлөгдөх тухай хувийн өргөдөл гаргаж өгөөгүй. “Эрдэнэс таван толгой майнинг” ХХК-ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/48 тоот тушаалаар Р.Д намайг тус компанийн санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн татвар хариуцсан нягтлан бодогчоор 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс томилсон боловч миний ажлын байр, цалин хөлсийг дордуулсан байна. Р.Д надад танилцуулсан ажлын байрны санал нь цалин хөлс дордуулахгүй гэсэн үндсэн агуулгатай байсан. Гэтэл шинээр томилогдож буй албан тушаалын цалин нь миний үндсэн цалинг 2 дахин багасгаж, цалингийн хэмжээ 2 200 000 төгрөг болж, санал болгосон ахлах нягтлан бодогчийн албан тушаал буурсан миний хүсэл зоригийн эсрэг гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “ЭТТ” ХК-нд ажиллаж байсан миний ажлын байр болох татварын асуудал хариуцсан менежерийн албан тушаал одоо ч хэвээр байгаа бөгөөд орон тоо, бүтцийн өөрчлөлт хийгээгүй. Иймд “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/723 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Татварын асуудал хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоох, буруу шилжүүлсэн үеийн цалингийн зөрүү олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “ЭТТ” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 296 тогтоолоор “ЭТТ” ХК-ийн охин компаниудыг байгуулахаар шийдвэрлэсэн. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “ЭТТ” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 28 тоот тогтоолоор “ЭТТ” ХК-ийн охин компани “Эрдэнэс таван толгой майнинг” ХХК шинээр үүсгэн байгуулсан. Р.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ажлын байрны саналтай танилцаж, хүлээн авч, зөвшөөрсөн хэсэгт гарын үсгээ зурсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохирсон, 39 дүгээр зүйлийн 39.2 дэх хэсэгт заасан ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохирсон байна. Гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/723 дугаар Р.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д талууд харилцан тохирсон, 39 дүгээр зүйлийн 39.2-д ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохирсон, компанийн дүрмийн 9.5.3-д эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах 9.5.6-д ажлаас чөлөөлөх хөдөлмөрийн дотоод журмын 2.5-д тушаал гаргах 4.1.2-д хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох гэж заасан эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу тус тушаалыг гаргасан. Р.Д нь ажлын байрны саналд дурдсан асуудлыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан, энэхүү тушаал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хууль зөрчиж, буруу албан тушаалд шилжүүлсэн тушаал биш гэдгийг дурдах нь зүйтэй байх. Гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/557 дугаартай ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаалаар төв оффисын албан тушаал орон тоог шинэчлэн баталсан бөгөөд тус бүтцийн нягтлан бодох бүртгэлийн хэлтэст татварын асуудал хариуцсан менежер гэсэн орон тоо хасагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан. “Эрдэнэс таван толгой майнинг” ХХК-ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/48 тоот тушаалаар Р.Дг санхүү нягтлан бодох бүртгэлийн татвар хариуцсан нягтлан бодогчоор томилон ажиллуулсан, тус тушаалаас үүссэн харилцаатай холбоотой асуудалд “ЭТТ” ХК жинхэнэ хариуцагч биш юм. Иймд Р.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Дг “ЭТТ” ХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Татварын асуудал хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх зөрүү 5 645 570 төгрөгийг хариуцагч “ЭТТ” ХК-иас гаргуулж нэхэмжлэгч Р.Дд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай зөрүүг тооцож бичилт хийхийг хариуцагч “ЭТТ” ХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч “ЭТТ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 105 279 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, “Эрдэнэс-Таван толгой майнинг” ХХК-ийг “Эрдэнэс-Таван толгой майнинг” ХХК-ийг  Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 26.2, 26.3, 40.1, 40.2, 106.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. “Эрдэнэс таван толгой майнинг” ХХК байгуулагдсантай холбогдуулан “ЭТТ” ХК-ийн төв оффиссын 26 ажилтан “Эрдэнэс таван толгой майнинг” ХХК-д ажилд орсон. Тус ажилтнуудын “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал буюу ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ талууд харилцан тохиролцсон тул дуусгавар болсон. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухайд, Р.Д нь “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны Б/723 дугаар “Р.Дтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал гарсныг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр танилцуулсан гэж нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. “Эрдэнэс таван толгой майнинг” ХХК-ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/48 тоот тушаалаар Р.Дг санхүү нягтлан бодох бүртгэлийн татвар хариуцсан нягтлан бодогчоор томилон ажиллуулсан тушаалтай Р.Д нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр танилцаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажлын байрны тодорхойлолттой танилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран, ажиллаж байна. Гэтэл Р.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “...ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана...” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан Р.Дгийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан тухай 2019 оны 182/Ш32019/08730 тоот захирамж гаргасан бөгөөд тус захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-ийг үндэслэсэн. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй буюу тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “...Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж заасан.

“ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны Б/723 тоот тушаал нь маргаан бүхий акт биш юм. Учир нь Р.Дгийн нэхэмжлэлд дурдагдсан “...хүсэл зоригийн эсрэг гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн...” акт нь “Эрдэнэс таван толгой майнинг” ХХК-ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тоот тушаалаар Р.Дг санхүү нягтлан бодох бүртгэлийн татвар хариуцсан нягтлан бодогчоор томилон ажиллуулсан, тус тушаал юм. “ЭТТ” ХК-ийн удирдлагууд “Эрдэнэс таван толгой майнинг” ХХК-ийн холбогдох удирдлагуудтай Р.Дгийн ажил, албан тушаал, цалин хөлстэй холбоотой асуудлаар ярилцан, харилцан мэдээлэл солилцсон байдаг. Энэ нь компанийн удирдах ажилтнуудын хурлын тэмдэглэлээр нотлогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар талууд “...эвлэрэх эрхтэй...”, 106.4-д “...хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно...” гэж заасны дагуу талууд эвлэрэн хэлэлцэх талаар хүсэлт, санал гарган, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасаар байтал шүүх талуудын хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн нь эрхийг хангаагүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Р.Д хариуцагч “Эрдэнэс -Таван толгой” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, буруу шилжүүлсэн үеийн цалингийн зөрүү олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг тооцон дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

Ажил олгогч талыг төлөөлж гүйцэтгэх захирал, нөгөө талаас Р.Д нар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/140 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, Р.Дг нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн татварын асуудал хариуцсан менежерийн албан тушаалд ажиллуулах, тус гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхээр тохиролцсон байна. /хх 37-46/

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...Р.Д нь ажлын байрны саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан тул хууль зөрчөөгүй, манай компани хариуцагч биш” гэж тайлбарлажээ.

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/723 дугаар тушаалаар, нэхэмжлэгч Р.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр цуцалж, уг тушаалд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2, хувьцаат компанийн дүрмийн 9.5.3, 9.5.6, хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3.14, 4.1.2 дахь заалт, нэхэмжлэгчийн өргөдлийг үндэслэсэн байна. /хх-34/

Хариуцагч “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар тогтоолоор, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн  100 хувийн хөрөнгө оруулалттай, “Эрдэнэс-Таван толгой майнинг” ХХК-ийг охин компанийн хэлбэрээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэжээ. /хх-47/  

Хэдийгээр ажил олгогч нь шинээр байгуулагдсан тус компанийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд цалин хөлс бууруулахгүйгээр шилжүүлэн ажиллуулах саналыг  ажилтан Р.Дд хүргүүлснийг, тэрээр хүлээн зөвшөөрсөн /хх-36/ боловч ажил олгогч нь санал болгосон  ажлаа гүйцэтгүүлээгүй үйл баримт хэрэгт авагдсан 19/042 дугаартай хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хурлын тэмдэглэл, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх 87-102/

Хөдөлмөрийн тухай хуулийн өөр ажилд шилжүүлэх тухай зохицуулалт нь түр хугацаагаар хэрэглэгддэг бөгөөд тодорхой хугацаа өнгөрмөгц ажил олгогч ажилтнаар үндсэн ажил үүргийг гүйцэтгүүлэх ёстой.  Иймд  хуулийн этгээд хуульд заасан журмаар өөр байгууллага үүсгэн байгуулж байгаа тохиолдолд ажилтныг тухайн байгууллагад шилжүүлэн ажиллуулахаар,  үндсэн ажил, албан тушаалаас ажил олгогчийн санаачлагаар чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 17-ны Б/723 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Хэргийн 19-21 дэх талд авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2019/08730  дугаар захирамжаар нэхэмжлэгч Р.Д хариуцагч “Эрдэнэс-Таван толгой” ХК-д холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг, шүүх 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авахаас татгалзсан /хх 19-21/ байна. Тиймээс нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дахин нэхэмжлэлээ ирүүлснийг, шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй энэ талаархи шүүхийн дүгнэлт зөв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэл зоригоос хамаарч, зохигч эвлэрэх зэргээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа явагдах  бөгөөд энэхүү ажиллагаа аль ч шатны шүүхэд хэрэгжих боломжтой. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаагүй, хариуцагч эвлэрэх санал гаргаагүй тул энэ талаар хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Давааг ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү 5 645 570 төгрөгийг гаргуулан олгосон нь үндэслэлтэй бүхий болсон гэж дүгнэв.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/00068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн     106 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                             ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

                                                                                    Д.БАЙГАЛМАА