Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Д.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.М даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Д.Бт холбогдох, 2235000000063 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Догсомын Б, 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эх, хоёр ахын хамт Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ОО92112032.

1. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутагт шүүгдэгч Д.Б, хохирогч Д.С нар нь архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар Д.Б нь хохирогч Д.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолоор:

-шүүгдэгч Б ургийн овогт Догсомын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг Улаангом тохижилт үйлчилгээ ОНҮГ-т 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

- шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

-хохирогч Д.Сын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,

-хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаангом тохижилт үйлчилгээ ОНҮГ-т 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ойлгож байгаа, Д.Б надад оногдуулсан Улаангом тохижилт үйлчилгээ ОНҮГ-т 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газарт хийх хүсэлттэй байна. Иймд гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Анхбаяр дүгнэлтдээ: “Д.Быг Увс аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрт 2022 оны 02 дугаар сарын 28-нд иргэн Д.Сыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан  нь Эрүүгийн хуульд нийцсэн байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, түүнд өөрчлөлт оруулах, ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Д.Бын гаргасан гомдлыг дэмжиж байна. Д.Бт холбогдох хэргийг Увс аймгийн Прокурорын газраас 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 65 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд 81 дүгээр шийтгэх тогтоол гаргасан.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтэй холбогдуулж шүүгдэгчээс гомдол гаргасан байдаг. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, буруугаа ойлгож гэмшиж байгаа. Шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Тэс суманд оршин суудаг иргэн тул Улаангом сумын тохижилт үйлчилгээний газарт ял эдлэх боломжгүй байна. Учир нь Улаангом суманд хамаатан садангийн айл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд дуудагдаж ирж байхдаа сумынхаа хамт ирсэн хүний очсон айлд хонодог байсан. Улаангомд очих айл, гэр орон байхгүй учраас нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрийнх нь харъяа төрөлх сум болох Увс аймгийн Тэс суманд нь эдлүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Д.Бд холбогдох, 2235000000063 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

3. Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг “Хар зуух” гэх газар хохирогч Д.Стой маргалдаж, улмаар гараараа нүүрний хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “ 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн нагац талын хамаатан Догсомын Б гэх залуутай хамт У гэх айлын хаваржааны хашаа засаж дуусаад 11 дүгээр багийн төв орж У ах 05 литрийн “Экс” нэртэй архи авсныг У, Б бид 3 хувааж уугаад Ж гэх айлд цагаан сарын золголт хийж очсон, тэр айлд 0.75 литрийн тал архийг бид 3 хувааж уугаад У.М /Ж/-ын гэрт очсон, тэнд  удалгүй Д.Б бид хоёр гэртээ харина гэхэд М, эхнэрийнхээ хамт машинаар Бын гэрийн гадна хүргэж ирсэн юм.

Би Бтай хамт буугаад үлдэнэ гэхэд Б надад хандаж “чи энд буухгүй,  чиний мэддэг юм байхгүй, чамайг ална шүү гэж хэлэхэд би Бд хандаж “чиний ална гэж юу байсан юм” гээд машинаас буухад Б бууж ирээд миний толгойн хэсэгт цохиж газар унагааж,  дээрээс дарж аваад толгой, нүүрний хэсэгт цохиход миний дээд уруул язарсан ба М эхнэртэйгээ машинаас бууж ирээд бид хоёрыг салгахад Д.Б газраас мод авч миний толгойн хэсэгт цохисон, М эхнэртэйгээ Д.Быг аргадсаар байж буцаад Мын гэрт очсон. Д.Б нь миний нагац талын хамаатан бөгөөд надаас ирж уучлалт гуйвал би цагдаад хандахгүй, хоорондоо эвлэрнэ гэж бодоод хүлээсэн боловч Д.Б нь надаас ирж уучлалт гуйхгүй, үл тоогоод байсан учир би цагдаагийн байгуулагад гомдол гаргасан болно” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас /,

- гэрч Ч.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...манай гэрт 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр У, Д.Б, Д.С нар архи уусан байдалтай ирсэн. Би Д.Б, Д.С нарыг гэрт нь хүргэж өгөхөөр нөхөр У.Мын хамт явах замд тэр хоёр маргалдаж Д.Б машинаас буугаад Д.Сыг цохиж унагаад дээр нь сууж байгаад цохисон тул нөхөр бид хоёр тэр хоёрыг салгахад Д.Сын дээд уруул шалбарчихсан цус гарч байсан, Д.Б газраас мод аваад Д.Сыг цохих гэж байхад М булааж авсан, тэр модоор цохисон эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг / хх 19-20 дугаар хуудас/,   

- гэрч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт Д.Б, Д.С, У нар цагаан сарын золголт хийж ирсэн ба Д.Б, Д.С нар гэртээ харихаар болж би эхнэрийн хамт хүргэж өгөхөөр яваад Д.Баатрын гэрийн гадна ирэхэд Д.С нь би чамтай хамт бууна гэхэд Д.Б нь “чи мэддэг юм уу? “гээд хоорондоо маргалдаж эхлээд Д.Б нь машинаас бууж Д.Сыг цохиж унагаад дээр нь сууж байгаад Д.Сыг цохихоор нь эхнэр бид хоёр салгахад Д.Сын дээд уруул язарчихсан байсан.  Д.Б газраас мод авч Д.Сыг цохихоор далайх үед би модыг нь булааж авсан учир модоор цохиж чадаагүй юм” гэх мэдүүлэг /хх23-24 дүгээр хуудас/ /,

-хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаартай : бусдад зодуулсан гэх Д.Сын дээд уруулын зүүн булангаас 1см зайнд 11:5 цагийн байрлалтай 3 ширхэг мэс заслын зангилаат оёдол  тавьсан язарсан шархтай, биеийн бусад хэсэгт ил харагдах шарх, цус хуралт, зулгаралт гэмтэлгүй байна. Дээд уруулын язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “гэмтлийн зэрэг тогтоох журам “-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 65-66)зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба хохирогч Д.Сын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь хохирогчийн нүүрэн тус газар цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн байна.

5. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Бын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6. Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүхэд : “Анхан шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаангом сумын тохижилт үйлчилгээ ОНҮГ-т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг миний оршин сууж буй газар болох Тэс сумын ЗДТГ-т хийлгэхээр шийтгэх  тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан ба уг гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна .

6.1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчилсан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бт ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал зэргийг  харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангуулахаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Улаангом тохижилт үйлчилгээ орон нутгийн үйлдвэрийн газарт эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь  гэмт хэргийн улмаас  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зорилгод нийцсэн байна.

6.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх байгууллагыг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/ 81 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.М

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.ЖАМБАЛСҮРЭН