Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 321

 

МАГАДЛАЛ

2020.02.07                                                Дугаар 321                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,                                                      2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02733 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолууд болон уг тогтоолын дагуу 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдаа, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолууд, 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 5/01, 5/02, 5/03 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2016/02788 дугаар захирамжаар Ж.Б-аас 1 551 616 000 төгрөгийг гаргуулж Д.Э-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд НШШГГ-аас барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг зогсоолуудыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлүүлсэн бөгөөд шинжээч орон сууц тус бүрийг 671 250 000 төгрөгөөр, харин дулаан зогсоол тус бүрийг 20 484 000 төгрөг буюу нийт 2 орон сууц, 4 дулаан зогсоолын зах зээлийн үнэ ханшийг 1 342 500 000 төгрөгөөр тогтоожээ. НШШГГ-т холбогдох иргэний хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж дуустал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг зогсоолуудыг албадан дуудлага худалдаанд оруулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн юм. Ж.Б-ын нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай дээрх хэрэг маргаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байх хооронд дараах ажиллагааг НШШГГ-аас явуулсныг шүүхээс хүчингүйд тооцоод байгаа билээ. Үүнд, НШШГГ-аас анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс ердөө нэг хоногийн дараа буюу 11-ний өдөр 9/8, 9/9, 9/10 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолууд үйлдэн улмаар 2 дахь дуудлага худалдааг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж барьцаа хөрөнгө болох 4 ширхэг зогсоолыг 44 000 000 төгрөгөөр, мөн 4 тоот орон сууцыг 338 150 000 төгрөг, 6 тоот орон сууцыг 338 650 000 төгрөгөөр тус тус худалдан борлуулахаар болсон байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2018/08531 тоот 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар Ж.Б-ын нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох иргэний хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж дуустал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байтал ийнхүү анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсноос хойш нэг хоногийн дараа хоёр дахь дуудлага худалдаа явуулах тогтоол үйлдэж байгаа нь холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэж ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сард шүүхэд гаргасан. Ж.Б-ын нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад хийгдсэн хоёр дахь дуудлага худалдаатай холбоотой ажиллагааг хүчингүй болгох шаардлага бүхий хэрэг маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00571 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт хариуцагч НШШГГ-аас гомдол гаргаагүй бөгөөд уг шийдвэр одоо хүчин төгөлдөр байна. Улсын Дээд шүүхийн тогтоол гарч хэрэг анхан шатны шүүхэд очмогц 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ж.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхийн тогтоолыг гардаж авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн гэж үзвэл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу нэхэмждэгч Ж.Б нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гардан авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах хугацаа тоологдож байтал НШШГГ-аас өмнөх хүчингүй болсон ажиллагаатай адил хоёр дахь дуудлага худалдааг хууль зөрчин дахин явуулсан. Бид Улсын Дээд шүүхийн тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гардан аваад байтал хоёр хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр НШШГГ-аас дуудсаны дагуу очиж уулзахад 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой мэдэгдэл гардуулсан ба уг мэдэгдлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг зогсоолуудыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр оруулахаар шийдвэрлэсэн 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолууд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гарсан болохыг мэдэгдсэн. Уг мэдэгдлийг хүлээн авмагц тэр өдрөө буюу 4 дүгээр сарын 26-ны өдрөө НШШГГ-т хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолуудаа хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдлыг гаргасан боловч хариу өгөхгүй явсаар хоёр дахь дуудлага худалдаа явагдсан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн огноотой гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг 5 дугаар сарын 13-ны өдөр өгсөн. НШШГГ-ын гомдлыг хүлээн авахаас татгалзсан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4/32 тоот тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан боловч мөн л гомдлыг хангахаас татгалзсан хариуг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн. Нэхэмжлэгч Ж.Б-ыг Улсын Дээд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй байхад, мөн гардаж аваад 30 хоногт Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийн хугацаа дуусаагүй байхад, гомдол гаргаж тогтоолыг Улсын Дээд шүүхийн нийт шүүгч нараар дахин хянан хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа гомдолдоо дурдсаар байхад хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулж ялагчийг тодруулж, өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоол үйлдэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль зөрчсөн ажиллагаа юм. Мөн барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааны хүрээнд хийгдсэн хөрөнгийн үнэлгээнд төлбөр төлөгч гомдол гаргасан ба уг маргаан анхан шатны шүүх дээр хянагдаж байхад буюу 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолууд үйлдсэн. Дээрх тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдсэн гэх боловч төлбөр төлөгч Ж.Б болон түүний төлөөлөгчид мэдэгдсэн талаарх баримт байхгүй бөгөөд мэдэгдлийг хүлээн авсан талаарх гарын үсэг байхгүй байна. Гэрийн хаягаар анхны албадан дуудлага худалдааны талаарх баримт ирээгүй. Мөн шийдвэр гүйцэтгэлийн хавтаст хэрэгт дуудлага худалдааны товыг олон нийтэд мэдээлсэн байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэж заасантай нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Иймд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдаа нь хууль зөрчсөн, төлбөр төлөгчийн дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудад гомдол гаргах хуульд заасан эрхийг зөрчсөн байх тул НШШГГ-ын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолд болон уг тогтоолын дагуу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3, 178 дугаар зүйлийн 178.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 274 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан НШШГГ-ын 2019 оны 04 дүгээр сарын    23-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолууд, 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 5/01, 5/02, 5/03 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг   бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг баримтлан Ж.Б-ын нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолууд болон уг тогтоолын дагуу 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дээд шүүхийн тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гардан авснаас хоёр хоногийн дараа 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой Мэдэгдэл гардуулсан ба уг мэдэгдлээр хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр оруулахаар шийдвэрлэсэн 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолууд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гарсан болохыг мэдэгдсэн. Уг мэдэгдлийг хүлээн авмагц тэр өдрөө буюу 04 дүгээр сарын 26-ны өдрөө НШШГГ-т хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолуудаа хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдлыг гаргасан боловч хариу өгөхгүй явсаар хоёр дахь дуудлага явагдсан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн огноотой гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг 05 дугаар сарын 13-ны өдөр өгсөн. Бид гомдолдоо “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.6-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн шүүхийн захирамж одоо хүртэл гараагүй, мөн Улсын дээд шүүхийн тогтоолыг Иргэний хэргийн танхимын шүүгч дээр дахин хянуулах хүсэлтэй байгаа”-гаа дурдсаар байтал нэхэмжлэгчийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид 30 хоногийн дотор гомдол гаргах хуульд заасан эрхтэйг мэдсээр байж гомдлыг хүлээн авахгүй талаарх хариуг хоёр дахь дуудлага худалдааг явуулж дууссаны дараа өгсөн. НШШГГ-ын гомдлыг хүлээн авахаас татгалзсан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4/32 тоот тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана” гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан боловч мөн л гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж НШШГГ-аас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсний дараа буюу үнэлгээтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад явуулсан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/8, 5/9, 5/10 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолууд болон өмчлөх эрх шилжүүлэх тухай 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5/01, 5/02. 5 03 тоот тогтоолуудыг, мөн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/12, 7/13 тоот тогтоолууд болон уг тогтоолын дагуу 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдаа, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 5/8, 5/9, 5/10 тоот тогтоолууд, 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 5/01, 5/02, 5/03 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02788 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Б-аас 1 551 616 000 төгрөг гаргуулж Д.Э-д олгож, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэсгэрт байрлах Эмэрэлд Ливинг 24 айлын орон сууцны зориулалттай барилгын тус бүр 280 м.кв талбай бүхий 4, 6, 8, 13 тоот орон сууц, автомашины 4 ширхэг дулаан зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу Ж.Б-аас төлөх үүргээ сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага үнийн санал авах болон шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэсгэрт байрлах Эмэрэлд Ливинг 24 айлын орон сууцны зориулалттай барилгын тус бүр 280 м.кв талбай бүхий 4, 6 тоот орон сууц, автомашины 4 ширхэг дулаан зогсоол зэргийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх 60, 69/

Төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчээс үнийн санал авахад тохиролцоонд хүрээгүй тул шинжээч томилуулан шинжээчийн дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэсгэрт байрлах Эмэрэлд Ливинг 24 айлын орон сууцны зориулалттай барилгын тус бүр 280 м.кв талбай бүхий 4, 6 тоот орон сууцыг тус бүр 671 250 000 төгрөг, автомашины 4 ширхэг дулаан зогсоолыг тус бүр 20 484 000 төгрөгөөр үнэлсэн үйл баримт тогтоогджээ. /хх 70-72/

Түүнчлэн “СЭ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон дээрх үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02001 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2191 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00346 дугаар тогтоолоор тус тус нотлогдож байна.

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг автомашины зогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөр дуусгавар болсон байна.

НШШГГ-аас 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь хууль зөрчөөгүй. Анхан шатны шүүхээс “Улсын Дээд шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй боловч гомдол гаргасан хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсныг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02733 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “178 дугаар зүйлийн 178.1” гэснийг хасч, “274 дүгээр” гэснийг “27 дугаар” гэж, “хүссэн” гэх үгийг хасч,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “65 дугаар зүйлийн 65.1.3” гэснийг “117 дугаар зүйлийн 117.1” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Т.ТУЯА

 

                                                                                    Д.БАЙГАЛМАА