Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/31

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           Н.Чад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах гомдлыг үндэслэн Н.Чад холбогдох, 2235000000058 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Н-гийн Ч, 1994 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, суурь боловсролтой, автомашины кузов засварын ажил эрхэлдэг, ам бүл тав, эхнэр, хоёр хүүхэд, эхийн хамт Увс аймгийн Улаангом сум, 9 дүгээр багийн 4-01 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 320 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар: от94031211.

1. Шүүгдэгч Н.Ч нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Увс аймаг дахь Цагдаагийн газрын 108 тоот өрөөнд тус цагдаагийн газрын багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Мыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас шүүгдэгч Н.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолоор:

-шүүгдэгч Ш ургийн овогт Нгийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чад 5.000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 (таван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж,

-шүүгдэгч Н.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-шүүгдэгч Н.Ч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

-хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ”...Н.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хор уршиг ялимгүй, мөн хохирогч Н.Мын зүй бус харилцаа хандлага нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж шүүхээс дүгнэсэн байдаг.

Н.Ч нь бусдын автомашины граж түрээслэн ажиллуулж байсан бөгөөд одоо тэрээр грашаа түрээслэж ажиллуулахаа болсон. Амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хэт өндөр торгуулийн ял оногдуулсан гэж үзэж байна. Мөн торгуулийн ялыг хуульд зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгөөгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Иймд Н.Чын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, бага насны нялх хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй зэрэг  хувийн байдлыг харгалзан үзэж, торгуулийн ялын хэмжээг багасгаж, торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү“ гэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :  “...Н.Ч нь мөрдөн байцаалтын шатнаас анхан шатны шүүх хуралдаан хүртэл өмгөөлөгчгүйгээр өөрийнхөө эрх ашгийг хамгаалж оролцсон. Н.Чын хувьд 2022 оны 02 дугаар сарын 23-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаатай маргалдаж дүрэмт хувцасных нь бүчийг тасалсан хэрэгт холбогдсон.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан бол төрийн албан хаагч, цагдаа Мын зүй бус харилцааны улмаас болсон, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн дүгнэлтийн дүгнэх хэсэг дээр дүгнэсэн байдаг. Н.Ч нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа ойлгож гэмшиж байна гэж мэдүүлсэн. М нь хохирол төлбөр гаргуулах саналгүй байна. Н.Ч нь өмгөөлөгчгүй байсан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлыг ойлгож мэдээгүй учраас эрх зүйн байдал нь дордож 5 сая төгрөгөөр торгуулсан. Шүүгдэгч Н.Чын хувьд тогтсон орлогогүй учраас шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг өндөр байна гэж үзэж байна. Н.Ч нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.  

Хавтаст хэрэгт хувийн байдлыг нь тогтоосон баримтууд байдаг. Хавтаст хэргийн 131 дүгээр хуудсанд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын амьжиргааны түвшин тогтоосон баримтаар 409-өөс доош оноотой байна гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Шүүхийн шийтгэх тогтоол гарахдаа хуульд заасан үндэслэл бүхий, тухайн хүний хувийн байдалд, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэргийг үйлдсэн аргачлал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл байдлуудыг дүгнэсний үндсэн дээр ял шийтгэлийг оногдуулдаг гэж үзэж байна.

Н.Ч нь тухайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Амьдралын хувьд тодорхой эрхэлсэн ажилгүй, мэргэжилгүй, дугуй засварын газрыг түрээсэлж ажиллуулдаг, ажлын байр олдсон үед түрээсэлж олсон орлогоороо гэр бүлээ тэжээн тэтгэж өрхийн амьжиргаагаа залгуулдаг.

Торгох ял оногдуулахдаа үндэслэлгүйгээр тодорхой эрхэлсэн ажилгүй хүнд хэт өндөр буюу 5 сая төгрөгийн торгох ял оногдуулсан тул гомдол гаргасан. Өмгөөлөгч, холбогдогчийн зүгээс гэм буруугийн тал дээр маргаагүй, тухайн торгуулийн ялыг багасгаж өгнө үү, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр зааж өгнө үү гэсэн хоёр үндэслэлээр гомдол гаргасан. Гомдлоо дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ялыг багасгаж,  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Энхтуул тайлбар, дүгнэлтдээ: “ Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Чыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах, Увс аймаг дах Цагдаагийн газрын 108 тоот өрөөнд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч Мыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхээс оногдуулсан торгох ялыг хэт өндөр байна, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх заалтыг хэрэглээгүй гэх агуулгатай гомдол гаргасан байна.   

Анхан шатны шүүхийн 71 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж прокурорын  хувьд үзэж байна. Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа тухайн зүйл хэсэгт заасан торгох ял, хорих ял, зорчих эрхийг хязгаарлах ялуудаас хөнгөн ялыг сонгож шүүгдэгч Н.Чад оногдуулсан.

Торгох ялын санкц нь 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай ба Н.Чыг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх өмгөөлөгчийн гомдлыг  хүлээн авах боломжтой гэж үзэж байна” гэв.

7. Шүүгдэгч Н.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдол, тайлбарыг дэмжиж байна” гэв.

8.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Чад оногдуулсан 5 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээх саналыг прокурор гаргаж байгаатай санал нийлэхгүй байна.

Шүүгдэгч нь өмгөөлөгч аваагүй нь төлбөрийн чадваргүй байдалтай  холбоотой асуудал байдаг. Шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд мөрдөгч болон тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурор нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг ойлгуулж тайлбарлах ёстой байсан. Прокурортой ял тохирсон бол оногдуулсан торгох ялын хэмжээнээс доогуур оногдуулах боломж байсан.

Шүүхийн шийдвэр оновчтой байх байсан. Шүүгдэгчийн ажлын байрны тодорхойлолт болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас амьжиргааны түвшин тогтоосон тодорхойлолт зэргийг шүүх анхаарч үзээгүй. Эрх зүйн байдлыг нь дордуулсан, оновчтой, шударага ёсны  байх зарчим алдагдсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд торгуулийн ялын хэмжээг багасгаж, хэсэгчлэн төлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах гомдлыг үндэслэн Н.Чад холбогдох, 2235000000058 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

3. Шүүгдэгч Н.Ч нь согтуугаар, 2022 оны 02 дугаар сарын 23-ны шөнө Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Увс аймаг дахь Цагдаагийн газрын 108 тоот өрөөнд тус цагдаагийн газрын багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Мыг албан үүргээ биелүүлэхтэй  нь холбогдуулан биед нь халдан, албаны дүрэмт хувцсыг урж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Н.Мын “...согтуурал шалгах багажаар Н.Чын согтуурлыг шалгах гэсэн боловч үлээхгүй ,согтуурлаа шалгуулахгүй гэхээр нь тухайн иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгөх тэмдэглэлийн бланк гаргахаар компьютерийнхээ урд сууж байтал “та нар яах гээд байгаа юм” гээд орилоод босоод ирэхээр нь би  түүнд хандаж “та наад сандал дээрээ сууж бай” гэхэд “чамайг алнаа пизда минь” гэж хэлээд баруун гараараа миний хоолойны хэсэгт цохиход амьсгал боогдох зуур тухайн хүн миний албаны хувцасны зүүн талын мөрдөсийг гараараа татаж таслаад газарт хаяж, миний хувцаснааас бариад авахад ахлах ахлагч М.Э, эргүүлийн цагдаа М.М нар түүнийг салгаад өрөөнөөс аваад гарсан юм”/хх 63 дугаар хуудас/   гэх мэдүүлэг,

- гэрч М.Мгийн “ ...Н.Ч нь гэнэт Мын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиод хоолойг нь боогоод  албаны дүрэмт хувцасны зүүн талын мөрдөсийг тасалж газарт хаяхаар нь ахлах ахлагч М.Э бид хоёр Н.Чын үйлдлийг таслан зогсоож, эрүүлжүүлэх байранд аваачиж согтуурлыг нь шалгах гэсэн боловч драгер багажийг үлээгээгүй юм” /хх 166 дугаар хуудас / гэх мэдүүлэг,

- гэрч М.Эы: “ ...Н.Ч нь ахлах ахлагч Н.Мын нүүрний орчимд гараараа нэг удаа цохиж албаны дүрэмт хувцасны зүүн талын мөрдөсийг, бүчний хамт урж тасалсан юм”  /хх –ийн 69 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

- гэрч Э.Х-ы: “ Тухайн өдөр би жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгээд ажил дээр байсан. Тухайн үед дуудлагагүй байсан тул 1 дүгээр давхрын булангийн амралтын өрөөнд байж байтал 22-23 цагийн үед коридорт хүн чанга чанга дуугараад шуугилдаад байхаар нь гараад харсан чинь хэсгийн байцаагч, цагдаа нарын өрөөнд  цоохор цамцтай, саравчтай малгайтай нэг залуу өрөөнд байсан цагдаагийн алба хаагчдын шаардлагыг эсэргүүцэж “та нарыг нэг нэгээр чинь ална” гэж заналхийлж байсан би уг байдлыг коридороор зөрөхдөө хаалгаар нь хараад өнгөрсөн.Тэгээд би жижүүрийн өрөө рүү ороход жижүүрийн мөрдөгч “ хэсгийн байцаагч нарын өрөөнд байсан цоохор цамцтай залуу Н.Мыг цохиж, мөрдөсийг нь тасалчихсан байна чи эргүүлийн цагдаа Мтэй хамт эрүүлжүүлэх байр руу оруулж өг” гэсэн чиглэл өгөхөөр нь М бид хоёр уг залууг эрүүлжүүлэх саатуулах байранд оруулж эмчид хүлээлгэж өгсөн/ хх-ийн 72 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

- хувцаст үзлэг хийсэн “... тухайн хүрэмний баруун талын мөрөнд цагдаагийн ахлах ахлагч цолны мөрдөстэй, хүрэмний зүүн талын мөрдөсний бүч оёдлоороо тасарсан, мөн бүчний товч тасарсан, цагдаагийн ахлах ахлагч гэсэн мөрдөс бүчний хамт тасарсан, хүрэмний зүүн талын бүчний хэсэг зүүн талын ханцуй мөр хоёрын нийлэх хэсэгт оёдлоороо 4.5 см урттай ханзарч оёдлын утас нь тасарсан, мөн бүчний дээд хэсгийг тогтоох товч нь хүрэмний зүүн талын захнаас 4 см зайнд байх товч суурь хэсгээрээ товчийг тогтоосон утас нь тасарч тухайн хэсэгт үлдсэн байдалтай байх ба тухайн албаны хүрэмний бусад хэсэгт ямар нэгэн урагдал, цоорол, гэмтэл, ул мөр байхгүй байв” гэх тэмдэглэл / хх-ийн 29 дугээр хуудас/,

- кримналистикийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай:” ...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цагдаагийн албаны хээрийн дүрэмт хувцасны зүүн мөрний дээд талд мөрдөс тогтоох бүч байсан зүүн ханцуйны оёдол хэсэгт 4.5 см хэмжээтэй, зүүн мөрний дээд талд мөрдөсний бүч тогтоох товч байсан хэсэг тус тус ханзарсан байна” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

5. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Чын хохирогч Н.Мыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 6. Шүүгдэгч Н.Чын өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд “Н.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй,  шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хор уршиг ялимгүй, мөн хохирогч Н.Мын зүй бус харилцаа хандлага нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж шүүхээс дүгнэсэн байгаа. Н.Ч нь автомашины граж түрээслэн ажиллуулж байсан бөгөөд одоо гражаа түрээсэлж ажиллуулахаа больсон. Амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хэт өндөр торгох ял оногдуулсан гэж үзэхээр байна. Мөн торгох ялыг хуульд зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгөөгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Иймд Н.Чын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, бага насны хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй зэрэг  хувийн байдлыг   харгалзан үзэж, торгох ялын хэмжээг багасгаж, торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү “ гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

6.1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан.

Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа төрсөн эх, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, урьд мөн төрийн алба хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдэж албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршийг нөхөн төлсөн зэргийг харгалзан дээрх ялын төрлөөс торгох  ялыг сонгож, торгох ялын хэмжээг 5.000/таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000/ таван сая/ төгрөгөөр тогтоосон нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ би өрөөнд ороод “ бид нарыг явуулчих, сая хоорондоо жаахан маргачихлаа, одоо асуудалгүй байгаа юм чинь явуулчихаач “гэж хэлэхэд  “чи мэддэг юм уу пизда минь, малгай толгойгоо яаж тавиад байгаа юм чи “ гэж хэлээд намайг өшиглөсөн. Би тэгэхээр нь бухимдаад “иргэн хүнтэй цагдаагийн алба хаагч ингэж харьцдаг юм уу” гээд маргаан үүсээд ийм зүйл болсон” гэх мэдүүлгийг үндэслэн цагдаагийн алба хаагчийн зүй бус харьцаа уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.  

Шүүхээс хохирогч буюу цагдаагийн албан хаагчийн зүй бус харьцаа уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл болсон гэж дүгнэхдээ зөвхөн шүүгдэгч Н.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15-т заасан “ Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, аль нь шүүхийн  шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 9-т заасан “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасантай нийцээгүй гэж үзлээ.

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Н.М нь албан үүргээ биелүүлэхдээ шүүгдэгч Н.Чтай зүй бус харьцсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч нь өөрийн нэр, оршин суух хаяг, холбоо барих хүний талаар хэлэхгүй, согтуурал шалгуулахаас татгалзаж, албан үүргээ гүйцэтгэж байсан хохирогчийн хоолой руу гэнэт цохиж, албаны дүрэмт хувцсыг урж гэмтээсэн болох нь тогтоогдсон байх ба энэ гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус харилцаа хандлагаас болж үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Ч-д оногдуулсан торгох ялын хэмжээг багасгах нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын энэхүү хэсгийг хүлээн авах үндэслэлгүй байна.

6.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заажээ.

Шүүгдэгч Н.Ч таван ам бүлтэй, амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой, газар болон бусад үл хөдлөх хөрөнгөгүй, орлогын тогтмол эх үүсвэргүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэж, энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Чад шүүхээс оногдуулсан таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу таван сая / 5.000.0000/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай гэсэн нэмэлт оруулж,

- тогтоолын 3 дугаар заалтын: Шүүгдэгч Н.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол гэснийг шүүгдэгч Н.Ч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдсан гомдлын “шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, гомдлын “торгох ялыг хэсэгчлэн төлүүлж өгнө үү “ гэх хэсгийг хангасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН