Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2017/0766

 

 

 

 
2017 оны 11 сарын 01 өдөр     Дугаар 221/МА2017/0766             Улаанбаатар хот


Д.А-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.А-н нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасныг тус тус баримтлан Д.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 24 дүгээрт М.Т-г Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар томилсон хэсэг мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын М.Т-г Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, Д.А-г өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 11.331.530 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас, аймгийн Засаг даргын Тамгын газраас бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж нэрээр 2.592.633 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн, мөн үүнээс гадна 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс “Тогтвортой амьжиргаа 3” төслийн орон нутгийн төслийн ажилтнаар ажилласан хөлс 849.000 төгрөг, 5,6,7,8 дугаар саруудын хөлс 4.240.000 төгрөг нийт 5.089.000 төгрөг байх тул цалин хөлснөөс уг тэтгэмж болон ажлын хөлсийг хасч, үлдэх 3.649.897 төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дугаарт “... мөн үүнээс гадна 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс “Тогтвортой амьжиргаа 3” төслийн орон нутгийн төслийн ажилтнаар ажилласан хөлс 849.000 төгрөг, 5, 6, 7, 8, дугаар саруудын хөлс 4,240,000 төгрөг нийт 5,089,000 төгрөг байх тул цалин хөлснөөс уг ажлын хөлсийг хасаж ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажлаас халагдсанаас хойших цалин хөлсийг бүрэн олгох шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгнө үү.
Гомдлын агуулга: Д овогтой А миний бие аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны А/10 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн бөгөөд энэ тухайгаа Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ нэхэмжлэлийн дагуу уг хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж намайг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон. Гэвч ажилгүй байсан үеийн цалин хөлсийг олгохоор тооцохдоо одоо миний хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа ажлын хөлсийг олгохоор тооцохдоо одоо миний хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа ажлын хөлсийг хасаж олгохоор тооцсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байна.
Энэ нь буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор гэж байгаа бөгөөд намайг ажлаас буруу халсан, ямар нэгэн ажилд шилжүүлээгүй гэдгийг шүүх тогтоосон болно. Буруу үндэслэлээр шилжүүлээд, шилжүүлсэн ажил нь өмнөхөөс бага цалинтай байсан бол зөрүүг нь олгоно гэж ойлгож байна.
Миний хувьд ажилгүй байх хугацаандаа амьдралын шаардлагаар, Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон өөрийн болон хүүхдийнхээ амьд явах эрхийн дагуу, ажил хөдөлмөр эрхлэх эрхийнхээ хүрээнд ажил хийж орлого олох зайлшгүй шаардлагатай болсон. Иймд арга буюу Сангийн яамнаас зарлагдсан сонгон шалгаруулалтад баримт материалаа хүргүүлэн тэнцэж хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Энэ нь ямар нэгэн шийдвэр гарч ажиллаж байгаа албан тушаалын байнгын ажлын байр биш.
Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүрэн авах ёстой гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаартай шийдвэрийг хянуулах тухай.
Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/25 дугаар тушаалыг хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар, тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдлоо гаргасан эсэх, гомдлыг нь хянан шийдвэрлэсэн эсэх талаарх бичгийн нотлох баримт хэргийн материалд байхгүй.
Гэтэл шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Ийнхүү урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/25 тоот эрх зүйн актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар ирүүлсэн нэхэмжлэлийг шүүх хууль зөрчин хүлээн авч, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “шүүгчийн хараат бус байж гагцхүү хуульд захирагдах...” хууль ёсны зарчмыг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг тус тус зөрчжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудыг эвлэрэх боломжоор хангаагүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг зөрчсөн.
Ийнхүү шүүх оролцогчийн эрхийг зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байх тул уг хэргийг бүхэлд нь хянаж, Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 32 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц шинэчлэгдэн баталсантай холбогдуулан Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарийг шинэчлэн баталжээ.
Улмаар Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нийт албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, батлагдсан бүтэц, орон тооны дагуу 2 дугаар хавсралтад нэр дурдагдсан ажилтан, албан хаагчдыг албан тушаалд томилж, орон тоог Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга 1 байх бөгөөд маргаан бүхий тушаалын 1 дүгээр хавсралтаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.А-г албан тушаалаас чөлөөлж, 2 дугаар хавсралтаар дээрх албан тушаалд М.Т-г томилсон байна.
Нэхэмжлэгч Д.А нь дээрх тушаалын 2 дугаар хавсралтаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар М.Т-г томилсон хэсгийг эс зөвшөөрч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар М.Т-г томилсон хэсэг, мөн оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалын М.Т-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарийг батлах тухай” А/09 дүгээр тушаалын хавсралтаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалыг баталсан бөгөөд хэлтсийн даргын орон тоо 1 байхаар тогтоосон болох нь энэхүү тушаалаар нотлогдож байгаа.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж зааснаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын чиг үүргийг тодорхойлсноос үзвэл хариуцагч нь маргаан бүхий 2017 оны А/10 дугаар актын нэгдүгээр хавсралтаар Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан нийт албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх эрхтэй байна.
Харин хариуцагч нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад үндэслэлгүйгээр Санхүү, төрийн сангийн даргын ажил албан тушаалд нь нэхэмжлэгч Д.А-г томилолгүй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар М.Т-г томилсон нь хууль бус болжээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ.
Дээрх А/09 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц шинэчлэгдэн баталсан бөгөөд шинээр байгуулагдсантай холбогдуулж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга маргаан бүхий А/10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар тухайн байгууллагын нийт албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар албан хаагчдыг ажилд томилохдоо нэхэмжлэгч Д.А-н өмнө эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан байхад түүнийг томилоогүй, мөн тэрхүү шинээр батлагдсан ажлын байранд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалаар өмнө тус байгууллагад ажил, алба эрхэлж байгаагүй М.Т-г Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, нэхэмжлэгч Д.А-г ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг хариуцагч зөрчсөн байна.
Тиймээс нэхэмжлэгч Д.А-г урьд эрхэлж байсан Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 3,649,897 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна.
Зүй нь, нэхэмжлэгч Д.А-г ажилд томилоогүй өдөр болох 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх нийт ажлын 140 хоногийн цалин хөлстэй тэнцэх 11,026,577 төгрөгийн олговроос нэхэмжлэгчид олгосон нэг удаагийн тэтгэлэг болох 2,592,633 төгрөгийг хасаж, нийт 8,433,944 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор байжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-д 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,433,944 төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан түүнд буцаан олгож, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ШҮҮГЧ                  Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ                  Ц.ЦОГТ
ШҮҮГЧ                  Э.ХАЛИУНБАЯР