Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 374

 

“Х о к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:          Х.Батсүрэн

                         Б.Мөнхтуяа

                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “Х о к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Х о к” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, “Х о к” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Тариат нэртэй 2395.03 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0299 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0405 дугаар магадлал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0299 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17, 18 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х о к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “Х о к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, “Х о к” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, “Х о к” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Тариат нэртэй 2395.03 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0405 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0299 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...18 дугаар зүйл...” гэсний дараа “...19 дүгээр зүйлийн 19.5-д...” гэж нэмж, өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалтуудыг буруу хэрэглэсэн. Аймгийн Засаг даргаас ирсэн саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шийдвэр гаргахдаа хянах үүрэгтэй байсан. Гэтэл шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга аймгийн Засаг даргын саналыг хянах эрх хэмжээ байхгүй гэж дүгнэсэн.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газар буюу төрийн захиргааны байгууллага байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмууд үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, аливаа төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд үндэслэсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Кадастрын дарга манай өргөдөлд татгалзсан хариу өгч байгаа бол тэр татгалзал нь үнэхээр татгалзах нөхцөл байдал бүхий, үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын санал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй санал байхад түүнийг шууд үндэслэн шийдвэр гаргах нь Кадастрын даргын өөрийнх нь шийдвэр “хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдалтайгаа тохироогүй, үндэслэл бүхий биш” шийдвэр болж байна. Иймээс Кадастрын дарга өөрийнхөө шийдвэрийг хуульд үндэслэсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр байлгахын тулд аймгийн Засаг даргын шийдвэрийг заавал хянах үүрэгтэй. Энэхүү үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалтаар үүрэг болгосон. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-т Засаг даргын шийдвэр үндэслэл бүхий юу, үгүй юу гэдгийг хянаж байхаар оруулсан байдаг.

5. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь шийдвэрийн үндэслэл болох Засаг даргын санал нь хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх эрх хэмжээг Захиргааны ерөнхий хууль олгосон.

6. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын Дөрөв дэх хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй “Дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай  зөвшөөрлийн асуудал хариуцсан  мэргэжилтэн  ажлын 3 өдөрт  багтааж  хайгуулын  тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, ...төслийг боловсруулж хяналтын хуудаст тэмдэглэгээ хийнэ” гэж заасан байдаг. Эдгээрээс харахад Төрийн захиргааны байгууллага эцсийн шийдвэр гаргадаг, тиймээс шийдвэр нь үндэслэл бүхий, бодит нөхцөл байдалд тохирсон, хуульд үндэслэсэн байхын тулд Засаг даргын санал хуульд нийцсэн эсэхийг мөн хянаж байж шийдвэрээ гаргах ёстой байсан.

7. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтыг буруу хэрэгэлсэн. Шүүх Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орж 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт байхгүй болсон тул шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болсон байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хангахаас татгалзсан байна. Гэтэл манай компани 2015 онд буюу хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох тухай Ашигт малтмалын тухай хуулийн зохицууулалт хүчин төгөлдөр байх үед өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийг шийдвэрлэх ажиллагаа төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдрийг хүрсэн бөгөөд Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарснаас хойш шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль тогтоогч хуульд өөрчлөлт оруулсан.

8. Нэгэнт энэ нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, мөн шүүхээр хэргийг шийдэх явцад хуульд өөрчлөлт орсон нь иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хохироох үндэслэл болохгүй. Ер нь зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэлтгүй ямар ч өргөдөл гаргасан бай шийдвэр эцэслэгдээгүй байхад, эсхүл маргаад хүчингүй болох үед гэнэт хууль өөрчлөгдөөд тухайн иргэнд өргөдлийг нь шийдэхгүй гэж үзэх нь иргэн Монгол Улсын төрд итгэх ямар ч итгэлгүй болно. Ийм ч учраас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж орж ирсэн. Энэхүү зарчмын гол агуулга нь иргэний эрх зүйн байдал хожим сөрөг байдлаар өөрчлөгдсөн ч тухайн өөрчлөлт иргэнд нөлөөхгүй гэсэн утгатай. Иймд нэгэнт манай компанийн буруутай үйлдэл байхгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой гэж итгэж өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн “Итгэлийг хамгаалж” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ёстой бөгөөд Кадастрын хэлтэс өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх үүрэгтэй. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь хөрөнгө гэж тооцогдож, үнэлэгддэг тул итгэл хамгаалах зарчмыг хэрэглэх боломжтой.

9. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 17-ны өдрийн 299 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 405 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

11. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/ 19.4-19.5 дахь хэсэгт заасан аймаг, нийслэлийн Засаг даргын санал нь бие даасан эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь уг саналын эрх зүйн үндэслэлийг хянах, үнэлж дүгнэх эрхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-6-д заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

12. Мөн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн 07 дугаар саналыг шийдвэр гаргах ажиллагааны журмын зөрчилтэй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь “дэмжсэн” гэсэн саналтай адил нөхцөл байдлыг үүсгэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Учир нь, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал хүчингүй буюу “байхгүй” болж байгаагаас бус “дэмжсэн” гэсэн санал гарч буй хэрэг биш юм. Түүнээс гадна, маргаан бүхий акт нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр буюу дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан байна.

13. Мөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироох үндэслэл болохгүй” гэж маргаж байгаа ч /Тодорхойлох хэсгийн 8/ шүүхийн зүгээс хариуцагчид хүчингүй болсон хуулийг хэрэглэж шийдвэр гаргахыг даалгах боломжгүй юм. Учир нь, шүүхээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангана гэдэг нь нэхэмжлэгчийн шаардаж буй шийдвэрийг гаргахыг хариуцагчид үүрэг болгож байгаа бөгөөд тэрхүү үүрэг нь хариуцагчийн хувьд хуулиар үүссэн байх ёстой. Гэтэл энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох ажиллагаа өөрчлөгдсөн, мөн 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь хүчингүй болсноор хариуцагч нэхэмжлэгчийн шаардаж буй шийдвэрийг гаргах /нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох/ хууль зүйн боломжгүй болсон, мөн ийнхүү хууль өөрчлөгдсөнөөр шүүхээс нэхэмжлэгчийг “хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд болохыг тогтоох” эрх зүйн орчин үгүй болсон тул “нийтийн эрх харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

14. Түүнчлэн, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хувьд эдийн болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” үйлчлэхгүй, иймд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

15. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0405 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ