Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2019/0556/З |
Дугаар | 128/ШШ2019/0829 |
Огноо | 2019-11-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2019/0829
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Б.С*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдах худалдан авах ажиллагааны газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Б.С******* /РД:ЧЙ*******/
Хариуцагч: Нийслэлийн Худалдах худалдан авах ажиллагааны газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/113 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Рэ*******, С.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.С******* нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд хуульд заасан журмын дагуу томилогдсон, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн захиргааны жинхэнэ албан хаагч билээ.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар томилогдоод эрхэлсэн ажил албандаа үнэнч шударгаар хандаж, сэтгэл зүрхээ зориулан зүтгэж, ямар нэгэн сахилгын болон захиргааны зөрчил гаргаж байгаагүй байна.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар тус байгууллагын ажилтан, албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг баталсан байх бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хэвийн ажлаа хийгээд амралтын хуваарь ёсоор 03 дугаар сарын 01-ний өдрөөс амралтаа эдэлсэн байна.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар захирамжаар тус газрын дарга Э.Б*******г ажлаас нь халж, түүний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр орлогч дарга Г*******г томилж, улмаар тэр түр орлон гүйцэтгэгч нь ээлжийн амралтаа хууль ёсоор авч, ээлжийн амралтаа эдэлж байсан Б.С*******г хууль бусаар ажлаас халсан байсан. Гэхдээ ажлаас халсан тухай тушаал шийдвэрээ Б.С*******д одоо болтол өгөөгүй, Б.С******* нь өөрийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсээр дамжуулан хуулийн үндэслэл, огноо дугаарыг нь аман байдлаар мэдсэн болно.
Ингээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзжээ.
Улмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөл 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 531 дугаартай албан бичгээр хариу өгөхдөө Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлд өргөдлийг шилжүүлсэн талаар бичсэн байна.
Нийслэл дэх төрийн албаны зөвлөлийг өргөдлийг хэрхэн шийдвэрлэхийг хүлээгээд хариу огт өгөхгүй болохоор нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хариуг албан ёсоор өгөхийг хүссэн өргөдлийг шуудангаар илгээсэн боловч одоог хүртэл хариу өгөхгүй болохоор арга буюу эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа болно.
Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/113 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад даалгаж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад холбогдох Б.С*******гийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэг. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт эдэлсэн тухайд:
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ээлжийн амралт олгох заавар-ын 3-т Ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарын жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу энэ зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно. гэж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 13.5-д "Албан хаагч амралт эхлэх өдрөөс ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө Захиргаа, санхүүгийн хэлтсээс Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл авна гэж тус тус заасны дагуу тус газарт Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б. С******* нь Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Э.Б******* даргаас ээлжийн амралтын мэдэгдлийг авч байсан боловч Э.Б******* дарга 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас халагдсан болно.
Э.Б******* дарга ажлаас халагдсанаар орлогч дарга Б.Г******* 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ба газрын Захиргаа, санхүүгийн хэлтсээс ээлжийн амралт олгох тухай мэдэгдлийг албан ёсоор аваагүй, олон хоногоор ажил тасалсан.
Мөн Б. С******* нь Хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д Албан хаагч ажлаа орлон гүйцэтгэх албан хаагчид албан ёсоор хүлээлгэн өгч, энэ тухай акт үйлдэнэ гэж заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар баталсан Албан хаагчдын 2018 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хавсралтад заасан орлон гүйцэтгэх албан хаагчид ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй бөгөөд 2018 оны 03 дугаар сард цалин болон ээлжийн амралтын олговор олгогдоогүй болно.
Ажил олгогч ээлжийн амралт олгох тухай мэдэгдлийг ажилтанд олгоогүй тул Б.С*******гийн ээлжийн амралт биеэр эдлэх эрх нь баталгаажаагүй болно.
Иймд амралтын хуваарь ёсоор 03 дугаар сарын 01-ний өдрөөс амралтаа эдэлж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хоёр. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал танилцуулаагүй тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/39 дүгээр захирамжаар орлогч дарга Б.Г*******г газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар тушаалаар Газрын зохион байгуулалтын бүтцийг 4 хэлтэстэйгээр шинээр баталсан.
Газрын зохион байгуулалтад бүтцийн өөрчлөлт орсны дагуу Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Б. С*******г 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөөс нь Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон боловч ажил үүргээ гүйцэтгээгүй байна.
Уг бүтцийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдэхээр Б.С******* рүү утсаар удаа дараа залгахад гар утсаа аваагүй.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот хурлын өрөөнд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 10 минутад сонсох ажиллагаа хийсэн ба нийт 27 албан хаагч оролцож, Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Б.С******* ажилдаа ирээгүй байна гэж тэмдэглэлд дурдсан байна.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн ажилтнуудын 2018 оны 03 дугаар сарын ажилласан цагийн тооцооны хуудсаар Б. С******* нь 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 өдөр 8 цаг ажилласан, албан ёсны зөвшөөрөлгүйгээр 12 өдөр ажил тасалж, төрийн албан хаагчийн хүлээх үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн фейсбүүк мэссэжээр мэдэгдсэн боловч эргэж холбоо бариагүй, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.3, 8.2.4, 8.2.5, 8.2.6-д заасны дагуу одоог хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй, хууль зөрчиж байна.
Иймд Б.С******* нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан тул Б.С*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С******* нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/113 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална 35.1.2-т ээлжийн амралттай байгаа гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ээлжийн амралтаа авсан ажилтныг, ээлжийн амралтаа авсан хугацаанд нь ажлаас халж болохгүй буюу ажлын байрыг нь хэвээр хадгалахаар байна.
Нэхэмжлэгч Б.С******* нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан болох нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Албан хаагчдын 2018 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай А/10 дугаар тушаалын хавсралтаар нотлогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь Хөдөлмөрийн дотоод журмын 13.5, 13.6-д зааснаар мэдэгдэх хуудас олгогдсоноор ажилтны ээлжийн амралт баталгаажина, Б.С******* нь амралт олгох тухай мэдэгдлийг албан ёсоор аваагүй, Б.С*******д ээлжийн амралтын цалин, олговор олгогдоогүй тул ээлжийн амралттай байсан гэж үзэхгүй, ээлжийн амралтаа биеэр эдлэх эрх нь баталгаажаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж, энэ үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д болон Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д ээлжийн амралтаа авсан ажилтны ажлын байрыг нь хэвээр хадгалахаар зохицуулсан бөгөөд эрх зүйн хэм хэмжээний эрэмбийн хувьд хөдөлмөрийн дотоод журмаас хууль илүү хүчин чадалтай ба хуульд ээлжийн амралтаа авсан ажилтны ажлын байрыг нь хэвээр хадгалахаар зохицуулсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан тайлбарлаж байгаа тайлбар үндэслэлгүй.
Мөн амралтын мэдэгдэл буюу мэдэгдэх хуудас олгох нь ажилтны үүрэг биш харин захиргааны байгууллагын буюу ажил олгогчийн үүрэг тул ээлжийн амралтын мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид олгоогүй, гардуулаагүй нь нэхэмжлэгч ээлжийн амралттай байсныг үгүйсгэх үндэслэл болохгүй, ээлжийн амралтын цалин олговроо нэхэмжлэгч аваагүй нь мөн ээлжийн амралттай байсныг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана, 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэж заасан ба төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа эдлэх талаарх хуулийн энэ зохицуулалтыг хариуцагч зөрчсөн байна.
Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүд болон үйл баримтуудаас үзэхэд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б.С*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/113 дугаартай тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шүүх Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б.С*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/113 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг болон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх хугацаагаар буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож олгох, мөн тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Б.С*******гийн 2017, 2018 оны цалингийн картын дагуу тооцон үзэхэд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож нийт 17,418,141 /арван долоон сая, дөрвөн зуун арван найман мянга, нэг зуун дөчин нэг/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.С*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б.С*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.С*******г урьд эрхэлж байсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17418141 /арван долоон сая, дөрвөн зуун арван найман мянга, нэг зуун дөчин нэг/ төгрөгийг Б.С*******д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, тус дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.С*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ