Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/32

 

 

 

 

 

 

 

       Ц.Ад холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын   эсэргүүцлийг үндэслэн Ц.Ад холбогдох, 2235000000084 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Я ургийн овогт Цгийн А, /РД:ОГ74010759/.

           1.Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөрөөс шүүгдэгч Ц.Аг 2021 оны 9 дүгээр сард Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн нутаг “Шарбулагийн хармаг” гэх газраас иргэн Я.Бгийн нэг тооны тэмээ хулгайлж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай саналтай эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

2. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Я ургийн овогт Цгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан  Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ад тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

- албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж,

- шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

- хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Ад буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Агийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 700,000 төгрөгийн үнэ бүхий 4 настай морь, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.Агийн хувьд ногдох хөрөнгөөс хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэсэн байна.

3. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Д.Галбадрах давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “ ......Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолд : Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлүүдэд засан журмаар ял оногдуулна” гэсэн хуулийн заалтыг шүүгдэгч Ц.Ад тайлбарлаагүй, эрх зүйн үр дагаврыг ойлгуулаагүй байна.

Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах хуулийн үр дагаврыг тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, шүүхийн шийдвэр түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байна гэх хуулийн шаардлагад нийцээгүй.

Мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж дээд шатны прокурорын зүгээс үзэж, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрээ хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ял оногдуулна гэснийг шүүгдэгчид тайлбарлаж, өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив” гэжээ.

4. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Х.Энхтуул тайлбар, дүгнэлтдээ: “Аймгийн ерөнхий прокурорын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйл баримтад дүгнэлт хийж ял оногдуулсан. Шүүгдэгчид тайлбарлавал зохих хуулийг тайлбарлаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан 1 жилийн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэргийг үйлдвэл өмнөх шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулна гэсэн заалтыг тайлбарлаагүй нь шүүгдэгчид хуулийн үр дагаврыг ойлгуулж тайлбарлуулаагүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тухайн зүйл хэсгийг тайлбарлан өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын зүгээс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хууль тайлбарлах үндэслэлтэй тул өөрчлөлт оруулахаас татгалзах үндэслэл байхгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолтой, 2235000000084 дүгээр эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын бичсэн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх  үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Ц.Ад холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг  шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. 

3. Шүүгдэгч Ц.А нь 2021 оны 09 дүгээр сард Увс аймгийн Завхан сумын 4-р багийн нутаг “Шарбулагийн хармаг” гэх газраас хохирогч Я.Бгийн нэг тооны тэмээ хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь:

охирогч Я.Бгийн 2022оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2021 оны 09 дүгээр сарын 15-нд Таван толгой гэх газар  байсан тэмээнүүдээ очиж үзэхэд 3 настай, шар зүсмийн /имгүй,тамгагүй/ тэмээ алга болсон байсан, тэмээгээ хайгаад олоогүй. Ц.А 2022 оны 4 сарын 25-ны өдөр тэмээний хохиролд 2 сая төгрөг бэлнээр өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй ..” гэх мэдүүлэг / хх-ийн 17 дугаар хуудас/,

- гэрч Н.Төвсанаагийн: “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...барилга дээр ажиллаж байхад 2021 оны 09 дүгээр сарын сүүлчээр Ц.А ирээд тэмээ нядлалцаад өг гэхээр нь   Ш бид хоёр хашаанд нь яваад очиход Б, Г, А нар тэмээг нядлаад арьсыг нь өвчөөд дуусаж байхаар нь  махыг эвдэлцэж, гэр лүү нь зөөлцөж өгөхөд 3 орчим насны тэмээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

- гэрч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд  2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн : “...би гэртээ өөрийн найз Ггийнхаа хамт байхад А манай гэрт ирээд мөнгөний хэрэг гараад байна,  1 тэмээ нядалж зармаар байна,  та хоёр очоод нядлалцаад өгөөч” гэхээр нь гэрт нь очиход имгүй, тамгагүй шар зүсмийн, 3 орчим насны тэмээ байсан. Бид тэмээг нядлаад  өвчөөд дуусаж байхад Т, Ш нар ирээд махыг эвдэлцэж гэр лүү зөөлцсөн, би уг нядалсан махнаас худалдаж авсан, мөн Ш мах худалдаж авсныг гэрт нь хүргэж өгсөн, тухайн тэмээний мах хурдан зарагдаж дууслаа гэж ярьж байсан ” гэх мэдүүлэг / хх-ийн 24 дүгээр  хуудас/,

-гэрч П.Гийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”.... сумын төвд байх Ц.Агийн хашаанд 1 тооны шар зүсмийн 3 орчим насны тэмээг А, Б бид 3 нядлаад арьсыг нь өвчөөд дуусаж байхад Ш, Т нар ирж тусалсан,  биднийг явахад А мах зараад үлдсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 26 дугаар хуудас/,

 -гэрч Т.Цгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-нд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “ 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байх, миний нөхөр Ц.А тэмээнд яваад 20-30 тооны ботготой ингэнүүдээ тууж ирэхдээ өөрийн гэх 1 тооны тэмээ авч ирээд, үүнийг нядалж зараад, мөнгөөр нь хүүхдийн сургалтын төлбөр хийе гэхээр нь би өөрийн фейсбүүк хаягнаас Завхан сумын фейсбүүк групп дээр “Агийн хашаанд тэмээний мах зарж байна, яг одоо гэж бичээд өөрийн 86951099 гэсэн дугаарыг тавьсан”гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,  

- Фейсбүүк хуудсанд үзлэг хийсэн “.. Толья Цэнгэлмаа гэх фейсбүүк хаягны хайлт хэсэгт Увс аймгийн Завхан сум гэсэн утгыг оруулахад “Увс аймаг Завхан сум гэсэн Фейсбүүк групп гарч ирэх ба групп дээр Толья Цэнгэлмаа гэх бичвэрийг оруулахад тус групп дээр 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Агийн хашаанд тэмээний мах зарж байна, яг одоо” гэсэн пост оруулсан байна гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-3 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Аг мал  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Агийн бусдын нэг тооны тэмээ хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Прокуророос Ц.Ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тогтоол гаргаж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай ирүүлсэн саналын хүрээнд шүүх шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн.

6. Дээд шатны прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан : Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ,энэ хуулийн 6.8,6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэсэн заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тайлбарлаж, хуулийн үр дагаврыг шүүгдэгчид ойлгуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн, түүнчлэн мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй “гэж үзэх үндэслэлтэй тул шийтгэх тогтоолд энэ заалтыг тусгаж, өөрчлөлт оруулж өгнө үү “ гэх агуулга бүхий эсэргүүцлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

6.1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох, тогтоох хэсэгт тусгавал зохих асуудлуудыг нэг бүрчлэн нэрчлэн заасан бөгөөд Ц.Ад холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн дээрхи шаардлагыг хангасан, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих асуудлууд бүрэн тусгагдсан байна.

 Тухайлбал, шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн буруутай болох, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, албадлагын арга хэмжээ хэрэглэх хугацаа, хяналт тавих байгууллага, тэнсэх журмыг хэрэглэснээс үүсэх үр дагавар, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байдал, цагдан хоригдсон хоноггүй болон гэмт хэргийн хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх талаар тус тус шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

6.2. Энэхүү шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ойлгомжгүй, тодорхойгүй, эргэлзээ бүхий гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болно.

6.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т заасан “ Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэх зохицуулалт нь шүүхээс тэнсэгдсэн этгээд уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ журамлан ял оногдуулах зохицуулалт бөгөөд энэхүү зохицуулалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурьдаагүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлд хамаарахгүй байна.  Иймд энэ талаар бичсэн дээд шатны прокурорын  2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаар эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ .

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АЛТАН

 

ШҮҮГЧ                                                                      Н.МӨНХЖАРГАЛ

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.ЖАМБАЛСҮРЭН