Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 319

 

МАГАДЛАЛ

2020.02.07                                                Дугаар 319                                    Улаанбаатар хот

 

 

 

С.Т-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,                                                      2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/02549 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Хөрөнгө үнэлсэн ШГА болон 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/26 дугаартай хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 8391 дүгээр захирамжаар Б.Г-аас 54 371 500 төгрөгийг гаргуулж, М.Т-т олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрөөс 18 189 343 төгрөгийг төлөөд байгаа бөгөөд 36 482 157 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Манай гэр бүлийн амьдардаг хувийн сууцыг 71 075 000 төгрөгөөр хэт доогуур үнэлэн дуудлага худалдаанд оруулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр төлөгч Б.Г-аас үнийн санал өгөхийг шаардахад зах зээлийн бодит үнэ 350 000 000 төгрөгөөр үнийн саналыг хүргүүлсэн боловч шинжээч томилон 142 150 000 төгрөгөөр үнэлүүлсэн. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэхэд 30 хоногийн дотор худалдан борлуулах хугацаа байгаа түүнийгээ ав гэхээр нь арга буюу энэ хугацааг авсан боловч зуслангийн байрлалтай хувийн сууц ийм богино хугацаанд худалдан борлогдоогүй. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/22561 тоот албан бичгээр 71 075 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын        24-ний өдөр хүлээн авсан. СБД 20 хороо сэлх 34 дүгээр хэсэг гудамж, 3445 тоотын хувийн сууц нь гэр бүлийн дундын хөрөнгө бөгөөд гэр бүлийн гишүүн болох С.Т миний эрх ашгийг шууд хөндөж байна. С.Т би төлбөр төлөгч биш байхад миний амьдардаг байшин газрыг дуудлага худалдаанд оруулж байгаа нь Иргэний хуульд заасан эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэсэн заалт болон үндсэн хуульд заагдсан үндсэн эрхүүдийг шууд хөндөж байна. Мөн төлбөр төлөгч биш намайг албан бичгүүдэд нэр дурьдаж нэр хүндэд халдаж байна гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийн эзнээс хөрөнгөө хамтран өмчлөгчийн төлбөрт хураалгах эсэх, худалдан борлуулж болох, үнийн санал авах талаар ямар ч ажиллагаа явуулаагүй байж шууд дуудлага худалдаа явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймээс хөрөнгө үнэлсэн ШГА болон түүнээс хойш хийгдсэн албадан дуудлага худалдаанд оруулах 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/26 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ШГА хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь хэсэгт зааснаар С.Т-ийн НШШГГ-т холбогдуулан гаргасан Хөрөнгө үнэлсэн ШГА болон 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/26 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч С.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 86.4, 86.5 дахь хэсэгт заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна гэсэн боловч 86.7 “Төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана, мөн 86.8 “Төлбөр авагч нь төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээ бусад өмчлөгчид зах зээлийн үнээр худалдан борлуулах, бусад дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгч худалдан авахаас татгалзсан тохиолдолд албадан худалдан борлуулах, олсон орлогыг төлбөрт суутгуулан авах шаардлага гаргах эрхтэй гэж тус тус заасныг зөрчиж ажиллагаа явуулсан байна. Миний хөрөнгө болон Б.Г-ын хөрөнгө хэд болохыг тогтоох ажиллагаа явуулаагүй. Мөн гэр бүлийн гишүүн мөн эсэхийг нотлосон баримт хавтаст хэрэгт байхгүй байхад шууд гэр бүл гэж үзэж Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх хөрөнгөө захиран зарцуулахдаа бие биенээсээ бичгээр зөвшөөрөл авахаар” зохицуулсан нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хамаарахгүй гэж дүгнэсэн нь хуулийг нэг талаас нь тайлбарласан гэж үзэхээр байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан хөрөнгө үнэлсэн ШГА болон 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/26 дугаартай хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч ШГА хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08391 дугаар захирамжаар Б.Г-аас 54 000 000 төгрөгийг гаргуулж М.Т-т олгохоор шийдвэрлэсний дагуу Б.Г-аас төлөх үүргээ сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага үнийн санал авах болон шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, Б.Г-ын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх 34 дүгээр хэсэг гудамж, 3445А тоот хаягт байрлах, зуслангийн зориулалттай, 500 м.кв газар эзэмших эрхийг, мөн Б.Г , С.Т нарын өмчлөлийн 144 м.кв талбайтай хувийн сууц зэргийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна. /хх 31, 33/

Төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас түүний өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, үүний тулд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчээс үнийн санал авахад тохиролцоонд хүрээгүй тул шинжээч томилуулан шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 142 150 000 төгрөгөөр үнэлэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх шинжээч томилсон тогтоолын өмнө надаас бичгээр гаргаж өгсөн зөвшөөрлийг авах ёстой байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нотлож чадаагүй. Учир нь эд хөрөнгө битүүмжлэх болон хураан авах үйл ажиллагааны явцад хамтран өмчлөгч С.Т өөрийн биеэр оролцож, мэдэгдэх хуудсыг хүлээн авсан, үнийн санал гаргаж гарын үсэг зурсан үйл баримт хэрэгт авагджээ. /хх 31-36

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн “гишүүд хамтран өмчлөх хөрөнгөө захиран зарцуулахдаа бие биенээсээ бичгээр зөвшөөрөл авахаар зохицуулсан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Дээрх заалт гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг зохицуулах заалт болохоос шүүхийн шийдвэр гүйцэтгэх процесс, ажиллагаанд хамааралгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул хөрөнгө үнэлсэн ШГА болон 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/26 дугаартай хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Шүүхийн ШГА нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/02549 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Т.ТУЯА

 

                                                                                    Д.БАЙГАЛМАА