Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/33

 

 

 

 

 

 

 

 

 

       Ч.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Х.Энхтуул, хохирогч С.Д, шүүгдэгч Ч.Бын  өмгөөлөгч М.Мөнхөө, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч С.Дийн давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Б, О.О нарт холбогдох, 2035000000080 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 1-р баг, Таримал дэнж 4-р гудамжны 02 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт Оийн О /РД:ГИ87110317/,

Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хорооны Тамирчны 6а гудамжны 37б тоотод оршин суух, урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 207 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн /1986 оны/ 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жил зураан сар  хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Э овогт Чын Б /РД:ГИ69022510/,

1. Шүүгдэгч О.О, Ч.Б нар бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Улаангом зах дотор хохирогч С.Дд 71 грамм металлыг алт гэж хууран өгч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж 7,100,000 төгрөгийг залилж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас шүүгдэгч О.О, Ч.Бт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Ш овогт Оийн О, Э овогт Чын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг жил зургаан сар  хорих ял, шүүгдэгч О.От хоёр жил хорих ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан нэг жил зургаан сар хорих ялыг, шүүгдэгч О.От оногдуулсан хоёр жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бт оногдуулсан нэг жил зургаан сар хорих ялыг нэг жил,  зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч О.От оногдуулсан хоёр жил хорих ялыг 2  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

 - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс гарахыг, шүүгдэгч Ч.Быг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, О.О нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Оын энэ хэрэгт цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг, шүүгдэгч Ч.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон 26 / хорин зургаа / хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

- шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Баас 2,300,000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч О.Оаас 4,800,000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч С.Дд олгож, хохирогч С.Дийн иргэний нэхэмжлэлээс 4,478,226 /дөрвөн сая дөрвөн зуун далан найман мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч С.Дийн 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,

           - хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хоёр ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалж, 103,9 грамм шаргал өнгийн металл цутгамал, 6.2 грамм металлын шаарыг хохирогч С.Дд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

           - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Баас 60,887 /жаран мянга найман зуун наян долоо/ төгрөгийг, шүүгдэгч О.Оаас 60,887 /жаран мянга найман зуун наян долоо/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч С.Дд олгохоор тус тус шийдвэрлэжээ. 

4. Хохирогч С.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Миний бие Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЗТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдолыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд: “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нөхөж төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

 Шүүхээс О.От 2 жил хорих, Ч.Бт 1 жил 6 сар хорих ял оноож уг ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь тухайн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохироогүй хэт хөнгөн ял оноосон энэ нь хуульд заасан “цээрлүүлэх” зорилтод нийцээгүй гэж үзэж байна. Эдгээр ялтангууд бүхэл бүтэн 2 жил хэрэг сунжруулж мөрдөн байцаалтаас оргон зайлсан, шүүх хуралд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол нөхөн төлөөгүй байхад, мөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад тухайн зүйл хэсэгт оноож болох ялаас доогуур ял оноож, Өршөөлийн хуульд хамруулж байгаа нь яллагдагч нарт хэт давуу байдал бий болгож, хохирогчийн огт хайхрахгүй орхисон явдал юм.

Мөн энэ этгээдүүд нь урьд ял шийтгүүлж байсан, үүнийгээ ойлгож ухамсарлаж гэмт зангаа засаагүй, урьдаас төлөвлөж санаатай гэмт хэрэг үйлдээд байхад зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь цааш  дахин гэмт хэрэг үйлдэхгүйн  тулд хүмүүжүүлэх зөв арга гэж үзэх боломжгүй юм. О, Б нар нь уг хуурамч алтыг Улаанбаатар хот болон бусад аймагт худалдан борлуулж болох  байтал яагаад заавал Увс аймагт ирж, надад өгөх болов.

 Увс аймагт ирж уулзсан найз нарын оролцоо юу байв, хэрэв Увс аймагт хань хамсаатан болох нөхөд байхгүй бол энэ хүмүүс яаж хэрэг хийж чадах вэ. Иймд гэрч Ц, Ж.Д, Т.О нарын үйлдсэн оролцоог дахин сайтар шалгах шаардлагатай байна. Нэгэнт Увсад очиж хуурамч алт зарна гэж зорилго тавьж ирсэн тохиолдолд Увсад унаж ирсэн машиныг бол гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзнэ. Иймээс уг машины үнийг гаргуулж улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлого болгох хуулийн зохицуулалттай. Гэтэл анхан шатны шүүхээс энэ ажиллагааг хийгээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

5. Хохирогч С.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “ Давж заалдсан гомдлоо дэмжиж байна. О.О, Ч.Б нар хуулийн байгууллагыг үл хүндэтгэж, надад учруулсан хохирол барагдуулах арга хэмжээг одоо хүртэл аваагүй, анхан шатны шүүхийн шийдвэрт хохирлыг бүрэн гаргуулахаар шийдвэрлээгүй зэрэгт гомдолтой байна. Металлыг яаралтай буцааж авах саналтай байна” гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Х.Энхтуул тайлбар, дүгнэлтдээ: “ Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч С.Дийн гаргасан давж заалдах гомдлын дагуу оролцож байна.

 Шүүгдэгч О.О, Ч.Б нарыг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байрлах Шинэ Улаангом зах дотор үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Дд 71 грамм металыг алт гэж хууран, бодит байдлыг нуун хохирогчийг төөрөгдөлд оруулж, 7,100,000 төгрөгийг залилж авсан гэх гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн ба шүүх хэргийг хянан шийдвэрлэж, шийтгэл гаргасан.

Хохирогч С.Д хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, гэрч Ц, Даваадорж нарыг холбогдуулан шалгах шаардлагатай гэх үндэслэлээр гомдол гаргасан. Өмнө нь энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу байна гэж шүүхээс прокурорт буцаасны дагуу нэмэлт ажиллагаа хийж, шүүхэд шилжүүлсэн. Ц, Дагвадорж нар энэ хэрэгт хамааралгүй гэдэг нь хангалттай нотлох тогтоогдсон. О хохирогчоос авсан 7,100,000 төгрөгийг ямар хэлбэрээр зарцуулсан талаар нотлох баримт хэрэгт хангалттай нотлогдсон. Хохирогч С.Д нь шүүгдэгч нар хуулийн байгууллагыг үл хүндэтгэж байгаа талаар ярьж хэлдэг. Шүүгдэгч нар оргон зайлж шүүхийн шатанд 1 жил гаруй, прокурорын шатанд мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан тул хэргийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Хохирогч С.Д 2020 оны 4 дүгээр сард 7.100.000 төгрөгөөр хохирсны дараа цагдаагийн байгууллагын ажилтантай хамт Сэлэнгэ аймаг руу явж, хохирогчийг олж уулзан эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Чимэд-Очиртой холбогдуулан Авилгалтай тэмцэх газраас шалгасан үйл баримт байгаа. Түүнээс биш шүүгдэгч нарыг дур зоргоор нь явуулж, хуулийн байгууллага ажлаа хийхгүй орхисон асуудал байхгүй.

Хохирогч С.Дийн “шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн байж, гэртээ ял эдэлж байна” гэх агуулгатай гомдлын тухайд тайлбар хэлэх нь зүйтэй байх. Шүүгдэгч нарын үйлдэл 2020 оны 4 дүгээр сарын үйлдэл тул Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлан гаргаж, үйлчлэх цаг хугацаа нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарахаар заасан тул шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэж, шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ч.Б нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч О.О нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс тус тус гарвал ял нь хорих ялаар солихыг зааж өгсөн байгаа.  

Хохирогч С.Дийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн.

Анхан шатын шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

7. Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа : “Хохирогч С.Д шүүгдэгч нарт хөнгөн ял оногдуулсан, мөн хохирлоо төлүүлэх гэсэн гэсэн агуулгатай гомдол гаргасан байна. Шүүгдэгч Ч.Б, О.О нар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тухайн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын хэмжээ хязгаар нь 6 сараас 3 жил хүртэл хорих ял оногдуулах зохицуулалттай тул шүүхээс оногдуулсан 2 жил хорих ял нь хөнгөн ялд хамаарахгүй гэж үзэж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч хорих ял нь зорчих эрх хязгаарлах ялаар солигдож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хохирогчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хохирогч С.Д нь хувийн цагдаа хөлсөлж, О.О, Ч.Б нарыг  эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь  хууль бус үйлдэл учраас учирсан хохирлыг шүүгдэгч нараас  гаргуулах эрхгүй юм.

Хохирогч С.Д хууль бусаар алт худалдан авч байгаа үйлдэл нь хууль бус гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан гомдолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч С.Дийн давж заалдсан гомдлыг үндэслэн Ч.Б, О.О нарт холбогдох, 2035000000080 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас шүүгдэгч О.О, Ч.Б нарыг бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Улаангом зах дотор хохирогч С.Дд 71 грамм металлыг алт гэж хууран өгч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж 7,100,000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Анхан шатны шүүх шүүгдэгч О.О, Ц.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэм буруутайд тооцож, ял шийтгэснийг хохирогч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд: Ч.Б, О.О нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй гэж үзэж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.  

4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, шүүгдэгч О.О нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 1-р багт, Ч.Б нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг тус тус  оршин сууж, амьдардаг байх ба шүүгдэгч О.О нь 2020 оны 4 дүгээр сарын 5 болон 7-ны өдрүүдэд Ч.Бын гэрт очиж, түүнд Заамарт явж байгаад “алт” олсон, уг “алт”-ыг Увс аймаг оруулж борлуулах хэрэгтэй байна, машин олж өгөх талаар  ярьж, Ч.Б нь өөрийн приус машинаар явахгүй гэдгээ хэлж, Б.Б гэгчийн Ниссан санни загварын 75-71 УНР улсын дугаартай автамашиныг авахаар ярьж  тохиролцон, улмаар уг машинаар 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд ирсэн, тэд 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байрлах Шинэ-Улаангом зах дотор үйл ажиллагаа явуулдаг С.Д гэгчид 71 грамм металлыг алт гэж хэлж хуурч түүнд зарж борлуулан 7,100,000 төгрөг авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хэрэгт тогтоогдсон дээрхи үйл баримтуудаас дүгнэхэд, Ч.Б, О.О нар “алт” гэх металлыг Увс аймагт авчирж зарж борлуулах зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Б.Б гэгчийн эзэмшлийн Ниссан санни загварын,  75-71 УНР улсын дугаартай автомашинаар Улаанбаатар хотоос Увс аймагт ирсэн байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэдэгт: гэм буруутай этгээд гэмт үйлдлээ түргэсгэх, хөнгөвчлөх, хэргийн газар түргэн шуурхай хүрэх, гэмт хэргийн газраас зугатаах зорилгоор тээврийн хэрэгслийг хэрэглэхийг ойлгох бөгөөд шүүгдэгч нар нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдэх гэмт санаагаа гүйцэлдүүлэх зорилгоор уг тээврийн хэрэгслийг ашиглаж Увс аймагт ирсэн байх тул гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар зохицуулсан.

            Шүүгдэгч О.О, Ч.Б нар нь 75-71 УНР улсын дугаартай,  Ниссан санни загварын  автомашиныг Б.Боос авсан талаар, мөн Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр “ Ч.Б ах над уруу 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр над уруу утсаар ярьж, “ машинаа өгч бай, хөдөө 2-3 хоног яваад ирье гэж хэлэхээр би нь зөвшөөрсөн, тэгээд 4 сарын 7-ны өдрийн үдээс миний машиныг авч явсан. Уг машиныг би 2019 оны 7 сард А.Ц гэх хүнээс худалдаж авсан, одоо тэр хүний нэр дээр бүртгэлтэй байгаа” гэж тус тус мэдүүлсэн байх боловч уг машины хууль ёсны эзэмшигч, өмчлөгчийг тогтоох ажиллагаа хийгдээгүй, мөн уг тээврийн хэрэгслийн үнэлгээний талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

           Дээрх нөхцөл байдал нь шүүхээс хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй гэж үзэх үндэслэл болно.

         Анхан шатны  шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь

 

            Шүүгдэгч О.О, Ч.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих ажиллагаа хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн болно.

            Нотолбол зохих ажиллагаа гэж шүүгдэгч О.О, Ч.Б нар бусдыг залилах гэмт хэрэг үйлдэхдээ 75-71 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан нь тогтоогдсон байх ба уг тээврийн хэрэгсэл хэний өмчлөл, эзэмшилд байгаа, тээврийн хэрэгслийн үнэлгээг хавтас хэрэгт тогтоосон нотлох баримт байхгүй ойлгож байна.

            Иймд О.О, Ч.Б нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт  буцаах  үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.О, Ч.Б нарт холбогдох 2035000000080 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Ч.Б, О.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                        Л.АЛТАН