Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0763

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Э.Д******* нарыг оролцуулан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын дүгнэлттэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д*******д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.

Дүгнэлт гаргагч: Хан-Уул дүүргийн Прокурорын газар,

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д*******,

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналтын улсын байцаагч Э.Д*******гийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

ТОДОРХОЙЛОХ нь:

Дүгнэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ: Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Ц би тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д******* 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Б.Эыг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгуулийн шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 02-03-******* дугаартай материалыг хянахад:

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Х******* хотхоны хойд талд Т" ХХК нь шинээр баригдаж буй барилгын суурийг ухах явцад гарсан нийт 2036 куб хог хаягдлыг Х*******" урьдчилан цэвэрлэх байгууламжийн хашаанд буюу зориулалтын бус газар хаясан нь иргэдээс ирүүлсэн гомдол, холбогдогч Б.Эын мэдүүлэг, фото зураг зэргээр тогтоогджээ. Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д******* нь иргэн Б.Эыг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар буюу эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн хэмээн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Гэтэл Т ХХК-ны гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх заалтыг зөрчжээ.

Мөн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д******* нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцээгүй, зөрчлийг шалгах ажиллагааг бүрэн, бодитой тогтоох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй, хуулийн этгээдийн гаргасан зөрчилд хууль буруу хэрэглэж хувь хүнд шийтгэл оногдуулсан байна.

Иймд Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д*******гийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Эыг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д******* би Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаар бүхий Прокурорын дүгнэлтэд тайлбар гаргаж байна.

Миний бие эмэгтэй дүүгийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо 65-66 тоотод түр оршин суудаг. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийг Нийгмийн Эрүүл Мэнд судлаач мэргэжлээр 2017 он төгссөн. 2017 онд 08 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Жирэмсний амралттай байгаа Э.О*******гийн оронд Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч албан тушаалд түр орон тоогоор ажиллаж байгаа.

Нэг. Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст иргэн Д.Г*******ээс ирүүлсэн өргөдлийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хэлтсийн даргаас Хүсэлтийг судалж зохих хууль журмын дагуу шийдвэрлэх өгөгдсөн үүрэг, даалгаврыг хүлээн авсан.

Тус дүүргийн 2 дугаар хороо, Х******* хотхоны хойд талд иргэн Ч.Э*******ын захиалан барьж буй барилгын суурь тавих ажлыг Б******* ХХК гүйцэтгэж байсан. Барилгын сууриас гарсан үнс, шороо, ахуйн хог хаягдлыг Х******* цэвэрлэх байгууламжийн хашаанд ил задгай асгасан байдал, гомдол дурдсан асуудлын хүрээнд хяналт шалгалтыг гүйцэтгэж, дараах зөрчлийг илрүүлсэн болно.

Иргэн Б.Э нь иргэн Ч.Эрдэнэ-Очирыг төлөөлөн тус барилга барих газрын хог хаягдал зайлуулах, газар шорооны ажлыг хариуцан ажиллаж байсан. Барилгын сууриас гарсан үнс, шороо, ахуйн хог хаягдлыг Х******* цэвэрлэх байгууламжийн хашаанд ил задгай асгасан байсан оролцогч нарын мэдүүлэг, фото зургаар баталгаажсан.

Хоёр. Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлд Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдуулан хориглох зүйл, 20.1.8-д Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах гэж заасныг зөрчсөн байсан тул Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх зааснаар Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтын дагуу арга хэмжээ авсан.

Гурав. Шийдвэрлэсэн байдал. Эрүүл ахуйн тухай хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Энэхүү хяналт шалгалтын дүнд авсан арга хэмжээ нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Х******* хотхоны хойд талд барилгын сууриас гарсан үнс, шороо, ахуйн хог хаягдал /нийт 2036 куб/-ыг Х******* урьдчилан цэвэрлэх байгууламжийн хашаанд асгаж хог хаягдлыг ил задгай хаясан зөрчилд оноосон шийтгэл болно.

Миний бие Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч хэмээн албан тушаалыг хашиж байгаа бөгөөд Хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өөрийн эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ авсан.

Монгол улсын Хог хаягдлын тухай хуулиар Байгаль орчны хяналтын улсын байцаагч арга хэмжээ авдаг. Буруу арга хэмжээ авсан гэж үзэхгүй байна. гэжээ.

Гуравдагч этгээд Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг Х*******" хотхоны хойд талд манай компани нь барилгын суурь ухах явцад гарсан бохир шороог Х******* цэвэрлэх байгууламжийн хашаанд тур хугацаагаар буулган 2018 оны 07 дугаар сард хогийн цэг рүү зөөвөрлөсөн болно.

Уг асуудал дээр хог хаягдлыг зориулалтын бус газар хаясан шалтгаанаар Б. Э миний бие зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн болно.

Энэхүү зөрчлийг хууль хяналтын байгууллага иргэн бус манай аж ахуйн нэгжийн гаргасан зөрчил гэж үзвэл уг шийтгэврийг хүчингүйд тооцож аж ахуйн нэгж дээр зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйлгүй болно.

Иймд энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Б.Э миний бие хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй тул шүүх хурлыг гуравдагч этгээдгүйгээр хуралдуулан явуулах хүсэлтэй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Ц тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д*******гийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Б.Эыг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичжээ.

Гомдол гаргагчаас ...Т ХХК-ийн гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх заалт, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцээгүй, зөрчлийг шалгах ажиллагааг бүрэн, бодитой тогтоох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй, хуулийн этгээдийн гаргасан зөрчилд хууль буруу хэрэглэж хувь хүнд шийтгэл оногдуулсан... гэж маргасныг шүүх дараах байдлаар үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Х******* хотхоны хойд талд Т" ХХК нь шинээр баригдаж буй барилгын суурийг ухах явцад гарсан нийт 2036 куб хог хаягдлыг Х*******" урьдчилан цэвэрлэх байгууламжийн хашаанд буюу зориулалтын бус газар хаясан нь иргэдээс ирүүлсэн гомдол, холбогдогч Б.Эын мэдүүлэг, фото зураг зэргээр тогтоогдсон байна. Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д******* нь иргэн Б.Эыг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар буюу эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн хэмээн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгуулийн шийтгэл оногдуулсан нь хуулийн этгээдийн гаргасан зөрчилд хууль буруу хэрэглэж хувь хүнд шийтгэл оногдуулсан гэх прокурорын дүгнэлт үндэслэлтэй.

Гуравдагч этгээд Т ХХК-ийн захирал Б.Эаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг Х*******" хотхоны хойд талд манай компани нь барилгын суурь ухах явцад гарсан бохир шороог Х******* цэвэрлэх байгууламжийн хашаанд тур хугацаагаар буулган 2018 оны 07 дугаар сард хогийн цэг рүү зөөвөрлөсөн, ... миний бие зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн, ... зөрчлийг хууль хяналтын байгууллага иргэн бус манай аж ахуйн нэгжийн гаргасан зөрчил гэж үзвэл уг шийтгэврийг хүчингүйд тооцож аж ахуйн нэгж дээр зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйлгүй болно гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна. Зөрчлийн үйл баримтаас дүгнэхэд уг зөрчил нь Б.Эын иргэн хүний хувьд үйлдсэн бус харин түүний захирлаар нь ажилладаг Т" ХХК-ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Х******* хотхоны хойд талд шинээр баригдаж буй барилгын суурийг ухах ажлыг гүйцэтгэх явцад гарсан хог хаягдлыг зориулалтын бус газар хаясан зөрчил байна.

Хариуцагч улсын байцаагч Э.Д*******гийн ...эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч хэмээн албан тушаалыг хашиж байгаа бөгөөд Хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өөрийн эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ авсан, Хог хаягдлын тухай хуулиар Байгаль орчны хяналтын улсын байцаагч арга хэмжээ авдаг... гэх тайлбарын тухайд.

Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлд ...Х******* хотхоны хойд талд Т" ХХК нь шинээр баригдаж буй барилгын суурийг ухах явцад зүгт шинээр баригдаж буй барилгын сууриас гарсан хар нүүрс, хог хаягдлыг Х******* урьдчилан цэвэрлэх байгууламжийн хашаанд асгаж байна, хар нүүрсний үнс нь бидний орч орчныг асар ихээр бохирдуулж байна, энэ асуудлыг шийдвэрлэж цэвэр орчинг бүрдүүлж өгнө үү гэх утгатай зөрчлийн талаар Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст гомдол, мэдээллийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний 14 цаг 30 минутад хүлээн авч... гэжээ. Мөн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд ... удаа дараа маш олон удаа тавьж байгаа гэвч шаардлагыг хүлээж авахгүй байгаа, хүүхэд гадаа тоглох нөхцөл бүрдэхгүй байна, салхи ихтэй үед үнс ихээр бужигнаж ойр орчныг бохирдуулж байна, ... хог хаягдлыг зайлуулах шаардлагыг тавьж өгнө үү гэх, Хан-Уул дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийтийн аж ахуй хариуцсан мэргэжилтэн О.Солонгоос гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд ....иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу очиход Х******* урьдчилан цэвэрлэх байгууламжийн хашаанд үнс, хог хаягдлыг тус газарт буулгасан байсныг зургаар баталгаажуулан авсан, хог хаягдал зайлуулах шаардлагыг удаа дараа тавьсан... гэсэн байна.

Иргэнээс хар нүүрс, хог хаягдлыг Х******* урьдчилан цэвэрлэх байгууламжийн хашаанд асгаж байгаа зөрчлийн талаар гомдол гаргаж, тус дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийтийн аж ахуй хариуцсан мэргэжилтнээс үнс, хог хаягдал буулгасныг зургаар баталгаажуулж, хог хаягдлыг зайлуулах шаардлагыг удаа дараа тавьж байсан үйл баримтаас үзэхэд энэ нь Т" ХХК-ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Х******* хотхоны хойд талд шинээр баригдаж буй барилгын суурийг ухах ажлыг гүйцэтгэх явцад гарсан хог хаягдлыг зориулалтын бус газар хаясан Хог хаягдлын тухай хуулийг зөрчсөн үйлдэл байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцож, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах..., 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 3.1 дүгээр зүйлийн 1-д Шийтгэлийн зорилго нь ... зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэж, шударга ёсыг тогтооход оршино... гэж тус тус заасан.

Иймд шүүх гомдол гаргагчийн дүгнэлт, тайлбар, зөрчилд холбогдогчийн болон эрх бүхий албан тушаалтны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт өгч, гомдлыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д*******гийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1,106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагч Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын гомдлыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналтын улсын байцаагч Э.Д*******гийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.14 дэх заалтад зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, гуравдагч этгээд түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ДОЛГОРСҮРЭН