Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/34

 

 

 

 

 

 

 

 

 

       Д.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд ахлах прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Эт холбогдох, 2208008840072 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Ховд сумын 2-р багт оршин суух, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, П овогт Дын Э /РД:ОП84022238/.

1. Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр ховор амьтан буюу нэг тооны, эр, Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, хадгалсан, мөн түүнийг зарах зорилгоор Ховд сумын 1 дүгээр багийн нутаг руу тээвэрлэсэн, бусдад худалдаж амьтны аймагт 130,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх тухай саналтай шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолоор: -Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч П ургийн овогт Дын Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, түүний түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Эт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, -Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, -шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гол төмрийн Н7196 дугаартай, замгийн 7196 дугаартай, ТОЗ-8 бууг, галт зэвсгийн гэрчилгээний хамт улсын орлого болгохоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах /Н.Удвал/-д даалгаж,-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Алтайн хойлог шувууны махыг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Эт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэжээ. 

4. Дээд шатны прокурор буюу Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Галбадрах давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “ Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүй ховор амьтан агнасан, түүний түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Эт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт: шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна" гэсэн заалтуудыг тайлбарлаагүй, хуулийн үр дагаврыг ойлгуулаагүй байна.

Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд ял оногдуулах тухай хуулийн үр дагаврыг тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолын  ТОГТООХ нь хэсэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна" гэсэн заалтуудыг шүүгдэгчид тайлбарлаж, өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Х.Энхтуул тайлбар, дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтуудын хууль зүйн үр дагаврыг тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дүгээр сарын 03-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж  үү” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Эт холбогдох, 2208008840072 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Ц.Эыг 2022 оны 01 дүгээр сарын сүүлчээр ховор амьтан буюу нэг тооны, эр, Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, түүхий эдийг хадгалсан, мөн түүнийг зарах зорилгоор Ховд сумын 1 дүгээр багийн нутаг руу тээвэрлэсэн, бусдад худалдаж амьтны аймагт 130,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай саналтай эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Эт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, түүний түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг дээд шатны прокурор эс зөвшөөрч давж заалдах журмаар эсэргүүцэл гаргажээ.

4. Д.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангаагүй гэж дүгнэлээ.

4.1.Прокуророос шүүгдэгч Д.Эыг ховор амьтан буюу нэг тооны, эр, Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн, бусдад худалдсан гэх үндэслэл /гэмт хэргийн шинж/-үүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөн гэмт хэргийн энэ шинжүүдээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Эыг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, түүний түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын ялласан гэмт хэргийн “худалдсан” гэх шинжийн талаар огт дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шаардлагад нийцээгүй байна.

            4.2. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг: Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тус тус тодорхойлжээ.

              Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Эын гэм буруутай ямар, ямар үйлдэл нь дээрх хууль бусаар ан агнах гэмт хэргийн аль аль шинжийг хангаж байгаа талаар болон прокурорын яллаж буй гэмт хэргийн шинжүүд хангагдаж байгаа эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шийтгэх тогтоол хууль ёсны болж чадаагүй байна.  

 4.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт тусгавал зохих зүйлийг нэгбүрчлэн заасан бөгөөд шүүгдэгч Д.Эыг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дээрхи хуулийн шаардлагыг хангаагүй байна.

    Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Д.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул дээд шатны прокурорын бичсэн “ анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай эсэргүүцэлд энэ удаад дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Эт холбогдох, 2208008840072 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН