| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2024/01100/И |
| Дугаар | 135/шш2024/01053 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 135/шш2024/01053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2024/01100/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ****** гудамж, ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* (РД:******)-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие нь 1991-1994 онд хүртэл Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тэр үеийн орсон гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүй, одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн ажилласан жил хүрэхгүй байгаа тул 1991 оноос 1994 оныг хүртэл Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэв.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн тодорхойлолт, *******, Д.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 1991 оны 02 сартай Д.*******ын хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн №143 дугаартай архивын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар гэрч ******* мэдүүлгийг баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.*******ын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч нь 1991-1994 онд хүртэл Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
4. Хүсэлт гаргагч Д.******* нь Малчнаар ажиллаж байсан бөгөөд холбогдох баримтуудыг архиваас шүүлгэж үзэхэд гарч ирэхгүй байгаа гэх үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
5. Шүүх хуралдаанаар Д.*******ын 1991 оны 02 сартай хөдөлмөрт 1991 оноос 1994 оны 12 сарыг дуустал бичилт бүрэн хийгдсэн байгаа бөгөөд гэрч ******* ... Д.******* нь Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн 2 дугаар бригадад тэмээ болон бог мал маллаж байсан. Их тэмээтэй, ингэ саадаг айл байсан. *******ын аавыг Даваа, ээжийг нь Мягмар гэдэг байсан. Аав, ээж нь угийн Увс аймгийн Завхан сумын хүмүүс байгаа юм. Манайх айл хошоо байдаг байсан. Д.******* багаасаа эцэг, эхийн хамт мал маллаж байгаад л сургууль соёлоо төгсөөд үргэлжлүүлээд өөрөө мал маллаж байсан. Одоо ч ах дүү нар нь Завхан сумандаа мал маллаж байгаа... гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.
6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Д.*******ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, Д.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******ыг Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА