| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00264/И |
| Дугаар | 156/ШШ2024/00395 |
| Огноо | 2024-08-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 156/ШШ2024/00395
2024 08 13 156/ШШ2024/00395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00264/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, Ерөнхий шүүгч Б.Марина, шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэй, нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Л.******* холбогдох сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 97 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдааны Б танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Г.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******,
Иргэдийн төлөөлөгч: Н.*******,
Нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний талийгч хүү У.******* нь Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуульд 11 дүгээр ангид сурч байсан бөгөөд 2022 оны 10 сарын 11 ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт Өндөр гэх газар буюу аймгийн төвөөс баруун хойд зүгт 6КМ орчим зайд 05-06 цагийн үед Тоёото Аква маркын 14- 99 ХЭН дугаартай, ялтан О.******* жолоодож явсан машины хаалгаар унаж гавал тархины хүнд гэмтлийн улмаас амь нас нь хохирсон юм. Энэ хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О. эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасанаар "согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар уг ялыг хойшлуулж шийдвэрлэсэн болно. Миний бие Г.******* нь мөрдөн шалгалтын явцад хохирогчын хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд 2023 оны 11 сарын 30 ны өдөр өөрийн сэтгэцийн байдалд хор уршиг учирсан эсэх, хэрэв учирсан бол ямар зэрэглэлд хамаарах талаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол батлагдсан байдаг. Гэтэл Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2023 оны 12 сарын 08 нд 13\ 7955 дугаартай албан бичгээр "Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 сарын 31 ны өдрийн А\ 268, А\275 дугаар тушаалаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2,5 дахь хэсгийг баримтлан ажиллахын хүсэе гэсэн хариу ирснээр баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2,5 дахь хэсгийг баримтлан ажиллахын хүсэе гэсэн хариу ирснээр тухайн гэм буруугийн шүүх хуралдаанаар миний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг арилгаагүй өнгөрсөн юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм хорын хохирлыг төлөх хууль зүйн үүрэг хүлээсэн этгээд нь Тоёото Аква маркын 14-99 ХЭН дугаартай автомашины хууль ёсны эзэмшигч бөгөөд энэ нь дараах нотлох баримтуудаар тээврийн хэрэгслийн лавлагаа, техникийн шинжээчийн 2023 оны 01 сарын 13-ний өдрийн 01/07 дугаартай" Тоёото Аква маркын 14-99 ХЭН тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.6" тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно," гэсэн заалтыг зөрчсөн байна гэж шүүх үндэслэлдээ дүгнэснээр нотлогдож байгаа юм. Бидний гэр бүлд эрүүл саруул хүүгээ гэмт хэргийн золиос болгон амь насыг нь алдсандаа маш их сэтгэл санаагаар унаж, нөхөж баршгүй гарз хохирол учирсан юм. Иймд Тоёото Аква" маркын 14-99 ХЭН тээврийн хэрэгслийн эзэмшигч аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* миний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 97 500 000 төгрөг нэхэмжилж байгаа. 2022 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин үржүүлж бодохоор 63 000 000 төгрөг болж байна. Өмгөөлөгч 18 000 000 төгрөгөөр авсан тул энэ мөнгийг нэмээд 81 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Үлдэх 16 500 000 төгрөгөөс татгалзаж байна гэв.
2. Хариуцагч Л. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:... Миний бие өөрийн хүүд машин барих эрхгүй хүнд руль шилжүүлсэн гэдэг үндэслэлээр зөрчлийн хуулийн зохих заалтаар арга хэмжээ авагдаж торгуулийн арга хэмжээ авагдсан ба би У.******* гэгчийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутнаар тогтоогдоогүй бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэн О. гэдэг залууд Хэнтий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар уг ялыг хойшлуулж шийдвэрлэсэн билээ. Тиймээс миний бие амь хохирогч У.*******гийн үхэлд гэм буруутай гэж шүүхээр тогтоогоогүй учраас өөрийгээ энэ хэргийн хариуцагчаар сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн О.******* үйлдсэн гэмт хэрэг нь 2022 оны 10 сарын 10-нд үйлдэгдсэн байтал 2023 оны 7 сарын 1-нээс хүчин төгөлдөр болж дагаж мөрдөгдөж буй хуулийн заалт нь энэ хэрэгт буцаан мөрдөгдөж хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болохыг тайлбарлаж хэлэх нь илүүц гэж бодож байна. Иймээс миний бие Ганболд овогтой ******* нэхэмжилж буй 97 500 000 төгрөгийн хохиролд өөртөө хамааралгүй болохыг мэдэгдье гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гарсан. Гэм хорын хохирлыг гаргуулахын тулд шинжээч томилж сэтгэцийн дүгнэлт гаргуулдаг. 2023 оны 07 дугаар сараас эхэлж дагаж мөрдөхөөр зохицуулсан. 2022 оны 11 дүгээр сарын 11-нд эрүүгийн хэрэг гарсан. Хуулийг буцаан хэрэглэж болохгүй. Хэрэгт сэтгэцийг тодорхойлсон баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон О. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хойшлуулж шийдвэрлэсэн. Гэм буруутай хүнээс гэм хорын хохирлыг гаргуулахаар заасан Л. гэм хорын хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хохирлыг төлнө. Гэм хорын хохирлыг нэхэмжлэхдээ хавтаст хэрэгт сэтгэцийн дүгнэлт бусад нотлох баримт байхгүй учраас Л. төлөх үндэслэлгүй. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон О. хүнээс гэм хорын хохирол нэхэмжлэх нь зүйтэй. ы хүү машиныг барьж явж байгаад О. жолоогоо шилжүүлсэн. Техникийн шинжээчийн дүгнэлт хх-ийн 29 хуудсанд авагдсан. Шинжээчийн дүгнэлтээр хэн буруутай гэдгийг тодорхой дурдсан. Л.тай холбоотой асуудал нь жолооч биш хүнд руль шилжүүлсэн. Хүний амь нас хохироосон, гэм буруутай үйлдэл нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. ы хүү машиныг барьж явж байгаад О. жолоогоо шилжүүлсэн О. нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж тээврийн хэрэгслийг жолоодсон. Хэргийн холбоо хамаарал Л.тай огт холбогдохгүй байна. Л. гэм хорын хохирлыг төлөх үндэслэлгүй гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бүх бурууг Л.******* тохох боломжгүй гэж үзлээ. Руль шилжүүлсэн гэсэн утгаар нэхэмжилж байгаа үнийн дүнг багасгах боломж байна уу гэсэн саналтай байна гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 2-р тал/, Боржигон овогт ******* /РД:/-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3-р тал/, Жав овогт ******* /РД:/-ийн төрсний гэрчилгээний лавлагаа /хх-ийн 4-р тал/, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 5-16-р тал/, хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 17-18-р тал/, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгсэлийн лавлагаа /машинаар/ /хх-ийн 19-р тал/, мөрдөгчийн тогтоолын хуулбар хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай /хх-ийн 20-р тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын албан бичгийн хуулбар /хх-ийн 21-р тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-ийн 22-24-р тал/, гэрч Т.Мөнх-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 25-26-р тал/, гэрч Л.аас мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 27-28-р тал/, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/07 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-р тал/, нэхэмжлэгчийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт /хх-ийн 41-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.
5. Хариуцагч Л.аас дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хариуцагч Л.аас ирүүлсэн хариу тайлбар /хх-ийн 36-37-р тал/, хариуцагч Л., Л.аас Д.*******т олгосон итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нарын хүсэлт /хх-ийн 68-р тал/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Л.******* холбогдуулан сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 97 500 000 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь 16 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, үлдэгдэл 81 000 000 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч Л. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ы хүү нь машиныг барьж явж байгаад О. жолоогоо шилжүүлсэн, О. нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж тээврийн хэрэгслийг жолоодож байгаад осолдож У.*******н амь нас хохирсон тул Л. гэм хорын хохирлыг төлөх үндэслэлгүй, гэм буруугүй гэж маргадаг.
Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох сэтгэцэд учирсан хохиролд 31 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Үүнд:
1.Нэхэмжлэгч Г.******* нь энэ нэхэмжлэлийг гаргах эрхтэй болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгч нь 4 хүүхэд төрүүлсэн ба түүний том хүү болох ******* нь 2006 оны 4 сарын 21-ны өдөр Ууганбаяр, ******* нарын дундаас төрсөн нь Төрсний бүртгэлийн лавлагаагаар / хэргийн материалын 4-р тал/, нэхэмжлэгч Г.*******г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 10 сарын 18-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай Шийтгэх тогтоол, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Г.******* энэ нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.
1.1 Нэхэмжлэгч нь өөрийн хүүг нас барсан тул сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 97 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж сэтгэцэд учирсан хоиролд 63 000 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс 18 000 000 төгрөг, нийт 81 000 000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
2.Хариуцагч тал тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаагүй тул гэм хорыг хариуцахгүй гэж маргаж мэтгэлцдэг.
2.1 Хариуцагч Л.ы эзэмшиж, ашигладаг 14-99 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр жолоодох эрхгүй, насанд хүрээгүй хүүхэд О. нь жолоодож яваад Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт осол гаргаж улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан У.*******н амь нас хохирсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай Шийтгэх тогтоол /хм-ийн 5-16-р тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт /хм-ийн 22-24 тал/-ээр тус тус тогтоогдож байна.
2.2 Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-д Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж тус тус хуульчилжээ.
2.3 Хариуцагч нь осол болсон тээврийн хэрэгслийг осол болох үед жолоодож яваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэм хорыг хариуцахгүй гэж, харин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн тээврийн хэрэгсэл нь Заг капитал Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг тул хариуцагч нь тээврийн хэрэгсэлийн өмчлөгч биш гэж, мөн ослыг өөрөө гаргаагүй тул хариуцахгүй гэж маргадаг.
Осол болсон тээврийн хэрэгсэл болох 14-99 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Заг капитал Банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьсан, уг тээврийн хэрэгслийг хариуцагч Л. нь эзэмшиж, ашигладаг болох нь 2022 оны 10 сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн Л.ы гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл / хэргийн материалын 27-28-р тал/ , Тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
2.4 Өөрөөр хэлбэл хариуцагч тал тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Заг капитал ББСБ-ын нэр дээр байдаг тул нэхэмжлэлийг хариуцахгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Хэдийгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Заг капитал ББСБ-ын нэр дээр байдаг боловч бодитоор тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч Л. эзэмшиж, ашигладаг ба осол болох өдөр өөрийн хүү насанд хүрээгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй Б.ад жолоодох зөвшөөрөл олгосон байна. Тухайлбал 2022 оны 10 сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн Л.ы гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд 2022 оны 10 сарын 10-ны орой 19 цагийн орчимд хүү Б. Мөрөн суманд гэртээ байхад нь ээжийнхээ машиныг бариад хөдөө гэрлүүгээ буюу Мөрөн сумын төвөөс баруун урд зүгт 18 км орчим зайтай байдаг гэртэй хүрээд ир гэж дуудсан. Харин миний хүү ирж намайг аваад сумын төв орсон тэр хугацаанд би машинаа хүүгээрээ бариулаад явсан, Түүний дараа би сумын төвд орж хүүгийнхээ хамт бензин аваад хөдөө гэртээ хүүгээрээ хүргүүлсэн. Тэгээд хүү болгоомжтой яваад хариарай гэж сумын төврүү ганцааранг нь машиныг нь бариулаад явуулсан гэх мэдүүлгээс дүгнэхэд хариуцагч Л. нь өөрийн хүү Б.ыг жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодох боломжийг олгосон байна.
2.5 Хариуцагчийн хүү Б. нь эцэг Л.ы зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн болох өөрийн найз О. шилжүүлсэнээр осол гарах нөхцөл бүрдсэн байна.
Хариуцагчийг тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй гэдэгтэй талууд маргадаггүй ба харин тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд шилжүүлсэнээр уг осол гарах нөхцөл бүрдэж нэхэмжлэгчийн хүү У.******* амь насаараа хохирсон байна. Иймд хариуцагч нь гэм хорын хохирлоос чөлөөлөгдөхгүй.
Хүний амь нас гэдэг нь бусад хохирол шиг хохирол учрахаас өмнөх байдалд эргэн сэргэх боломжгүй хохирол ба эх хүн 16 насанд хүрсэн, эрүүл саруул үр хүүхдээ зүй бусаар алдахад түүний болон гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаа, сэтгэцэд гэм хор учрах нь зүй ёсны буюу хүн ёсны ойлголт юм.
2.6 Хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг өөрөө жолоодож яваагүй боловч харин бусдад жолоодох боломжийг олгосоноор хүний амь нас хохирсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 63 000 000 төгрөгийн тал хувь болох 31 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар тогтсон ба 2022 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 420 000 төгрөг байсан тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар 150 дахин нэмэгдүүлсэнээр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм.
Харин нэхэмжлэлийн шаардлага болох Өмгөөлөгчид төлсөн хөлс 18 000 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2-т Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулахаас гадна шаардлагатай гэж үзвэл сурган хүмүүжүүлэгч, эсхүл хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг байлцуулж болно гэж заасан. Нэхэмжлэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тул заавал өмгөөлөгч авах эрх зүйн зохицуулалт байхгүй тул өмгөөлөгчид төлсөн зардлыг хохирол гэж үзэхгүй юм. Тухайлбал өмгөлөөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах нь иргэн хүний өөрийн сайн дурын буюу хүсэл зоригийн үндсэн дээр хийгдэж байгаа тул хариуцагч энэ зардлыг хариуцахгүй болно.
Иймд дээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 31 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж, үлдэх хэсэг болох 49 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагчаас 31 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байх тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 315 450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 511 дугаар зүйлийн 511.5-д зааснаар хариуцагч Л. 31 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 49 500 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 315 450 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА