| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 184/2020/00037/и |
| Дугаар | 345 |
| Огноо | 2020-02-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 345
МАГАДЛАЛ
2020.02.11 Дугаар 345
Д.П-ын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/00037 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.П-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч М.М-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 531 429 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 10 сарын 25-ны өдөр байр хөлслүүлэх гэрээ байгуулан 180 000 төгрөгийн түрээсийн төлбөр, гэрэл, цахилгаан, халаалт дулаан, ус, теле кабелийн татвараа сар сард нь өгч авалцахаар харилцан тохирч баталгаажуулсан. Бид түрээс үнэ хөлсөө тохирч 1 жилээр 2014 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай гэрээ хийж гарын үсэгээ зурж баталгаажуулсан. Эднийх үндсэндээ ам бүл 5 амьдарсан. М.М-аас иргэний үнэмлэхээ баталгаажуулж өгөхийг, төлбөр тооцоогоо хоног хугацаандаа төлөхийг олон удаа шаардаж хэлсэн. Гэтэл өвөл өнгөрч манай гэр бүлийхэнд хэлэлгүй шөнө оройн цагаар гэнэт нүүгээд явчихсан байсан. Нүүснээс нь хойш 3-4 хоногийн дараа мэдсэн. Өрөөнийхөө түлхүүрийг 04 сарын 25-ны өдөр гэрийн үүдэнд авчирч өгөөд явсан. Бидний гэрээнд гарахаа 7 хоногийн өмнө хэлнэ гэсэн байгаа. Харин 1 ширхэг дэвсгэр дрож байхгүй байсан. Бас хажуу өрөөний н.Ж , н.Т нарт түрээсийн мөнгөө битгий өгөөрэй би танилтай шүү гэж хэлсэн байна. М.М “Ө12 ” СӨХ-оос албан бичгээр өгсөн төлбөр мөнгөө өг гэсэн шаардлагын хариуг ч өгөлгүй, өөрөө ямарч холбоо барилгүй 6 жилийг өнгөрөөж өнөөдрийг хүргэсэн. М.М , н.Ж , н.Т нарыг эрэн сурвалжлахад зарцуулсан миний мөнгийг төлөх ёстой гэж бодож байна. М.М тай 2017 оны 4 сард утсаар ярьхад Архангайд ээж дээрээ байна, 5 сард очиж уулзана гэж хэлээд Дүүргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгөөд тэнд уузлаж эвлэрэе гэсэн боловч ирээгүй. 2016 оны 11 сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өргөдөл өгсөн. Гэтэл шүүхийн зарлан дуудах бичгийг авахаас зайлсхийсэн учир өмгөөлөгч намайг 70 200 төгрөг төлөөд эрэн сурвалжлуул гэсэн. Би 2018 оны 9 сард эрэн сурвалжлах өргөдлөө шүүхэд өгсөн. Цагдаагийн байгууллага 2019 оны 10 сарын 08-ны өдөр М.М гийн хаягийг тодруулсан. Хариуцагчаас 577 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд байрны түрээсийн үлдэгдэл 280 000 төгрөг, цахилгааны төлбөр 56 691 төгрөг, ус, халаалтын үнэ 48 087 төгрөг, кабелийн үнэ 28 000 төгрөг, хивсэнцэрийн үнэ 20 000 төгрөг, алданги 48 210 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70 200 төгрөг байна. Хариуцагч 2014 оны 03 сарын 03-ны өдөр байрнаас гарсан гэж худлаа ярьж байна, 2014 оны 04 сарын 25-ны өдөр надад урьчилж хэлэлгүйгээр түлхүүрээ орхиод нүүгээд явсан байсан. Би энэ хүний араас байрны түрээсээ төлүүлэх гэж 6, 7 жил хөөцөлдөж явна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П гуай нь подвалын 4 өрөө тус бүрийг айлд түрээслүүлдэг байсан. “Ө12 ” СӨХ-ны бичигт ус, халаалт, цахилгаан, кабелийн мөнгийг 4 айлаар тооцож нэхэмжилсэн гэж ойлгож байгаа, үүнээс өөрт ногдох 124 778 төгрөгийг төлөх боломжтой, бусад шаардлагыг нь зөвшөөрөхгүй. Хариуцагч нь тухайн өрөөнд 4 сар 8 хоног амьдарсан. Нэхэмжлэгч нь байрны түрээсийн төлбөр 180 000 төгрөг төлөөгүй гэх утгатай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч нь СӨХ-той гэрээ байгуулан тухайн подвалын өрөөг хөлслүүлдэг гэж тайлбарлаж байна. СӨХ-ноос ирсэн нэхэмжлэхээс харахад тухайн подвол нь 4 өрөө гэдэг тодорхой байна. Өрөө болгонд нэг айл байдаг. Энэ 4 айл нь нийлээд ус, цахилгааны мөнгөө төлөх ёстой. Ямар үндэслэлээр алданги нэхэмжилж байгаа ойлгохгүй байна. Тийм учраас алданги, хивс, түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, баримтаар нотлогдохгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Д.П-ын нэхэмжлэлтэй М.М-д холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 577 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Байрны түрээсийн үлдэгдэл 280 000 төгрөг, цахилгааны төлбөр 56 691 төгрөг, ус, халаалтын үнэ 48 087 төгрөг, кабелийн үнэ 28 000 төгрөг, хивсэнцэрийн үнэ 20 000 төгрөг, алданги 48 210 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70 200 төгрөг байна. Хариуцагчаас 577 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч М.М-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 531 429 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өрөө түрээслэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, төлбөрийг 1 сарын 180 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч М.М гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлөхгүй, түрээсийн өрөөнөөс урьдчилан мэдэгдэлгүй нүүж, улмаар хаана байгаа нь мэдэгдээгүйгээс эрэн сурвалжлуулж зардал гаргасан тул түрээсийн төлбөр, зардалд 531 429 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэхээр зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар маргаагүй, мэтгэлцээгүй, энэ талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй байхад өөрийн санаачилгаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх бөгөөд хэрвээ шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэх талаар дүгнэх шаардлагатай гэж үзвэл урьд нь хариуцагчид холбогдуулан энэ талаар шаардлага гаргаж байсан эсэх талаархи нотлох баримт хэрэгт ач холбогдолтой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдол бүхий бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь өгнө, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн байхыг шаарддаг.
Иймд хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч М.М-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 293 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2016/06737 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан хуулбар баримтыг /хх 9 дэх тал/ шүүх шаардлагатай гэж үзвэл жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Хэрэв бичмэл баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчдын хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах, шинжлэн судлах боломжтой.
Анхан шатны шүүхийн хэргийн оролцогч нарын мэтгэлцэх эрхтэй холбоотой гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/00037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 17 960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.БАЙГАЛМАА